Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/211

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Ж.Отгончимэг,       

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.У-т холбогдох 2208000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд бага ангийн багш, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, Б овогт Б-гийн У /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **дугаар гудамж ** тоотод гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн охин Ц.Т-тэй маргалдаж улмаар шаазан аяга авч шидсэний улмаас С.О-ыг онож биед зулайн зүүн урд хэсэгт хуйхны захад шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамж ** тоотод гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн охин Ц.Т-тэй маргалдаж улмаар шаазан аяга авч шидсэний улмаас С.О-ыг онож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох     

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...2022.01.03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Зээлийн ** тоотод толгой нь цус болсон хүн байна... тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 05-07 дахь тал/,

- хохирогч С.О-ын...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамжны ** тоот гэртээ эхнэр Б.У, түүний охин Ц.Т нарын хамт гурвуулаа 21 цаг өнгөрч байхад Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгтэл эхнэр Б.У, охин Ц.Т хоёр хоорондоо маргалдаад барилцаж авах гээд байхаар нь дундуур нь орж салгатал манай эхнэр Б.У ширээн дээрээс цагаан өнгийн шаазан аягыг аваад шидтэл миний толгойн зүүн орой хэсэгт онож хагартал толгойноос цус гарахаар нь гэрийнхээ ойролцоо байрлах О гэх эмэгтэйн гэрт явж ороод манай эхнэр аяга шидээд толгой хагалчихлаа гэж хэлтэл цагдаа дуудаж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- гэрч Н.О...2022 оны 01 дүгээр сарын 02-ны 23 цагийн үед гэртээ байж байтал зүс таних Б гэдэг залуу нүүр хэсэгт нь цус болчихсон орж ирэхээр нь яасан бэ гэтэл манай эхнэр намайг шилээр цохичихлоо гэж хэлэхээр нь цусыг нь тогтоох гэсэн боловч тогтохгүй байхаар нь би түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,  

- гэрч Ц.Т-гийн...Би өчигдрийн буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах өөрийн төрсөн ээж Б.У-ийн гэрт орой 20 цагийн үед очтол манай ээж болон түүний нөхөр С.О нар байж байсан. Тэгээд бид гурав 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг хувааж уучхаад байж байтал манай ээж бид хоёр ялихгүй зүйлээс болж хоорондоо муудалцахад ээж Б.У ширээн дээрээс цагаан өнгийн цайны шаазан аягыг аваад над руу шидтэл ээжийн нөхөр С.О ах дундуур орж толгойдоо оногдсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт: ...С.О-ын биед зулайн зүүн урд хэсэгт хуйхны захад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- хохирогч С.О-ын Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- шүүгдэгч Б.У-ийн...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр С.О төрсөн охин Ц.Т нарын хамт гурвуулаа байж байгаад пиво уухаар болж 2,5 литрийн “Нийслэл нэртэй” пиво 2 ширхгийг дэлгүүрээс авчирч хувааж ууж дуусгасан. Орой 21 цаг өнгөрч байх үед манай охин Ц.Т бид хоёр ялихгүй ойр зуурын зүйлээс болж маргалдаж муудалцаж байтал миний уур хүрээд ширээн дээрээс цагаан өнгийн шаазан аягыг аваад охин Ц.Т рүү шидтэл манай нөхөр С.О дундуур орж ирээд толгойндоо оногдож толгой хэсгээс нь цус гарахаар нь би боож өгөх гэтэл манай нөхөр уурлаж гэрээс гарч яваад гаднаас цагдаа дагуулж орж ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :            

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-38/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч болон түүний охин нарын хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой, тус шалтгааны улмаас гэмт үйлдэл хийгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэмт хэрэг”-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэн нь зөв болно.      

Мөн шүүгдэгч нь “зэвсгийн чанартай зүйлд тооцогдох аягыг хүн рүү чиглүүлэн шидсэн байх” нь анхнаасаа гэмт санааны агуулга, чиглэлийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах ба шүүгдэгчийн хувьд “охин руугаа шаазан аяга шидэхэд түүний нөхөр оногдож гэмтсэн байх” нь гэмт хэргийн обьектын андуурлын үндэслэлийн хүрээнд анхны гэмт санааны агуулга, чиглэлийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.     

Иймд шүүгдэгч Б.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

3.Хохирол, хор уршиг :        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул /хавтаст хэргийн 64 дахь тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, бага ангийн багш ажилтай, хувьдаа хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 31-39, 40-44, 48, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.           

2. Бусад асуудал         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Б.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт шүүхийн зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР