Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч О.Д,  

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:       

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э-ад холбогдох 2103003320020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Э” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Сонсголон, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Г-ын Э, регистрийн дугаар:******,      

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны зам, “Э” хүнсний дэлгүүрийн зүүн хойд замд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 45 минутын орчим Хьюндай Портер маркийн *** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М, Б.А нарыг мөргөж, Г.М-ы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхошууны зам, “Э” хүнсний дэлгүүрийн зүүн хойд замд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14-15 цагийн орчим Хьюндай Портер маркийн *** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-ыг мөргөснөөс түүний амь нас хохирсон болох нь :                  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,  

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баянхошууны зам Хөтөл элбэг март хүнсний дэлгүүрийн зүүн хойд замд үйлдэгдсэн...үзлэгийн багийг ирэхэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд Хьюндай Портер маркийн УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй зогсож байв. Амь хохирогч Г.М-ыг түргэний эмч тээврийн хэрэгсэлдээ оруулан нацилкт байрлуулсан, Б.А-г түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 08-14 дэх тал/,

- камерын бичлэгийн дэлгэцэнд үзлэг хийсэн тухай...Уг бичлэгийг үзэхэд зорчих хэсгийн хойд талаас хар бараан өнгийн хувцастай 2 хүн цуг хойноосоо урагшаа алхах бөгөөд зорчих хэсгийн голд явж байхад нь цагийн өнгийн Портер маркийн улсын дугаар харагдахгүй тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаасаа баруун эргэх үйлдэл хийх үедээ тухайн хоёр хүнийг мөргөн унагаж дээгүүр нь гарч байгаа нь...мөргүүлсэн хоёр хүн тээврийн хэрэгслийн ар хэсэгт хэвтээ байдалтай байгаа нь дүрслэгдэнэ...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,   

- түргэн тусламжийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 150-151 дэх тал/,  

- Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,  

- шинжээчийн 2274 дугаартай дүгнэлт... Талийгаач Г.М-ы цогцост их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсны доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1500 мл/, зүүн дунд чөмөгний далд хугарал, хуйхны шарх, цус хуралт, зүүн гуяны хууларсан шарх, зулгаралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2021.10.23-ны өдрийн 00 цаг 05 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд 6.0 промилли, ходоодны шингэнд 6.2 промилли, шээсэнд 5.9 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэх /хавтаст хэргийн 77-81 дэх тал/,  

- шинжээчийн 3055 дугаартай дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дахь дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.../хавтаст хэргийн 93-95, 96-101 дэх тал/,  

- шинжээчийн 4872 дугаартай дүгнэлт...Хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.../хавтаст хэргийн 102-104 дэх тал/,  

- мөрдөгчийн магадалгаа...1. Хьюндай Портер маркийн **** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Э /*****/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 3. Явган зорчигч Г.М, Б.А нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 : Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.../хавтаст хэргийн 144 дэх тал/,   

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ы...Манай хүү эхнэр, 3 хүүхдийн хамт гэр оронгүй айлын хажуу өрөө түрээсэлж амьдарч байсан...гомдолтой гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,     

- шүүгдэгч Г.Э-ын...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хийгээд Хьюндай Портер маркийн *** уас улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эмнэлгийн хог хаягдал цуглуулаад туслах ажилтан Балжиннямын хамт явж байсан. Ингээд 14 цаг 40 минутын орчим Баянхошууны 112-ын буудлын замын урд талаасаа орж ирдэг туслах замаар ертөнцийн зүгээр урдаасаа баруун буюу зүүн эргээд төв зам руу ороод зүүн талаас ирж байгаа машинуудыг хараад баруун харсан явж байгаад урагшаа харахад хоёр хүн машинд тулаад ирсэн байсан. Ингээд машиныхаа урд хэсгээр тэр хоёр хүнийг мөргөж унагаагаад машинаа зогсоогоод буугаад харахад хоёр хүн машины хойно зам дээр хэвтэж байсан. Нэг нь босож, нэг нь босож ирэхгүй газар дээрээ нас барсан байсан. Би өөрийн дугаараасаа цагдаа түргэн дуудаж дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 197 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :      

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :   

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2.2. Шүүгдэгчийн тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн хувьд “болгоомжгүй” хэлбэртэй байх ба шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эс үйлдэхүй ба  ба Г.М-ы амь нас хохирсон тухайн эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаан, эргэлзээтэй байдалгүй болно.   

2.3.  Шинжээчийн дүгнэлт /хх-77-81/, мөрдөгчийн магадалгаагаар /хх-144/ амь хохирогч Г.М гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан, Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан явган зорчигчийн үүргийг зөрчсөн гэх үндэслэл, баримт байх боловч энэ байдал нь шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг болон тухайн эрүүгийн хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй, харин шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах үндэслэлтэй. Учир нь Г.Э  нь хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул учруулж болох аюултай хэрэгсэл буюу авто тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасан үүргээ чанд баримтлаагүй, зөрчсөн байх тул явган зорчигчийн үүргийн зөрчилтэй харьцуулшгүй ноцтой гэж үзнэ.       

Тодруулбал, мөрдөгчийн магадалгаа, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-14 дэх тал/,  камерын бичлэгийн дэлгэцэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/, шүүгдэгчийн...баруун зүг харсан явж байгаад урагшаа харахад хоёр хүн машинд тулаад ирсэн байсан тул хоёр хүнийг мөргөж унагаагаад машинаа зогсоосон...тухай мэдүүлэг /хх-197/ зэргээс  үзэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч буюу  замаар яваа жолооч Г.Э Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ зөрчсөн буюу хөдөлгөөний аюулгүй байдлыг бүх талаар хангаагүй, зөвхөн нэг зүгт харж хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн, ингэхдээ   тээврийн хэрэгслийн хурдыг бодитой тохируулахгүйгээр замын хөдөлгөөнд тийнхүү оролцсон нь тус авто ослын улмаас хохирогчийн амь нас хохирсон үндэслэл, шалтгаан, үйл баримтын эх сурвалж болсон нь тогтоогджээ.   

Иймд шүүгдэгч Г.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-ыг мөргөснөөс Г.М-ы амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

  1. Хохирол, хор уршиг :      

Иргэний нэхэмжлэгч Б.А нь хохирлын баримт гаргаж өгөөгүй нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх-41, 138-139 дэх тал/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүй байна.     

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нийт 7.612.160 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-156-190/ байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг /хх-215/, шүүхийн шатанд 9.700.000 төгрөг нийт 10.700.000 төгрөгийг төлсөн баримт болон хохирогчийн төлөөлөгч нь дээрх хохирлын мөнгийг авсан тухай баримтаа ирүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус тогтоолоор шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-д төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.    

Харин тус хэрэгт амь хохирогч Г.М-ы насанд хүрээгүй 3 хүүхдэд /хх-37-38, 204-208/ гэм хор учруулсны төлбөрийг шийдвэрлэхэд хамаарах нотлох баримт тус хэрэгт цуглараагүй буюу амь хохирогчийн хөдөлмөрийн орлогыг тодорхойлсон нотлох баримтгүй, мөн насанд хүрээгүй 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон болон бусад баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, Ц.Н нар тус гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлөгдөж болох гэм хорын төлбөр болон бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.   

 Улсын яллагчийн тайлбараар “хохирогч Г.М-ы насанд хүрээгүй 3 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг шийдвэрлэхтэй холбоотойгоор амь хохирогчийн эхнэр Ц.Н нь хамтран амьдарч байснаа тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа, үүний дараагаар тэтгэмж тогтоолгох улмаар гэм хорын төлбөрийн асуудал шийдвэрлэгдэх талаар тэдэнд хэлсэн, тэд мэдэж байгаа” тухай тайлбарласан ба шүүгдэгч, иргэний хариуцагч нар цаашид “амь хохирогч Г.М-ы насанд хүрээгүй 3 хүүхдэд учирсан гэм хорыг төлбөр болон бусад хохирлыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн” /хх-46, 197, 202, шүүх хуралдааны тэмдэглэл/ болохыг тэмдэглэв.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа үйлдсэн, тус хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн хувьд явган зорчигчийн үүргээ  зөрчсөн байдал нөлөөлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас нэхэмжлэгдсэн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхэдтэй, “Э” ХХК-д жолооч ажилтай байсан, хувьдаа хөрөнгөтэй, түүний эхнэр гуурсан хоолойн багтраа өвчний улмаас группт байдаг гэх болон ар гэрийн амьдрал ахуйн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 50, 52, 53, 63-74, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, мөн эрүүгийн хариуцлага хэрхэн хүлээлгэх талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн нарын дүгнэлт, тайлбар,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт зэргийг харьцуулан дүгнэснээр : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлөгдөх гэм хорын төлбөр болон бусад хор уршгийг нотлох баримтын хүрээнд арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

Хэрэв шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй

2. Бусад асуудал

Тус хэрэгт шүүгдэгчийн **** дугаартай жолоочийн үнэмлэх, 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч Г.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Э-ад гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлөгдөх гэм хорын төлбөр болон бусад хор уршгийг нотлох баримтын хүрээнд арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Г.Э-ад хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.                   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус тогтоолоор шүүгдэгч, иргэний хариуцагч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, Ц.Н нар тус гэмт хэргийн улмаас амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлөгдөж болох гэм хорын төлбөр болон бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч “Э” ХХК /гүйцэтгэх захирал О.Д/ нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг  хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Г.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР