Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0162/Э |
Дугаар | 2022/ШЦТ/191 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/191
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох 2108029370120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний ногоо зардаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Дунд нарангийн ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын У /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах Д.А-ын гэрт Х.Я, Ч.А нарын хамт архидан согтуурч, тэдний гэрээс хамтдаа гарч явсныхаа дараа Х.Я-ын эд зүйлс гэрт байгаа гэдгийг мэдсэний улмаас Д.А-ын гэрт буцаж орон түүний 14 настай охин болох Ц.Р-г тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдэхгүй гэдгийг тооцон, түүнд “Я ахынхаа гар утас, түрүүвчийг хурдан өгөөдөх” гэж хэлэн Х.Я-ын Рэдми-А9 маркийн гар утас, түрийвч, бэлэн 30,000 төгрөг, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсийг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 392,500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны ** тоотод байрлах гэрт насанд хүрээгүй Ц.Р-г “Я ах чинь аваад ир гэсэн” гэж худал хэлэн хуурч буюу зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.Р-д хадгалуулсан байсан Х.Я-ын 392500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь :
- хохирогч Х.Я-ын...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо ** дугаар байранд найз А-ынд архи уугаад тасраад сэрсэн гар утас, түрийвч байхгүй байсан...Түрийвчинд бэлэн 30.000 төгрөг, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх байсан...Тэгээд найзаасаа юм аа асуусан чинь манай охин хадгалсан байгаа гэсэн.../хавтаст хэргийн 15 дахь тал /...Миний гар утас, түрийвчийг А охиндоо өгч цааш нь хийсэн гэж хэлсэн. Тэгээд У нь А-ын охиноос “Я ахын чинь утас, түрийвч байна уу, аваад ир гэсэн” гэж хэлээд авсан гэж А-ын охин надад хэлсэн.../хавтаст хэргийн 17 дахь тал/,
- гэрч Ч.А-гийн...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз А-ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо **-р байрны ** тоот гэрт нь эхнэр У, найз Я, А болон 2 хүүхдийнх нь хамт байсан. Тэгээд бид 4 нэг пиво хувааж уучхаад бид 4 гарч Сонгинохайрхан дүүргийн **-р хороо **-р байрны ** тоотод орж бид нар хөзөр тоглосон...Я гар утас, түрийвчээ асуусан ба удалгүй У түрүүлж гарч явсан...Би араас нь А-ын гэрт очиход Р надад : У эгч “Я ахынхаа гар утас, түрийвчийг нь гялс аваад ир гэсэн” гээд авч явсан гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Ц.Р-гийн...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байр ** тоот гэртээ ээж А болон дүү Э, ээжийн найз Я, А, У нар гэрт пиво хувааж ууцгаасан. Тэгээд орой 20 цагийн үед ээж А нь найзууд болох Я, А, У нарын хамт гараад явсан. Тэгээд удалгүй ээж А нь Я ах чинь согтчихсон болохоор өглөө эрүүл болохоор нь өгье гэсэн. Тэгээд ээж А буцаад гарч явсан, удалгүй У эгч ирээд гар утсыг нь аваад гарсан...Надаас гялз гялз, Я ахынхаа утас, түрүүвчийг аваад ир гэж хэлэхээр нь өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- шүүгдэгч Б.У-ын...Би тухайн үед А эгчийн гэрээс гарах гэж байхдаа Я-ын түрийвч болон гар утсыг А эгчийн хүүхдээс аваад гар утсыг нь 21 дүгээр хороололд байдаг ломбардад барьцаанд тавиад алдсан харин түрийвчийг хогийн саванд хаясан.../хавтаст хэргийн 55 дахь тал/...Охиноос авахдаа “Я ах чинь гар утас, түрийвчээ асуугаад байна” гэж хэлээд авсан тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- “Тэнцвэр Эстимэйт“ ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан:...нийт хохирлын дүнг 362,500 төгрөг...гэх /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Б.У-ын 2021.11.09-ны өдрийн 21 цаг 47 минутад Редми-9 маркийн гар утас ломбардад тавьсан тухай бүртгэл /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-55/ болон бусад нотлох баримтуудын хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгч Б.У нь насанд хүрээгүй Ц.Р-г “Я ах чинь аваад ир гэсэн” гэж худал хэлэн хуурч буюу зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.Р-д хадгалуулсан байсан Х.Я-ын 392500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.У нь насанд хүрээгүй Ц.Р-г “Я ах чинь аваад ир гэсэн” гэж худал хэлэн хуурч, төөрөгдүүлэх арга замаар бусдын эд хөрөнгийг тийнхүү өөрийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлж авсан байх тул дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж түүний эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг илтэд “нууцаар” биш харин “илээр” авсан байх тул хулгайлах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Б.У-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогчид 392.500 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй /хх-16/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөртэй бөгөөд тус хохирлыг нөхөн төлөхөө зөвшөөрч, илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, 7 сартай нялх хүүхэдтэй, хувиараа хүнсний ногоо зардаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-22, 33-36, 37, 54, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь 7 сартай хүүхэдтэй, нөхөр А авч яваад өгөхгүй байгаа тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, Ч.А хүүгийн хамт амьдардаг гэсэн /хх-22/ байх боловч шүүгдэгчийн гэр бүлийн байдал, хүүхэдтэй холбоотой асуудал зэрэгт хамаарах нотлох баримтыг цуглуулж, шалгах ажиллагаа хийгдээгүй орхигдсон байгааг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.У-ыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.У-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.У-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.У-аас 392.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Я-т олгосугай.
7. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР