Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч С.Энхням,       

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Н-т холбогдох 2208000000049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний *** дугаар ангид аппаратны машины дарга, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн Баянцагаан ** тоотод оршин суух хаягтай, Х овогт М-ын Н /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Шөнийн захын зүүн талд байрлах караокены өрөөнд хохирогч А.А-г “согтчихоод олон юм ярьлаа” гэж уурлан нүүрэнд нь цохиж зодсоны улмаас биед нь зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, шөнийн захын зүүн талд байрлах караокены өрөөнд хохирогч А.А-г “согтчихоод олон юм ярьлаа” гэж уурлан нүүрэнд нь цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- хохирогч А.А-гийн...Тэр өдөр бид хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21-р хорооллын шөнийн захын зүүн талд байрлах караокед орж архи, пиво авч уусан...Шөнийн 22 цагт өрөөнөөсөө гарах болоход Н намайг ямар нэг шалтгаангүйгээр “Ахын дүү жоохон томоотой байгаарай” гэж хэлээд зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед өрөөнд Н ах бид хоёр байсан...Цохих болсон шалтгаан  нь О, Н хоёрыг ярьж байхад нь би дундуур нь ороод үгийг нь мушгиад, таслаад байсан юм шиг байна лээ. Одоо миний биеийн байдал хэвийн болчихсон. Надад ямар нэг эмчилгээ хийсэн баримт байхгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- гэрч Б.О-ийн...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед хамт ажилладаг А, Д, Н, А нарын хамт уулзаж Сонгинохайрхан дүүргийн **-р хороонд байрлах караоке орсон. Ороод 1 шил архи, 3 ширхэг пиво зэргийг авч ууцгаасан. Тэгээд дуусах гээд гарах гэж байхад Н хүмүүстэй маргалдаж байгаад больсон. Тэгээд дараа нь А-тай маргалдаж улмаар караокены хүмүүс цагдаа дуудсан. Н нь А-г 1 удаа алгадсан гэж дуудлага өгсөн эмэгтэй хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,   

- шинжээчийн дүгнэлт...А.А-гийн биед зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- шүүгдэгч М.Н-ын...2021 оны 12 дугаар сарын 09-ний орой хамт ажилладаг А, О, Д, А нарын хамт Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Шөнийн захын зүүн талд байрлах караокед вип өрөө аваад үйлчлүүлсэн. Тухайн үед шил архи хувааж уусан бөгөөд удалгүй А Даргалагчаас хоёр явчихсан юм. Тэгээд гарах гэтэл А согтуурхаад өрөө хэсээд орж гараад далдагнаад байхаар нь баруун гараараа хүчтэй нүүр лүү нь 1 удаа алгадахад хамраас цус гарчихсан юм. Хохирлын мөнгө өгөх талаар илэрхийлэхэд А.А хохирлын баримт байхгүй, би танаас мөнгө нэхэмжлэхгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :                

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-44/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч М.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.Хохирол, хор уршиг :        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлсэн /хавтаст хэргийн 27 дэх тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Зэвсэгт хүчний *** дугаар ангид аппаратны машины дарга ажилтай, хувьдаа хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 30-36, 37, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.      

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.          

2. Бусад асуудал         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч М.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР