Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 2215000000026 дугаартай, 163/2022/0041/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ овогт ............ ................, Орхон аймгийн Жаргалант суманд 1987 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, ......... аймгийн ........... сумын ....... дугаар багийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эрэгтэй, РД: ************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.А-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000026 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.А-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.А-ийн өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байсан бөгөөд 17 цагийн орчимд манай найз ******* над руу залгаад бид нар бөөнөөрөө амралт руу явах гэж байна гэж хэлээд Пагмадулам, Наранцэцэг хоёр намайг ирж аваад бид нар гордод уулзаад 2 машинтай Бөхөн гэх амралтын газар руу хөдөлсөн. Манай нөхөр *******, Наранцэцэг, Пагмадулам, *******, Төмөр-Очир, *******, Батцэцэг, би ингээд 8-уулаа байсан юм. Бид нар 19 цагийн орчимд амралтан дээр очоод 2 өрөө аваад бөөнөөрөө ууж, идээд байж байгаад би нөхөртэйгөө жаахан маргалдсан юм. Маргааны шалтгаан нь ялихгүй зүйл байсан юм. Тэгээд шөнийн 03 цагийн орчимд манайхан ихэнх нь унтчихсан, *******, *******, ******* нар сэрүүн байсан. Тэгээд би орондоо орчихсон хэвтэж байтал манай нөхөр түрүүний уурандаа над дээр хүрч ирээд хөнжил хуу татаад над руу цагаан өнгийн цэцэгтэй, сэнжгүй аяга шидчихсэн юм. Тэгээд миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад манай найзууд цусыг маань тогтооход нөхөр маань ч нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгэхээр нь миний зэвүү хүрээд өөрийн эгч Цэнд-Аюуш руу залгаад намайг нөхөр маань цохьчихлоо гээд хэлтэл манай эгч цагдаа дуудчихсан байсан. Тэгээд Хялганатын цагдаагаас над руу холбогдохоор нь би манай нөхөр унтаад амарчихсан. Ямар нэгэн юм байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд өглөө 11 цагийн орчимд бид нар бөөндөө Эрдэнэт орох гээд хөдөлцгөөсөн бөгөөд гордод очоод манай нөхөр орхисон машинаа унаад яваад өгсөн. Тэгээд би Амарбаясгалан, ******* гэх ах, эгчид нь хэлээд бид 3 *******ыг хайж яваад караокеноос олоод би уурандаа Эрдэнэтийн цагдаад дуудлага өгөөд цохиулсан гэдэг дээрээ өргөдөл бичээд өгчихсөн юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Гэрч Г.*******ын өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ гэрийнхэнтэйгээ байж байтал 14 цагийн орчимд манай найз *******, Пагмадулам нар хүрч ирээд найзуудаараа ойрхон салхинд гаръя гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд юм хумаа цуглуулаад 20 цагийн орчимд Пагмадулам, ******* нарын машинтай *******, *******, *******, Төмөр-Очир, Батцэцэг бид нар Эрдэнэтээс гарцгаасан. ******* машинаа гордод үлдээсэн. Бөхөн амралтын газарт 21 цагийн орчимд очоод хоёр өрөө аваад идэж, ууж караокед сууж байгаад өрөөндөө орцгоосон юм. Шөнө 00 цагийн орчим *******, ******* хоёр маргалдаад эхэлсэн. ...дахиж маргаад ******* ширээн дээр байсан цагаан өнгийн сэнжгүй аягаар *******ийн толгойг цохисон, эсвэл шидэж гэмтээсэн талаар мэдэх юм алга. Ямар ч байсан аягаар л зүүн хөмсөгний дээд хэсэгт нь гэмтээчихсэн. Тэгээд цус гараад байхаар нь бид нар цусыг тогтоогоод тэр хоёрыг тус тусад нь унтуулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

4. Гэрч Б.*******ын өгсөн: ...Тэгээд бид нар 19 цагийн орчимд Бөхөн амралтанд очиж хоёр өрөө аваад байцгааж байгаад тэр хэд караокед сууж байгаад өрөөндөө орж ирцгээсэн. Тэгэхэд нилээн орой болсон байсан бөгөөд ******* орондоо орчихсон унтах гэж байсан. ...*******, ******* хоёр маргалдаад ширээн дээр байсан сэнжгүй, цагаан өнгийн аягыг эхнэр ******* рүү шидчихсэн. Бид нар босоод салгатал *******ийн зүүн хөмсөгнөөс цус гарч байсан. Бид нар цусыг нь тогтоогоод тус тусад нь унтуулсан. Тэр үед ******* цагдаатай л яриад байх шиг байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

5. Гэрч Д.*******гийн өгсөн: ...Тэгээд би нилээн халчихсан байсан бөгөөд сайн санахгүй байна. Ямар ч байсан *******ыг салгаж байснаа санаж байна. Тэгээд өглөө сэрээд хартал *******ийн зүүн хөмсөг язарчихсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

6. Гэрч Э.*******ын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байтал 11 цагийн орчимд ******* манайд орж ирээд намайг ******* гэмтээчихлээ гэж хэлэхээр нь яаж байгаа хог вэ гээд би дүү ******* руу залгаад чи яагаад эхнэртээ гар хүрч байгаа юм, хаана байна чи гэж асуутал би ажил дээрээ байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн: Т.Аийн биед зүүн хөмсөг дээр нэг тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Т-ын яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд Жаргалант сум дахь гэрээсээ гараад Эрдэнэтэд кузов засварын ажил дээрээ очсон. Тэгээд байж байтал 17 цагийн орчимд манай найз Төмөр-Очир найзуудаараа амралтанд очиж нэг хончихоод ирцгээе гэж хэлэхээр нь тэгье гээд юм хумаа цуглуулаад манай эхнэрийг гэрээс нь Пагмадулам, Наранцэцэг хоёр очиж авч ирээд бид нар город дээр бөөнөөрөө уулзалдсан. Тэр үед 18 цаг болж байсан байх. ...Тэгээд бид нар Бөхөн гэх амралтанд 19 цагийн орчимд очоод 2 өрөө аваад ууж идэж, караокед сууж байтал манай эхнэр над руу үг хаяад, бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би нилээн согтчихсон байсан бөгөөд өрөөндөө ороод эхнэр рүүгээ аяга шидэж байснаа л санаж байна. Тэгээд нэг мэдсэн өглөө сэрсэн. Эрдэнэтэд орж ирээд би энхэр рүүгээ юм шидэж гэмтээсэндээ харамсаад городоос машинаа аваад ажил дээрээ очиж мөнгө аваад буцаж городод ирээд хуримт гэх буудалд орж 3 шил пиво уугаад байж байтал танил Билгээтэй таараад караокед хамт дуулаад байж байтал манай эхнэр гаднаас манай ах Түвшинбаяр, эгч ******* нарын хамтаар орж ирээд цагдаад намайг өгсөн. ...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа. Би урьд эхнэртээ гар хүрч байгаагүй, согтуудаа л ийм зүйл болчихлоо гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.А, гэрч Г.*******, Б.*******, Д.*******, Э.******* нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Э.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг Бөхөн амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.А-тэй ялихгүй зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүн рүү аяга шидэж, бие эрх чөлөөнд нь халдан зодож зүүн хөмсөг дээр нэг тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Т-ын цохиж, аяга шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Э.Т гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Т.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна. Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхээр утсаар холбогдоход нөхөр бид хоёр эвлэрсэн, одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Т-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.Т-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 42-51 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Т нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, 11-12 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/07 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР