Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Баяржаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Баяржаргалд холбогдох эрүүгийн 2115002530005 дугаартай, 163/2022/0046/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Солгой овогт Бадамын Баяржаргал, Булган аймгийн Сайхан суманд 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 49 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын нутаг Бөөрийн гозгор гэх газарт ойгоос зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 3.113 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115002530005 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт заасан газраас өөр газарт буюу Булган аймгийн Сайхан сумын нутаг Бөөрийн гозгор гэх газрын ойд ургаа мод хөрөөдөж 3.113 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид 525.023 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяржаргалын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын гурав хуваасны нэгийг төлсөн, үлдэх хэсгийг ноолуурын мөнгөнөөс төлнө гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Бөөрийн гозгор гэх газар байв. Уг газар нь Сайхан сумын төвөөс 28 км зайтай байх ба Бөөрийн гозгор гэх газрын зүүн салаанд 2022 оны 5 дугаар сард хууль бусаар мод бэлтгэсэн байв. Уг зүүн салааны ойд 7 га талбайд Сайхан сумаас талбайн тусгаарлалтын зөвшөөрөл олгоогүй байх ба 2-10 метрийн зайтай босоо 2 ширхэг мод хөрөөдөж унагаж бэлтгэсэн байв. ...Модны хожуулуудын диаметр, өндөр зэргийг хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дугаар тал/,

Модонд үзлэг хийж 142-207 сантметрийн урттай, 12.5-35.5 сантметрийн диаметртэй 31 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь хуучин элэгдсэн, хөрөөний зүүн талд байх таг, хаалт нь улбар шар өнгөтэй. Бариул хэсэг нь пластик материалаар бүрхэгдсэн. Уг хөрөөний гинж эргэлдэх хэсэг нь хаалт байхгүй гинжний хэсэг нь элэгдэж зэвэрч хуучирсан байв. Уг хөрөөний ажлын хэсэг 70 см байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18, 22 дугаар тал/,

Ойд бэлтгэсэн 31 ширхэг шинэс төрлийн хуурай модыг битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Н.Юмчинрагчаагийн  өгсөн: Тухайн хэрэг  иргэний нэхэмжлэгчээр оролцохоо хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч Б.Цэрэнлхамын өгсөн: Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Бөөрийн гозгор гэх газарт 2021 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Баяржаргал нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хойд номгон гэх газраас 5 м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тухайн Бөөрийн гозгор гэх газар нь Хойд номгон гэх газраас 15-20 км зайтай байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай: Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Бөөрийн гозгор гэх газарт тусгаарлалтын ажил хийгдээгүй. Сайхан сумын ойн сан бүхий газар нь бүхэлдээ нэгдүгээр бүсэд хамаарна. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод. Бэлтгэсэн мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн. Ачиж тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 525.023 төгрөг. Ойжуулалт нөхөн сэргээлтийн зардал 0.50 га буюу 347.500 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 525.023 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1.575.069 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед манайд хуучин танил эмэгтэй Түмэнжаргал аавынхаа хамтаар Истана загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба Эрээний уурхайгаас нүүрс авах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хэсэг юм ярьж сууж байгаад нүүрс авахаар уурхай руу явсан. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд уурхайгаас нүүрс гараагүй учраас нүүрс өгөхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би Түмэнжаргалын аавыг өрөвдөөд өөрийн гэрийн гадаа байсан 2021 оны 10 дугаар сард Цэрэнлхамын бичиж өгсөн гоожингоор бэлтгэсэн модноос дөрвөн ширхэг 150 см урттай модыг машинд нь ачиж өгсөн. Тэгсэн Түмэнжаргал ахиад жаахан мод өгөөч гэхээр нь Бөөрийн гозгор гэх газар луу Түмэнжаргалын хамт яваад 2 ширхэг аянганд нэрвэгдсэн хугархай модыг хөрөөдөж цагаалж өгөөд машинд нь ачиж өгөөд явуулсан. ...Түмэнжаргал намайг мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэдгийг мэдэж байсан. Тэгээд л жаахан мод өгөөч гэж надаас гуйсан. Түмэнжаргал зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэж байгааг мэдээгүй. Нутгийн хүн биш учраас нутаг усны нэрийг сайн мэдэхгүй. Тусгаарлалт хийгдсэн Хойд номгон гэх газар нь манайхаас хол байдаг учраас Түмэнжаргалыг аавынхаа хамтаар модоо аваад эртхэн яваг гэж бодсон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Юмчинрагчаа, гэрч Б.Цэрэнлхам нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Баяржаргал нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинэс төрлийн модыг Булган аймгийн Сайхан сумын нутаг Хойд номгон гэх газраас бэлтгэхээр эрх бүхий байгуулагаас зөвшөөрөл авсан боловч тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хувийн эрх ашгийн үүднээс газрыг дөтөлж зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу тус аймгийн Сайхан сумын нутаг Бөөрийн гозгор гэх газрын ойд босоо мод хөрөөдөж 31 ширхэг буюу 3.113 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Баяржаргалын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Баяржаргал нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газрын ойд мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Б.Баяржаргалын эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон,  прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Баяржаргалын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 525.023 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 65 дугаар тал/ учирсан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.575.069 төгрөгийн /хавтаст хэргийн 71 дүгээр тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Б.Баяржаргал нь байгаль экологид учруулсан шууд хохирол 525.023 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн, /хавтаст хэргийн 119 дүгээр тал/ нөхөн төлбөрийг 2022 оны 5 дугаар сард төлөхөө илэрхийлсэн байх тул 1.050.046 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Баяржаргалыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баяржаргалын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 95-97, 103 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баяржаргал нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 6 дугаар баг, Сайхан овоо гэх газарт мал маллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Баяржаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/07 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Баяржаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд хохирлыг төлсөн, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 31 ширхэг 3.113 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж улбар шар өнгийн элэгдэж хуучирсан Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Баяржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Солгой овогт Бадамын Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баяржаргал нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баяржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Баяржаргалаас 1.050.046 /нэг сая тавин мянга дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 31 /гучин нэг/ ширхэг буюу 3.113м3 хэмжээтэй модыг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн элэгдэж хуучирсан цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баяржаргалаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД