Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1854

 

 

Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01926 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эко буудай” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 172 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Эко буудай” ХХК-ийн захирал Д.Энхзориг 750 га талбайд тосны ургамал тариалж, нэг га-аас хамгийн багадаа 8 цн нийт 600 тн тосны ургамал хураан авч, нэг тн тосны ургамлыг 850 000 төгрөгөөр борлуулж, нийт 510 000 000 төгрөгийн орлого олох бизнес хийх санал тавьсан. “Эко буудай” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн саналыг би зөвшөөрч тус компанийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт байрлах 750 га газарт тосны ургамал тариалан, ашиг орлогоо хувааж авахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь “Эко буудай” ХХК-ийн эзэмшиж байгаа 750 га талбай бүхий газар дээр тариалах тосны ургамлын үрний үнэ, хавар, намрын тариалалт, хураалтын шатахууны зардлыг Д.Пүрэвдорж гарган, талууд нийт ургацын 10 хувийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарт, үлдэгдэл 90 хувийг Д.Энхзориг бид хоёр 50 хувиар хувааж авах байсан. Би гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20 880 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Мөн Д.Энхзоригийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Хаан банк дахь хувийн дансанд нь 2 500 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Нийт 47 880 000 төгрөгийг тосны ургамлын үрний, шатахууны үнэ, хаврын тариалалтын зардал гэж тус тус шилжүүлсэн. Би “Эко буудай” ХХК-д 2016 оны 10 дугаар сард гэрээнд заасан нөхцөлийн дагуу намрын ургац хураалтад ямар техник хэрэгсэл ашиглах, 1 га талбайгаас хураах ургацын хэмжээний талаарх мэдээллийг авахыг хүссэн, сарын дунд үеэс цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэн, ургац хураах ажилд хүндрэл учирч болзошгүй талаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн. Намайг тус компанид 2016 оны 10 дугаар сарын 04, 18-ны өдрүүдэд ургац хураах ажил оройтлоо, цаг агаар хүндрэх талаарх анхааруулгыг бичгээр мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ авалгүй ургац хураах ажлыг оройтуулан, ургацаа цасанд даруулж, гэрээний үүргээ биелүүлэлгүй надад хохирол учруулсан. Хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад “Эко буудай” ХХК гэрээнд заасан 750 га талбайд ургац тариалаагүй, ургацыг оройтож тариалан технологийн зөрчил гарган гэрээний үүргээ биелүүлээгүй нь баримтаар тогтоогдсон. Миний бие улсын хэмжээний хамгийн бага ургацын гарцаар тооцоход нэг га-аас 6 тн нийт 450 тн тосны ургамал, нэг тн тосны ургамалыг 850 000 төгрөгөөр тооцон нийт 382 500 000 төгрөгийн орлогоос өөрт ногдох хувь 172 125 000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хамтран ажиллах гэрээнд дурдагдсан хавсралтууд огт байхгүй, хавсралтыг хариуцагч тал гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүй. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай гэрээнээс өөр гэрээ байхгүй, уг гэрээг өөрчлөөгүй, нэмэлт гэрээ хийгээгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд нийт 53 898 750 төгрөгийн санхүүжилтийг А талд шилжүүлэх, А тал нь хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу зарцуулах үүргийг тус тус хүлээж, гэрээний дагуу тариалалтаас олсон ашгийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу 53 898 750 төгрөгийг шилжүүлэх байсан ч 47 380 000 төгрөгийг шилжүүлж, 6 518 750 төгрөгийн санхүүжилтийг огт хийгээгүй. Д.Пүрэвдорж нь нэхэмжлэлийн шаардлагаа “Эко буудай” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлсон ч талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь зөвхөн нэг талыг барьсан, нэг талын эрх ашгийг хамгаалсан гэрээ болсон гэж үзэж байна. Тухайлбал, гэрээнд хөрөнгө оруулагч талын хүлээх хариуцлагын талаар огт тусгаагүй. Талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулагч талаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох санхүүжилтийг тогтоосон хугацаанд төлөх асуудлыг албан бичгээр нэхэмжлэгчид тавьж байсан хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд өөрчлөлт оруулах талаар хариуцагчийн саналыг нэхэмжлэгч хүлээн аваад хариу өгөөгүй болно. Гэрээний дагуу тодорхой хэмжээний ашиг тооцоолж байсан боловч урьдчилан тооцоолоогүй эрсдэл, хүчин зүйл тулгарч тооцоолж байсан ашиг олоогүй ба бидний зүгээс тосны ургамал тариалахад гарсан зардлыг нөхөж чадаагүй, алдагдалд орсон. Тариалалт болон ургац хураалтад зориулж нэхэмжлэгч нь нийт 53 898 750 төгрөгийн санхүүжилт хийхээс 47 380 000 төгрөгийн, “Эко буудай” ХХК нь 91 250 300 төгрөгийн, нийт 138 630 300 төгрөгийн зардал гаргаж, 760 га талбайд тариалалт хийснээс 600 га талбайгаас 68,7 тн тосны ургамал хураан авч, үлдэгдэл 160 га талбайн ургац цасанд даруулж, малд идүүлж, хураан авах боломжгүй болсон байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан ургац хураалт болон тариалалтын талаар нэг ч албан бичиг ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ямар тооцоо баримтад үндэслэн гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар ямар ч баримт авагдаагүй, нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамтран ажиллах гэрээг өөрчлөөгүй, нэмэлт гэрээ хийгээгүй, зөвхөн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай гэрээ байгаа. Уг гэрээнд дурдагдсан хавсралтууд байхгүй. Ийм хавсралт огт байхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “Эко буудай” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 172 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 018 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч "Эко буудай" ХХК гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 750 га газарт тосны ургамал тариалсан асуудалд маргадаггүй ба тосны ургамал рапсыг тариалахдаа, технологийн горим алдаж хугацаа алдаж хураалт явуулж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 дэх хэсгийг зөрчсөн үйл явдал нь Архангай аймгийн Төвшүүрэлх сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/94 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн тус компанид хүргүүлж байсан албан бичиг, фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. "Эко буудай" ХХК 600 га газраас 68,7 тн тосны ургамал хураан авсан үйл баримт нь нотлогдсон асуудал байдаггүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд 1 тн тосны ургамал, рапсыг 800 000 төгрөгөөр зарсан гэж тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах баримтыг нотолж өгсөн байдаг. Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхийн болж чадаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь хариуцагч “Эко буудай” ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэгт 172 125 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн 750 га газар дээр тариалах тосны ургамлын үрний үнэ, хавар намрын тариалалт, хураалтын шатахууны зардлыг гаргах, хариуцагч нь өөрийн эзэмшлийн газар дээр тосны ургамлын тариалалт, хураах болон тариалангийн талбайн харуул хамгаалалтын үйл ажиллагааг өөрийн компанийн техник хэрэгсэл ажиллах хүчээр явуулах үүргийг тус тус хүлээж, нийт ургацын 10 хувийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарт үлдээж, үлдэгдэл 90 хувийг талууд хувааж авахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний хугацаанд 47 880 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч 760 га-д тосны ургамал тариалсан үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Харуцагч 760 га-д тосны ургамал тариалсан нэхэмжлэгч уг тариалалт болон ургац хураалтад 47 380 000 төгрөгийн санхүүжилт хийсэн, тус компани 91 250 300 төгрөгийн зардал гаргасан боловч дээрх талбайн 600 га-гаас 68.7 тонн тосны ургамал хураан авч үлдэгдэл 160 га талбайн ургац цасанд даруулж, малд идүүлж хураан авах боломжгүй болсноос алдагдалд орсон гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Уг гэрээгээр зохигчид хамтын үйл ажиллагаа буюу тосны ургамал тариалах, түүнтэй холбогдон гарах зардлыг хэн хэрхэн хүлээх болон ашиг орлого буюу гарах ургацыг хэн ямар хэмжээгээр хуваан авах талаар тодорхой тохиролцжээ. Зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “гэрээний 6.1-д заасан нөхцөлийн дагуу нийт ургацын 45 хувь /ашиг/-ийг Б талд хуваарилна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.Пүрэвдорж нь тариалсан ургацын 45 хувийг авахаар шаардах эрхтэй тул тэрээр тухайн жилд тариалсан ургацын 45 хувийн үнийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5-д заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 450 тонн тосны ургамал хураан авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтааар нотолж чадаагүй болно. Харин хариуцагчийн гаргасан зарлагын баримт буюу 68.7 тонн тосны ургамал худалдсан баримт болон тухайн байгууллагын нягтлан бодогчийн гаргасан тооцоог үндэслэн 58 395 000 төгрөгийн үнэ бүхий тосны ургамал худалдсаны 45 хувь буюу 26 277 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн 61 дүгээр тал дахь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/94 тоот тодорхойлолт, хэргийн 62 дугаар тал дах Төвшрүүлэх сумын газрын даамал Х.Сарантуяагийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, хэргийн 63 дугаар тал дахь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05/1376 тоот тодорхойлолтуудад бичсэн мэдээлэл нь хариуцагч “Эко буудай” ХХК-ийг 450 тонн тосны ургамал хураан авсныг нотлохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор ургацаа бүрэн хурааж аваагүй, ашиг гаргаагүй, ургац тариалах хураах үйл ажиллагааны горим зөрчсөн нь түүний буруугаас болсныг нотлоогүй тохиолдолд гэрээний дагуу 450 тонн тосны ургамал хураах ёстой байсан гэх эрсдлийг гэрээний нэг талд хариуцуулах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эко буудай” ХХК-иас 26 277 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145 847 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Эко буудай” ХХК-иас 289 338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвдоржид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 018 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ