Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч З.Дайриймаа,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Шүүгдэгч Ш.Жасталап, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Ш.Маам,

Шүүгдэгч Г.Алтантуяа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч П.Зоригоо, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгболд, түүний өмгөөлөгч Д.Гомбо

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Жасталапад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 230 дугаар зүйлийн 230.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Зоригоо, Б.Оюунцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526012632 дугаартай хэргийн шүүгдэгч

 

1. Монгол улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 20-ны Баян-Өлгий аймаг Өлгий  суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам аав, ээж, эхнэр нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 1-7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шитйтгэгдэж, 2000 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2001 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгэгдэж, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай захирамжаар 1 жил 10 сар хорих ялаас өвчний учир  суллагдсан, 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 59 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан ялтан Ш.Жасталапд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 2 жил 1 хоног хорих ял болгон тогтоож, хорих ял эдэлсэнд тооцож суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, БЮ79042015 дугаар регистртэй, Төлек овгийн Шамелын Жасталап,

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ХЕ86080884 дугаар регистртэй, Боржигон овгийн Ганболдын Алтантуяа,

 

3. Монгол улсын иргэн 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-81 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,  2002 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, ТЗ79070979 дугаар регистртэй, Шош овгийн Пүрэвээгийн Зоригоо,

 

4. Монгол улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр охины хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, УС59021540 дугаар регистртэй, Тайж овгийн Бадамгаравын Оюунцэцэг нарт холбогдох хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Ш.Жасталап согтууруулах ундааны ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21-54 тоотод Ц.Цоолоотой маргалдаж, улмаар зүүн эгэмний доод хэсэгт хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян уулын 7-1 тоот хашаанд байрлах “Харз” зочид буудлын 1 тоот өрөөнд дээрх гэмт хэргийг үйлдэн нуугдаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мандуул, цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Дорждаваа нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавихад нь Н.Мандуулын гэрэл ойлгогч хантаазыг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 10-01 тоотод Д.Шаравжамц, М.Лхамсүрэн нарын гэрт хамт архи ууж байхдаа хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж авдарт байсан цүнхтэй мөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас 900.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч П.Зоригоо, Б.Оюунцэцэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод иргэн Ц.Цоолоо нь бусдад хутгалуулж, улмаар амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ц.Цоолоо нь цус алдалтын шоконд орж нас барсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.Алтантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод иргэн Ц.Цоолоо нь бусдад хутгалуулж, улмаар амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ц.Цоолоо нь цус алдалтын шоконд орж нас барсан, мөн хамтран амьдрагч Ш.Жасталаптай Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харз” зочид буудалд 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд хамт байх хугацаандаа Ш.Жасталапыг Ц.Цоолоог хутгалж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Жасталап шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөөгүүр Шаравцамцынд очсон, Шаравжамц Уранчимэгт 20.000 төгрөг өгсөн. Уранчимэгийг тэндээс гарсаны дараа 40.000 төгрөг зээлчих гээд авсан. Орой нь би буцаж ирээд дахин мөнгө гуйхад 20.000 төгрөг өгсөн, нэмээд өгчих гэхэд мөнгө байхгүй гэснээ орны хажуугаас  бүслүүр шиг зүйл гаргаж ирээд дотроос нь 40.000 төгрөг авч өгсөн. Хэдэн төгрөг байгааг тоолоход 580.000 төгрөг байсан. Би Шаравжамцаас нийтдээ 100.000 төгрөг авсан. Би мөнгө булаагаагүй, тэтгэврийн зээл авсаныг нь мэдээгүй, өгсөн мөнгийг нь аваад гарсан юм. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талийгаач Цоолоогийнд нүүрс буулгаж өгсөн, тэднийд нэг шил архи хувааж уусан. Тэндээс гараад гэртээ ирэхэд манайд талийгаач байж байсан, мөн Зоригоо, Олдох, Алтантуяа, хадам аав ээж нар байсан, сүүлд нь Бат-Оргил орж ирсэн, бид нар архи уусан. Нилээн согтсон тул болсон асуудлыг сайн санахгүй байна. Талийгаач гадаа унасан байсаныг муу санаж байна, би түргэн дуудая гээд гарч гүйснээ муухан санаж байна. Гэртээ буцаж ирэхэд Зоригоо, Алтантуяа хоёр талийгаачийг гэрт оруулчихлаа гэж хэлсэн. Би түргэн, цагдаа ирэхээс өмнө айгаад Алтантуяаг дагуулаад буудал явсан. Тэгээд 20-ны өдөр буудалд байхад хоёр цагдаа орж ирсэн. Намайг гавлаад машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Надад цагдаагийн хантааз урсан асуудал байхгүй. Хохирогчийн ар гэрт уучлаарай гэж хэлье, ийм хэрэг үйлдсэндээ харамсч байна гэв.

 

Шүүгдэгч Г.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 18-нд Урнаа эгч, Олдох ах, Жасталап бид дөрөв архи уусан, Шаравжамц Лхамсүрэн нартай тааралдахад Уранчимэгийг гэртээ ороод ир гэсэн, Уранчимэг тэднийхээс 20.000 төгрөгтэй гарч ирсэн. Бид нар 2 шил архи аваад нэгийг нь хувааж уусан. Тэгээд харих гэж явж байгаад талийгаач Цоолоотой таарч тэднийд нүүрс буулгаж өгчихөөд гэртээ ирсэн. Жасталап дүүтэйгээ уулзана гээд гараад явсан. Би согтсон байсан болохоор унтсан, нэг сэртэл талийгаач Цоолоо, Жасталап хоёр багаж авна гээд хэрэлдэж байсан, би буцаад унтсан. Тэгтэл Зоригоо намайг сэрээгээд Жасталап Цоолоог хутгалчихаад явчихлаа, талийгаачийг гэрт оруулах хэрэгтэй байна гэхээр нь ээж, Зоригоо бид гурав гэртээ чирч оруулсан, тэгэхэд миний гар цус болсон байсан. Жасталап намайг буудалд хоноё, цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно гэхээр нь цуг явж буудалд 2 хоносон. 20-ны өдөр буудалд байхдаа баригдсан, талийгаачид тусламж үзүүлж чадаагүйдээ харамсч байна гэв.

 

Шүүгдэгч П.Зоригоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 18-нд 16 цаг өнгөрч байхад Жасталап, Урнаа, Олдох, Алтантуяа нартай таарсан, бид нар Уранчимэгийнд нэг шил архи хувааж уусан. Урнаа эгч гэртээ үлдээд, бусад нь тэндээс гараад явж байгаад Цоолоотой тааралдаад тэднийд нүүрс буулгасан. Талийгаач гэртээ үлдэж, бусад нь Ганболд ахынд очсон, тэнд архи уусан. Жасталап гарч яваад нилээн удаж байгаад ирсэн, дүүгээсээ мөнгө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад караоке орсон, караокеноос гараад дэлгүүр орж архи ундаа аваад Ганболд ахынд очиход талийгаач ирчихсэн байсан. Би их согтсон байсан, бие засчихаад 00-с гарч ирэхэд талийгаач хашааны хаалганы тэнд байсныг санадаг, талийгаач алхах гэж байгаад унасан. Би гэрт ороод Жасталап түргэн дуудахаар явсан, талийгаач гадаа осгочих байх, гэрт оруулая гэж Алтантуяад хэлээд гэрээс гарсан. Гадаа Алтантуяа бид хоёр талийгаачийг өргөх гэсэн боловч дийлээгүй тул Оюунцэцэг эгчийг дуудаад бид нар хамжилцаад талийгаачийг гэрт оруулж зуухны урдуур хэвтүүлсэн, би ч тэгээд унтсан. Өөрийн гэсэн ухаан мэдрэл байсан бол тусламж үзүүлэх л байсан гэв.

 

Шүүгдэгч Б.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн зөв. Хохирогчийн ар гэрт бэлнээр 100.000 төгрөг, дансаар 100.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач нь миний хамгийн том хүү байсан. Болсон асуудлыг хавтас хэрэгтэй танилцаад мэдсэн. Гэрийн гадаа, дотор, босго зэрэгт их цус болсон байна лээ. Миний хувьд их гомдолтой байгаа, оршуулгын зардалд 3.572.880 төгрөг гарсанаас Жасталапын ар гэрээс 800.000 төгрөг, Оюунцэцэгээс 200.000 төгрөг, Зоригоогоос 100.000 төгрөг, бүгд 1.100.000 төгрөг өгсөн байгаа. Одоо үлдэх мөнгөө болон талийгаачийн 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилнэ. Жасталапын ар гэрээс одоо 700.000 төгрөг өгнө гэж байгаа бол би хүлээн авнаа гэв.

 

Хохирогч Ц.Цэцэгболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Миний хувьд талийгаач Цоолоогийн төрсөн эх нь байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал 20 цагийн орчим байсан байхаа цагийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос миний төрсөн охин Алтангэрэл утсаар яриад “Цоолоо хүнд зодуулсан байнаа, бие нь муу байна, эмч нар найдваргүй гэж хэлж байна. Та наашаа яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Мөн тухайн үед охин Алтангэрэлийн дуу нь нэг л сонин дуугараад байхаар нь “юу болсон талаар үнэнээ хэл” гэтэл “Цоолоо хүнд хутгалуулаад нас барсан байна” гэж хэлсэн. Ингээд л би маргааш нь Улаанбаатар хотод ирэхэд хүү маань хүнд алуулсан байсан...гэжээ. /1хх-56, 2хх-107/,

 

Хохирогч Д.Шаравжамц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би эхнэрийн хамт хувцанцар сав тушаах гэж очиход тэр залуу бид хоёрыг мөнгөтэй болсонг яаж мэдсэн юм мэдэхгүй бид хоёрыг “нэг шил архи аваад өгөөч” гээд байхаар нь дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи нэг шилийг аваад бид нар манай гэрт очиж архийг хувааж уусан юм. Тэгтэл Жасталап архиа ууж дуусчихаад манай авдарын тагийг татаж онгойлгоод авдар дотор байсан цүнхтэй мөнгийг аваад зугатаах гэхээр нь би араас нь барьж авсан чинь дийлээгүй, тэр залуу цүнхтэй мөнгийг маань аваад зугатаасан. Тэгээд нилээн байж байгаад Жасталап орж ирээд 500.000 төгрөгийг нь өгөөд...гараад явчихсан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн зээл аваад 1.091.600 төгрөг авсан байсан. Тэрнээс бид 2 идэж уух юм аваад үрээд барагцаагаар 900.000 төгрөг үлдээд тэрийгээ цүнхэнд хийсэн байснаас 400.000 төгрөгийг нь үрчихсэн байсан юм. 500.000 төгрөгийг нь буцааж авчирч өгсөн. Би Жасталапаас юу ч авах билээ дээ, гардаг юм гарсан гэж бодож байна, хүний хүүхдийг ядарч явахад нь би нэрмээс болоод яахав буянаараа л болж дуусаг. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /1хх-57-59/,

 

Хохирогч Н.Мандуул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...хүн амины хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жасталап, Алтантуяа гэх хоёр хүн согтуу сэрүүн хэвтэж байхаар нь би хийн буугаа тулгаад “орон дээрээс бос, гараа шилэн дээрээ ав” гэж хэлэхэд босож ирэхгүй байхаар нь Дорждаваа сэжигтэн Жасталап гэгчийн гарнаас татаж орноос буулгах гэхэд эрэгтэй нь өөдөөс босож ирээд нөгөө гараараа Дорждавааг заамдаж эсэргүүцэхээр нь би хийн буугаа Алтантуяа руу тулгасан байдалтай Жасталапын нөгөө гараас нь барьж аваад доош нь харуулж өрөөний шалан дээр хэвтүүлэхэд Дорждаваа гарыг өчиж хоёр гарыг нь гавлах гэхэд дахин эсэргүүцэл үзүүлэн босох үйлдэл хийхээр нь би шилэн хүзүүн дээр нь өвдөглөн доош нь дарж хэвтүүлээд хоёр гарыг нь гавлах үед Жасталап “би та хоёрыг ямар хэргээр ирж намайг барьж байгааг мэдэж байна, та нар болсон хэргийн талаар ирсэн биз дээ, Алтантуяа ямарч хамаагүй шүү, би хийсэн шүү” гээд орилоод байхаар нь Дорждаваа Жасталапын хоёр гарыг нь ард нь гавлаад би сэжигтэн Алтантуяаг “босож хувцасаа өмс” гэхэд Алтантуяа босоод хувцасаа өмсөхөөр нь би хоёр гарыг нь ард нь гавлаад машиндаа суулгах гэхэд Жасталап “Алтантуяаг явуул” гээд орилоод суухгүй эсэргүүцээд байхаар нь хүчээр суулгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байранд авчраад хүлээлгэн өгсөн. Тухайн үед бид хоёр хутганаас хамгаалах хантааз өмсөж зүүсэн, би тусгай хэрэгсэл болох хийн бууг тус 1 тоот өрөө рүү орохдоо цэнэглэж аюулгүй байдлаа хангаж орж шаардлага тавихад уг этгээдүүд эсэргүүцсэн үйлдэл хийсэн тул гав хэрэглэн уг сэжигтэн этгээдүүдийн хөдөлгөөнийг хорьсон. Би хийн бууг цэнэглэж орсон боловч уг хийн бууг ашиглаагүй, сэжигтэн этгээдүүд эсэргүүцэл үзүүлэхээр нь гавлах үед Жасталап нь миний гэрэлтдэг хантаазны зүүн суга хэсгийг нь урж хохирол учруулсан...гэжээ. /1хх-60-62/,

 

Хохирогч Ш.Дорждаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...би Алтантуяаг нь бариад, Мандуул Жасталапыг нь бариад бид хоёр гараад машиндаа суулгах гэхэд Жасталап нь “Алтантуяаг явуул” гээд орилоод суухгүй эсэргүүцээд байхаар нь хүчээр суулгаад цагдаагийн 2 дугаар хэлтсийн байранд авчраад хүлээлгэн өгсөн...шаардлага тавихад уг этгээдүүд эсэргүүцсэн үйлдэл хийсэн тул гав хэрэглэн уг сэжигтэн этгээдүүдийн хөдөлгөөнийг хорьсон. Жасталап нь ахлах дэслэгч Мандуулын гэрэлтдэг хантаазны зүүн суга хэсгийг нь урж хохирол урчуулсан...гэжээ. /1хх-64/,

 

Гэрч М.Лхамсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Жасталап архиа ууж дуусчихаад манай авдрын тагийг татаж онгойлгоод авдар дотор байсан цүнхтэй мөнгийг аваад зугатаасан. Тэгээд нэлээн байж байгаад Жасталап орж ирээд 500,000 төгрөгийг нь өгөөд буцаад гараад явчихсан. 2015-12-16-ны өдөр би тэтгэврийн зээл 1,091,600 төгрөг авсан байсан...бид хоёр идэж уух юм аваад барагцаагаар 900,000 төгрөг үлдээд тэрийгээ цүнхэнд хийсэн байснаас 400,000 төгрөгийг нь үрчихсэн байсан...500,000 төгрөгийг нь буцааж авчирч өгсөн” гэжээ. /1хх-67/,

 

Гэрч Л.Олдох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ганболд ахын гэрт нь ууж байгаад нилээн согтоод гэртээ орж унтсан. Гэхдээ цагийг сайн санахгүй байна, 23 цагийн орчим гэртээ орсон байх. Ингээд л шууд газар ор засаад л унтсан. Харин маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дөнгөж гэгээ орж байхад сэрэхэд Оюунцэцэг эгч газар миний хажууд ор зассан байдалтай унтаж байсан. Удалгүй гаднаас Ганболд ах орж ирсэн гэжээ. /1хх-68-71, 2хх-108/,

 

Гэрч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Жасталап талийгаачийг хутгалж байхыг хараагүй бусад хүмүүс харсан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ Зоригоо хажуу талд нь зогсож байсан учир харсан байх. Гэхдээ цус гараад эхлэх үед нь хутгалчихлаа гэж бодсон, тухайн үед Жасталапын хадам аав, ээж хоёр болон эхнэр Туяа, Олдох нар бүгд мэдсэн. Тэгтэл Жасталап Зоригоо хоёр талийгаачийг аваад гарсан. Би араас нь гараад гэртээ харих гээд явах гэж байхад талийгаач гэх залуу хашааных нь үүдний дотор талд цасан дээр суучихсан, Зоригоо хажуу талд нь юм яриад зогсож байсан. Харин Жасталап эмнэлэг дуудна гээд гараад гүйчихсэн. Харин намайг явах үед Жасталапын хадам аав, ээж хоёр болон түүний эхнэр Туяа, Олдох нар үлдсэн. Жасталапаас талийгаач гэх залуу 30.000 төгрөг яасан бэ? Би чамд хадгалуулсан биз дээ гэж нэхэхэд Жасталап нь би аваагүй шүү дээ гээд маргалдаад байсан. Тэр хоёр өөр юмнаас болж маргалдаагүй. ...тухайн өдөр би цахилгаан дриллийг зарах гэж Ганболд ахын гэрт нь орсон бөгөөд миний дриллийг Цоолоо ч авна гээд, Жасталап ч авна гээд хоёр талаас ярьж байгаад хоорондоо маргасан. Эхэндээ зүгээр л ярьж байснаа сүүлдээ нилээн ширүүн маргаан болсон. Бие биенийгээ хараалын үгээр хараагаад л байсан...Ер нь бол миний зарах гэж байсан цахилгаан дриллээс болж Цоолоо, Жасталап хоёр маргасан бөгөөд маргаж байгаад гэрээс гарахад нь би хойноос нь гарсан юм. Гэтэл Жасталап Цоолоогийн мөр рүү нь хоёр гараараа түлхэж байх шиг харагдсан. Гэтэл Цоолоогийн зүүн талын мөр хэсгээс нь цус гараад эхэлсэн. Гэрийн гадаа болсон асуудал. Би урд өгсөн байцаалтан дээрээ өөрийнхөө хэлэх гэж байгаа санааг байцаалт авч байгаа хүнд буруу ойлгуулж хэлсэн байна. Тэгээд л Жасталап түргэн дуудна гээд цаашаа явчихаар нь нээрээ л түргэн дуудчих байх гэж бодоод явсан гэжээ. /1хх-84, 2хх-110/,

 

Гэрч А.Батзолбоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түргэний эмчээр ээлжинд гарч байхад 09 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Одонтын 21-55 тоотод “хүн сэрэхгүй байна” гэсэн утга бүхий дуудлага орж ирсэн. Энэхүү дуудлагын дагуу очиход...гэрийн зүүн урд хэсэгт буюу зуухны орчим дээгүүр нь цамц шиг зүйл нөмрүүлэн дээш харан хэвтсэн эрэгтэй хүн байсан. Тухайн үед би хүүхэн харааг нь болон зүрх амьсгалыг нь шалгаж үзэхэд уг хүн нас барсан байсан...биед нь үзлэг хийхэд зүүн эгэмний орчим иртэй зүйлээр үүссэн байх боломжтой цээж рүү нэвтэрсэн шарх байсан. Мөн бие хэсгээр бага зэрэг цустай байсан. Харин хашаан дотор цасан дээр нилээн их цус болсон байсан гэжээ. /1хх-85/,

 

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Хэрэв эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой гэмтэл гэжээ. /2хх-135/,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн № 32 тоот акт. Дүгнэлт:

 1. Талийгаачид зүүн эгэмний доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн зүүн эгэмний дунд шугамаар 1, 2-р хавирга завсараар цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Хутгалагдсан гэмтэл үүсээд нас барах хүртэл 18 цагаас ихгүй хугацаа болсон байхаар байна.

2. Дээрх гэмтэл нь ажлын хэсгийн урт 10 см-с багагүй, өргөн нь 2,5 см-с багагүй хатгагч зүсэгч багажийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Талийгаач нь уушигны шархнаас цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.

4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаачийн цус нь АВО системээр бүлгийн О/1/ харъяалалтай байна.

6. Талийгаач архаг архисах өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй гэжээ. /1хх-128-130/,

 

Шүүхийн химийн шинжээчийн № 570 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Цоолоогийн гэх  цусанд 3.0%, шээсэнд 2.7 хувь, спиртийн агууламж илрэв гэжээ. /1хх-131/,

 

Шүүхийн мөр судлалын шинжээчийн № 119 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино хүрэмний баруун суга зүүн хажуу оёдолд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай, баруун суганы ар хэсэгт хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдсон уранхай, баруун ханцуйн ар болон ур талд тохойны хэсэгт хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин уранхай, баруун ханцуй, баруун хормой, зүүн энгэр хэсэгт халалтын хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан цоорсон уранхайууд байна гэжээ. /1хх-157/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн № 163 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль дээр цус илэрсэн, уг илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /1хх-188/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн № 159 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн барын зурагтай орны бүтээлэг, ногоон эрээн куртик дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /1хх-200/,

Шүүхийн биологийн шинжээчийн №270 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хилэн куртик, улаан болон хар шоотой срочкон цамцан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ /1 хх-204/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 186 дугаартай магадлагааны дүгнэлтэнд:

1. Ш.Жасталап нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2. Ш.Жасталап нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.  Ш.Жасталап нь хэрэг хариуцах чадвартай байна.

4.Ш.Жасталапад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /1хх-231/,

 

Шүүгдэгч Ш.Жасталап мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...Цоолоо оргио ах 2 авна, авахгүй гэдэг дээрээсээ болоод маргаад байхаар нь би уурлаж ширээн дээр байсан бугын эвэртэй адилхан бариултай хутгыг баруун гартаа бариад Цоолоогийн зүүн гар талын эгэм орчимд нь нэг удаа хатгана гэж бодолгүй, айлгах гэж далайсан чинь хатгаад татчихсан...миний хувьд Цоолоог хутгалж алсанаа хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрч байгаагаа ч урд урдны мэдүүлгүүд дээрээ үнэн зөвөөр нь хэлж ярьсан байгаа. Харин одоо сонсгож байгаа зүйл ангиуд буюу Шаравжамц өвөөгөөс 900.000 төгрөг булаасан болон Харз зочид буудалд байх үедээ цагдаа нарыг эсэргүүцсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна…гэжээ. /1хх-248/,

 

Шүүгдэгч Г.Алтантуяа мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

…Оргио ах нэг цахилгаан хөрөө шиг зүйл зарах гээд байгаа бололтой уг хөрөөг нь Цоолоо авах гэсэн чинь Жасталап би авна гээд хоорондоо маргаад байсан. Удалгүй Жасталап, Цоолоо хоёр маргаад гэрээс гарсан, удалгүй хойноос нь Зоригоо гарсан...Зоригоо буцаж орж ирээд сандарсан байдалтай намайг сэрээгээд Жасталап Цоолоог хутгалаад зугтаачихлаа, Цоолоо цус нөжтэйгөө холилдоод үүдэнд хэвтэж байна, оруулах гэсэн чинь би даахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж Оюунцэцэгийг сэрээгээд гэрээс гартал гадаа гэгээ тасарсан харанхуй болсон байсан. Мөн хашаан дотор хашааны хаалганы харалдаа дотор талд Цоолоо хэвтэж байхаар нь Зоригоо, ээж Оюунцэцэг бид 3 өргөөд гэрт оруулан гэрийн зүүн талд буюу зуухны амны харалдаа газар хэвтүүлсэн. Тухайн үед Цоолоогийн бие нь хөдлөхгүй, амьсгаа авахгүй юм шиг хэвтээд байсан. Мөн миний гар цус болчихсон байсан...хутгаар хатгуулж биедээ гэмтэл авсаныг нь мэдэж байсан...гэжээ. /2хх-5/,

 

Шүүгдэгч П.Зоригоо мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...унтаж байтал Оюунцэцэг эгч намайг Зоригоо, Зоригоо гээд дуудаад байхаар нь сэртэл...Цоолоо гэрийн баруун урьд талд байдаг гал тогооны шүүгээний урд дээшээ хараад хувцастайгаа хэвтэж байсан...Оюунцэцэг эгч надад хандан наад Цоолоогоо босгоод орон дээр хэвтүүл гэж хэлэхээр нь би босч очоод Цоолоогийн 2 суганаас нь татаад дийлэхгүй болохоор нь Цоолоо руу хартал зүүн гарын булчин хэсэгт нь хутгалуулчихсан юм шиг шарх байхаар нь би өөрийнхөө өмс ч байсан куртикээ дээрээс нь бүтээгээд буцаад орон дээрээ гараад унтаад өгсөн юм...гэжээ. /2хх-11/,

 

Шүүгдэгч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...тасраад унтсан байсан...намайг Алтантуяа дуудаж сэрээхээр нь юу болсон талаар асуухад надад хандан “ээж гадаа Цоолоо хэвтэж байна, оруулая” гэхээр нь би боссон...Зоригоо, Алтантуяа бид 3 гэрээс гартал Цоолоо гэх залуу хашаан дотор хашааны хаалганы харалдаа хэвтэж байсан. Зоригоо Алтантуяа бид гурав өргөөд гэрт оруулж хэвтүүлсэн...гэжээ. /2хх-17/,

 

Шүүгдэгч Ш.Жасталап, Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-43, 50, 116, 117/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-25/, Ш.Жасталапын бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-46/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэг /тэтгэврийн зээл 1.091.600 төгрөгийг банкнаас авсан/  баримт /2хх-106/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Алтантуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Алтантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүд...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг эдэлж...гэмт хэргийн талаар мэдээлэхгүй байх боломжтой байсан, мөн бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байх ба аюултай нөхцөлд байгаа этгээдэд тусламж үзүүлэхээс зайлсхийсэн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байгаа тул түүний үйлдэлд давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгийг зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Иймд  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.Жасталап согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21-54 тоотод Ц.Цоолоотой бусдын зарах гэж байсан хөрөөг авах асуудлаас болж маргалдаж, улмаар Ц.Цоолоог зүүн эгэмний доод хэсэгт хутгалсанаас 1, 2-р хавирга завсараар цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээн Ц.Цоолоо нь уушигны шархнаас цус алдаж цус алдалтын шокоор нас барж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баянуулын 7-1 тоот хашаанд байрлах “Харз” зочид буудлын 1 тоот өрөөнд дээрх гэмт хэргийг үйлдэн нуугдаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мандуул, цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Дорждаваа нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавихад нь Н.Мандуулын гэрэл ойлгогч хантаазыг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 10-01 тоотод Д.Шаравжамц, М.Лхамсүрэн нарын гэрт хамт архи ууж байхдаа хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж авдарт байсан цүнхтэй мөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас 900.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь, шүүгдэгч Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-54 тоотод иргэн Ц.Цоолоо нь бусдад хутгалуулж улмаар амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ц.Цоолоо нь цус алдалтын шоконд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ц.Цэцэгболдын “...Улаанбаатар хотоос миний төрсөн охин Алтангэрэл утсаар яриад “Цоолоо хүнд зодуулсан байнаа, бие нь муу байна, эмч нар найдваргүй гэж хэлж байна. Та наашаа яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Мөн тухайн үед охин Алтангэрэлийн дуу нь нэг л сонин дуугараад байхаар нь “юу болсон талаар үнэнээ хэл” гэтэл “Цоолоо хүнд хутгалуулаад нас барсан байна” гэж хэлсэн. Ингээд л би маргааш нь Улаанбаатар хотод ирэхэд хүү маань хүнд алуулсан байсан...” гэх /1хх-56, 2хх-107/, хохирогч Д.Шаравжамцын “...тэтгэврийн зээл аваад 1.091.600 төгрөг авсан байсан. Тэрнээс бид 2 идэж уух юм аваад үрээд барагцаагаар 900.000 төгрөг үлдээд тэрийгээ цүнхэнд хийсэн байснаас 400.000 төгрөгийг нь үрчихсэн байсан юм. 500.000 төгрөгийг нь буцааж авчирч өгсөн...” гэх /1хх-57-59/, хохирогч Н.Мандуулын “...Тухайн үед бид хоёр хутганаас хамгаалах хантааз өмсөж зүүсэн, би тусгай хэрэгсэл болох хийн бууг тус 1 тоот өрөө рүү орохдоо цэнэглэж аюулгүй байдлаа хангаж орж шаардлага тавихад уг этгээдүүд эсэргүүцсэн үйлдэл хийсэн тул гав хэрэглэн уг сэжигтэн этгээдүүдийн хөдөлгөөнийг хорьсон...сэжигтэн этгээдүүд эсэргүүцэл үзүүлэхээр нь гавлах үед Жасталап нь миний гэрэлтдэг хантаазны зүүн суга хэсгийг нь урж хохирол учруулсан...” гэх /1хх-60-62/, хохирогч Ш.Дорждаваагийн “...шаардлага тавихад уг этгээдүүд эсэргүүцсэн үйлдэл хийсэн тул гав хэрэглэн уг сэжигтэн этгээдүүдийн хөдөлгөөнийг хорьсон. Жасталап нь ахлах дэслэгч Мандуулын гэрэлтдэг хантаазны зүүн суга хэсгийг нь урж хохирол урчуулсан...” гэх /1хх-64/, гэрч Б.Бат-Оргилын “…миний зарах гэж байсан цахилгаан дриллээс болж Цоолоо Жасталап хоёр маргасан бөгөөд маргаж байгаад гэрээс гарахад нь би хойноос нь гарсан юм. Гэтэл Жасталап Цоолоогийн мөр рүү нь хоёр гараараа түлхэж байх шиг харагдсан. Гэтэл Цоолоогийн зүүн талын мөр хэсгээс нь цус гараад эхэлсэн...” гэх /1хх-84, 2хх-110/, гэрч М.Лхамсүрэнгийн “…Жасталап архиа ууж дуусчихаад манай авдарын тагийг татаж онгойлгоод авдар дотор байсан цүнхтэй мөнгийг аваад зугатаасан...би тэтгэврийн зээл 1.091.600 төгрөг авсан...идэж уух юм аваад барагцаагаар 900.000 төгрөг үлдээд тэрийгээ цүнхэнд хийсэн байснаас 400.000 төгрөгийг нь үрчихсэн...500.000 төгрөгийг нь буцааж авчирч өгсөн...” гэх /1хх-67/, гэрч А.Батзолбоогийн “…гэрт ороход гэрийн зүүн урд хэсэгт буюу зуухны орчим дээгүүр нь цамц шиг зүйл нөмрүүлэн дээш харан хэвтсэн эрэгтэй хүн байсан. Тухайн үед би хүүхэн харааг нь болон зүрх амьсгалыг нь шалгаж үзэхэд уг хүн нас барсан байсан. Энэ талаар гэрт байсан хүмүүст хэлсэн. Мөн тухайн цаг хугацаанд биед нь үзлэг хийхэд зүүн эгэмний орчим иртэй зүйлээр үүссэн байх боломжтой цээж рүү нэвтэрсэн шарх байсан. Мөн бие хэсгээр бага зэрэг цустай байсан. Харин хашаан дотор цасан дээр нилээн их цус болсон байсан” гэх /1хх-85/, шинжээч эмч Б.Ариунзулын “...Амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Хэрэв эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой гэмтэл” гэх /2хх-135/, шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 119 тоот акт, шүүхийн биологийн шинжээчийн 163, 159, 270 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-25/, Ш.Жасталапын бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-46/, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Ш.Жасталапыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хохирогчийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булааж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 230 дугаар зүйлийн 230.1, 146 дугаар зүйлийн 146.2 дах зааснаар, Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нарыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Жасталапын өмгөөлөгч нар шүүгдэгч нь талийгаач Ц.Цоолоог хутгалсаны улмаас талийгаач уушигны шархнаас цус алдаж цус алдалтын шокоор нас барсан, шүүгдэгч Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нар хохирогчид тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан тул түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөх, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хохирогчийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булааж авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй, хохирогч нар хохирол нэхэмжилдэггүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 146 дугаар зүйлийн 146.2 дах зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар, шүүгдэгч П.Зоригоогийн өмгөөлөгч энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь алдаатай явагдсан, шинжээчийг байцаасан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд шинжээчийн өгсөн тайлбарыг үндэслэн шүүгдэгч П.Зоригоод бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсгээр ял сонсгосон нь үндэслэлгүй, П.Зоригоогийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тус тус онолын тайлбар гаргалаа.

 

Шүүгдэгч Ш.Жасталапын үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хохирогчийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булааж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч П.Зоригоогийн бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гаргасан шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтүүд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдсон, шинжээч эмч Б.Ариунзулын /2хх-135/ өгсөн тайлбарыг шүүх үнэлэх боломжтой, хохирогч нар өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, талийгаач гадаа хутгалагдсан байдалтай байхад нь шүүгдэгч Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нар хамтран гэрт оруулсан, талийгаачаас их хэмжээний цус гарсан байсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдсон /1хх-5-25/, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон байна.

 

Шүүгдэгч Ш.Жасталапд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг  үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Шүүгдэгч Б.Оюунцэцэг, П.Зоригоо, Г.Алтантуяа нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Г.Алтантуяа, П.Зоригоо, Б.Оюунцэцэг нарын хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгболд оршуулгын зардалд 3.572.880 төгрөг гарсан, үүнээс шүүгдэгч Ш.Жасталапын ар гэрээс 1.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Оюунцэцэг, Г.Алтантуяа нараас 200.000 төгрөг, шүүгдэгч П.Зоригоос 100.000 төгрөг, нийт 1.800.000 хүлээлгэн өгснийг хасч тооцон, үлдэх хохирлоо болон талийгаачийн бага насны 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт авагдсанаар 2.310.430 төгрөгийн баримт /2хх-68-84/ байх ба төлөгдсөн 1.800.000 төгрөгийг хасаад, үлдэх 510.430 төгрөгийг шүүгдэгч Ш.Жасталапаас нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгболдоос  талийгаачийн асрамжинд байсан бага насны 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэхэмжилсэн боловч шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ тогтоолоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Ц.Цэцэгболд өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Жасталапаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг ахуйн хэрэглээний хутга, 1 ширхэг ахуйн хэрэглээний заазуур, шүүгдэгч П.Зоригоогийн гарын 10 хурууны хумснууд, П.Зоригоогийн толгойн үс, Ц.Цоолоогийн баруун болон зүүн гарын хумс, Ц.Цоолоогийн толгойн үс, 6 ширхэг тамхины иш, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дээж 1 ширхэг, Ш.Жасталапын өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, П.Зоригоогийн өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, улбар шар өнгийн фудволк 1 ширхэг, хагас түрийтэй хар өнгийн гутал 1 хос, хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн 1 хос оймс, аяга 1 ширхэг, хундага 3 ширхэг, ногоон цоохор өнгөтэй хар өнгийн захтай ажлын куртик 1 ширхэг, хар саарал өнгийн барын зурагтай бүтээлэг 1 ширхэг, улаан алаг өнгөтэй ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн өвлийн куртик 1 ширхэг, 0.75 граммын хараа архины шил 2 ширхэг, 0.75 монгол стандарт архины шил 5 ширхэг, 0.33 граммын монгол стандарт архины шил 1 ширхэг, 0.5 граммын монгол стандарт архины шил 1 ширхэг, шилэн стакан 1ширхэг, west болон LD тамхины хайцаг тус бүр 1 ширхэг, дотроо тамхины иштэй шилэн үнсний сав 1 ширхэг, 2 литрийн Fanta ундааны 1 ширхэг, 6 ширхэг ноосон оймс, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хөхөвч 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн үстэй куртик 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Төлек овгийн Шамелын Жасталапыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж хувцасыг урсан, хохирогчийг эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булааж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Ганболдын Алтантуяа, Шош овгийн Пүрэвээгийн Зоригоо, Тайж овгийн Бадамгаравын Оюунцэцэг нарыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Ш.Жасталапыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жил хорих ялаар, 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Г.Алтантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 3 жил 3 сар хорих ялаар, П.Зоригоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар, Б.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Ш.Жасталапад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус багтааж, Ш.Жасталапын биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ш.Жасталапад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Алтантуяа, Б.Оюунцэцэг, П.Зоригоо нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар    Ш.Жасталапын цагдан хоригдсон 163 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Г.Алтантуяа, Б.Оюунцэцэг, П.Зоригоо нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай .

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ш.Жасталапаас 510.430 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цэцэгболдод олгож, хохирогч Д.Шаравжамц, Н.Мандуул, Ш.Дорждаваа нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгболд өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг ахуйн хэрэглээний хутга, 1 ширхэг ахуйн хэрэглээний заазуур, П.Зоригоогийн гарын 10 хурууны хумснууд, П.Зоригоогийн толгойн үс, Ц.Цоолоогийн баруун болон зүүн гарын хумс, Ц.Цоолоогийн толгойн үс, 6 ширхэг тамхины иш, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дээж 1ширхэг, Ш.Жасталапын өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, П.Зоригоогийн өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, улбар шар өнгийн фудволк 1 ширхэг, хагас түрийтэй хар өнгийн гутал 1 хос, хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн 1 хос оймс, аяга 1 ширхэг, хундага 3 ширхэг, ногоон цоохор өнгөтэй хар өнгийн захтай ажлын куртик 1 ширхэг, хар саарал өнгийн барын зурагтай бүтээлэг 1 ширхэг, улаан алаг өнгөтэй ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн өвлийн куртик 1 ширхэг, 0.75 граммын хараа архины шил 2 ширхэг, 0.75 монгол стандарт архины шил 5 ширхэг, 0.33 граммын монгол стандарт архины шил 1 ширхэг, 0.5 граммын монгол стандарт архины шил 1 ширхэг, шилэн стакан 1ширхэг, west болон LD тамхины хайцаг тус бүр 1 ширхэг, дотроо тамхины иштэй шилэн үнсний сав 1 ширхэг, 2 литрийн Fanta ундааны 1 ширхэг, нийт 6 ширхэг ноосон оймс, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хөхөвч 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн үстэй куртик 1 ширхэг зэргийг устгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Г.Алтантуяад оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг, П.Зоригоод оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг, Б.Оюунцэцэгт оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Ш.Жасталапад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Жасталапыг цагдан хорьсныг, Б.Оюунцэцэг, П.Зоригоо, Г.Алтантуяа нарыг бусдын батлан даалтанд өгснийг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                             Г.ГАНБААТАР

 

                                                                     Г.АЛТАНЦЭЦЭГ