Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 42

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Энхтуул,

шүүгдэгч Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шанихан овогт Нямцэдэвийн Баасантулга, Шанихан овогт Нямцэдэвийн Эрдэнэбүрэн, Шанихан овогт Цэрэндаваагийн Баасантулга нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011185 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шанихан овогт Нямцэдэвийн Батпүрэв, 1990 оны 11 дүгээр сарын 13-нд Хөвсгөл аймаг Арбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг 22-р хороо, Цайзын 2-р гудамж 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, /РБ-90111312 регистртэй/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шанихан овогт Нямцэдэвийн Эрдэнэбүрэн, 1995 оны 08 дугаар сарын 25-нд Хөвсгөл аймаг Арбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 22-р хороо, Цайзын 2-р гудамж 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, /РБ-95082517 регистртэй/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шанихан овогт Цэрэндаваагийн Баасантулга, 1993 оны 07 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймаг Арбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 5-р хороо, Монелийн 3-р гудамж 47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, /РБ-93073010 регистртэй/,

Шүүгдэгч Н.Батпүрэв, Н.Эрдэнэбүрэн, Ц.Баасантулга нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус караоке баарны хойд талын Шунхлай шатахуун түгээх станцын ойролцоо гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Хүдэрийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Н.Эрдэнбүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Баасантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Т.Хүдэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2016 оны 03 сарын 19-нд ... Венус караоке бааранд шөнийн 03 цагийн үед ороод бид хоёр удаагүй гарсан. “...бид хоёрын ардаас Стар караокений үүдэнд гүйцэж ирээд тэдгээр залуучууд чи миний ахыг зодлоо гэж худлаа хэлж намайг зодсон, гурван нийлж намайг зодож байсан. Тэдгээр залуучуудад зодуулж байхдаа би газраас босож гүйгээд зугтаасан ба хоёр ч удаа тэр залуучуудад баригдаад Сансарын төв хар зам дээр зодуулсан, тэдгээр залуучуудын гурав нь намайг чирч гулдраад, зодож байсан ба уг залуучуудаас зугтааж явахдаа эвтэй дөрвөн амьтны хөшөөний хойд талын зам дээр бүдрээд уначихсан юм. Тэгтэл уг залуучууд гүйж ирээд чамайг цагдаад хэлэх юм бол шатааж ална гээд намайг гурвуулаа дамжилж өргөөд хойшоо зам гараад Ариунтэнгис үйлчилгээний төвийн тийш авч яваад дахин намайг зодсон, тэр үед баарны хамгаалагч залуу намайг зодож байсан гурван залуугийн нэг залууг нь бариад авсан ба хамт явсан хоёр залуу нь байхгүй, зугтаачихсан. “..надад тухайн үед гурван залуутай маргалдсан зүйл байхгүй, уг гурван залуу нийлээд цохиод байсан. “...гар хөлөөрөө өшиглөөд байсан бас толгойн хэсгийг замын хашлага мөргүүлээд байсан. “...Би тухайн үед найз Мөнх-Эрдэнэтэй Венус барнаас гараад хойд талд нь байрлах Шунхлай ШТС-ийн хавьд явган хүний зам дээр явж байхад араас нэг хүн дуудах шиг болсон, эргээд харсан чинь нэг хар өнгийн савхин куртик өмссөн дунд зэргийн нуруутай согтуу залуу дуудсан, тэгэхээр нь би эргэж хараад өөдөөс нь алхсан чинь над дээр хүрч ирээд чи муу яасан намайг зоддог пизда вэ гэж хэлсэн, тэгэхээр нь би чи хүн андуураад байна гэтэл нөгөө залуу утсаа гаргаж ирээд чи муу одоо намайг яахыг харж бай гээд сүрдүүлж утсаар ярьсан. Тэгээд удалгүй Венус баарны урд талаас нэг залуу гүйж ирээд үгийн зөрүүгүй нүүрэн тус газар цохиод авсан. Тэгхээр нь тэр залуугаас шууд зугтсан, зүүн тийш явсан. Тэгтэл араас хөөгөөд бариад авахаар нь та нар хүн андуураад байна гэж хэлээд дахин зугтсан, зугатахдаа эргээд шууд автозам дагаад эвтэй дөрвөн амьтны тийш замаар гүйж яваад эвтэй дөрвөн амьтны зуун айл талын замын голд баригдсан. Тэгтэл араас хөөсөн жижиг биетэй Баасантулга, Эрдэнэбүрэн хоёр эхэлж зам дээр бариад дараа нь Батпүрэв ирж цохиж зодсон. Тэгээд намайг өргөж зам хөндлөн гаргаж байхад хамгаалагч залуу ирээд юу болж байгаа юм гэсэн чинь намайг доош хаяад түнэл тал руу гүйцгээсэн, Батпүрэв нь болохоор зам хөндлөн гараад явсан, тэгтэл хамгаалагч залуу араас нь хөөгөөд Батпүрэвийг барьж авч цагдаа дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-15, 16, 17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №4015 дүгнэлт:

1. Т.Хүдэрийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, баруун хөмсөг, дух, баруун хацар, баруун чамархайд зулгаралт, баруун, зүүн дотор булан, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-30/,

Гэрч О.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Хүдэрээг гэрт нь хүргэж өгөх гээд дээш алхаад Шунхлай колонкийн хавьд явж байтал нэг залуу араас дуудсан, тэгснээ Хүдэртэй ярилцаж байснаа утсаар хүн дуудаад байх шиг байсан. Тэгж байгаад тэр хоёр муудалцсан, тэр үед би дундуур нь орж салгасан, яг тэр үед араас нь бас нэг залуу гарч ирсэн, тэгэнгүүтээ эхлээд ирсэн залуу нь намайг барьж аваад, сүүлд ирсэн залуу Хүдэрээтэй барьцалдаж авсан, тэгтэл Хүдэрээ уг залуугаас салаад зугтаасан. “...надтай нөгөө залуу зууралдаж байгаад салсан. “...Тухайн үед анх ирсэн залуу буюу надтай зууралдаад байсан залуу нь “яасан том юм бэ? Буруу хүнээрээ оролдлоо доо” гэж хэлээд маргалдаад байх шиг байсан.  “...явж байтал араас хүн нэг хүн хөөе гэж дуусан, эргээд хартал нэг савхитай залуу дуудсан, тэгэхээр нь бид хоёр эргэж хараад зогссон, тэгтэл Хүдэрээ уг залуу дээр очоод юм ярилцаад байсан. Тэгтэл уг залуу Хүдэрээг цохих гээд дайрсан, “...тэгээд Хүдэрээ дээр очоод уг залуугаас салгаж холдуулах гэтэл хүн рүү залгаж ярьсан. Тэгээд бид хоёр уг залуутай маргалдаад байж байхад урд талаас нэг залуу гүйгээд гарч ирсэн. Тэгтэл бид хоёртой маргалдаж байсан залуу уг залууд хандаж, тэр залууг бариад ав гэж хэлээд өөрөө болохоор намайг бариад авсан, тэгтэл Хүдэрээ уг залуугаас зугатаасан зүүн хойш чигтээ, тэгээд надыг барьсан залуу намайг заамдаж авсан. Тэгэхэд нь би уг залуугийн гарыг тавиулаад Венус баарны зүг яваад Баянцээлийн тэнд явж байгаад Хүдэрээгийн гар утас залгасан чинь утас нь холбогдохгүй байсан, тэгэхээр нь эргэж Хүдэрээгийн гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-18, 20/,

Гэрч Б.Мөрөнбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Венус нэртэй диско бааранд хамгаалагчийн ажил хийдэг юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 19-ний шөнө манай баар хаах дөхөөд байж байтал энэ хохирогч гээд байгаа залуу нэг залуутай цуг баарны үүдэнд ирсэн, тэгэхээр нь манайх хаах дөхөж байна, сүүлийн 3-н дуу явж байна гэсэн чинь хохирогч гэх залуу тэгвэл нэг пиво уучихаад гаръя гэж хэлээд бааранд орж нэг нэг пиво уучихаад гарсан. Тэгээд манай баар хаагаад баарны ажилчид баарны хаалга, үүдээ лацдаж манаачид хүлээлгэж өгчихөөд гэр гэр рүүгээ шөнийн 04 цагийн үед гарсан. Тэгээд би гэр рүүгээ харих гээд Сансарын колонк тийш зам хөндлөн гараад явган хүний замаар ганцаараа алхаж явтал Сансарын эвтэй 4-н амьтны урд хэсэгт замын голд зодоон болж байсан, тэгсэнээ гурван залуу уг зодож байгаа залуугаа дамжлаад замын баруун тал буюу Ариг рестораны харалдаа замын хажууд авчирсан. Тэр үед би яг хажуугаар нь явж таараад харсан чинь манай бааранд сүүлд орж байсан залуу байхаар нь яваад очсон. Тэгтэл уг залууг гурван залуу дамжлаад гартаа асаагуур барьчихсан шатаана гээд гарч ирсэн, тэр үед би та нар яагаад зодоон хийгээд байгаан гэсэн чинь нэг залуу нь чамд хамаагүй хурандаа ахыгаа дуудна гэж хэлсэн, тэгэхээр нь би уг залууг салгасан чинь хоёр залуу нь урагш Сансар тийш зугтаасан. Нэг залуу нь болохоор манай ажлын тийшээ яваад өгсөн. Тэр залуугийн араас нь явсан чинь Венус баарны харалдаа зам дээрээс таксинд суух гээд утсаараа ярьж байхаар нь очиж барьж авсан. Миний харснаар гурван залуу хохирогч гэх Хүдэрийг цохиж, зодож байсан. Тухайн үедээ хохирогч гэх залуугийн нүүр бараг тэр чигтээ цусанд холилдсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-27, 28/,

Сэжигтэн Н.Батпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогч гэх залуучуудтай маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед би ганцаараа явж байгаад Сансарт байрлах Венус бааранд очсон, тэнд манай дүү Баасантулга, Эрдэнэбүрэн нар хоёр найз охины хамт байсан. Тэгээд би бааранд архи ууж байгаад баарнаас гарснаа санаж байна, тэрнээс хойш юу болсноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-61/,

Сэжигтэн Ц.Баасантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн үед Батпүрэв ах нилээн согтуу байсан, тэгээд ширээнд суухгүй, энд тэнд очоод яваад байсан, нэг харахнээ бүжиглээд, эргээд ширээнд авчирч суулгах гэхээр босоод алга болсон байдаг байсан. Тэгээд бид хоёр араас нь явж ширээнд авчирч суулгасан, тэрнээс ямар нэгэн хүнтэй маргалдсан зүйл байхгүй, “...Тухайн үед Батпүрэв ах хүн зодох гээд байна гээд утсаар ярьсан, тэгэхээр нь Эрдэнэбүрэн бид хоёр эргэж очиж уг залууг цохиж зодсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх-71/,

     Хохирогч Т.Хүдэрийн мэдүүлэг /хх-13, 15, 16/, шинжээчийн дүгнэлт /хх-30/, Хохирогч төлбөр хүлээн авсан тэмдэглэл /хх-12/,  гэрч Ш.Өлзийбадрахын мэдүүлэг /хх-24/, гэрч П.Дансраны мэдүүлэг /хх-25/, гэрч Б.Лхандовдонгийн мэдүүлэг /хх-26/шүүгдэгч Н.Эрдэнэбүрэнгийн мэдүүлэг /хх-90/, шүүгдэгч Ц.Баасантулгын мэдүүлэг /хх-96/, хохирогчид хохирол хүлээлгэн өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Батпүрэв, Н.Эрдэнэбүрэн, Ц.Баасантулга нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус караоке баарны хойд талын Шунхлай шатахуун түгээх станцын ойролцоо гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Хүдэрийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Батпүрэв, Н.Эрдэнэбүрэн, Ц.Баасантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Батпүрэв, Н.Эрдэнэбүрэн, Ц.Баасантулга нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Т.Хүдэр нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Батпүрэв, Н.Эрдэнэбүрэн, Ц.Баасантулга нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал боловч хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шанихан овогт Нямцэдэвийн Баасантулга, Шанихан овогт Нямцэдэвийн Эрдэнэбүрэн, Шанихан овогт Цэрэндаваагийн Баасантулга нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн нарыг тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батпүрэв, Ц.Баасантулга, Н.Эрдэнэбүрэн нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР