Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* холбогдох эрүүгийн 2121003520050 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт ******* Мөнхбаяр /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* ******* тоотод байх гэрээсээ өөрийн HUAWEI-Y9 загварын гар утсыг ашиглан “Poker222” нэртэй аппликейшнаар дамжуулан мэдээллийн технологи ашиглаж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, давхардсан тоогоор 218 хүн тоглуулж, нийт 600,143 (зургаан зуун мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд нийт 3 удаа тоглосон. Би ХААН банкны ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000 төгрөг тус тус шилжүүлж тоглосон тоглоомноос мөнгө хожиж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 21-22, 41-42/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэг удаа тоглосон. Би ХААН банкны ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20,000 төгрөг шилжүүлж тоглосон тус тоглоомноос мөнгө хожиж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 33-34, 45-46/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөнгө шилжүүлж покер тоглосон. Би ******* тоот дансанд мөнгө шилжүүлж тоглох үед “pokerrrr2VNKGQVNKGQ” гэсэн хаяг руу хандаж тоглож байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би гар утсандаа Pokerrrr2 аппликэйшнг татаад түүндээ өрөө нээгээд орхисон байсан. Ингээд фэйсбүүкээр зар харж байгаад Pokerrrr2 өрөө нээж болдог юм байна гэж мэдээд өөрийн таньдаг хүмүүстээ хэлээд цахимаар покер тоглох уу гэж асуугаад 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тоглуулсан. Нийт давхардсан тоогоор 218 хүн тоглосон. Ингээд тоглуулахдаа 20,000 төгрөгийн төлбөрийг өөрийн дансандаа аваад хүмүүсийг покер тоглуулдаг. Хүмүүс тоглох бүрт би тоглогчийн мөнгөнөөс 2 хувийг нь авдаг байсан ба энэ нь ашиг гэж явдаг юм. Би нийт тоглоом тоглуулаад 600,143 төгрөгийн ашиг олсон юм...” гэжээ. /хх-ийн 117-119/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1285 тоот зөвшөөрөл /хх-ийн 50/

ХААН банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11579 тоот албан бичиг, ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54, 75-80/

Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 60/

“Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-71/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-74/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 125/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ын эзэмшлийн 539,400 төгрөгийн үнэлгээтэй, HUAWEI-Y9 загварын гар утсыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Хатагин овогт ******* Мөнхбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* ******* тоотод байх гэрээсээ HUAWEI-Y9 загварын гар утсыг ашиглан “Poker222” нэртэй аппликейшнаар үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулж давхардсан тоогоор 218 хүн тоглуулж, ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, 600,143 /зургаан зуун мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Pokerrrr2 өрөө нээж болдог юм байна гэж мэдээд өөрийн таньдаг хүмүүстээ хэлээд цахимаар покер тоглох уу гэж асуугаад 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тоглуулсан. Нийт давхардсан тоогоор 218 хүн тоглосон. Ингэж тоглуулахдаа 20,000 төгрөгийн төлбөрийг өөрийн дансандаа авдаг. Хүмүүс тоглох бүрт би тоглогчийн мөнгөнөөс 2 хувийг нь авдаг байсан ба энэ нь ашиг гэж явдаг юм. Би нийт тоглоом тоглуулаад 600,143 төгрөгийн ашиг олсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч *******ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд нийт 3 удаа тоглосон. Би ХААН банкны ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000 төгрөг тус тус шилжүүлж тоглосон тоглоомноос мөнгө хожиж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ХААН банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11579 тоот албан бичиг, ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч ******* нь мэдээллийн технологи буюу HUAWEI-Y9 загварын гар утсыг ашиглан “Poker222” нэртэй аппликейшнаар дамжуулан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх тоглоомыг мөрийтэй буюу оролцогч нараас төлбөр  авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* мэдээллийн технологи ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч ******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 600,143 төгрөгийн ашиг олсон байх тул түүнээс хууль бусаар олсон орлого болох 600,143 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Мөн түүнчлэн шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн 539,400 төгрөгийн үнэлгээтэй, HUAWEI-Y9 загварын гар утсыг хураан авч, шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 600,143 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан HUAWEI-Y9 загварын гар утсыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ХААН банкны ******* тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600,143 /зургаан зуун мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *******ын эзэмшлийн 539,400 төгрөгийн үнэлгээтэй, HUAWEI-Y9 загварын гар утсыг хураан авч, шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 600,143 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан HUAWEI-Y9 загварын гар утсыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ХААН банкны ******* тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА