Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч, шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 2215000000009 дугаартай, 163/2022/0034/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Г-ийн Б, Булган аймгийн Хангал суманд 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймаг, Хангал сумын ....оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 35 настай, эрэгтэй,

Монгол Улсын иргэн, Ш овогт Ж-ын Э, Булган аймгийн Хангал суманд 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймаг, ... сумын .... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож, улмаар хохирогч *******ы доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож, улмаар хохирогч Г.Б-ийн  нүүр дух хэсэгт цохиж “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож, улмаар шүүгдэгч Г.Б нь хохирогч *******ы доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол,  шүүгдэгч Ж.******* нь хохирогч Г.Б-ийн  нүүр дух хэсэгт цохиж “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.Э-ны өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол сана, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Б-ийн  өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2215000000009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Г.Б-ийн  өгсөн: Би 2021 оны 12 сарын 22-ны өдөр ******* ахтай Булган аймгийн Хангал сумын 4-р баг Хялганат тосгоны голын захад ******* ахын гэрт Стандарт нэртэй 0.75 литрийн 1 шил хувааж ууж дуусаад тамхи авахаар дэлгүүр гараад явж байхад гудамжинд Түмбээ ах ******* хоёртой таарч Түмбээ ах архи уух уу 1 шил байна гэхээр нь гудамжинд уугаад зогсож байхад ******* над руу хэл амаар доромжлоод байхаар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед Түмбээ ах яваад өгсөн, дэлгүүр орох замдаа маргалдаж яваад би *******тай зууралдаж унагаагаад бие биеэ хэд хэдэн удаа цохиж авахад ******* ах салгаад намайг аваад гэрт хүргэж өгнө гээд урдаа хийгээд түлхээд явахад араас ******* тоосго барьж гүйж ирээд миний нүүр хэсэг рүү буюу дух руу цохиход би хэсэг ухаан алдаж унаад газар хэвтсэн байдалтай сэргэхэд ******* ах хажууд зогсож байсан. Тухайн үед ******* зугтаагаад явсан байсан. Тэгээд гэртээ харьж унтаад шөнө 3 цагийн үед толгой өвдөөд нүд харанхуйлаад байхаар нь түргэн тусламж дуудаж эмчид үзүүлж Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжид хүргэгдэж үзүүлж толгойн зураг авахуулахад ямар нэгэн гэмтэл гараагүй буцаад гэртээ ирсэн юм. Хамт архи ууж байгаад хэл амаар доромжлоод байхаар нь маргалдсан юм. Одоо миний бие зүүн нүд хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл байгаа хүнд гэмтсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

Хохирогч Ж.Э-ны өгсөн: 2021 оны 12 сарын 22-ны өдөр Отгонтэнгэр дэлгүүрт орж эхнэр Ганчимэгтэй уулзаж 20000 төгрөг өвч гарч ирээд шатахуун түгээх станцаас шатахуун авч түлээгээ хөрөөдөх гэж явахад *******. ******* нар таарч Стандарт нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч хувааж уугаад зогсож байгаад *******тай маргалдаж зууралдаж ******* намайг газар унагаагаад цохиж нүдээд байхаар нь би газраас чулуу авч араас нь гүйж очоод чулуугаар нүүр хэсэг рүү нь цохиод зугтааж салсан юм. Бид хоёр харилцан зодолдсон юм, би газраас чулуу авч араас нь очиж чулуугаар нүүр хэсэг рүү нь цохиж зугтаасан юм, Тухайн үед араас *******, ******* хоёр ирээд ******* та намайг чулуугаар цохисон гээд хашхираад байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

Гэрч Л.Алтантулгын өгсөн: Би 2021 оны 12 сарын 22-ны орой гэрээсээ гараад тамхи авахаар явж байхад соёлын төвийн ард хэдэн хүн зогсож байхаар нь яваад очиход *******, ******* нар зогсож байсан удалгүй хоорондоо маргалдаад барилцаад авахаар нь та хоёр боль гэж болиулаад дэлгүүр лүү дөхөж яваад дахин зууралдаж ноцолдоод ******* *******ыг хэд цохиж авахад дахин салгасан чинь ******* цаашаа явж байгаад буцаж ирэхдээ тал тоосго барьж ирээд *******гийн нүүрний дух хэсэг рүү цохиод мөн дахин ноцолдоод байхаар нь салгахад ******* дэлгүүр лүү зугтаагаад явсан юм. ******* *******гийн нүүр хэсэг рүү тал тоосгоор цохисон юм. Тухайн үед хоорондоо ноцолдож зууралдаад цохилцоод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

 

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай: “Г.Б-ийн  биед зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай: “Ж.Э-ны биед доод уруулын дотор салстад язарсан шарх тогтоогдлоо.... Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Газар унаад бид хоёр бие биеийгээ хэд хэдэн удаа цохисон... намайг өөрийнхөө урд оруулаад явж байтал ******* миний араас миний толгой руу цохисон. Тэгээд миний толгой дух хэсгээс цус гарсан. Ингээд би гэртээ харьсан. Тэгээд гэртээ байж байхад эхнэр Ууганзаяа нүүрнээс чинь цус гараад байна гээд түргэн дуудаад эмнэлэгт үзүүлсэн. ... Би *******ы нүүр толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

Шүүгдэгч Ж.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Г.Б бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд ноцолдож байгаад газарт унасан. ...тэгэхээр нь би уурандаа газраас жижиг тоосго аваад ******* руу шидэж толгойг нь оносон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*******, Ж.*******, гэрч Л.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож, улмаар шүүгдэгч Г.Б нь хохирогч *******ы доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол,  шүүгдэгч Ж.******* нь хохирогч Г.Б-ийн  нүүр дух хэсэгт цохиж “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь хоорондоо зодолдсон үйлдлийн улмаас бие биенийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан шалтгаант холбоо тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар гэм буруугийн талаар маргаагүй, тэдний бие биенийхээ бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Б, Ж.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, хоорондоо эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б, Ж.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 46-58 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 4/04 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгч нарыг албадан ирүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь 11 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 88 цагийг хасаж нийт эдлэх ялыг 212 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Г-ийн Б, Ш овогт Ж-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б, Ж.Э нарыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Э нарт оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар Булган аймгийн Хангал сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  Г.Б, Ж.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Э нарын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 88 /наян найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж эдлэх ялыг 212 /хоёр зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ж.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б, Ж.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ