Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1852

 

 

Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01159 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цаст-Импекс” ХХК-д холбогдох

 

155 965 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунцэцэг миний бие 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Цаст констракшнтай Орон сууц захиалгын 17 дугаартай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Residence-55/2" хорооллын Е хэсгээс 3 давхарын 85.46 м.кв 3 өрөө орон сууцыг 85 460 ам.доллараар худалдан авахаар захиалсан. Анх захиалгын гэрээг байгуулахдаа тухайн байрыг 2011 оны II улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч хугацаандаа амжихгүй дахин нэмэлт гэрээ байгуулан 2012 оны II улиралд ашиглалтад оруулахаар сунгасан. Манайхыг орон сууц захиалгын гэрээ байгуулаад удаагүй байхад энэ барилгын ажил газрын маргаантай гээд зогсоод, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, захиалагч бид нарын эрх ашиг хөндөгдөж байна. Гүйцэтгэгч талтай удаа дараа уулзалт хийж энэ талаар тодруулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад "манайх ч гэсэн хохирогч, шүүх цагдаагаар явж байна" гээд захиалагч бид нараас шалтгаалахгүй зүйл ярьсаар маш их цаг хугацаа авч, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Захиалга өгсөн "Residence-55/2" хороолол ашиглалтад орох боломжгүй болж байгаа бол төлбөрийг буцаан авахыг хүсэхэд төлбөрийг буцаан гаргах боломжгүй, оронд нь өөр байр ав гэдэг саналыг тавьдаг. Бидний зүгээс 6 жил үр дүнгүй хараад сууж байхаар ямар нэг байр авах хүсэлтэй байдаг. Бидний хооронд байгуулсан гэрээний 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/1 тоот нэмэлт өөрчлөлтийн 2.5-д барилгын ажил хугацаандаа эхлээгүй бол гэрээг цуцалж, хохирлыг бүрэн барагдуулах, эсхүл гүйцэтгэгчийн барих орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх талаар тохиролцож болохоор тусгасан байдаг. Үүний дагуу манайд 2014 оны 02 дугаар сарын 19-нд 13 дугаар хороололд баригдаж байгаа Спринг Таун хотхоноос байр өгнө гэсэн боловч энэ мөн худлаа болж, өмнөх оны буюу 2015 оны сүүлээр 10 хороололд байрлах ашиглалтад орсон "Цоглог" хотхоноос 2 өрөө байр өгнө гэчихээд өгсөн зүйлгүй, өнөөдрийг хүртэл ямар нэг шийдгүй, очих тоолонд янз бүрийн шалтаг хэлсэн, хугацаа авсан хэвээрээ байна. Борлуулалтын алба нь утсаа авахгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэрээний төлбөрийг гэрээнд зааснаар 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 31 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 000 ам.доллар, гараашийн төлбөрт 8 000 ам.доллар, нийт 42 000 ам.доллар төлсөн. Орон сууцны захиалгын болон автомашины дулаан гараашийн гэрээнүүдийн 5.3 дахь хэсэгт зааснаар ажил дуусах хугацааг 3 сараас хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ажил дуусгах хугацаа буюу ашиглалтад оруулах хугацааг 2012 оны II улирал болгосон байдаг. II улирал дуусаад 3 сарын дараанаас буюу 2012 оны 9 сараас эхэлж алданги төлөх үүрэг гүйцэтгэгч талд үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэх ёсгүй. Орон сууц захиалгын гэрээний 34 000 ам.долларын 50% болох 17 000 ам.доллар, автомашины гараашийн гэрээний 8 000 ам.долларын 50% болох 4 000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг тус тус нэмээд 63 000 ам.долларын үүргийн биелэлтийг нэхэмжилж байна. Үүнийг шүүхэд өгөх үеийн ханш буюу 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 2 223.62 төгрөгөөр тооцохоор 140 088 060 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.

Энэ компанитай гэрээний үүргийн биелэлтийг шаардаж удаа дараа уулзалт хийж, шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Капитрон банкны 305300859 тоот төгрөгийн, 304300858 тоот валютын, Голомт банкны 1102977018 тоот төгрөгийн, ХААН банкны 5069212130 тоот валютын, 5069213129 тоот төгрөгийн, Худалдаа хөгжлийн банкны 404200435 тоот валютын данснуудыг тус тус зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр битүүмжилж өгнө үү. Дээрх данснуудын зарлагын хөдөлгөөнийг хааснаар үндсэн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй тэнцэхүйц мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулж өгнө үү.

Нийтдээ 63 000 ам.долларыг гүйцэтгэгч "Цаст импекс" ХХК-иас нэхэмжилж байна. Үүнийг шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрийн ханшаар өөрөөр хэлбэл шүүхэд өгөх өдрийн ханш буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2 475,65 төгрөгөөр тооцохоор 155 965 950 төгрөгийн бодит хохирол учруулсан байна. “Цаст-Импекс” ХХК-иас 155 965 950 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунцэцэгтэй 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Орон сууц худалдах худалдан авах гэрээ" байгуулсан. Манай компаний хувьд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос бусдаас үл хөдлөх хөрөнгө, газрын хамт худалдан авч, барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрөл бусад холбогдох зөвшөөрөл бичиг, баримтыг бүрдүүлэн барилгын карказ, суурин ажлыг хийж эхэлсэн байдаг. Уг ажиллагаа эхлээд явж байхад хөрш байгууллагуудын гомдлын дагуу маргаан үүссэн бөгөөд одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч Д.Оюунцэцэгээс 31 000 ам.доллар буюу 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар 1 384,85 төгрөгөөр тооцоход 42 930 350 төгрөг, 11 000 ам.долларыг 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ханшаар 1 383,57 төгрөгөөр тооцохоор 15 219 270 төгрөг, нийт 58 149 620 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Энэ үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Ам.доллараар төлбөр тооцоо гүйцэтгэсэнтэй холбоотой өнөөдрийн ханшаар төлбөр нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Ханшны талаарх баримт байхгүй байх тохиолдолд энэ ханшаар нэхэмжлэх үндэслэл байхгүй. Банкны зээлээс бусад тохиолдолд ямар ч тохиолдолд төлбөр тооцоог төгрөгөөр тооцно гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Гэтэл 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсныг хугацааг тодорхойлж байгуулсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний хугацаа сунгах болон өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан байхад 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээгээр хугацааг сунгах хуулийн зохицуулалтгүй. Иймд нэмэлт гэрээгээр хугацаа сунгах асуудлыг зохицуулахгүй юм. 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд үүнээс өмнө гэрээг цуцалсан нөхцөл байдал үүссэн байна гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч тал 58 139 620 төгрөгийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлөх үүрэг үүссэн байна. Харин алданги төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч талтай тохиролцох гэж удаа дараа оролдсон боловч хүлээж аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Цаст импекс" ХХК-аас 58 163 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 97 802 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүилиин 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 095 729 төгрөгөөс 937 779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 157 949 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас, хариуцагч "Цаст импекс" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 448 768 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 97 802 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хариуцагч нь гэрээ болон 17/1 гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй талаар маргахгүй боловч өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас буюу газрын маргааны улмаас үүргээ гүйцэтгээгүй гэж маргаж байх боловч тус үндэслэл нь гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг хойшлуулах эсхүл чөлөөлөх гэрээнд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй болно....” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг гүйцэт үнэлээгүй байна. ...Хариуцагч "Цаст-Импекс" ХХК нь нэхэмжлэгч иргэн Д.Оюунцэцэгтэй байгуулсан 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17 тоот "Орон сууцны барилгын захиалгын гэрээ", мөн өдрйн №11 тоот гэрээний 5.3-т "...Гүйцэтгэгч гэрээний 1.6-д заасан хугацааг 3 сараас хэтрүүлсэн бол энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө." хэмээн үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгаж, анхнаасаа захиалагч талын эрхийг зөрчсөн. Талуудын байгуулсан гэрээний 5.3 дахь заалт нь илтэд захиалагч талд хохиролтой, хуульд заасан хэмжээнээс бага байхаар зориудаар тусгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар "Цаст-Импекс" ХХК нь захиалагч Д.Оюунцэцэгийн өмнө орон сууцыг "түлхүүр олгох" нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээж энэхүү үүргийн хэмжээнээс буюу 85 460 ам.долларын үүргээс хоног тутамд 0,1 хувийн /хоногт 85,46 ам.доллар нийт 42 730 ам.доллар/ алданги тооцож төлөх ёстой байсан боловч, гэрээний 5.3-т зааснаар хоног тутамд 34 000 ам.долларын хэмжээнээс хоног тутамд 0,1 хувийн /хоногт 34 ам.доллар нийт 17 000 ам.доллар/ алданги тооцож төлөхөөр байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг хохирлоо барагдуулах эрхтэй гэсэн дүгнэлтийг хийсэн боловч алдангийг ямар үндэслэлээр шаардах эрхгүй гэх дүгнэлтийг бүрэн хийгээгүй, хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-т заасан хуулийн урьдчилсан нөхцлөөс харвал "гэрээнд алданги төлөхөөр заагаагүй бол алданги шаардах эрхгүй" гэсэн нөхцөл байх ба тус маргаанд энэ зохицуулалт хэрэглэгдэхгүй юм. Учир нь талууд алданги төлөхөөр гэрээнд тухайлан заасан бөгөөд хувь хэмжээг нь тохиролцсон тул захиалагч буюу нэхэмжлэгч тал алдангийг нэхэмжлэх бүрэн эрхтэй. Шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг заагаагүй ба нэхэмжлэгчийг хуульд зааснаар алданги шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл, үгүйсгэх нөхцөл тус маргаанд байхгүй байна. Түүнчлэн, шүүхийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 225, 226, 355 дугаар зүйлийн хэм хэмжээнүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхгүй байх, мөн энэ талаар шаардах эрхгүй гэж үзэх хэм хэмжээ биш юм. Харин ч хуульд заасан анзыг "...гарч буй хохирлыг арилгуулах тухай шаардлагыг ямар ч тохиолдолд анзын хамтаар хүчин төгс гаргаж болох юм" хэмээн хуульчдыг нэг мөр ойлголттой байх, хуулийг зөв хэрэглэх талаар агуулгаар онолын хувьд тайлбарласан байдаг.

Талуудын байгуулсан 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17 тоот гэрээний 5.2, 5.4-т, мөн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №11 тоот гэрээний 5.2, 5.4-т заасан тохиолдолд хариуцагч "Цаст-Импекс" ХХК нь гэрээг цуцалж 20% болон 10% төлбөрийг торгууль болгон суутган авахаар заасан нь гүйцэтгэгч тал гэрээнээс татгалзах буюу цуцлахад анзын төрлийг хэрэглэж захиалагчаас анз шаардах эрхийг зохицуулсан агуулгатай байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг алданги буюу анзыг шаардарх эрхгүй гэсэн тайлбар гаргадаг боловч хариуцагч зөвхөн өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж бодит байдал дээр гүйцэтгэгч л гэрээг цуцлахдаа зөвхөн анзыг хэрэглэж болно, захиалагч анзыг хэрэглэж шаардлага гаргах эрхгүй гэсэн гэрээ байгуулсан байх ба хариуцагчийн энэхүү "захиалагч алданги шаардах эрхгүй" гэсэн тайлбарыг хүлээн авсан анхан шатны шүүхийн дүгнэлт нь шударга ёсонд нийцээгүй, үндэслэлгүй болжээ. Иймд Д.Оюунцэцэг нь 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №17 тоот гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №11 тоот гэрээнүүдийн 5.3-т заасан алдангийг шаардах эрхтэйг тогтоож нийт алданги болох 21 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 46 696 020 төгрөгийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл болно.

...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа "...140 088 060 төгрөгийн бодит хохирол учраад байна" хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ам.долларын ханшыг 2 475, 65 төгрөг тодорхойлж 155 965 950 төгрөг болгосон байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс ам.доллараар төлбөр авсныг буцаан ам.доллараар буцаан төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүргийг хариуцагч хүлээнэ.

Орон сууц болон гараашийн үнэ өссөн тул тухайн нөхцлөөр дахин үл хөдлөх хөрөнгө авах боломжгүй болсон, ам.долларын ханшийн алдагдалд орж тухайн үед хариуцагчид хүлээлгэн өгсөн ам.доллар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар өсч ханшийн зөрүүний алдагдалд орсон, захиалсан орон сууцгүй олон жил цаг хугацаа алдаж хохирсон, хариуцагчтай тухайн асуудлаар олон удаа уулзаж хүндрэл чирэгдэлд орсон зэрэг олон хохиролд орсон байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаас щаардсан хохирол нь ханшийн зөрүүний алдагдал юм. Тухайн үед нэхэмжлэгч хариуцагчид төлсөн нийт 42 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нэхэмжлэгчид буцаан төлөгдөхөд аливаа хохиролгүй үлдэх нь хуульд заасан хохирлыг бүрэн арилгуулах үндсэн зохицуулалт байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг "хохирлоо арилгуулах эрхтэй" гэж дүгнэсэн ч бодит байдалд дээр нэхэмжлэгчид хохиролтой шийдвэр гаргасан. Хариуцагчийн гэрээний үүргээ зөрчснөөс шалтгаалан нэхэмжлэгч нь бодит байдал дээр ханшийн зөрүүний алдагдалд орж байгаа нь шударга бус шийдвэр юм. Хэрэв нэхэмжлэгч 42 000 ам.доллар, нийт алданги 21 000 ам.долларын валютын зөрүүг тооцолгүй алдагдалд орвол анхан шатны шүүхийн "хохирлоо арилгуулах эрхтэй" гэсэн дүгнэлттэй агуулгын хувьд зөрчилдөж үлдэх тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлин 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол буюу ам.долларын зөрүүний алдагдлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч “Цаст-Импекс” ХХК-д холбогдуулан 155 965 950 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр барилгын орон сууцны захиалгын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 85.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон 16.8 м.кв талбай бүхий гараашийг 2011 оны 2 дугаар улиралд барьж дуусган хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны төлбөрт 85 460 ам.доллар хүлээлгэж өгөхөөр талууд тохиролцжээ.

 

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох 3 өрөө орон сууцыг 2011 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Дээрх гэрээгээр тохиролцсон хугацаанд захиалсан орон сууц баригдаагүй, барилга барих хугацаа хойшилсонтой холбоотой талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээнд заасан үүргийг биелүүлэх хугацаа тогтоож байсныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Цаст-Импекс” ХХК-ийн маргааны зүйл болох орон сууц барьж байсан гаарт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон захирамж болон барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба цаашид уг барилгыг цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болж зогссон үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид орон сууцны төлбөрт 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 31 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 000 ам.доллар, гараашийн төлбөрт 8 000 ам.доллар нийт 42 000 ам.доллар төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч цаашид үр дүн гарах боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, уг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг буцаан шаардах эрхтэй бөгөөд харин гэрээгээр тохиролцсон орон сууцыг бариулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги гаргуулах зэрэг гэрээний үндсэн болон нэмэлт үүргийг бүхэлд нь шаардах эрхгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заагдсан алдангийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардсан гэж дүгнэх боломжгүй тул цуцлагдсан гэрээнд заагдсан алдангийг шаардах эрхгүй тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 42 000 ам.долларыг хариуцагчаас буцаан гаргуулахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд тэрээр шүүхэд хандаж гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардаж байгаа үеийн ам.долларын ханшаар тооцох байтал шүүх гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу тул нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларын ханш болох 2 223.67 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 42 000 ам.доллар буюу 93 392 040 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01159 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Цаст-Импекс” ХХК-иас 93 392 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 573 910 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “448 768 төгрөг” гэснийг “624 910 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ