Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0163/Э |
Дугаар | 2022/ШЦТ/182 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/182
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Улсын яллагч Б.Энэрэл,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Т-д холбогдох 2108000001449 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын ҮЭ гудамжны ** байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд - Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 21- ний өдөр 1660 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн 201526011821 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял нийт 3 жил 1 сарын хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлснээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 660 дугаар шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Ц-ийн Т /РД: ******/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 47 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутагт байрлах “Ц” -ийн байранд үйл ажиллагаа явуулах “М” нэртэй цахим тоглоомын газарт иргэн Э.Д-ыг “цахим тоглоом тоглуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгой болон нүүрэн тус газарт гараараа цохих, мөргөх, суран эдлэлээр ороолгох, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун шанаа, зүүн дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, хоолой, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтлүүдийг санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр “М” нэртэй цахим тоглоомын газарт 12 цагийн орчимд дахин орж ирж иргэн Э.Д-ыг “зодуулсан гэж ахдаа хэллээ” гэх шалтгаанаар “хар өнгийн линтээр ороож үзүүр хэсгийг ил гаргасан /хутганы ил гарсан үзүүр хэсэг нь 2 см/ шар өнгийн иштэй” хутгаар түүний баруун шилбэнд 2-3 удаа, баруун шуунд 1 удаа, зүүн дал орчим 1 удаа тус тус хатгаж “баруун шуу, нуруу, баруун шилбэнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтлүүдийг санаатай учруулсан,
2021 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** дугаар байрны орчимд хохирогч Э.Э-ын эзэмшлийн Самсунг Эс-9 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруутайд тооцох:
1. Гэмт хэргийн нотлогдсон байдал
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
1.1. Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг, мөн 12 цагийн орчимд тус тус үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах “Цоглог төв” -ийн байранд үйл ажиллагаа явуулах “М” нэртэй цахим тоглоомын газарт иргэн Э.Д-ыг “цахим тоглоом тоглуулсангүй, зодуулсан гэж ахдаа хэллээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэж, мөн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Ц төв М тоглоомын газарт хутгалуулсан...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
- хэргийн газарт үзлэг хийсэн ...Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Цоглог төв 2 давхар тоглоомын төвд бусдад хутгалуулсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч Сонгинохайрхан 19-р хороо Цоглог төв гэх ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 5 давхар цагаан өнгийн барилга байна ....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 02-05 дахь тал/,
- хохирогч Э.Д-ын... Би Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо “Ц төв”- ийн 2 давхарт үйл ажиллагаагаа явуулж буй РС тоглоомын газарт админаар ажилд орсон. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагт тоглоомын газраа нээгээд төрсөн дүү С-гийн хамт байхад гаднаас танил ах Т ганцаараа согтуу орж ирсэн бөгөөд компьютер дээр суугаад “энийг нээчих” гэхээр нь “цаг болоогүй” нээх боломжгүй, мөнгөө төлөөд цагаа ав гэж хэлэхэд уурлаад намайг толгойгоороо нэг удаа зүүн нүд рүү мөргөчихсөн. Тухайн үед хажууд төрсөн дүү С харж байсан юм. Тэгээд дээрэлхэн зодоод байхаар нь зугтааж гараад ах А-од хэлсэн, А ах ирээд Т-г машин руу дагуулж ороод “яагаад дүү дээрэлхээд байна” гэж хэлээд 1 удаа хацар руу нь алгадахад Т машинаас нь буугаад зугтаачихсан. Тэгээд А ах яваад би тоглоомын газраа нээхээр орсон. Удалгүй би тоглоомынхоо газрын бие засах өрөөнд сууж байхад Т гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй баруун хөлний шилбэ рүү 2 удаа цохих шиг болсон бөгөөд гартаа хутга барьчихсан үзүүр нь харагдаж байсан бөгөөд “яаж байна” гэж хэлтэл дахиад хутгатай гараа өргөөд далайгаад дайрахаар нь баруун гараараа хаахад баруун гарын бугуйнд нэг удаа хутгалсан бөгөөд доошоо тонгойтол зүүн даланд нэг удаа хутгалсан...Би зугтаагаад 102-т дуудлага өгсөн...Өглөө нь орж ирээд шалтгаангүйгээр маргаан үүсгэж дээрэлхэж цохиж зодсон. Дараа нь намайг хутгалахдаа “ахдаа хэллээ” гэж өс санаж хутгалсан...Уг хутгыг хар өнгийн линтээр ороосон, үзүүр нь л харагдаж байсан, тухайн үед хувцастай байсан бөгөөд нэвтэрч цус болсон зүйл байхгүй байсан. Баруун шилбэнд хоёр удаа хатгасан бөгөөд 4 оёдол, баруун гарын бугуйн дотор хэсэгт 1 удаа хатгасан бөгөөд 3 оёдол тавьсан, баруун даланд 1 оёдлыг 103-ын эмч оёсон юм...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31, 35-36 дахь тал/,
- гэрч Э.С-гийн... Би пс тоглох гээд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын газарт ортол манай ах Д, Т гэх залуутай барьцалдсан байдалтай зогсож байсан...Т ах Д-ын хоолой хэсгээс нь боочихсон байдалтай, ахын нүүр лүү нь гараараа цохих үед Д ах Т-г өөрөөсөө салгах гээд түлхээд холдуулах гээд чадаагүй, ноцолдоод байж салгаад тоглоомын тек рүү орох гэтэл ардаас нь Т ирээд дахиад барьж авах гээд байсан. Тэр үед пс тоглоомын үйлчлэгч эгч хажуунаас боль гэж хэлээд саатуулах үед Д ах пс тоглоомын газраас гүйгээд гартал ардаас нь Т гарч байсан. Тэгээд би пс тоглоомын газар үлдсэн юм...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,
- гэрч С.А-ын... Намайг 2021 оны 10 дугаар сарын 14-ний 11 цаг орчим эхнэрийн үеэл дүү Д “Ахаа би ПС дээрээ байхад Т орж ирээд зодоод байна” гэж утсаар залгаад байхаар нь би гэрээсээ гараад Д-ын ажилладаг ПС дээр ирэхэд Т, Д нар ПС дотор байсан бөгөөд Д-ын нүд хавдаж хөхөрсөн байдалтай байсан бөгөөд Т-г дагуулж гараад машиндаа суулгаад хоёр удаа алгадахад зугтаагаад буучихсан. Тэгээд Д-ыг ПС-д нь үлдээгээд явсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,
- гэрч Н.М-ын... Манай РС тоглоомын газарт Т гэх залуу орж ирж тоглож байгаа хүмүүсийг дарамталж, хэвийн явж байгаа үйл ажиллагаа алдагдуулдаг их бүдүүлэг дээрэнгүй хүүхэд байгаа юм...2021 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Д тоглоомын газрын онгойлгож үйл ажиллагааг явуулж эхэлсэн...11 цагийн үед Д над руу хүний утаснаас залгаад "Ц тоглоомын газарт нохойтойгоо орж ирээд намайг зодчихлоо ахаа” гэхээр нь би Д-ыг “ахын дүү цагдаа дууд” гэж хэлсэн юм. Хэсэг хугацааны дараа Д дахин над руу залгаад “Т баруун дал, хөл рүү жижиг хутгаар хутгалчихлаа. Дэлгүүрээс гарах гэхээр Т намайг хутагтай отоод барьж алах гээд байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “яаралтай эмнэлэг яв” гэж хэлээд сандраад шууд тоглоомын газартаа иртэл цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан юм...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,
- гэрч Т.Ц-гийн... Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц төвийн 2 давхарт байх “М рс” тоглоомын газарт үйлчлэгч хийдэг юм. Тус өдрийн өглөө 09 цагийн үед би ажил дээр ирж цэвэрлэгээ хийж байтал үл таних 20-25 насны орчим эрэгтэй хүн орж ирээд текэн дээр сууж байсан Б.Д гэх залуу дээр очоод...баруун гартаа тэлээ барьж байсан тэр тэлээгээрээ текэн дээр сууж байсан Д-ыг тэлээгээр хоолой хэсгийг нь боож байгаад толгойгоороо 3-4 удаа нүүр лүү нь мөргөөд баруун гараараа нүүр бие хэсэг рүү цохиод байхаар нь би салгах гээд дийлэхгүй болохоор нь гарт байсан шүүрээр үл таних залуугийн бие хэсэг рүү нь ороолготол салаагүй юм. Тэгсэн үл таних залуу Д-ыг чирээд текнээс гаргаад толгойгоороо мөргөөд, хоолойг нь боогоод гараараа цохиж нүдээд байх үед Д өөрөөсөө арай ч нэг салгаж аваад ПС тоглоомын газраас гараад зугтаах үед үл таних залуу араас нь гараад явсан юм...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн...Ц.Т баруун гартаа тэлээ шиг урт зүйл барьсан байдалтай ПС тоглоомын газрын текен дээр очиж байгаа харагдана...00:52 секунтын үед текен дээр сууж байсан хохирогч Б.Д-ыг тэлээгээр баруун гараа далайж гурван удаа цохиж...зүүн гараараа нэг удаа цохиж аваад барьж байсан уяагаар хоолойг нь боогоод тек рүү түлхэж байгаа харагдана. Тэр үед цэнхэр өнгийн халаадтай тус ПС тоглоомын газрын үйлчлэгч болсон асуудлыг харж яллагдагч Т-тэй ярилцаж байгаа болон бусад үйл явдал бичигдсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 16-27 дахь тал/,
- хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
- эд зүйл хураан авсан ...хэрэг учрал болох үед Ц.Т-гээс...гол хэсгээр хар өнгийн лентээр ороосон, бор өнгийн бариултай ажлын хэсэг 12 см, бариул хэсэг 10 см урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан...тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 09 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт...Э.Д-ын биед баруун шанаа, зүүн дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн дээд зовхи, хоолой, баруун шуунд зулгаралт, баруун шуу, нуруу, баруун шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх, зулгаралт нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, цус хуралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Э.Д-ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
- шүүгдэгч Ц.Т-гийн...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо М писи тоглоомын газарт ганцаараа очиж текэн дээр сууж байсан Д-той урд өмнө болсон таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад уурлаад баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, 1 удаа нүүр хэсэгт нь мөргөх үед Д бид 2 хоорондоо барилцаж, хоолойноос нь заамдсан асуудал байгаа юм. Тэр үед Д надаас зугтаагаад ПиСи тоглоомын газраас гарахаар нь би ардаас нь гартал Д байхгүй байсан. Тэгээд биллиард тоглож байгаад буцаад писид очтол Д байхаар нь хутгаар баруун шуу, шилбэ, хэсэг рүү хатгасан асуудал байгаа. Д-ын биед учирсан хөнгөн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хүнийг алах санаа зорилго байгаагүй...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар, мөн
1.2. Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны орчимд хохирогч Э.Э-ын эзэмшлийн Самсунг Эс-9 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.08.10-ны шөнө 03 цагийн орчим Т гэх залуу гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 06 дахь тал/,
- хохирогч Э.Э-ын... Би 2021 оны 8 дугаар сарын 09- ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны баруун талд байх сагсан бөмбөгийн талбай дээр найз нарын хамтаар тоглож байтал Т ах намайг болон манай найз Х, Б гэх хоёрыг дуудаад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны хажууд очиж, өөрийн найзтайгаа таарч, 0.75 граммын “Соёрхол” нэртэй архийг манай найз болон надаар хундаглаж өг гэсэн. Шөнийн 03 цаг болох үед Т ах миний самсунг маркийн гар утсаар “нэг ярьчихаад өгье” гэж хэлэхээр нь өгсөн. Т ах миний гар утсаар ярьж байгаад цааш яваад өгчихсөн. Дахиж бид нар дээр ирээгүй...Би найз Б-ийн гар утсаар өөрийн 858*** дугаар руу залгахад Т ах “миний хамт явсан ахыг Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** дугаар байрны хажууд авчирч өгөөд гар утсаа аваарай” гэсэн...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим Т ахын амьдардаг ** байрны гадна таарч “Т ах аа гар утсаа авъя” гэхэд “гар утсыг чинь хаана байгааг санахгүй байна” гэж хэлээд яваад өгсөн...Тэгээд миний гар утсыг өгөхгүй байгаа...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10, 13 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч О.Б... Би 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоот гэрээсээ гарч Э, Х нартай уулзсан. Бид гурав ** дугаар байрны гадна талд байх тоглоомын саадан дээр тоглож байсан юм. Тэгсэн зүс мэдэх нэг ах ирээд Э, Х бид гурвыг авч явж Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны цаана очсон. Бид гурвыг тэр ах архи хундагалуулж хэсэг байсан. Тэгсэн Х бид хоёрыг “бургер аваад ир” гэж дэлгүүр оруулсан юм. Тэгээд Х бид хоёр дэлгүүр орж бургер авчихаад буцаад байсан газар луугаа очиход Э найз маань “миний гар утсыг Т ах аваад явчихлаа” гэсэн. Тэгээд Э миний гар утсаар өөрийнхөө дугаар луу залгахад гар утсыг нь авч явсан зүс таних ах “Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны хажууд ирээд гар утсаа ав” гэж байсан. Тэгээд Э, Х бид гурав ** дугаар байрны гадна буцаж очиход тэр ах байхгүй байсан...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч О.Х-ын...Тухайн үед Т ах манай найз Э-ын гар утсаар ярьчихсан явж байсан...Б бид хоёр Э дээр очоод явах гэхэд Э “Т ах гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд аваад явчихлаа гэж хэлсэн...Тэгээд Э нь Б гар утсаар өөрийнхөө утсыг авах гэж Т ах руу ярихад “хамт явсан ахыг маань Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо, ** дугаар байр дээр авчирвал гар утсыг нь өгнө” гэж хэлээд байсан. Тэгээд Б, Э бид гурав Т ахын хэлсэн газар нөгөө хамт явсан ахыг нь аваад очиход Т ах байхгүй байсан. Тэрнээс хойш Э-ын гар утсыг Т ах эргүүлж өгөөгүй, Э цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...Самсунг маркын гар утас 350.000 төгрөгийн үнэлгээтэй.../2 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- шүүгдэгч Ц.Т-гийн...2021.08.09-өөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **-р хороо 5-н шарын автобусны буудлын хойд талын далангийн орчимд найзуудын хамт архи ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 7а дугаар байрны ойролцоо ирээд байрны дүү Э-ыг дуудаад цуг архи уусан. Тэгээд шөнө нь Э-ын Самсунг Эс-9 маркийн гар утсыг авч яваад 7а байрны орцны 1 давхарт шатан дээр суугаад утас байснаа санаж байна...Би Э-ын гар утсыг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62 тал дахь/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тухайн нотлох баримтуудын хууль ёсны байдлыг үгүйсгэн няцаах талаар санал, дүгнэлт гаргаагүй.
Шүүгдэгч Ц.Т нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Э.Э-ын эзэмшлийн гар утсыг “яриад өгье” гэж хэлэн түр авч улмаар буцаан өгөхгүйгээр өөр газар руу зугтан явж, улмаар дур мэдэн захиран зарцуулсан, түүнчлэн хохирогчийн хувьд гар утсаа ашиглуулахаар шүүгдэгчид “түр” шилжүүлж, улмаар даруй буцааж авахаар хяналт, шаардлага тавьж байсан байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэлд шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэх үндэслэлтэй, харин залилах гэмт хэргийн шинж хангагдаагүй байна.
Залилах гэмт хэргийн хувьд 2 тал “тодорхой нөхцөл болзлыг харилцан тохиролцсон”-ы үндсэн дээр хохирогч нь тухайн эд хөрөнгө, түүний эрхийг гэмт этгээдэд сайн дураар шилжүүлэн өгдөг, залилах гэмт үйлдэл хийх тухайн үед гэмт этгээд гэнэт алга болох, зугтаах шинж байдаггүй, харин 2 тал итгэлцэж, тохиролцсон шийдэлд хүрсний улмаас тодорхой хугацаанд эргэн уулзах, үр дүнгээ дүгнэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж, эв эетэйгээр үйлдлээ төгсгөсөн байдаг, мөн залилах гэмт хэргийн хувьд тухайн хохирогч тухайн шилжүүлсэн эд зүйлсээ даруй буцаан авахаар тасралтгүй хяналт, шаардлага тавьдаггүй зэрэг онцлог шинж агуулдаг ба эдгээр шинж хангагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.
2.3. Хохирогч Э.Д-ыг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэж, мөн хутгыг зэвсгийн чанартай ашиглаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Ц.Т-гийн гэмт үйлдлийн сэдэлт, зорилгын хувьд “хохирогчийг алах сэдэлт, зорилго”-той байсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул “хүнийг алах”-ыг завдсан гэмт хэргээр зүйлчлээгүйг зөв гэж үзнэ.
Гэхдээ тухайн хэрэгт хамаарах нотлох баримтуудыг шалгахад шүүгдэгч нь олон нийтийн газарт догшин авирлаж олон удаагийн харгис хэрцгий үйлдлээр хохирогчийн биед олон тооны гэмтэл, шархнууд учруулсан, мөн тухайн гэмтэл, шархнууд тус бүртээ үйлдэл шаардах үндэслэл илэрхий бөгөөд хутганы ир үзүүрээр хохирогчийн биед удаа дараа хатгаж зүссэн зэрэг тухайн тохиолдолд тус хэргийн зүйлчлэл хийхдээ шүүгдэгчийн үйлдлийн онц харгис хэрцгий шинж буюу хохирогчид бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь бодитой үүсгэж үйлдсэнд хамаарах эх сурвалжийг бүрэн шалгаж, үнэлэхгүйгээр орхигдуулсан байгааг тэмдэглэж, харин тус хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхэд шилжүүлсэн тухайн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Т-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Тус хохирогч Э.Эт учирсан хохирлын 350.000 төгрөг төлөгдөөгүй /хавтаст хэргийн 13, 35 дахь тал/ байх тул шүүгдэгчийг гаргуулах, харин хохирогч Э.Д хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Тус шүүгдэгч урьд нь эрүүгийн хэд хэдэн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-164, 167-217, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Харин Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял нийт 3 жил 1 сарын хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч нь тухайн хорих ялыг биечлэн эдэлж 2020.03.09-ний өдөр суллагдсанаас хойш /1хх-205, 209/ мөн шийтгэх тогтоолоор тусад нь эдлүүлэхээр заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхээс шүүгдэгч зайлсхийсэнд хамаарах баримтгүй байх тул тус ялыг шүүх нотлох баримтгүйгээр таамаглан нэгтгэж шийдвэрлэх боломжгүй, мөн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, харин Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн хангасан эсэхийг жич хянан шалгаж, хэрэгжилтийг хангахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, хөрөнгө орлого, эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-139-141, 142-145, 147-162, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар 01 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт 1 ширхэг компакт диск, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хуйлсан хар линтний хэсэг, цайвар өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн хантааз 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос, цайвар цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэрэг хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч 2021.10.14-ний өдөр баривчлагдсан, 2021.10.15-ны өдрөөс 2022.01.14-ний өдрийн байдлаар /1хх-111, 126-127, 131-132, 136-137, 2хх-75-77/ нийт 92 хоног цагдан хоригдсон, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсныг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ц.Т-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-гийн нийт биечлэн эдлэх 01 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-гээс 350.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Эт олгосугай.
7. Тус хэрэгт шүүхийн зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Д нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хуйлсан хар линтний хэсэг, цайвар өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн хантааз 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос, цайвар цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
9. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг нэг мөр хангахыг эрх бүхий прокурорт даалгасугай.
10. Шүүгдэгч Ц.Т-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Ц.Т-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.02.14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР