Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/01298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК -д холбогдох

Гэрээний үүрэг, алданги 152 254 034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тэмүүлэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-тай 2015 оны 06 сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот түрээсийн гэрээ, мөн 2015 оны 07 сарын 02-ны өдөр нэмэлт хэлцэл, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр М ХХК-д R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар буюу 320 мото цагийн хугацаатай, мөн 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт хэлцэлээр HL780-сериалтай техник, R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг ийн хугацаатай тус тус түрээслүүлэх, “М” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. “Х” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. М ХХК нь дээрх техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  буцаан хүлээлгэн өгсөн  боловч, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөр, алданги шаардаж байна. Мөн гэрээний 7.5, 7.6, 7.7 дах заалт болон гэрээний онцгой  нөхцөлийн 4-д заалтад “Түрээслэгч талын хариуцах зүйлд Операторын ажлын хөлс, байр хоол, түлш, газартай харьцах эд анги, экскаваторын шанага, шүд, дугуйт ачигчийн дугуй болон засварын зардал, бутлуурын түргэн элэгдэх эд анги /шүд хуяг/, шигшүүрийн түргэн элэгдэх эд анги /тор/, өдөр тутмын тос, тосолгоо, тоног төхөөрөмжийн тээвэр зардлыг хариуцахаар тохиролцсон тул эдгээр зардлыг түрээсийн төлбөрт нэмж тооцсон. Дээрх техникүүдийн түрээсийн төлбөрийг MS19D #0357 сериалтай шигшүүрийн түрээсийн төлбөр 2015 оны 06  сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 12 488 666 төгрөг, МС110Я #0205 сериалтай бутлуурын түрээсийн төлбөр 2015 оны 06  сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг  хүртэл хугацааны /10 хоног/ 25 605 066 төгрөг, HL780-7 сериалтай тавто ачигчийн түрээсийн төлбөр /7 хоног/ 7 161 666 төгрөг, SL765 #0283 сериалтай авто ачигчийн төлбөр 2015 оны 06  сарын 28-ны өдрөөс 2015 оны 07  сарын 10 хүртэл 4 931 206 төгрөг, R480 LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 06  сарын 29-ний өдрөөс 2015 оны 07  сарын 10-ныг хүртэлх 12 938 350 төгрөг нийт 63 124 956 төгрөг, 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт хэлэлцээр нэмж түрээслүүлсэн HL780 #0559 сериалтай техникийн үнэ нэг хоногийн түрээс 1 127 666 төгрөг, R300LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 07  сарын 03-ны өдрөөс 2015 оны 07  сарын 10-ныг хүртэлх хугацааны 4 710 183 төгрөг нийт 5 837 850 төгрөг, эдгээр техникүүдийг тээврийн зардал, сэлбэг засварын зардал операторын зардал зэрэг бусад зардалд 16 000 000 төгрөг нийт 84 996 306 төгрөгийн төлбөрийн тооцоотой байна. Тус компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба “М” ХХК нь ХЭ15/103 тоот түрээсийн гэрээний төлбөрт 84 996 306 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9, 10 сард төлнө гэж хариу өгч байсан. Түрээсийн төлбөрийн тооцоо нийлж, актаар баталгаажуулсан. Гэрээний 7.5 дах заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тоног тутамд 0.5 хувийн алданги 42 498 153 төгрөг, нийт 127 494 459 төгрөгийг, 2015 оны 07  сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрөөс 13 673 050 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 8.3-д заасны дагуу алданги 6 836 525 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1.560.000 төгрөг, Х ХХК-ийн охин компани Майн технологи марк ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөг, нийт 152 254 034 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Х ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 06 сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот гэрээ, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. ХЭ 15/103 тоот түрээсийн гэрээгээр R480LC-9S 0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар бюу 320 мото цагийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани тус компаниас техникүүдийг түрээслэхэд бутлуур, шигшүүрийн хүчин чадлыг тооцоолоод өөрт байсан техникүүдийн хүчин чадлыг хүрэхгүй гэж үзэн нэмж экскаватор, авто ачигчийг түрээсэлсэн ч бутлуур болон шигшүүрийн сул зогсоолтоос шалтгаалаад түрээсийн техникүүд тухайн хугацаанд сул зогсолттой байсан. Дараа нь төлөвлөгөөнд тусгагдсанаа биелэлттэйгээ харьцуулан үзэхэд техникүүд нь 30 хувьд ч хүрээгүй ажилласан байсан. Улмаар ажиллаж эхэлснээс хойш доголдолтой байсан учраас арга буюу 10 орчим хоног ажиллаж сул зогссон тул буцаан хүлээлгэн өгсөн. Бутлуур 320 мото цаг буюу 73.299.600 төгрөг, шигшүүр нь ажиллаагүй байхад 320 мото цаг буюу 36 278 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1.850.000 төгрөг, тээврийн хөлс 1.560.000 төгрөг, Х ХХК-ийн охин компани Майн технологи марк ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                             

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох 152 254 034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХХК-нь сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, Х ХХК-ийн охин компани Майн технологи марк ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөг нийт 17 923 050 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин техникүүдийн хүчин чадал үзүүлэлтүүд муу, доголдолтой байсны улмаас 10 орчим хоног ажиллаад буцаан өгсөн байтал бүтэн мото цаг ажилласнаар төлбөр шаардсан бутлуур, шигшүүр ажиллаагүй тул төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Х ХХК, М ХХК-тай 2015 ны 06 сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот “түрээсийн гэрээ”, 2015 оны 07 сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар /хх-ийн 7-17 тал/ тогтоогдож байна.

ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр Х ХХК нь М ХХК-д  R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг нэг сарын хугацаатайгаар, 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр HL780- сериалтай, R300LC-9S #0263 сериалтай техникүүдийг нэг сарын хугацаатайгаар түрээслүүлэх, түрээслэгч М ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК-д гэрээгээр тохирсон хугацаанд техникүүдийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, техник хүлээлцсэн акт /хх-ийн 19-29 тал/ зэргээр баримтуудаар тогтоогдож байна.

Талууд гэрээгээр R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаваторын нэг сарын буюу 320 мото цагийн түрээсийн төлбөр 32,505,000 төгрөг, HL780-7 #0371 авто ачигч нэг сарын буюу 320 мото цагийн төлбөр 29,150,000 төгрөг, SL765 #0283 сериалтай авто ачигч, нэг сарын буюу 320 мото цагийн төлбөр 9,526,000 төгрөг, МС110Я #0205 сериалтай бутлуур, нэг сарын буюу 320 мото цагийн төлбөр  73,299, 600 төгрөг, MS19D #0357 сериалтай шигшүүрийг нэг сарын буюу 320 мото цагийн  төлбөр 36 278 000 төгрөг нийт 180 758 600 төгрөг, R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг нь 18 188 500 төгрөг, HL780-7 #0559 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг 29 150 000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн зүйлийг шилжүүлэн өгсөн болон буцаан авсан цаг хугацаа, түрээсийн төлбөр төлөөгүй байгаа тухайд зохигч маргаагүй байна.

Зохигчид түрээсийн болон сэлбэг худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, гэрээний гол нөхцөл үнэ, нэг сард төлөх түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн хугацааг тоолох журам, хугацаа хэтрүүлсний хариуцлагын талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 320 дугаар зүйлийн 320.1, 293 дугаар зүйлийн 293.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах заалтуудтай нийцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө  шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 06 сарын 25-ны өдөр түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлцэх хуудсаар шилжүүлэн хүлээлгэн өгч, мөн 2015 оны 07  сарын 10-ны өдөр буцаан авсан байх ба гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд харилцан тооцоо нийлж, актаар баталгаажуулсан, төлбөрөө төлөхийг шаардаж байсан үйл баримт зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 30-51 тал/

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө буюу техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд түрээслэгч уг хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Талууд түрээсийн гэрээний хугацааг 2015 оны 06 сарын 26-наас 2015 оны 09   сарын 26-ны өдөр байхаар тохиролцож байгаа хэдий ч түрээслэгч М ХХК нь гэрээний зүйл болох техникүүдийг 2015 оны 07 сарын 10-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэж үзнэ.

Хариуцагч М ХХК нь 2015 оны 07 сарын 10-ны хүртэл түрээсийн зүйл болох техникүүдийг ашигласан хугацааны төлбөр болох 84,996,306 төгрөгийг  төлөөгүй  болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн шаардах хуудас, түрээсийн техникийн тооцоо, М ХХК-ийн 2016 оны 06  сарын 07-ны өдрийн 01/212 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх-ийн 30-51 тал/

Хариуцагч М ХХК нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд буюу 2015 оны 07  сарын 10-ны хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор гэрээний 7.5 дах заалтаар, 2015 оны 07  сарын 10-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрийг 2015 оны 08 сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байх боловч, үүргээ бүрэн биелүүлээгүй 13,673,050 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний 8.3 дах заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч Х ХХК нь хууль буюу гэрээний дагуу  хариуцагч М ХХК-иас алданги шаардах эрхтэй.

Мөн М ХХХ нь 2015 оны 07 сарын 10-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн үнэд 13,673,000 төгрөг, техник засварын хөлс 1,850,000 төгрөг, Х ХХК-ийн охин компани Майн технологи марк  ХХК-иас худалдан авсан сэлбэгийн үнэ 840 000 төгрөгийг тус тус төлөхийг  хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч М ХХК-ийн бичгээр гаргасан тайлбар, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ зэрэг бусад баримтаар /х.х-ийн 12-14, 52-60, 70-71 тал/ тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Хариуцагч М ХХК-с түрээсийн төлбөрт 84,996,306 төгрөг, алданги  /2015 оны 07 сарын 10-ны өдрөөс 2016 оны 09  сарын 22-ныг хүртэл/-ийг 42,498,153 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,673,050 төгрөг, гэрээний 8.3-д зааснаар алданги 6,836,525 төгрөг, техник засварын хөлс 1,850,000 төгрөг, тээврийн хөлс 1,560,000 төгрөг нийт 152,254,034 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,918,925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Зохигчид 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр анзыг бичгээр тохиролцоогүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн  5,837,850 төгрөгт  алданги

2 918 925 төгрөгийг шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.

Хариуцагч М ХХК нь “Техникүүдийн хүчин чадал үзүүлэлтүүд муу, доголдолтой байсны улмаас бутлуур, шигшүүр ажиллаагүй” гэж маргаж байгаа боловч, өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2017 оны 06 сарын 09-ны өдрийн 1300 цагт  товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэд мэдэгдсэн боловч, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 149,335,109 /нэг зуун дөчин есөн сая гурван зуун гучин таван мянга нэг зуун ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,918,925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919,225 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 904,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 182/ШЗ2016/04852 дугаар захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ