Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 24

 

 Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суудаг, регистрийн ОВ83030519 дугаартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Т ургийн овогт Ц-ийн Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т ургийн овгийн Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Тайж ургийн овогт Цэдэн-Ишийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Сансарт хохиролд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 10.000 /арван мянга/ рубль буюу 301.700 /гурван зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх”-ээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ..... Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргасан.

.....Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адуу хулгайлж, 6.850.000 төгрөгний хохирол учруулсан,

Ц.Б бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон.

....Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адуу хулгайлж, 6.850.000 төгрөгний хохирол учруулсан,

-Бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн болно.

Гэтэл шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй" гэж заасан байна.

....Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ц.Быг гэм буруугаа ойлгосон, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч одоог хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх хүчээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаа нь илт хууль бус шийдвэр гаргажээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргасан” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Ц.Б нь үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээсэн нь өөрийн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Ц.Б нь хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн ангиллын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Ц.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нөгөө хоёр хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглсэн нь үндэслэлтэй.

....Тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Прокурорын газраас Ц.Быг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэн.эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй“ гэж заасан байна.

Гэтэл Ц.Б нь бусдын 9 тооны адуу хулгайлж, 6.850.000 төгрөгний хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн.

Өөрөөр хэлбэл Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад шүүх Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Энэ талаар давж заалдсан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар  сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                    ШҮҮГЧИД                                            Д.МӨНХӨӨ

                                                                                                                 Н.МӨНХЖАРГАЛ