Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Энхбат-д холбогдох 2108000001615 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Залуус хороолол ** дугаар орц ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О овгийн Б-ын Э, регистрийн дугаар:*****,       

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд хохирогч Т.Э-ын түр оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтайн *** тоотод байрлах Нийтийн байрны ** тоотоос зөөврийн компьютер хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1.895.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох : 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтайн *** тоотод байрлах нийтийн байрны ** тоотоос  хохирогч Т.Э-ын зөөврийн компьютерыг хулгайлан авч 1.895.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :                

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Алтайн ** тоотод байрлах Нийтийн байрны ** тоот өрөөнөөс нөүтбүүк хулгайд алсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 02 дахь тал/,  

- хохирогч Т.Э-ын...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Алтайн *** тоотод байрлах нийтийн байранд ах Д-ийн хамт байхад найз Э, М нар ирсэн ба бид 4 орой 22 цагийн үед хороололд байрлах караоке орж хүний хоёр пиво уугаад манайд очиж унтсан...Маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө манай гэрт Д ах, найз Э, М 3 унтаад үлдсэн. Тэгсэн манай ах болох Д нутаг буцна гэж хэлээд манайхаас гарч явсан,  М-ийг эгч нь дуудаад  явчихсан, харин Э манай гэрт ганцаараа унтаж байгаад манай гэрийг цоожлоод яваад өгсөн гэж хэлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед гэртээ ирээд хичээлээ хийх гэхэд хар цүнхтэй, саарал өнгөтэй Асэр брэндийн Ай-5 үйлдлийн системтэй нөүтбүүк олдоогүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,  

- гэрч Б.М-ийн...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э өглөө эрт босч хичээлдээ явсан ба удалгүй ах нь болох Д явсан. Тэгээд намайг эгч дуудаад гарч явсан, Э-ын гэрт Э ганцаараа унтаж үлдсэн. Тэгээд орой 17 цагийн үед найз Э нөүтбүүк алга болсон талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,  

- иргэний нэхэмжлэгч П.Б-гийн...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах *** ломбарданд ажлаа хийгээд байж байтал өдөр 12 цагийн үед үл таних залуу орж ирээд хар өнгийн цүнхтэй саарал өнгийн Асер брэндийн нөүтбүүк тавих гэсэн юм гэхээр нь би үзэж хараад 800,000 төгрөгөөр авахаар болж, мөнгийг Э гэх залууд өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,    

- Sky ломбардад нөүтбүүк тавьсан тухай баримт /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...нийт хохирлын дүн нь 1,895,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

- эд мөрийн баримт хураан авсан...хар өнгийн цүнхтэй Dell гэсэн бичигтэй цүнхтэй Acer брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн... хар өнгийн цүнхтэй Dell гэсэн бичигтэй цүнхтэй Acer брэндийн саарал өнгийн нөүтбүүкийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,  

- шүүгдэгч Б.Э-ий...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Э сургууль руугаа явсан, ах нь удалгүй гарсан. М бид хоёр унтаж үлдээд М 11 цагийн үед явахад би үлдсэн ба Э-ын унтдаг орон дээрээс хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг нууцаар хэнд ч хэлээгүй авч яваад, 3, 4 дүгээр хороололд байдаг *** гэх нэртэй ломбардад 800,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тус 800,000 төгрөгийг автомашины осол өмнө нь гаргасан байсан учир төлбөрт өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :        

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :   

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-52/ болон бусад нотлох баримтуудын хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.    

2.2. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл ба тухайн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаан, эргэлзээтэй байдалгүй болно.      

Иймд шүүгдэгч Б.Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

  1. Хохирол, хор уршиг:      

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид биет байдлаар буцаан төлсөн /хх-30/, иргэний нэхэмжлэгчид учирсан 800.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-56, 58/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, гагнуурчин ажилтай буюу цалин хөлсний тогтмол орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 38-41, 44, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.     

2. Бусад асуудал

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Э-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Э-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР