Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00770

 

“СЭСК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “СЭСК” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Нд холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “СЭСК” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот 149.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд уг байр нь манай компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаарт бүртгүүлсэн. “СЭСК” ХХК нь өмнөх өмчлөгчийн зөвшөөрлөөр тус орон сууцанд амьдран сууж байсан Батдоржийн Байгалмаатай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулан тус орон сууцыг 224 058 ам.доллараар худалдахаар тохиролцсон ч Б.Байгалмаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул “СЭСК” ХХК арга буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийг н.Отгонцэцэг гэх иргэн гардаж авсан бөгөөд тэрээр тус байрыг Д.Н гэх хүний байр, түүний эзэмшлийнх, Б.Байгалмаа гэж хүнийг таньж мэдэхгүй гэж тайлбарласан бөгөөд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “СЭСК” ХХК нь ямар учраас уг байр Д.Нгийн эзэмшилд орсныг ойлгохгүй байна.

Иймд орон сууцыг Д.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Эм энд Жи констракш” ХХК-иас иргэн Э.Чимэддагва худалдан авсан байдаг. Иргэн Д.Н нь 2010 онд тус орон сууцыг Э.Чимэддагваас худалдан авч амьдарч байгаад 2018 оны 01 дүгээр сараас сулласан. Тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй шилжүүлнэ, шүүхийн маргаантай байна гэсээр өдийг хүрсэн. Э.Чимэддагва нь “Эм энд Жи констракш” ХХК-д холбогдуулан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч СЭСК компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч СЭСК компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх 110 дугаартай магадлалаараа “...Д.Н нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Нг тодорхойлон нэхэмжлэл гаргасныг шүүхээс хариуцагчид 1002 тоот орон сууцны хаягаар гардуулах ажиллагааг хийж, хариуцагч Д.Н 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүх дээр өөрийн биеэр ирж нэхэмжлэлийг гардан авсан. Улмаар авч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр М.Баянзулд олгосон байна. Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 104 дүгээр байр, 1002 тоот хаягт оршин суудаг болохоо тодорхой илэрхийлж, иргэний үнэмлэхээ хавсарган, нотариатаар батлуулсан байна. (Хх-22х, 23х, 24х, 25х).

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Н нь иргэний үнэмлэх дээрх хаяг, уг хаягаар шүүхээс дуудахад нэхэмжлэгчийг гардаж авсан зэргээс хариуцагч нь маргааны зүйл болох 1002 тоот орон сууцыг эзэмшдэг болох нь тодорхой байхад “тогтоогдохгүй байна” гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны үндэслэн нэхэмжлэгч Д.Нд холбогдуулан гаргаж байх боловч тэрээр “Эм Энд Жи Констракшн” ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийн бодитой шилжүүлэхийг шаардаагүй байна” гэж үндэслэлгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтыг буруу дүгнэжээ. Түүнчлэн шүүх хуралдааны үеэр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа уг маргааны хариуцагч нь Д.Н бус “Эм Энд Жи Констракшн" ХХК мэтээр тайлбарласан болно.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх тухай маргаанд хамааралгүй асуудлаар буюу “Эм Энд Жи констракшн" ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг шаардаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсны дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүхийн 186 дугаар зүйлийг удирдлага болгосон шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулаагүй байдаг.

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь анхан шатны шүүхийн шүүгч нь нэг удаа нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, дахин хоёр удаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан билээ. Бидний зүгээс тухай бүр хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж, хүчингүй болгож байсан. Үүнээс анхан шатны шүүхийн шүүгч нь анхнаасаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дотоод итгэл үнэмшилтэй байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/03567 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 110 дугаартай магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхя шаардлагыг хангаагүй байх шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд болох “СЭСК” компани нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 104 дүгээр байрны 1002 тоот 4 өрөө орон сууцыг хариуцагч Д.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Н шаардлагыг эс зөвшөөрч, тухайн орон сууцыг эзэмшдэггүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч “СЭСК” компани нь маргааны зүйл болж буй орон сууцыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны шийдвэрээр Голден Вилл орон сууцны хотхоныг барьсан “Эм Энд Жи Констракшн” ХХК-иас өр төлбөртөө авахаар болж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, 2016 оноос өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Д.Н нь тухайн орон сууцыг иргэн Э.Чимэддагваас худалдан авсан боловч Э.Чимэддагва нь “Эм Энд Жи Констракшн” ХХК-тай орон сууцны өмчлөлийн талаарх маргаантай, өмчлөх эрхийг Д.Нд бүрэн шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа учир Д.Н орон сууцыг худалдан авагчид эгүүлэн өгсөн талаар тайлбарласан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “СЭСК” ХХК нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Харин хариуцагч Д.Н нь тухайн орон сууцны эзэмшигч болох нь баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн с176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН