| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0043/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Ганболд нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганболдод холбогдох эрүүгийн 2215000160015 дугаартай, 163/2022/0043/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Жаргалант овогт Гониогийн Ганболд, Булган аймгийн Бугат суманд 1968 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, .... тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 54 настай, эрэгтэй, 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200.2, 109.Б-д зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, РД: ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ганболд нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Булганжаргалтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000160015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ганболд нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Булганжаргалтай түлээ оруулсангүй гэх шалтгаанаар маргаж улмаар түүний толгойн тус газарт нь хогийн шүүрээр цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганболдын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Булганжаргалын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа явчихаад 18 цагийн орчимд тараад гэртээ ирсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад дэлгүүрийнхээ галлагааг хийгээд байж байтал манай хадам аав Ганболд 21 цагийн орчимд над дээр хүрч ирээд миний хүү гал асаж байна уу? гэж асуухаар нь асаж байна гэж хэлэхэд аав гэрлүүгээ орсон. Тэгээд удалгүй эргэж ирээд чи түлээ оруулчихгүй яасан юм гэж хэлэхээр нь би дуугүй байсан юм. Тэгтэл над руу хэл амаар дайраад байхаар нь бид хоёр жаахан маргалдаад байж байтал манай эхнэр Солонго гарч ирээд бид хоёрыг салгаад байж байтал манай хадам талын эгч Саруул охин Болороотойгоо ирээд хадам аавыг гэр лүү нь аваад орсон. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ орчихоод би удалгүй галлагааны өрөө рүү очиж байтал хадам аав Саруул эгчтэй хамт миний хажуугаар өнгөрөхдөө над руу дайраад байхаар нь би хашаанаас гараад баруун тийш явж байтал ард хашааны хаалга дуугарах шиг болохоор нь эргээд хартал хадам аав нэг шүүрний ишээр миний толгой руу цохичихсон. Тэгээд би жаахан ухаан балартаад хэвтэж байхад эхнэр маань гарч ирсэн. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
3. Гэрч Б.Булганчимэгийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд манай бэр Солонго над руу утсаар залгаад та хурдан хүрээд ирээч, аав Ганболд согтуу ирчихээд агсан тавиад байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Солонго над руу дахин дахин залгаад уйлаад хурдан ирээч гээд байхаар нь гэрт нь ирэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн, гадаа нь манай дүү Булганжаргал толгой руугаа цохиулсан, толгой нь хагараад цус гарчихсан байсан. ...Ганболд манай дүүгийн толгойг 1-2 удаа төмөр иштэй хогийн шүүрээр цохиж хагалсан байсан. Булганжаргалын толгойд 5 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
4. Гэрч Г.Солонгын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад нөхөр Булганжаргал оройн 18 цагийн орчимд ажпаасаа бууж ирчихээд 19 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүрийнхээ галлагааг хийх гээд явсан. Тэгээд 21 цагийн орчимд манай аав гаднаас халамцуу орж ирээд гэртээ байж байгаад иргээд гэрээсээ орилоод гараад ирэхээр нь би хартал манай нөхөр Булганжаргал руу хэл амаар дайраад байсан. Тэгээд маргалдаад болихгүй байхаар нь би хамаатны эгч Саруул гэх хүнийг дуудаад гэрээсээ гараад аавыг салгаад байж байтал Саруул эгч удалгүй хүрээд ирсэн. Тэгээд би гэртээ ороод байж байтал араас манай нөхөр орж ирээд удалгүй гараад явчих шиг болсон. Тэгээд хүүхдүүдээ хараад гэртээ байж байтал Саруул эгч гаднаас орж ирээд Жагааг аав чинь юмаар цохиод унагачихлаа гэж хэлэхээр нь би сандраад хашаанаас гараад хартал хашааны гадаа манай нөхөр дээшээ харчихсан толгойноос цус гарчихсан, хажууд манай ногоон төмөр иштэй шүүр байж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
5. Гэрч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал 21 цагийн орчимд Солонго над руу залгаад эгээ аав агсан тавиад байна, та хүрээд ирээч гэхээр нь би охин Болорчимэгтэй явж очсон. Өндөр настай болохоор сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Булганжаргал гадаа толгой хэсэгтээ цохиулчихсан хэвтэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай: Б.Булганжаргалын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Ганболдын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд ах Болдбатад ус дөхүүлж өгөхөөр ахынхаа танидаг таксинд суугаад Арван наймтын хөтөл гэдэг газарт очсон. Тэнд дөрвүүлээ нийлж 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд ирсэн таксигаараа буцаж гэртээ орж хувцасаа солиод гарсан. ...Болсон зүйлүүдийг сайн санахгүй байгаа юм. Ямарч байсан хүргэнтэйгээ маргалдаж байсан. Дараа нь хүргэнтэйгээ маргаснаасаа болоод гэрийнхээ ногоон шүүрээр хүргэнийхээ толгой руу 1 удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн цагдаагийн машинд сууж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй шүүр зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Булганжаргал, гэрч Б.Булганчимэг, Г.Солонго, Ж.Эрдэнэчимэг нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Ганболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.Ганболд нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Булганжаргалтай түлээ оруулсангүй гэх шалтгаанаар маргаж улмаар түүний толгойн тус газарт нь хогийн шүүрээр цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.Булганжаргалын биед мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Ганболдын цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Б.Булганжаргал нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн нь байгаа боловч тэдгээр нь тус тусдаа амьдардаг, тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Г.Ганболдын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Ганболдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Булганжаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ганболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ганболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ганболдын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 47-54 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ганболд нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, Булган сумын 2 дугаар багийн 109 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ганболдын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ганболд нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Г.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр иштэй, төмөр ишэн дотор модон тулгууртай, 8 ширхэг хадаастай ногоон өнгийн хогийн шүүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргалант овогт Гониогийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр иштэй, төмөр ишэн дотор модон тулгууртай, найман ширхэг хадаастай ногоон өнгийн хогийн шүүрийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД