Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар  2022/ШЦТ/147

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.ГанБ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч С.Энхням,       

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Бт холбогдох 2208000000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух хаягтай, урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А овогт А-ийн Б /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын задгай *** тоотод хохирогч Ү.П-г эхнэртэйгээ хардан уурлаж нүүрэн хэсэгт нь аягаар цохисны улмаас биед баруун завж хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын задгай ** тоотод байх гэрт хохирогч  Ү.П-г эхнэртэйгээ хардан нүүр хэсэгт нь аягаар цохиж зодсоны улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :           

- гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 03 дахь тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тохижилтын ** тоотод байх гэрт гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

- хохирогч Ү.П-гийн...Би 2021 оны 12 дугаар сарын 17-нд Б-ын ахын гэрээс гарч, гадуур хоноод...Өдөр нь архи, пиво уугаад, орой нь Б ахын гэрт 00 цагийн үед ганцаараа ирсэн...Тэгэхэд Б ах эхнэртэйгээ, найз нь гэх танихгүй хүн эхнэртэйгээ 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад нэлээн согтолттой сууж байсан...Би гэрт ороод буузнаас шаазан аяганд хийгээд идээд сууж байхад  Б ахын эхнэр намайг гэртээ хонохгүй хаагуур хоноод байгаа юм гэхэд Б эхнэртээ хандан энэ хүний хаагуур явах чамд ямар ч хамаагүй шүү гээд хоорондоо маргалдаж эхлэхээр нь би эхнэрийг нь өмөөрөөд болиоч гэж хэлсэн чинь Б ах чи муу гөлөг зүгээр байгаарай гээд гал тогооны шүүгээний дэргэдээс хажууд ирээд миний ам руу ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон...Хэлнээс цус гарсан, цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- гэрч Б.Б-гийн...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт амьдардаг нөхрийн найз Бавуу орж ирсэн...Би Б-г хэд хоног гэртээ байхгүй, хаагуур яваад байгаа юм гээд хоорондоо ярилцаж байхад Б уурлаад та 2 бие биедээ яасан их анхаарал тавиад байгаа юм гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл Б, Б 2 маргалдаад эхэлсэн, Б аягаар нүүр хэсэг рүү нь цохисон...Салгаад холдуулах үед Б-гийн амнаас цус гараад байсан бөгөөд шууд гараад явчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,  

- гэрч С.Н-ын...тухайн үед зүс таних Б мантуун бууз идээд сууж байхад Б түүний хажууд сууж байгаад ширээн дээр байсан төмөр аягаар нүүр хэсэгт нь цохисон чинь цус нөж гарлаа гээд орилолдоод эхэлсэн...Б гэрээс гараад явчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, 

- шинжээчийн дүгнэлт...Ү.П-гийн биед баруун завж, хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- шүүгдэгч А.Б-ын...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр...найз П гаднаас орж ирсэн. Тэгээд эхнэр түүнийг хаачив, яагаад гэрт ирэхгүй гадуур хоноод байгаа талаар асуугаад хоорондоо их дотно байгаа юм шиг санагдахаар нь миний дургүй хүрээд эхнэрт уурлаж бид 2 маргалдаж байхад хажуунаас П эхнэрийг өмөөрч намайг боль гээд байхаар нь надад улам сонин мэдрэмж төрж, уур хүрээд чи хуцалгүй хоолоо ид гээд өөрийн урд ширээн дээр байсан төмөр аягыг аваад нүүр хэсэг рүү нь цохих үед П-гийн буузны шөл ууж байсан шаазан аяганд цохигдож, шаазан аяга хагарах үед хэлийг нь зүссэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :               

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-85/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.Хохирол, хор уршиг :         

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээнд 60.000 төгрөг, мөн гар утас авч өгсөн тухай мэдүүлж байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлсэн /хавтаст хэргийн 14-15, 84 дэх тал/ байх тул шүүгдэгчийг хохирогичд төлөх төлбөргүй гэж үзнэ.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Тус шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-57, 60-61, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.               

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эм тарианы ба бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 48-50, 52-56, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.         

2. Бусад асуудал         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБ