Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,  

Улсын яллагч Х.Анхцэцэг,   

Шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.О-т холбогдох 2208000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 12-ны өдөр, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, техникч, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Толгойтын *** тоотод түр оршин суух хаягтай, урьд:

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 407 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 19 хоног хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б овогт З-ын О /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч З.О нь 2021 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-ын Редми 10Х маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь :

Гэм буруутайд тооцох :   

1. Гэмт хэргийн нотлогдсон байдал     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :    

Шүүгдэгч З.О нь 2021 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-ын Редми 10Х маркийн гар утсыг хүч хэрэглэн  авахаар довтолсон болох нь:    

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/,

- хохирогч Б.Б-ын...2021 оны 11 сарын 25-ны шөнө 23 цаг 55 минутын үед өөрийн эзэмшлийн саарал өнгийн Приүс-20 маркийн *** убб улсын дугаартай машинтай Тахилтын МТ колонкийн буудал дээр байх ээжийгээ авахаар явж байхад Тахилтын сургуулийн автобусны буудал дээр гараа өргөсөн нэг залуу байхаар нь авсан. Машины арын суудал дээр суухад архи үнэртээд байхаар нь буу гэхэд буухгүй гэсэн ба утсаа өгч бай гэхээр нь 899*** дугаарыг надаар хийлгээд спикер дээр нь тавиад өгөхөд нэг эмэгтэй авсан ба хайраа уулзъя гэхэд уулзахгүй гээд байхаар нь би хажуу талаас нь энэ хүн машинаас буухгүй байна гэр нь хаана байдаг вэ гэхэд, Орбитын тойрог дээр байдаг гэж хэлсэн. Би тэгээд 1 буудал яваад зогсоход миний цайвар цэнхэр өнгийн Рэдми 10 экс маркийн гар утсыг аваад зугтаачихсан. Би машинаасаа буугаад араас хөөгөөд барьж чадаагүй ба харанхуй  гудамж руу орохоор нь би дагаад ороход газарт хэвтэж байхаар нь барьж авахад  миний мөр рүү гараараа нэг удаа цохиод хавирч унагаагаад зугтаачихсан. Тэгээд алдчихсан, би утсаа авъя гээд гуйхад зайл алчихна шүү гээд байхаар нь би айгаад  машин руу очоод МТ колонк дээр хүлээж байгаа ээж дээрээ очоод цагдаад дуудлага өгсөн. Ажлын ногоон юм уу цэнхэр юм уу фосфортдог судалтай куртик байсан, бор өнгийн ноосон малгайтай бараан өнгийн өмд өмссөн байсан. Цоохор шар царайтай, онигор нүдтэй бор үстэй, 160-165 см өндөртэй, 20-25 орчим настай туранхай залуу байсан. Гар утсаа 2020 оны 10-р сард Драгон центр төвөөс 550,000 төгрөгөөр худалдаж авч байсан.../хавтаст хэргийн 06-07 дахь тал/...Намайг түлхэж унагаагаад зодох гээд байсан ба унах үед өвдөг бага зэрэг өвдөж байсан.../хх-93/, 

- гэрч Б.Б-ын...2021.11.25-ны орой Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тахилтын гуравдугаар буудал дээр үйл ажиллагаа явуулдаг халуун ус, үсчин гэсэн хаягтай газар халуун усанд орох гээд охин Баар хүргүүлээд охиныгоо буцаагаад явуулсан...Б ирээд : Би замдаа хүн машиндаа суулгаж авч явсан чинь уг хүн намайг гар утсаа өгөөч хүнтэй ярих гэсэн юм гэж хэлэхээр нь гар утсаа өгч яриулахад миний утсыг аваад машинаас буугаад зугтаачихсан, тэгэхэд нь би машинаасаа буугаад араас нь хөөж барьж аваад утсаа авах гэхэд ноцолдож байгаад уг залуу хөлөөрөө намайг хавирч унагаагаад хөлийнхөө өвдөг хэсгийг шалбарчихсан, зугтаагаад алга болчихсон гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,  

- гэрч В.О-ын...Тэр О гэх залуу нэр адилхан юм байна танилцъя гээд 2 сарын өмнөөс фэйсбүүкээр түүнтэй танилцсан...2021.11.25-ны 23 цагийн үед 9066**** дугаараас О гэх залуу залгасан...тэр залуугийн цаана нэг эмэгтэй хүн “ би яараад байна, утас өгөөд буугаач гээд байх шиг байсан”, тэгэхээр нь би наад хүнийхээ утсыг өгөөч гэж хэлээд гар утсаа салгасан.../хх-11/,     

- гэрч Э.Б-ийн...Би цаг хугацааг нь сайн санахгүй, миний гар утас руу найз О өөрийнхөө 8090**** дугаарын гар утаснаас залгаад Хар хорин худалдааны төвийн автобусны буудал дээр хүрээд ирээч гэсэн. Би тухайн үед яваад очсон чинь гар утсаа ломбардад тавих гэсэн чинь надад бичиг баримт байхгүй,  мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би хамт ороод 150,000 төгрөгт гар утсыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Тэгээд гарч ирээд би шууд гэр лүүгээ явах гэхэд О надад таксинд суугаад явж байхдаа олсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоогоогүй яваад өгсөн. Түүнээс хойш ломбардаас миний гар утас руу залгаад гар утасны хугацаа дууссан байна гэхээр нь би сунгуулахаар очсон чинь хулгайн гар утас байна....гэсэн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,   

- иргэний нэхэмжлэгч М.М-гийн...2021 оны 11 арын 29-ний өдөр Б гэх залуу нэг залуутай орж ирээд уг гар утсыг 7 хоногийн хугацаатай 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,      

- Х барьцаат зээлийн үйлчилгээ /хавтаст хэргийн 52 дахь тал/,

- эд зүйл хураан авсан...Рэдми 10х маркийн гар утас...тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн...хохирогч Б.Б-д Редми 10х маркийн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- хохирогчийн эзэмшлийн 9066*** дугаарын 2021 оны 11 сарын 15-25-ны өдрийн 23 цаг 52 минут хүртэлх орсон гарсан ярианы хуулга /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...гар утсанд  400.000 төгрөгийн үнэлгээ тогтоов.../хавтаст хэргийн 86-87 дахь тал/, 

- шүүгдэгч З.О-ын...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би найз П-той уулзсан, 20 цаг өнгөрч байгаад салах үедээ караокены хүний гар утсаар найз О.А-тай уулзахаар яриад, хүлээх зуураа 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 4 шилтэйг уусан...О ирээд бид 2 караокед орж дахин нэг хүний 4 шил 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уугаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэндээс О гэр лүүгээ явсан учир би фэйсбүүк чатаар танилцсан О гэх эмэгтэйтэй уулзахаар Тахилт руу эмэгтэй жолоочтой машин зогсохоор нь суугаад явж байгаад гар утсаар нь гуйж О-ын 899**** дугаарын гар утсаар холбогдож ярьсан. Би их согтсон байсан болохоор түүнээс хойш ямар нэгэн зүйлийг сайн санахгүй байгаа бөгөөд миний мэдэж байгаагаар би тухайн эмэгтэйн гар утсыг гартаа барьсан чигтээ Тахилтын гудамж руу явж байсан. Тэгээд би гэртээ хариад тухайн гар утасны дууг хаасан байж байгаад 2-3 хоногийн дараа найз Б-той уулзаад болсон зүйлийн талаар үнэнийг хэлээд бичиг баримтаар нь ломбардад хамт очиж 150,000 төгрөгт тавьсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :                      

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :     

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тухайн нотлох баримтуудын хууль ёсны байдлыг үгүйсгэн няцаах талаар санал, дүгнэлт гаргаагүй.               

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.                        

2.2.  Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт зорилгоор хохирогчийн гар утсыг хүч хэрэглэн довтолж буюу дахин хүч хэрэглэхээр заналхийлж гэмт үйлдлээ төгсгөсөн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болно.    

Тодруулбал, шүүгдэгч анх гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт, зорилгоор хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтсан байх боловч тэр даруйд хохирогч түүнийг хөөж гар утсаа авах оролдлого хийх үед эсрэгээр хохирогчийн хүсэл зоригийг хүчээр няцааж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдаж довтолсон улмаар тэр даруйд дахин хүч хэрэглэхээр заналхийлж гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, төгсгөсөн болох нь тогтоогдсон байх тул бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан гэж үзнэ.      

Иймд шүүгдэгч З.О-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

3. Хохирол, хор уршиг :        

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу гар утсыг биет байдлаар буцаан авсан, эрүүл мэндэд гэмтэл учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт гаргасан /хавтаст хэргийн 93, 106 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Г.М-д 160,000 төгрөг төлөгдсөн /хавтаст хэргийн 53 дахь тал/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт         

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, хөрөнгө орлогогүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-56-64, 66-71, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.     

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.          

Харин З.О-ын өмнө нь хулгайлах гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор З.О-ын биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 10 сар 19 хоногийн хорих ялаар тогтоосон /хх-78-80/, шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай захирамжаар З.О-ын эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан тухайн хугацаанд /хх-81-83/ санаатай гэмт хэрэг үйлджээ.    

Гэвч З.О нь өмнөх 2019.11.17, 2020.04.05-ны өдөр үйлдсэн тухайн хулгайлах гэмт хэрэгт хорих ял  шийтгүүлснээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь түүнийг эдлээгүй үлдсэн хорих ялтай ялтан гэж үзэх үндэслэл болох тул Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 5, 7 дугаар зүйлд заасан үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.7, 12.12 дахь хэсэгт зааснаар ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна, ингэхдээ 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх эсэхийг “прокурорын дүгнэлт”-ээр шийдвэрлэнэ, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан, түүнчлэн энэ хүрээнд хамаарах нотлох баримт тус хэрэгт авагдаагүй байх тул З.О-ын өмнөх хулгайлах гэмт хэрэгт оногдуулснаас эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй байх бөгөөд харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг эрх бүхий прокурор жич хянан шалгаж, хэрэгжилтийг хангах нь зүйтэй.    

З.О-ын 2019.11.17, 2020.04.05-ны өдөр үйлдсэн тухайн хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.7, 12.12 дахь хэсэгт зааснаар өршөөлд хэрхэн хамааруулсан эсэх баримтгүй байгаа нь З.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.      

2. Бусад асуудал      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч З.О-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.О-ын биечлэн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                  

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт шүүхийн зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шүүгдэгч З.О-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.02.14-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   З.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

   

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР