Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 115/2016/0001/З |
Дугаар | 221/МА2016/0311 |
Огноо | 2016-05-19 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2016/0311
2016 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2016/0311 | Улаанбаатар хот |
Иргэн Б.Б-У нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Б-У нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.788.698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжилтэн Б.Б-У нь ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажил таслан удирдлагаас өгсөн цаг үеийн ажлыг бүрэн хэрэгжүүлэлгүй ажил үүргээ цалгардуулсан зөрчил дутагдлыг гаргаж байсан. Б.Б-У нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажил тасалсан, мөн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1 хоногийн чөлөөг Засаг даргын орлогчоос авч, хугацааг хэтрүүлэн 1 өдөр ажил тасалсан.
Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлын үүрэг даалгавар болох Дулааны цахилгаан станцын техникийн комиссын хурлын тэмдэглэл хөтлөх ажлыг 08 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүй хувийн шалтаг, шалтгаан хэлж зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уг ажлыг орхин явсан. Цаашлаад сумын Засаг даргын 2013 оны А/154 дүгээр захирамжаар батлагдсан Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн гадаадад зорчих журам-ыг зөрчин өөрийн удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу зорчсон байдаг. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын цаг тараагүй байхад ажлаа орхин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу зорчиж, хувийн эрх ашигтаа нийцүүлэн ажил үүргээ цалгардуулсан.
Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар дээр газрыг олгож, гэрчилгээг олгосон. Үүрэгт ажилдаа хайнга хандаж, сумын гэр хорооллын гудамжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр авто зам барих трасст нөлөөллийн дур мэдэн амаар зөвшөөрөл олгож айл буулгаж, иргэн удирдах албан тушаалтны хооронд маргаан үүсгэсэн. Мөн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүний хамт 2015 оны 07 дугаар сарын 11-19 хооронд Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод аялах зохион байгуулалттай арга хэмжээний үеэр удирдлагад мэдэгдэлгүй орхин явсан зэрэг зөрчил дутагдлыг гаргасан. Эдгээр зөрчил дутагдалд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хамт олны хурал дээр амаар урьдчилан сануулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэх чиглэлийг удаа дараа өгч байсан.
Ингээд мэргэжилтэн Б.Б-У урьд өмнө гаргасан зөрчил дутагдал болон 08 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан алдаа, дутагдлыг удирдлагын зүгээс дүгнэн үзэж ажлаас халах шийдвэрт хүрсэн. Б.Б-Уд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын дагуу сахилгын шийтгэлийг дэс дараалан авах шаардлагагүй гэж үзэн, ажлаас халах шийдвэрт хүрсэн.
Засаг даргын Тамгын газрын даргаас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэргэжилтэн Б.Б-Уд гаргасан зөрчил дутагдлын талаар дахин мэдэгдэж, төрийн албан хаагч хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлагын талаар сануулсан. Б.Б-У нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, ажлаас халагдахад татгалзах зүйлгүй талаар тухайн үед амаар мэдэгдэж байсан.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү шийдвэр нь хууль тогтоомжийн дагуу гарсан болно гэжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Б-Уыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын харилцааны мэргэжилтэн-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Б-У ажилгүй байсан хугацааны цалин 3935424 /гурван сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1 .Шүүхийн шийдвэрт: Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн гадаадад зорчих журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгч нь журамтай огт танилцаж байгаагүй, энэ журмын талаар мэдээгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дурджээ.
Үүнд: Сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр захирамжаар батлагдсан Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн гадаадад зорчих журам-ыг Тамгын газрын албан хаагчид хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан мэргэжилтэн Б.Б-У өөрөө дээрх журмыг огт танилцаж байгаагүй гэж тайлбар өгсөн нь учир дутагдалтай юм. Б.Б-У нь өөрийн ажлын байрны тодорхойлолтоо бүрэн дүүрэн судлаагүй, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллах үүргээ умартсан бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд батлан гаргасан бодлогын баримт бичиг болох Гадаадад зорчих журмыг тус байгууллагад харьяалагдан ажиллаж байгаа албан хаагч биелүүлэх үүрэгтэй. Гэвч Б.Б-У нь ажлын цагаар удирдлагаас өгсөн цаг үеийн ажил үүргийг дур мэдэн орхин явж, ажлын цаг дуусаагүй байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод зорчсон зөрчил гаргасан нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь газраас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдсоор байхад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүй Засаг даргын Тамгын газрын дарга буюу хариуцагчийн журмыг хэрэгжүүлж ажиллаагүй эс үйлдэхүй байна, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Журмыг хэрэгжүүлж ажиллах субьект нь байгууллагын албан хаагчид бөгөөд зөвхөн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Засаг даргын Тамгын газрын дарга хариуцан ажилладаг.
2. Шүүхийн шийдвэрийн 1.6 дахь заалтад 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан талаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.
Үүнд мэргэжилтэн Б.Б-У нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Засаг даргын орлогч С.Батсайханаас 1 өдрийн чөлөөг авч, хугацааг хэтрүүлсэн байдаг. Сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/206 дугаар захирамжаар батлагдсан Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтад Гурав хүртэлх ажлын өдрийн чөлөөг Тамгын газрын дарга чөлөөний хуудсаар олгоно. Ажлын 3 өдрөөс дээш өдрийн чөлөөг бичгээр хүсэх ба томилох эрх бүхий удирдлага олгоно гэж тусгагдсан байдаг. Гэтэл мэргэжилтэн Б.Б-У нь чөлөөний хуудсыг албан ёсоор аваагүй бөгөөд тухайн үед Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрын ажилтай байсан гэдэг нь Засаг даргын орлогчоос 1 өдрийн чөлөө хүссэн шалтгаантай зөрчилддөг.
Тухайн үед Б.Б-У нь амин хувийн ажил буюу нөхрийнхөө дүүгийн хуримд явах болсон тул 1 өдрийн чөлөөг олгох талаар амаар хүсэлт тавьж, цаашлаад ажил тасалж, үүрэгт ажлаа цалгардуулан байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнд шүүхээс Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул, уурхайн хүрээлэнгийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтыг нягтлан шалгаагүй, үнэлсэн нь учир дутагдалтай байна.
3. Мөн шийдвэрийн 1.7 дахь заалтад: Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлын үүрэг даалгавар болох Дулааны цахилгаан станцын техникийн комиссын хурлын тэмдэглэл хөтлөх ажлыг 08 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй хувийн шалтаг, шалтгаан хэлж зөвшөөрөлгүй дур мэдэн ажлыг орхин явсан үйлдэлд шүүхээс үзсэн дараахь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үүнд: Б.Б-У бичээгүй хаясан тэмдэглэл нь ач холбогдолгүй байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргаж байгааг үндэслэлтэй байна гэж ач холбогдолтой, ач холбогдолгүй шүүх болон нэхэмжлэгчийн төлөөлөгч тодорхойлж байгаа нь харамсалтай байна. Энд төрийн ажил явагдаж байна, хэнд, ямар ажил хариуцуулах, тухайн ажлыг ач холбогдолтой юу үгүй гэдгийг манай байгууллага хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх асуудал юм.
Мөн шүүхээс Б.Б-У гаргасан зөрчлийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б-У гаргасан үйлдэл нь ажил үүргээ цалгардуулсан зөрчил юм. Ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа цаг үеийн хариуцлагатай ажлыг цалгардуулж, хурлын тэмдэглэл бичих ажлыг орхигдуулсан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй байна.
Иймд, удирдлагын зүгээс Б.Б-У ажил үүргээ цалгардуулсан зөрчлийн улмаас сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж үзэж, ажлаас халах шийдвэр гаргасанг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Б-Уаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр газрын харилцааны мэргэжилтэн Б.Б-Уыг ажлаас халсан нь хууль бус болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын цалингийн тооцооны картад газрын харилцааны мэргэжилтэн Б.Б-У 2015 оны 02 дугаар сарын цалинг бүтнээр олгосон талаар тусгасан байхад түүнийг 02 дугаар сарын 11-ний өдөр ажил тасалсан гэж үзсэн нь эргэлзээтэй талаар,
Мэргэжилтэн Б.Б-Уд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан гэх Дулааны цахилгаан станцын техникийн комиссын хуралдааны тэмдэглэлийг бичих үүргээ гүйцэтгээгүй, ажлыг дур мэдэн орхиж, гадаад улс руу явсан гэх болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн гадаадад зорчих журам-ыг зөрчсөн гэх асуудлуудад хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв дүгнэлт өгчээ.
Мэргэжилтэн Б.Б-У нь 2015 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд магистрын дадлагын сургалттай байсан нь тогтоогдсон, түүнийг магистрт суралцахыг эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн, улмаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн чөлөө олгосон атлаа чөлөөний хугацаа хэтрүүлж, 08 дугаар сарын 14-ний өдөр ажил тасалсан гэж түүнийг буруутгасан нь үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулиар газар эзэмших, өмчлөх эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгохоор байхад нэхэмжлэгч Б.Б-Уыг бусдад газар олгох шийдвэрийг амаар гаргасан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, ээлжийн амралттай байсан газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх хэмжээгүй албан тушаал болох сумын газрын даамлын албан үүргийг гүйцэтгэж байсантай нь холбогдуулан газар олгох шийдвэрийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг зохих журмын дагуу шалгаагүй атлаа нэхэмжлэгчийг дээрх байдлаар тогтоогдоогүй зөрчлүүдийг гаргасан нь үзэж, үүрэгт ажлаас нь халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасантай нийцээгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөнджээ.
Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ хариуцагч байгууллагыг аймгийн Засаг даргын Тамгын газрын гэж андуурсан боловч энэ нь хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР