Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Э.Чанцалням,       

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ч-д холбогдох 2208000000210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн *** тоотод оршин суух хаягтай, урьд: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Б-ийн Ч /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Ч нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Сансарын ** тоотод хамтран амьдрагч Г.А-тай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Ч нь Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо Сансарын ** тоотод байрлах гэрт хамтран амьдрагч Г.А-тай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :              

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...2022.01.11-ний өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Сансар ** тоотод нөхөр зодсон... тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,  

- хохирогч Г.А-гийн... 2022 оны 01 дүгээр сарын 11 -ны өдөр гэрээсээ нөхөр хүүхдийн хамт гарч...СХД-ийн ** дугаар хороо Сансарын ** тоотод байдаг хадам ээжийнд 15 цаг өнгөрч байхад ирсэн. Нөхөр гадагшаа гараад хашаанд байсан модноос хагалсан, энэ үед охин тэр хавиар явж байгаад гэрийн хаалгаар гадагшаа унах гэж байхад нь нөхөр тосож аваад хүүхдээ харахгүй юу хийгээд байгаа юм гэж хэлээд охиныг тэврээд орж ирсэн...Тэгсэн нөхөр хагалсан модоо оруулж ирэхээр буцаж гарахдаа хаалгаа уяагаар уячих гэж надад хэлсэн ба би хаалгыг нь уяагүй, өндөр дуугаар орооч дээ гээд хэлчихсэн чинь тэрнээс болоод дахин маргаан болоод манай нөхөр намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь харилцан хэрэлдэж байгаад гэрийн хананд байсан сойз хийдэг уутыг аваад шидтэл нөхөр над руу “чи охиныг уйлуулчихлаа” гээд намайг гараараа мангастаад, баруун хөмсөгний дээд тал руу цохихоор нь зөрүүлж алгадаад, хүзүүг нь самардахад нөхөр...миний баруун шилбэ рүү 1-2 удаа өшиглөсөн...Би нөхөрт хандан охиноо авъя гэж хэлээд халбага сэрээний савыг аваад шидтэл нөхөр буцаж ирээд миний нөгөө хөл рүү 4-5 удаа өшиглөн, нүүр лүү гараад цохиод үснээс зулгааж доош нь дарсан мөн хүзүүнээс гараараа бариад хойш нь дараад байсан тэгээд нэг юм салаад шууд гараад цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,    

- шинжээчийн 1681 дугаартай дүгнэлт: ...Г.А-гийн биед дух, баруун дээд зовхи, эрүү, зүүн дал, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,  

- хохирогч Г.А-гийн дүрслэл оношилгооны хариу /хавтаст хэргийн 32 дахь тал/,

- шинжээчийн 1679 дугаартай дүгнэлт...Б.Ч-гийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, 

- шүүгдэгч Б.Ч-гийн...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт ээжийндээ буюу Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Сансарын *** тоотод ирээд эхнэр А-тай хүүхдээ сайн харсангүй гэх шалтгаанаар маргалдсан...Тухайн үед А над руу дайраад миний хүзүүнээс маажаад зүүн шилбэ рүү өшиглөхөөр нь тэвэрчихсэн байсан хүүхэд уйлаад эхлэхээр нь холдуулах гээд үснээс нь татаад ор луу унагаасан, тэгсэн орон дээр байсан цүнхтэй ээжийн будаг шунхыг аваад хүүхэд бид хоёр луу шидэх үед тухайн цүнх хүүхдийн цээжин дээр оноод будагнууд охин бид хоёрын нүүр лүү үсрээд оноход нь очоод баруун хөл рүү нь 1 удаа өшиглөсөн, эргэтэл араас өшиглөхөөр нь  эргээд нөгөө хөл рүү нь өшиглөхөд эхнэр ширээн дээр байсан халбага сэрээний савыг аваад охин бид хоёр луу шидэх үед нөгөөх нь хүүхдийг оноод тэрхэн үед хүүхдийн амнаас цус гарчихсан байхаар нь уурандаа очоод зүүн гараараа дух руу нь нэг удаа цохисон энэ үед дээрх гэмтлүүд үүссэн байх...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :               

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-38/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаа байхаас гадна хохирогч, шүүгдэгч нар харилцан бие биедээ хүч хэрэглэн халдсан буюу хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэн нь зөв болно.     

Иймд шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.Хохирол, хор уршиг :        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул /хавтаст хэргийн 09-10 дахь тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт     

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хавтаст хэргийн 44, 59-61/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа алт мөнгөний дархан ажилтай, хувьдаа хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 45-49, 68-88, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.       

 Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.          

2. Бусад асуудал         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР