Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

иргэний нэхэмжлэгч Б.*******,

шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул,

шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л, Ц.Ө нарт холбогдох эрүүгийн 2115000610301 дугаартай, 163/2022/0036/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... овогт .........-гийн ............, Булган аймгийн Орхон суманд 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ......... аймгийн ........... сумын ........... багийн Баянзамын ........... тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 37 настай, эрэгтэй, РД: ***********.

Монгол Улсын иргэн, ........ овогт .............-ын .........., Булган аймгийн Сайхан суманд 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ........... аймгийн .......... сумын ................ багийн Баянзамын ................ тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 33 настай, эмэгтэй, РД: ************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нар нь бүлэглэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа малын удмын сангийн үндэсний төвтэй гэрээ байгуулан гэрээгээр мал маллахаар болж 2017 оноос 2020 оны 5 дугаар сарын хооронд 324 хонь, 87 ямаа, 4 адууг тус тус хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 21150006100301 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нар нь бүлэглэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа малын удмын сангийн үндэсний төвтэй гэрээ байгуулан гэрээгээр мал маллахаар болж 2017 оноос 2020 оны 5 дугаар сарын хооронд 324 хонь, 87 ямаа, 4 адууг тус тус хувьдаа завшиж 33.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өлзий-Оршинхын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: Тус байгууллагын 324 хонь, 87 ямаа, 4 адуу байхгүй болсон талаар анзаараад шүүгдэгч нартай уулзаад акт үйлдэж, иргэний нэхэмжлэл гаргасан. Өмнө нь Чулуунзагд, Бат-Орших нар менежерээр хариуцаж байсан. Энэ хооронд малын хорогдол, зуданд үхсэн, тушаалаар гарсан, чононд идүүлж үхсэн малын тоо хасагдаад ордог. *******оос асуухад 2019 оноос хойш биечлэн тоолоогүй гэсэн. Өмнөх захирлууд биечлэн тоолоогүй. 2019 оноос амаар тоологдсоноос болж энэ асуудал үүссэн гэж үзэж байна. ******* дэвтэр дээр бичдэг байсан гэж байна. Тэр бүгдийг гэрээ хийхдээ хасалт хийгээд, түрээсийг олгоод үлдэгдэл мал дээр гэрээ хийдэг байсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.*******ын өгсөн: Би малын удмын сангийн менежерээр ажилладаг. *******, ******* нар түрээсийн гэрээгээр мал малладаг. Би 2017 оны 8 дугаар сард ажилд орсон. Намайг ажилд ороход өмнө нь ажиллаж байсан. Малчинтайгаа тооцоо нийлээд гэрээгээ сунгаад явдаг. Малын тоог жилийн эцсээр тооцоо нийлээд гэрээн дээрээ тусгадаг. 2017 онд 50 ямаа, 230-аад хонь гэж гэрээ байгуулж байсан. 2018 онд биеэр тоолж байсан. 2019 онд гараа  гэмтээсэн гээд амаар тооцоо нийлсэн. 2020 оны хавар тооцоо нийлсэн. Байгууллага шинэ удирдлагатай болсон тул 2020 оны хавар малаа авна гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжпэгч Б.*******ийн өгсөн: 2020 оны 5 дугаар сард менежер ******* нь хэлэхдээ *******гийн гэрт нь очиж 500 толгой бог мал нүдээр тоолсон гэж баримт бичиг үйлдэн хүргүүлсэн. Нүдээр тоолсон эсэхийг баттай сайн мэдэхгүй байна. 500 толгой мал нь төлийн 40%-г хасаж тооцсон байх ёстой. ...Мал хүлээлцэхээр очиход малаа алдсан гэх тул акт үйлдээд ирсэн байсан. ...4 тооны адуу хэзээ хүлээлгэж өгсөн талаар мэдэхгүй байна. Энэ талаар ******* мэдэж байгаа. Гэрээнд 4 тооны морь заагдаагүй, харин 2020 оны 5 дугаар сард тоолсон тооллогонд 4 тооны морь орсон байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

6. Гэрч М.*******ын өгсөн: ...Манай эхнэрийн хүү болох Ө нь 2014 онд Хөдөө аж ахуйн адууг маллаж байсан. 2014 онд би Ө, Л нарт хөдөө аж ахуйн 100 гаруй бог мал шилжүүлж байсан. Түүнээс хойш тэд хөдөө аж ахуйн мал маллаж байсан. 2020 оны хавраас мал нь багасаж хүнд ч өгсөн, чоно нохойд ч алдсан байх. Бага зэрэг хариуцлага алдсан байх гэж бодож байна. Мөн айлын мал байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,

7. Түрээсийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

8. Мал амьтанд үзлэг хийсэн: үзлэг хийх гэж буй мал нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Хялганат нуга малчин Д.*******ын хаваржаанд *******гийн үлдээсэн гэх 5 ямааг Д.*******оор заалгуулан хашиж ялгуулан үзлэг хийв. Д.*******ын мал нь хонь, ямаа нийлсэн 300 бог мал байв. Түүнчлэн *******гийн гэх Д.*******ын ялгаж өгсөн ямаа нь зөв чих нь цуулбар, буруу чих нь урдаасаа догол имтэй, урд хоёр шийр цагаан, буруу чихиндээ ногоон уяатай эврэндээ ногоон будагтай ямаа байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 48-57 дахь тал/,

9. Гэрч Э.*******ын өгсөн: *******тэй манай байгууллага гэрээ байгуулан ажилладаг. Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж гэрээ дуусахад тухайн малчны ажлыг дүгнэж гэрээг дахин сунгадаг. Малын тооллогыг жилд 2 удаа хийдэг. Хагас бүтэн жилээр тоолдог. Жилийн эцсийн тооллогоор гэрээг дүгнэхдээ давхар тоолж малчинд өгөх урамшуулал, мөн байгууллагын малын тоог тулгадаг. Малын тооллогыг биечлэн очиж тоолж малчинтай тооцоо нийлсний үндсэн дээр гэрээг байгуулдаг. 2019 оны 12 дугаар сард буюу жилийн эцсийн тооллогыг Булган аймгийн Орхон сумын Хялганат нуга гэх газарт өвөлжиж байхад нь очиж тооллого хийж гэрээг дүгнэж 2020 онд ажиллах гэрээг байгуулсан. 2019 оны жилийн эцсийн тооллогоор хонь 324, ямаа 87, адуу 4, нийт 415 толгой малыг тоолж тооцоо нийлсний үндсэн дээр дараа оны гэрээг байгуулсан. 2020 оны 3 дугаар сард мал төллөх үеэр очиж малын тэжээл хивэг аваачиж өгсөн. Үүний дараа 2020 оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос малын удмын сангийн үндэсний төвөөс ажлын хэсэг гарч орон нутгийн малчдаар тойрсон. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг ирэхээс өмнө би *******гийнд очиж ажлын хэсэг хоёр хоногийн дараа ирэх талаар мэдээлэл хүргэж байгууллагын дотоод хэрэгцээнд 3 тооны хонь төхөөрч хүнсэнд бэлдэх үүрэг өгсөн. Энэ үеэр *******тэй малын биечлэн тоолоход тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн талаар бүртгэлийг хөтөлсөн. ...2020 оны 7 дугаар сарын сүүлээр *******гийнд малыг хүлээж авахаар малын удмын сангийн мэргэжилтэн Эрдэнэхүү, Санчир нарын хамт ирсэн. Ирэхээсээ өмнө мал авах гэж байгаа талаар малчин *******д мэдэгдэхгүй байх үүргийг өгсөний дагуу би мэдэгдээгүй шууд *******гийн зусаж байсан Булган аймгийн Орхон сумын Оросын булаг гэх газарт мал хүлээж авахаар очсон. Очиход гэрт нь хүүхдүүд нь байсан. Аав ээжийг нь асуутал аав Эрдэнэт явсан, ээж хонио алдчихаад талыг нь хайхаар явсан талаар хэлсэн. Ингээд тэднийхээс гараад ажлын хэсгийнхэнтэй хамт явж ойр хавийн айлуудаар сураглаж *******тэй таарсан. Тухайн үед ******* хонио өглөө тасдуулсан гээд хонио хайчихсан явж байсан. Тэгэхээр нь *******д байсан малыг нь тоолоход 33 тооны хонь, 68 тооны ямаа байсан. 270 мал дутаж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

10. Гэрч Д.*******ын өгсөн: ...Би 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Оросын булаг буюу талын толгой гэх газар Ө-тэй ойр зуссан юм. Тухайн үед Ө, Л нар нь өөрийн мал гэж юм байхгүй айлын мал харж байсан. Өмнө нь малын удмын сангийн мал маллаж байсан гэж сонсож байсан. Чоно, нохойд алдаж, зарж, үрэгдээд дууссан байх. Тухайн үед Орхон сумын 1 дүгээр багт байрлах малын хашаа хороогоо зараад 4 дүгээр багт айлын мал харахаар ирсэн байсан. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр Ө, Л нар нь айлын малаа буцааж өгөөд Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдарна гээд ямар ч малгүй төвөлсөн. Явахдаа намайг харж байгаарай гээд 5 ширхэг ямаа үлдээгээд явсан... Ө, Л нар нь 2019 онд бас овоо малтай харагдаж байсан, яг хэд орчим гэдгийг мэдэхгүй байна. 2020 оны зун л үрж дууссан байх. 2020 оны 7 дугаар сард малгүй болсон байсан. Тухайн үед малын удмын сангийн хүмүүс Ө, Л нараас малаа буцааж авахаар ирэхэд тухайн хүмүүст манай малын зургийг даруулаад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

11. Булган аймгийн цөм сүрэг салбар нэгжид үүссэн өр авлагын талаар хэлэлцсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

12. Гэрч Б.*******ын өгсөн: Би 2018 оноос 2019 оны хооронд хонь худалдаж авч байсан. Сүүлийн жилүүдэд уулзаагүй. Ө, Л нар нь мөнгө хэрэг болохоороо над руу залгаад мөнгө авчихдаг байсан. Дараа нь хониороо тооцоо хийдэг байсан. Тодруулбал 2018 оны 9 дүгээр сарын 20-нд 2 сая төгрөгөөр 20 хонь, 2018 оны 9 дүгээр сарын 24-нд 400.000 төгрөгөөр 7 хонь, 2018 оны 9 дүгээр сарын 29-нд 7 хонины үлдэгдэл 200.000 төгрөгөө өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-нд 100.000 төгрөгөөр нэг хонь, 2018 оны 12 дугаар сарын 21-нд 350.000 төгрөгөөр 3 хонь, 2019 оны 01 дүгээр сарын 21-нд 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-нд 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 1.500.000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 1.900.000 төгрөг өгөөд хавар нь 2 адуу, 1 үхэр авч байсан. 2019 оны 6 дугаар сарын 19-нд 1.360.000 төгрөгөөр 10 хонь, 2019 оны 8 дугаар сарын 20-нд 690.000 төгрөгөөр 7 хонь тус бүр худалдаж авч байсан. Нийт 8.370.000 төгрөгөөр 53 хонь, 4 ямаа, 2 адуу, 1 үхэр худалдаж авсан. Би Ө, Л нартай аль алинтай нь наймаа хийдэг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

...Би 2018-2019 оны хооронд Орхон суманд мал мах худалдан авч зарж байсан. Тухайн үед Ө, Л нараас үргэлжилсэн хугацаагаар мал худалдан авч байсан. Би ченж учраас авсан малаа махлаад худалдан борлуулсан. Тухайн үед авсан малнаас одоо нэг ширхэг ч байхгүй. Бүгдийг нь зарсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/,

13. Гэрч Х.*******ийн өгсөн: ...Би 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон суманд амьдардаг малчин Ө гэх хүнтэй Улаанбаатар хотоос утсаар холбогдож өөрийн эзэмшлийн 5024670686 гэх данснаас 750.000 төгрөг шилжүүлж 15 ширхэг охин төлөг авахаар тохиролцсон. Тэгээд маргааш нь 250.000 төгрөг шилжүүлж 5 ширхэг охин төлөг авахаар болсон. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлж 4 хонь, маргааш нь 250.000 төгрөг шилжүүлж 5 охин төлөг авахаар тохирсон. Нийтдээ би Ө гэх хүнд 1.450.000 төгрөг шилжүүлж 29 толгой охин төлөг худалдаж авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/,

14. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-821/1239 дугаартай: ...Үнэлэгдэж буй зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 40.450.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

15. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-821/1239 дугаартай: ...Үнэлэгдэж буй Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт байрлах Хөдөө аж ахуйн яамны харъяа малын удмын сангийн үндэсний төвийн 508 толгой малын зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 41.550.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

16. Яллагдагч М.Л, Ц.Ө нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1 дүгээр хавтаст хэргийн 96-135 дахь тал/,

17. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжийн монгол үүлдэрийн хонь ямааны малчин М.*******гийн 2020 оны 6 дугаар сарын 31-ний байдлаарх малын тооцоо баталгаажуулалт гэсэн баримт бичиг дээр *******гийн нэр дээр зурсан гарын үсэг харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай тохирч байна. Харьцуулсан гарын үсгүүдийг нэг хүн бичсэн байна... гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 156-167 дахь тал/,

18. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Ө-ын яллагдагчаар өгсөн: 2015 оны 5 дугаар сард анх Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ хийж цөм сүргийн мал гэж 106 ширхэг жижиг мал манайд орж байсан. Тухайн үед 27 ширхэг ямаа, 79 ширхэг хонь ирж байсан. Анх ирж байхдаа дан эм мал байсан. ...Тухайн үед менежер Чулуунзагд гэж хүн ирээд хурга авч яваад эргүүлээд эм мал нэмж өгдөг байсан. Дараа нь 2017 онд гэрээгээ шинэчилж байгуулсан. Тухайн гэрээгээр гарсан төлийг 60 хувь, 40 хувиар хувааж авдаг байсан юм. Түүнээс хойш 2 жил дараалан зуд болж 120 орчим тооны мал үрэгдсэн юм. Дараа нь Дагвадорж гэх айлын малтай нийлүүлэн явуулж байгаад чононд 200 гаруй малаа алдаж байсан. Тэгээд үлдсэн 100 гаруй тооны мал л үлдсэн. 2020 оны 01 дүгээр сард тухайн байгууллагатай тоо нийлэхээр болж ажилтангууд нь ирэхэд би мал үрэгдүүлсэн болохоор айгаад ам тоо өгчихсөн юм. Тухайн үед 411 тооны малын тоо тулж байсан. Тухайн байгууллагаас хүмүүс мал тоолох гэж ирэхдээ дандаа бид нарт итгээд ам тоо авчихдаг байсан. Нүдээр тоолж байгаагүй. Тухайн үед 324 ширхэг хонь, 87 ширхэг ямаа гэж бичүүлж байсан. Сүүлдээ төл нь холигдоод яг нарийн нас хүйсээр нь хэлж мэдэхгүй байна. 2018 онд байгууллагаас 20 ширхэг эм ямаа /ишиг, борлон/ өгч байсан. ...2017-2020 он хүртэл тэжээл өгч байсан. Харин өвс ерөөсөө өгч байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

19. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Л-ийн яллагдагчаар өгсөн: 2015 оны 6 дугаар сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай манай гэр бүл гэрээ хийгээд жижиг мал авч байсан юм. ...Анх гэрээ байгуулахдаа Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэж Чулуунзагд гэх хүн хэлж байсан. Тэгээд ямар ч байсан 1 жил цалин аваагүй. Би мал зөвшөөрөлгүй зарсан асуудалдаа гэмшиж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,

20. Малын удмын сангийн үндэсний төвийн цөм сүргийн салбар нэгжийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар малын хөдөлгөөн гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн мэдүүлэг, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.*******, Д.*******, Б.*******, Х.******* нарын өгсөн мэдүүлэг, түрээсийн гэрээ, Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтүүд, өр, авлагын талаар хэлэлцсэн тэмдэглэл, малын хөдөлгөөн хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч М.Л, Ц.Ө нарын гэм бурууг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Дээрхи нотлох баримтаар шүүгдэгч М.Л, Ц.Ө нарын бусдын өмчлөлийн малыг дур мэдэн өөрийн өмчийн нэгэн адил бусдад зарж борлуулсан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч нарын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу гэрээгээр хүлээлцэж тохиролцсон малыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нарын гэм буруутай үйлдлийн улмаас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвд 33.700.000 төгрөгийн шууд хохирол /1 дүгээр хавтаст хэргийн 88, 150 дахь тал/ учирсан нь Ашид Билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч нарт холбогдолгүй 8 хуц буюу 2.000.000 төгрөгийг хохирлоос хасаж /1 дүгээр хавтаст хэргийн 233-235 дахь талд авагдсан өвчнөөр хорогдсон малын акт/ үлдэгдэл хохирол болох 316 хонь, 87 ямаа, нийт 403 бог мал, 4 адуу буюу 31.700.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч М.Л, Ц.Ө нараас 31.700.000 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвд олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нар бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.Л, Ц.Ө нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 25, 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-8 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Л нь ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг байсан, одоогоор ....... аймгийн ......... сумын ........ багийн Баянзамын ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Ц.Ө нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг байсан, одоогоор ....... аймгийн ......... сумын .......... багийн Баянзамын ........... тоотод оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Л, Ц.Ө нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, тус бүр 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Л, Ц.Ө нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л, Ц.Ө нарыг 8 /найм/ сарын хугацаагаар оршин суух газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л, Ц.Ө нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Л, Ц.Ө нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л, Ц.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заалтад зааснаар шүүгдэгч М.Л, Ц.Ө нараас хохирол 31.700.000 /гучин нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа малын удмын сангийн үндэсний төв /иргэний нэхэмжлэгч Харнууд овогт Баярсайханы ******* РД: ***********/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч М.Л, Ц.Ө нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР