Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

иргэдийн төлөөлөгч Г.Баянмөнх,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуяг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал, П.Ган-Очир,

шүүгдэгч С.З, З.О, Т.С нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С , З.О нарт холбогдох эрүүгийн 2115002300267 дугаартай, 163/2022/0037/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт С-ын З, Булган аймгийн Сайхан суманд 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн .......оршин суух бүртгэлтэй, малчин, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт  зааснаар  200000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Ж овогт З-ийн О, Булган аймгийн Сайхан суманд 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн ... суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Ж овогт Т-ын С, Булган аймгийн Сайхан суманд 1944 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн ....оршин суух бүртгэлтэй, тэтгэвэрт, 77 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамтаар амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

 

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар баг Цагаан цохиотын энгэр гэх газарт байрлах Т.С гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар амь хохирогч П.Б-тай хэрүүл маргаан хийж хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.О нь мөрдөн байцаалтын 2115002300267 дугаартай хэрэгт “хүнийг алах” гэмт хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.С нь мөрдөн байцаалтын 2115002300267 дугаартай хэрэгт “хүнийг алах” гэмт хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115002300267 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч С.З нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн ---байрлах Т.С гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хамт архи ууж байсан П.Б-тай хэрүүл маргаан хийж хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөсний улмаас П.Б биедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч, хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдалт, хэвлийн хөндийд 2.5 литр цус хуралтаас болж тухайн өдрийн шөнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.

Шүүгдэгч З.О нь мөрдөн байцаалтын 2115002300267 дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр З.О т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “хүнийг алах” гэмт хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Т.С нь мөрдөн байцаалтын 2115002300267 дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т.С-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “хүнийг алах” гэмт хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.З өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О-ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С-ны өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, буруу хэрэг хийснээ ойлгож байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуягийн өгсөн: Амь хохирогч ахыгаа оршуулахтай холбогдож гарсан зардлын нотлох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Шүүхийн шийдсэн хэмжээгээр дээрх зардлыг гаргуулна. Хэргийн нөхцөл байдал ойлгомжтой тул өмгөөлөгч аваагүй гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Баянмөнхийн гаргасан: С.З , Т.С , З.О нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай байна гэх дүгнэлт,

 

Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар баг Цагаан цохиотын энгэр гэх газар 1906 тоотод болсон байх ба... орны зүүн талын толгойн хэсгээс ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү чиглэсэн, дээш харсан баруун болон зүүн гарыг тохойгоороо нугалж цээж хэсэгтээ байрлуулсан, 2 гарын сарвууг атгасан, зүүн хөлөө биеийн дагуу зүүн урд зүг рүү чиглэсэн байдалтай, баруун хөлөө өвдөг хэсгээрээ хагас нугалсан байдалтай цээж хэсгээрээ хүрэн өнгийн хагас ханцуйтай цамцтай доогуураа нүцгэн эрэгтэй хүний цогцос... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-14 дэх тал/,

Уг цогцос нь 160 см урттай, хоёр гар тохойн үеэр халцарсан, 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байна... гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-23 дахь тал/,

Уг гутал нь хар өнгийн урт түрийтэй, эдэлж хэрэглэсний улмаас хуучирсан, аль улсад үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус хос гутал байх ба уг гутлын урд толгой хэсэг мөн түрий хэсгээр хөх өнгийн зүйлээр бохирлогдсон байв гэх С.З өмсөж явсан гуталд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуягийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Орхон аймгаас Сэлэнгэ аймаг руу хувийн ажлаар явж байтал манай эгч Болормаа, ах Батсайхан Сайхан суманд нас барсан гэж байна гэж хэлэхээр нь мэдээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө эгчийн хамтаар Сайхан сум руу ахынхаа буяны ажилд явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Гэрч Г.Батзоригийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг 20 минутын үед би ажлынхаа өрөөнд байж байсан чинь гаднаас манай сумын иргэн Наранчимэг, Анар нар орж ирээд Наранчимэг гэх хүн нь гэр лүүгээ орох гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо цоожтой байхаар нь цонхоороо харсан чинь манай нөхөр Батсайхан орны урд талд дээшээ харсан байдалтай нүцгэн хөдөлгөөнгүй, хэвтэж байна нас барсан байж магадгүй, гэхээр нь дуудлага өгсөн. Наранчимэг, Анар нарыг дагуулан гэр лүү нь очоод гэрийнхээ хаалгыг татсан цоожтой байхаар нь цонхоор нь харсан чинь Батсайхан гэх хүн дээгүүрээ хүрэн өнгийн хагас ханцуйтай цамцтай доогуураа нүцгэн дээшээ харсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь Наранчимэг гэх хүнээс хаалганы хажуугийн жижиг цонхыг чинь эвдэж цонхоор ороод хаалгыг дотор талаас нь онгойлгочих уу? гэж асуусан зөвшөөрсөн. Наранчимэг гэх хүнийг үүд хэсэгт зогсоогоод Батсайхан гэх хүний судсыг гараараа дарж үзтэл цохилохгүй бие нь хүйтэн байхаар нь нас барсан байна гэж бодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Гэрч Д.Наранчимэгийн өгсөн: Бид нар Суурин ах гэж дууддаг ахын гэрт явж ортол Батсайхан Суурин ахын гэрийн баруун талын орон дээр хөнжил нөмрөөд унтаж байхаар нь би Батсайханыг сэрээгээд хоёулаа дүү Батмөнхийн хүүхдийн үсний найранд явах уу? гэсэн чинь та хоёр очиж бай би гэртээ хариад унтъя гэхээр нь за тэг тэгвэл бид хоёр очиж байх уу? гэсэн чинь та хоёр явж бай гэсэн. Тэгээд охин бид хоёр дүүгийнд ирээд байж байгаад би дүүгийн гэрийн хажуу талын гэр лүү ороод орон дээр нь хэсэг хэвтэж байсан чинь нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Учир нь би урд өдөр нь жижүүрт гарсан байсан учир нойр хүрээд байсан. Гэнэт гар утас дуугараад сэрээд утсаа харсан чинь Батсайхан залгаад надаас наана чинь хүн их байна уу? гэхээр нь нэг их хүн байхгүй байна гэхэд намайг чи юу хийж байна? би оройхон тийш яваад очно гээд гар утсаа салгасан. Тэгээд би Батсайханыг хүлээгээд  ирэхгүй болохоор охиноо дагуулаад гэртээ харьсан чинь байшингийн цонх гэрэлгүй, хаалга гадна талдаа ямар нэгэн цоож байхгүй болохоор нь хаалгаа татаад орох гэсэн чинь дотор талаасаа цоожтой байхаар нь тогшсон чинь Батсайхан хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь охиноо дагуулаад эргээд дайх үргээж байгаа дүүгийндээ ирсэн чинь согтуу хүмүүс их байхаар нь гараад Батсайханы өдөр үс засуулсан Нараа эгчийн гэрт явж очсон чинь Нараа эгч, ачтайгаа байсан. Тэгээд Нараа эгчийнд хоноод өглөө 09 цаг болж байхад гэр лүүгээ охин бид хоёр яваад гэртээ орох гэсэн чинь хаалга дотор талаасаа цоожтой, тогшсон чинь онгойлгохгүй байхаар нь би охиныг байшингийнхаа цонхоор харуулсан чинь охин аав унтаад байна гэхээр нь би өөрөө харсан чинь орныхоо хажууд газар дээш харсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 47-49 дэх тал /,

Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: Гаднаас Наранчимэг уйлж орж ирээд Батсайхан хаалгаа онгойлгож өгдөггүй, цонхоор харсан чинь орныхоо урд талд нүцгэн дээш харсан байдалтай хэвтэж байна намайг хоёулаа очье гэхээр нь би Наранчимэгийн хамтаар гэрт нь явж очих гээд... цонхоор нь харсан чинь Батсайхан орныхоо урд талд нүцгэн дээш харсан байдалтай хамрын үзүүр хэсэг нь цустай байхаар нь би Наранчимэгээс чамайг анх харахад яг ийм байдалтай байсан юм уу? гэхэд тийм яг ийм байдалтай байсан гэж хэлэхээр нь тэгвэл нас барсан юм шиг байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 51-53 дахь тал /,

Гэрч Т.Далайжаргалын өгсөн: Манай нөхөр надад юм яриагүй. Манай нутгийн хүн болох Батсайхан гэртээ нас барсан байна гэж манай сумын хүмүүс хоорондоо яриад байсан. Батсайханыг нас барснаас хойш манай нөхөр З.О нь дуугаа хураачихаад юм ярихгүй, юм асуухаар хариулахгүй байгаад байсан. Талийгаачийг нас барснаас хойш 2-3 хоногийн дараа би нөхөр З.О ээс чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? өрөнд орсон хужаа шиг дуугаа хураачихаад суугаад байхын гэж асуухад манай нөхөр З.О надад хандан “Би Чимэд ахынд очиход тэнд талийгаач Батсайхан үсээ засуулаад байж байсан намайг Суурин багшийнд хүргээд өгөөч гэж гуйхаар нь би Суурин багш хөдөө байгаа шүү дээ гэж хэлэхэд талийгаач би өглөө орсон чи намайг хүргээд өг гэж гуйхаар нь би талийгаач Батсайханыг Суурин багшийнд хүргэж өгсөн. Суурин багшийнд очиход Зундуй, Суурин багш хоёр архи задлаад хувааж ууж байж байсан. Зундуй талийгаач Батсайхан хоёр мөнгөнөөс болж хоорондоо хэрүүл маргаан хийсэн, Зундуй талийгаач Батсайханы нүүр хэсэгт нь нэг удаа цохиж унагаагаад талийгаачийг газар унахад нь Зундуй баруун хөлөөрөө гэдэс хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн тэр үед нь би болиоч хүн аллаа ш дээ гэж хэлэхэд Зундуй намайг ална шүү пизда минь гэж хэлэхээр нь би дуугүй болсон” гэж хэлсэн. Би асуусан манай нөхөр хэлэхдээ би цагдаад мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлэг өгөөгүй худал мэдүүлэг өгсөн юмаа гэж хэлэхээр нь би чи яаж байгаа юм бэ харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр нь хэлж ярихгүй яасан юм гэж хэлэхэд З.О Суурин багш хараагүй гэж мэдүүлэг өгсөн гэхээр нь би мөн адил хараагүй гээд мэдүүлэг өгсөн мөн Зундуйгаас айгаад тухайн үйл явдлын талаар үнэн зөвийг хэлэлгүй худал мэдүүлэг өгсөн юм гэж хэлсэн гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 67 дахь тал /,

Гэрч шинжээч Ж.Гэрэлмаагийн өгсөн: Хэвлийн битүү гэмтэл нь хэвлийн гадна хананд ямар ч шарх үүсгэхгүйгээр, хэвлийн хөндийн гадаад орчинтой харьцахгүйгээр, хэвлийн хөндий дэх эрхтнүүд задрах, няцрах тасрах зэргээр гэмтэхийг хэлдэг. Талийгаач Батсайханд хэвлийн хөндийн эрхтэн болох элэг задарсан, няцарсан гэмтэл үүссэн байсан бөгөөд уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийд их хэмжээний дотуур цус алдан нас барсан. Талийгаачийн хэвлийн тус газарт өшиглөсний улмаас талийгаачийн үхлийн шалтгаан болсон дээрх гэмтэл үүсэж болох уу? гэх мөрдөгчийн асуултад “болно” гэсэн хариулт өгсөн. Хүний хэвлийг анатомийн байрлалын хувьд дээд, доод 2 давхар болгон хуваадаг. Элэг нь хэвлийн дээд давхарт баруун талд 8-9-р хавирганы түвшнээр дээд хязгаар нь байрладаг. Хэвлийн ийм гэмтэл авсан хүн 5 цаг, зарим тохиолдолд хоногоор амьд явах ч үе байдаг гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 100-101 дэх тал /,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн: Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл: Элэгний задрал, няцрал, баруун тохой, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн өвдөг, дух, баруун нүдний гадна тал, хамрын нуруу, хамрын үзүүрт олон тооны зулгаралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун хөмсөгний доор арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Баруун хөмсөг доорх арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд үүссэн эхний хоногтоо байна. Хэвлийн битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтэл, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Талийгаачид уушгины гялтангийн архаг наалдац үрэвсэл бүхий архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Цогцост задлан шинжилгээ хийхээс өмнө нас бараад 12-16 цаг өнгөрсөн байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус /2,5 литр/ болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Магадлуулагч С.З нь сэтгэцийн хувьд эрүүл, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу хэрэг гарах үед сэтгэцийн хувьд эрүүл байсан, С.З нь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл учраас өөрийн хэлж ярьж байгаа зүйлийг ойлгох чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 113-114 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч С.З өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед би сумын төвд байдаг Суурин багшийн гэрт орсон чинь Суурин багш, манай сумын Батсайхан тэр хоёр халамцуу юм яриад сууж байсан. Тэгтэл Батсайхан ах суурин ахаас мөнгөн гуйж байсан, урьд нь Суурин багш надад хэлэхдээ Батсайхан надаас байнга архины мөнгө гуйдаг байсан гэж ярьж байсан. Тэгээд би тухайн үед Батсайхан ахыг та одоо боль хөгшин хүнээс байнга архины мөнгө гуйж байх юм гэж хэлсэн чинь Батсайхан ах надад чамд хамаагүй би ажилдаа орчихсон цалингаа буухаар эргүүлээд өгчихөнө гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Батсайхан ах надад дахин Зундуй чамд хамаагүй гэж хэлэхээр нь би баруун гараа зангидаж байгаад Батсайхан ахын зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон чинь Батсайхан ах Суурин багшийн ор хэсэг рүү хажуугаараа налахаар нь би хажуугаас нь зүүн хавирга буюу хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн Батсайхан ах за за Зундуй боль би ч харья чи ч харь гэж хэлсэн. Би тэгээд тамхи татаж сууж байгаад гэр лүүгээ харихаар Суурин ахын гэрээс гараад гэртээ харьц унтаж амарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч З.О-ийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би гэрээс гараад 09 цагийн үед манай нутгийн хүн болох сумын төвд амьдардаг Чимэд ахын гэрт очсон. Намайг ороход Чимэд ахын гэрт нь манай сумын талийгаач Батсайхан Чимэд ахын эхнэрээр үсээ засуулаад сууж байсан. Намайг Чимэд ахын гэрт ороод удаагүй байж байтал  Батсайхан надад намайг Суурин захирлын гэрт хүргээд өг гэхээр нь би хүргэж өгсөн. Тэгээд Батсайхан бид хоёр Суурин захирлын гэрт ороход Суурин захирал, Зундуй тэр хоёр гэрт нь ширээний хажуу талд архи уугаад сууж байсан, бид хоёр хамт нийлээд архи уусан. Батсайхан Зундуй хоёр маргалдаж эхэлсэн. Юунаас болж маргалдсан гэхээр талийгаач Батсайхан өглөө Суурин захирлын гэрт орж ирээд Суурин захирлаас 20000 төгрөг аваад 10000 төгрөгөөр нь архи аваад 10000 төгрөгийг нь эргэж өгөөгүй гэж маргалдсан. Тэгсэн маргаан нь зодоон болсон.... Зундуй сууж байсан сандал дээрээсээ босож ирээд Батсайхан дээр очоод баруун гараараа хоёр удаа толгой руу нь цохиход Батсайхан сууж байсан орныхоо доошоо шалан дээр унасан. Батсайханыг шалан дээр унангуут Зундуй хэвлий орчим луу нь 1 билүү 2 удаа өмсөж байсан хөр өнгийн урт түрийтэй гуталтай өшиглөсөн. Тэгсэн Батсайхан газарт доошоо харчихсан ёолоод гэдсээ гараараа барьчихаад хэвтээд байсан. Тэгэхээр нь би Зундуйд хүн алчихлаа гэж хэлсэн чинь хуцаад байгаарай ална шүү гэж хэлсэн. Тэгээд би Батсайханаас яаж байна гэж асуухад ямар нэгэн дуу гаргаж чадахгүй их өвдөж байгаа бололтой байсан. Батсайханыг орон дээр суулгачихаад би гэртээ харилаа гээд яваад өгсөн. Гэрт Суурин захирал, Батсайхан, Зундуй нар үлдсэн боловч хойноос Зундуй гарч ирээд миний мотоциклийн хойно суугаад намайг дэлгүүр дээр буулгачих гэсэн. Тэгэхээр нь би Ундрах дэлгүүр дээр хүргэж өгсөн... Би Зундуй, Батсайхан тэр хоёрыг салгах үед Зундуй намайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би айгаад дараа нь намайг зодох байх гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм.

/хавтаст хэргийн 137-139 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Т.С гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 09 цагийн үед гэртээ хог шүүрдээд байж байхад гаднаас Зундуй гэх залуу орж ирээд та хэзээ орж ирээв гэхээр нь би намайг сургуулийн захиргаанаас эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн байна гээд дуудахаар нь ирлээ гэж хэлсэн. Тэгсэн Зундуй надаас мөнгө байна уу гэхээр нь би шагналынхаа мөнгөнөөс 1 шил архи, тамхи аваад дуусгачихсан гэж хэлээд ширээн дээр байсан тал шил архинаасаа Зундуйд аяганд хийж өгөөд дараа нь өөртөө нэг хийж уугаад байж байтал гаднаас Оюунбилэг, Батсайхан тэр хоёр орж ирээд Батсайхан миний унтдаг орны хөлний хэсэгт суугаад харин Оюунбилэг үүдний хэсгийн орны хажууд суусан. Тэгээд би Оюунбилэг, Батсайхан тэр хоёрт тал шил архинаасаа аяганд хийж өгсөн тэр тал шил архи тэгээд дуусахаар нь шилийг нь ширээн доогуур хийгээд бид нар хоорондоо ойр зуурын юм яриад сууж байтал Зундуй Батсайханыг та энэ өвгөн багшаас 20000 мянган төгрөг авсан гэсэн тэр мөнгөнийхөө үлдсэн мөнгийг нь надад өг гэж хэлсэн чинь Батсайхан би хүүхдийн үсний найранд эхнэрийн хамтаар очих гэж байна чамд өгөх мөнгө байхгүй би Суурин багшаас мөнгө зээлдээд буцаагаад өгчихдөг юм харин чи Суурин багшаас хавар зээлдсэн 100000 мянга төгрөгийн 20000 мянгыг эргүүлж өгөөд бусад мөнгийг нь яагаад өгөхгүй байгаа юм гэж хэлсэн чинь Зундуй уурлаад би мөнгийг нь өгнө үү байна уу чамд хамаагүй гэж хэлээд сандлаасаа босоод Батсайханы зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Батсайхан орны урд талд шалан дээр унасан чинь Зундуй Батсайханы хэвлийн хэсэг рүү нэг удаа өшиглөөд хавирга хэсэг рүү нэг удаа дэвссэн чинь Оюунбилэг босож ирээд тэр хоёрыг салгаад орон дээр суулгаад гэрээсээ гарсан. Зундуй сандал дээр суухаар нь би зайл чамд өгөх мөнгө ч байхгүй архи ч байхгүй гэж хэлтэл Зундуй Оюунбилэгийн араас гарсан. Тэгсэн Батсайхан орон дээр сууж байгаад багшаа би хэсэг орон дээр чинь хэвтье гэж хэлээд хэвтэхээр нь би бие засах гээд явж байтал Батсайханы эхнэр хүүхдийнхээ хамтаар явж байсан. Орж ирээд Батсайханд эхнэр хүүхэд чинь ирж явна хэлсэн. Удалгүй гаднаас Батсайханы эхнэр, хүүхэд орж ирээд харих уу гэж асуусан чинь Батсайхан явъя явъя гэж хэлээд орноос босож ирээд малгайгаа өмсөөд суухаар нь би охиндоо дуртай юм аваарай өвөөд нь байгаа нь энэ гэж хэлээд 2000 төгрөг өгсөн. Тэр гурав гэр лүүгээ яваад өгсөн.... Манай гэрт зодоон болсон учир би айгаад урд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ худал мэдүүлэг өгсөн юм аа одоо миний өгч байгаа мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-147 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч П.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн ---байх Чимэдийн гэрт эхнэр Д.Наранцэцэгээр нь үсээ засуулж байхад З.О ийг орж ирэхээр нь түүний мотоциклээр сумын төвийн сургуулийн дотуур байрны урд талд байх Т.С гийн гэрт хүргүүлж очсон байна. Т.С гийн гэрт гэрийн эзэн Т.С , С.З нар архи задлаад хувааж ууж байж байсан ба С.З талийгаач П.Б-тай мөнгөнөөс болж хоорондоо хэрүүл маргаан хийж, улмаар С.З талийгаач П.Б-ны нүүр хэсэгт нь нэг удаа цохиж унагаагаад, газар унахад нь баруун хөлөөрөө гэдэс хэсэгт нь өшиглөж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна. Талийгаач нь Т.С гийн гэрт хэсэг хэвтье гэж хэвтэж байгаад гэртээ хариад тухайн өдрийн шөнө хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдалт, хэвлийд 2.5 литр цус хуралтаас болж нас барсан байсныг тус тус гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хэргийн газар дээр байсан гэрч Т.С , З.О , талийгаачийг гэртээ нас барсан байдалтай байхыг гэрчилсэн гэрч Г.Батзориг, Д.Наранчимэг, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг, гэрч Т.Далайжаргалын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогч П.Б-ны өмсөж явсан хөх өнгийн, хар өнгийн эмжээртэй ногоон өнгийн дотортой монгол дээл байх ба уг дээлний урд энгэр хэсгээс доош 13 см зайд хүрэн улаан өнгийн олон тооны цэгэн зүйлээр бохирлогдсон, зүүн ханцуй хэсгийн ирмэгээс 12 см зайд 9*10 см талбайд хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн уг ханцуйд 24 см зайд 8*15 см талбайд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байгааг тэмдэглэсэн хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэл, талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл элэгний задрал, няцрал, баруун тохой, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн өвдөг, дух, баруун нүдний гадна тал, хамрын нуруу, хамрын үзүүрт олон тооны зулгаралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун хөмсөгний доор арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал бүхий гэмтэл тогтоогдсон ба баруун хөмсөг доорх арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, талийгаачийн хэвлийн битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь үхлийн шалтгаан болсон буюу хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх 2,5 литрийн цус хуралт болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, хэргийн газарт анх очсон хэв журмын цагдаа Г.Батзоригийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг 20 минутын үед би ажлынхаа өрөөнд байж байсан чинь гаднаас манай сумын иргэн Наранчимэг, Амар нар орж ирээд гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо цоожтой байхаар нь цонхоороо харсан чинь манай нөхөр Батсайхан нь орны урд талд дээшээ харсан ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байна нас барсан байж магадгүй гэж хэлэхээр нь дуудлага өгсөн Наранчимэг, Амар нарыг дагуулан гэр лүү нь очоод гэрийнх нь хаалгыг татсан цоожтой байхаар нь цонхоор харсан чинь Батсайхан гэж хүн дээгүүрээ хүрэн өнгийн хагас ханцуйтай  цамцтай доогуураа нүцгэн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...уг гэрээс Наранчимэгийн хамтаар гараад 102 луу өөрийн гар утсаар залгаж ерөнхий жижүүр а/д Төрбатад мэдэгдээд дараа нь сумынхаа эмнэлэгт дуудлага өгсөн чинь удалгүй эмч ирээд биеийн байдлыг нь үзээд нас барсан байна бие нь хөрчихсөн хөшчихсөн байна гэж хэлсэн талаарх гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч С.З нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан П.Б-тай маргалдаж түүний хэвлийн тус газарт өшиглөж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас П.Б нь хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдаж, хэвлийн хөндийд 2,5 литр сул цус хуралдалтын улмаас шоконд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй тухайн өдрийн шөнө гэртээ нас барсан болох нь, шүүгдэгч З.О , Т.С нар нь талийгаач П.Б-ны хамт Т.С гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амь хохирогч П.Б С.З нар нь мөнгөнөөс болж маргалдаж, П.Б нь С.З д толгой хэсэгтээ цохиулж, хэвлий хэсэгтээ өшиглүүлж байхыг харсан атлаа хараагүй, хамт байгаагүй, тухайн үед зодоон болоогүй гэж С.З амь хохирогч П.Б ыг хэвлийн тус газарт өшиглөж “хүнийг алах” гэмт хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн нь гэрч Т.Далайжаргал, шүүгдэгч Т.С , З.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон хэвлийн битүү гэмтэл: элэгний задрал, няцрал, баруун тохой, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн өвдөг, дух, баруун нүдний гадна тал, хамрын нуруу, хамрын үзүүрт олон тооны зулгаралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун хөмсөгний доор арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал бүхий гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хэвлийн битүү гэмтэл, түүний хүндрэл болох дотуур цус алдалт, хэвлийн хөндийд 2,5 литр хэмжээтэй цус хуралдалт бүхий үхэлд хүргэх гэмтэл нь шүүгдэгч С.З хэвлийн тус газарт өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.З нь хохирогчийн бие махбодод гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Түүнчлэн хэрэгт амь хохирогч П.Б , С.З д хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл, түүний үр дүнд шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас дээрх хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, харин шүүгдэгч архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэйгээр өөрийн үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлаж хянах чадваргүй байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч С.З хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан, шүүгдэгч Т.С , З.О нарын худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.З , Т.С , З.О нарын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч С.З , Т.С , З.О нарыг гэм буруутай гэж гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.С , З.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.З бусдыг хэвлийн тус газарт өшиглөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирчээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуяг нь талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан зардалд нийт 10.557.700 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хавтаст хэргийн 189-192 дугаар талд авагдсан байна.

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Талийгаачийг оршуулахтай холбоотой 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрийн хугацаанд гарсан хүнсний бараа, шарилын хайрцаг, хөшөө чулууны үнэ, /2.622.000₮, 1.268.600₮, 828.100₮, 599.000₮, 530.000₮, 402.500₮, 1.300.000₮, 1.555.000₮/ нийт 9.105.200 төгрөг нь талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарч байх тул шүүгдэгч З.Сундуйгаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй буяны зан үйл, буяны хандив өргөхтэй холбогдож гарсан зардал /96.000₮, 110.000₮, 110.000₮, 9.000₮, 10.000₮, 510.000₮, 102.500₮, 105.000₮, 400.000₮/ нийт 1.452.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын яллагч хавтаст хэргийн 190 дүгээр талд авагдсан 3 зарлагын баримтын нийт үнэ 1.531.500 төгрөгийг яллах дүгнэлтэд /хавтаст хэргийн 229 дэх тал/ 1.513.500 төгрөг гэж буруу бичсэнээс 27.000 төгрөгийн зөрүү үүссэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт гэр бүл, хамаатан садан байхгүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул хохирол төлбөр төлж чадаагүй, гадуур байсан бол ажил хийгээд төлөх байсан, талийгаачийг оршуулахтай холбоотой зардлыг төлнө, өөрийн өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг хохиролд тооцуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгөх санал гаргасан боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг гэрийг авахаас татгалзсан тул талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан зардал болох 9.105.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Алтанхуягт олгох, шүүгдэгч Т.С , З.О нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.З г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.С , З.О нарыг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Т.С , З.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч С.З нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж байгаа үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Т.С , З.О нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 166-187, 197-198, 204-205 дахь талд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, С.З гэрлэсний бүртгэлтгүй тухай лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Булган аймгийн Сайхан сумын Их хүрэмт, Угалз багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.З нь гэрлэж байгаагүй, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие Булган аймгийн ...... оршин суудаг, шүүгдэгч Т.С нь өндөр насны тэтгэвэрт гарч ганц биеэр, Булган аймгийн Сайхан сумын Их хүрэмт багт оршин суудаг, шүүгдэгч З.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ...оршин суудаг зэрэг шүүгдэгч нарын хөрөнгө орлогын болон хувийн байдал тус тус тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч З.О , Т.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч С.З өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.З д хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал төлөгдөөгүй, энэ гэмт хэрэгт оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  хувийн байдал,  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл,  гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас шүүгдэгч С.З д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь, түүнчлэн шүүгдэгч Т.С , З.О нарын үйлдсэн хэргийн шинж, учирсан хор уршиг болон анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.З 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.С , З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.З , Т.С , З.О нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн хагас ханцуйтай цамц, хөх өнгийн дээл, ягаан өнгийн урт ханцуйтай цамц, ногоон өнгийн өмд, шар өнгийн бүс, саарал өнгийн өмд, хөх өнгийн хос оймс, ягаан өнгийн хос оймс, хөх өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн урт түрийтэй хос гутал, саарал өнгийн малгай тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж овогт Т-ын С, Ж овогт З-гийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С , З.О нарыг 6 сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.С , З.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С , З.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.С , З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч С.З , Т.С , З.О нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С , З.О нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З гаас 9.105.200 /есөн сая нэг зуун таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн ...сумын... багт оршин суух Б овогт П-ийн А /РД:***/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.452.500 /нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн хагас ханцуйтай цамц, хөх өнгийн дээл, ягаан өнгийн урт ханцуйтай цамц, ногоон өнгийн өмд, шар өнгийн бүс, саарал өнгийн өмд, хөх өнгийн хос оймс, ягаан өнгийн хос оймс, хөх өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн урт түрийтэй хос гутал, саарал өнгийн малгай тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД

                                           ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР