Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00769

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02249 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЧС” ХХК-д холбогдох,

20 983 508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Жавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Сэргэлэнтэй ТКЕК-MN20145836 тоот цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулж, зорчигчийн цахилгаан шат 2 ширхэгийг нийт 102 774 ам.доллараар иргэн Д.Сэргэлэнгийн барьж буй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан Гүний гудамж 22 тоот барилгад нийлүүлж, угсрахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд хэсэгчлэн нийт 96 634 ам.долларыг төлж, 6 140 ам.долларын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хойшлуулсаар байна.

Иймд хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 6 140 ам.доллар буюу 15 096 049 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5 887 459 төгрөг, нийт 20 983 508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Т” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан. “Т” ХХК танай компани цахилгаан шатаа эхний ээлжинд хүлээгээд авчих, дараа нь манайх шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж хэлсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн актаар уг цахилгаан шатыг хүлээн авсан. Гэвч ажлыг нь хүлээж авснаас хойш засварын ажил нэг ч удаа хийгдээгүй. Үүнээс шалтгаалан манай барилгын цахилгаан шат өнөөдрийг хүртэл дуу чимээ ихтэй, савлалттай, зарим товчлуур ажиллахгүй, цахилгаан шатны түвшин зөрүүтэй, цахилгаан шатны хаалганы порем зөрүүтэй байдалтай байна. 

Манай компаний зүгээс хууль болон гэрээнд заасан эрхийн дагуу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. “Т” ХХК нь гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ-Оюутын нэрээр нэхэмжлэл гаргасан. Гэвч манай компанийн зүгээс Б.Эрдэнэ-Оюут захиралтай холбогдоход нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, компани дээрээ 2018 оны 7 дугаар сараас хойш очоогүй гэсэн хариуг өгсөн. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02249 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ЧС ХХК-иас 15.096.049 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.983.508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЧС ХХК-иас 233.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тодорхой заасан.

... Манай компани нь Д.Сэргэлэнгийн өмчлөлийн барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн нийлүүлсэн 2 цахилгаан шатны ашиглалттай холбоотой зөрчлийг арилгуулах, засвар үйлчилгээг хийлгүүлэх зорилгоор манай компанийн ажилтнууд тус компанитай удаа дараа албан бичгээр болон бусад хэлбэрээр харилцаж байсан. Эдгээр ажилтнууд нь зөвхөн өөрсдийн ажил үүргийн хүрээнд ажлаа хийж байсан болохоос биш компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш юм. Гэтэл шүүх энэхүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэхгүйгээр хавтас хэрэгт авагдсан баримтуудад байгаа ажилтнуудыг манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө гэж үзсэн.

...Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.-т эзэмшигчтэй тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэгч болохыг... тодорхой заасан.

Нэхэмжлэгч “Т” ХХК болон манай компаниудын хооронд өр шилжүүлэх тохиролцоо бүхий TKEK1MN20145836 тоот гэрээтэй адил хэлбэрээр буюу бичгээр байгуулагдсан гэрээ огт байхгүй.

...Давж заалдах шатны шүүх манай компанийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18/10 тоот албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын бичгээр болон амаар гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнээгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байна. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “ЧС” ХХК-иас цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 20 983 508 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч “ЧС” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нийлүүлж, угсарсан цахилгаан шатны ажиллагаа доголдолтой тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч тал буюу нэхэмжлэгч “Т” ХХК нь Т круп брэндийн 2 ширхэг иж бүрдэл, зорчигчийн шинэ цахилгаан шатыг нийлүүлж, угсрах, худалдан авагч буюу хариуцагч “ЧС” ХХК нь гэрээний үнийн дүн 102 774 ам.долларыг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Зохигчийн хооронд үүссэн харилцааг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн гэж үзсэн учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчийн хоорондох гэрээний 1.1.-д “худалдагч тал худалдан авагч талд Thyssen Krupp брэндийн 2 ширхэг иж бүрдэл зорчигчийн шинэ цахилгаан шат үйлдвэрлэн нийлүүлнэ”, 1.2.-т “барааны овор хэмжээ, тоо ширхэг, үнийг энэхүү гэрээний салшгүй хэсэг болох 1-р хавсралтад тодорхойлсон техникийн үзүүлэлтийн дагуу үйлдвэрлэнэ” гэж заасан боловч гэрээний 3.1.-д гэрээний үнэ болох 102 774 ам.долларт “тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардал, экспортын тээвэрлэлтийн барааны баглаа боодол, тэмдэг, даатгал, бараа ачаалалт болон нийлүүлэлтийн зардлууд, гаалийн татвар, НӨАТ, тоног төхөөрөмжийн угсралтын зардал” багтаж буй талаар заасан байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь цахилгаан шат үйлдвэрлэдэг биш харин гадаад худалдаа, аялал жуулчлал, төсөл хэрэгжүүлэх, барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна. Энэ утгаар Thyssen Krupp брэндийн цахилгаан шатын иж бүрдлийг импортоор оруулж ирж, угсран нийлүүлдэг ажиллагааг цахилгаан шат үйлдвэрлэдэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар цахилгаан шатыг угсарч худалдан авагчид суурилуулж өгөх ажиллагааг мөн ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх нь учир дутагдалтай болно.

Харин зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан цахилгаан шат худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдан авагч тал гэрээний зүйлийн үнийг дутуу төлсөн бол худалдагч төлбөр гаргуулахыг шаардах эрхтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигч нь 2017 оны 03 дугаар сарын 19, 28-ны өдрүүдэд 2015 онд үйлдвэрлэгдсэн 2 цахилгаан шат хүлээлцэх акт үйлдэж, нэхэмжлэгч тал хариуцагчид цахилгаан шатыг давхруудын түвшин, хаалганы поремыг хэвийн болгож, бүрэн бүтэн байдлыг хянан шалгаж хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн, талуудын санхүүгийн ажилтнууд тооцоо нийлж, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдлийн баталгаа гаргасан байна.

Цахилгаан шатны давхрын түвшин болон хаалганы порем зөрүүтэй байдлыг засварласны дараа хүлээн авахад бэлэн гэх хариуцагч “ЧС” ХХК-ийн менежер, тооцооны баталгаа гаргасан нягтлан бодогч нар нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй гэх хариуцагчийн тайлбар Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасан зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. 

Нөгөө талаар, хуулийн этгээдийн холбогдох ажилтнууд ажил үүргийнхээ хүрээнд бусад этгээдтэй харилцсан үйлдлийг төлөөлөх эрхгүй этгээдийн ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч “ЧС” ХХК-ний төлсөн мөнгө, үлдэгдэл төлбөр зэргийг хоёр шатны шүүх үндэслэлтэй тооцоолсон байна.

Зохигч нь тооцоо нийлэхдээ алдангийн талаар заагаагүй учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

Хариуцагч “ЧС” ХХК нь цахилгаан шатыг суурилуулсан ажиллагааны дутагдлын талаар гомдлын шаардлага, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний  өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1.” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 233 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН