Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Гэрч Э.Энхбаяр, О.Мөнх-Оргил, Д.Оюун-Эрдэнэ /онлайн/

Шүүгдэгч-хохирогч Б.Нямбаяр, шүүгдэгч П.Шижирхүү нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч-хохирогч Э.Баатархүүгийн өмгөөлөгч М.Энхтуяа, Б.Солонго

Шүүгдэгч-хохирогч, Б.Нямбаяр, Э.Баатархүү

Шүүгдэгч П.Шижирхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Болорчимэгийн Нямбаяр, Хатагин овогт Пүрэвийн Шижирхүү, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Эрдэнийн Баатархүү нарт холбогдох эрүүгийн 2121000000379 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Политехник коллежийн оюутан, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, 41-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Боржигин овогт Болорчимэгийн Нямбаяр. /РД:.../

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварын газар ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг 41-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Хатагин овогт Пүрэвийн Шижирхүү. /РД:.../

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42-24 тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй , Хатгин овогт Эрдэнийн Баатархүү /РД: .../  

 

Шүүгдэгч Б.Нямбаяр нь П.Шижирхүүтэй бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд Э.Баатархүүг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Шижирхүү нь Б.Нямбаяртай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд Э.Баатархүүг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Баатархүү нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд Б.Нямбаярын зүүн мөр лүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч, хохирогч Б.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн өдөр бид нар машинтай явж байгаад онхолдсон. Тэр үед Э.Баатархүү гээд ах ирээд машиныг асаах гэж оролдож, машинд суугаад тамхи татаад ёстой гоё онхолдсон байна, энэ лав 3-4 удаа хангалттай эргэсэн байна гэсэн. Тухайн үед эргүүлийн цагдаа нар ирж Э.Баатархүү гээд ахыг яв гэхэд яваагүй, цагдаа нар явсны дараа намайг цохиж өөрөө зугтааснаар энэ зодоон болсон...гэв.

 

Шүүгдэгч П.Шижирхүү шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн өдөр бид нар машинтайгаа онхолдсон бөгөөд Э.Баатархүү гээд хүнийг Э.Энхбаяр авчирсан байсан. Би нилээн согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байна. Э.Баатархүү нь Б.Нямбаяр руу чулуу шидэнгүүт нь би Э.Баатархүүг цохисон...гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн шөнө ахын авто засварын газарт ажиллаж байгаад оройтоод ядарсан байсан. Эхнэр хүүхдүүд рүүгээ орох гээд хаалгыг нь тогшоод байж байтал гаднаас Э.Энхбаяр орж ирээд “ахаа би хүний машиныг унагаачлаа, та очоод туслаад өгөөч” гэхээр нь би хамт очсон. Би тухайн өдөр архи уугаагүй, ядарсан байсан. Э.Энхбаяр машин барьж байсан тул эрүүл, энэ 3 залуу шал согтуу байсан. Осол болсон газарт очиход цагдаа нар ирсэн байсан. Энэ хүүхдүүд намайг машинд орж суусан гэж яриад байна эд нар согтуу байсан болохоор андуураад байх шиг байна. Тухайн шөнө салхи ихтэй байсан учраас би тамхиа асаах гээд машин нөмөрлөж зогссоныг эд нар тэгж бодоод байх шиг байна. Би осол болсон газар очихдоо “за дүү нар гайгүй юу” гэж асуусан. Эдгээр хүүхдүүд тэр өдөр шал согтуу байсан болохоор өнөөдөр буруу ярьж байна. Э.Энхбаяр миний дагавар хүүхэд болохоор би тэндээс явахгүй байгаад байсан, эргүүлийн 2 цагдаа Э.Энхбаярыг аваад явахдаа намайг гэртээ харь гэхээр нь би явсан. Би осол болсон газар Б.Нямбаярыг цохисон зүйл байхгүй. Осол болсон газар нь манай гэрийн орцны үүднээс зүүн тийшээ 100-150 метрийн зайнд болсон байсан. Манай байрны зүүн талд Хот тохижуулалт байдаг, намайг Хот тохижуулалтын урд явж байхад энэ 3 залуу “энэ муу пиздаг жинхэнэ алъя, бариад аваарай” гээд хойноос гүйж ирсэн. ... би зугтаад орцныхоо үүдэнд очтол эд нар миний араас гүйцэж ирсэн. Би хараа муутай гэхдээ би сонсголоороо хэн нь юу хэлж байгааг ялгаж чаддаг. Хамгийн гол нь энэ 2 хүүхдийг дөвийлгөж, турхирч ийм байдалд хүргэсэн хүн нь өнөөдөр шүүгдэгчийн суудал дээр байхгүй гэрчээр дуудагдсан байгаа нь харамсалтай байна. “Наад залуугаа бариад аваарай гэж араас гүйж байсан хүн нь энэ зодооныг салгасан” гэх зүйл ярьж байна. Би эд нараас айсандаа орцны хаалга түшүүлж тавьдаг тэвэр дүүрэн том чулууг бариад зогсож байсан. Тэр чулууг бариад зогсож байхдаа би “та нар ингэж болохгүй, гэртээ харь, энд хяналтын камертай шүү би гэртээ ормоор байна” гэж айсандаа чанга бахирч хэлсэн. Гэтэл “энэ муу яагаад чулуу барьдаг юм” гэж байсан. Би эд нараас олон насаар ах болохоор тухайн барьж байсан чулуугаа довжооны баруун талруу давуулаад хаясан байхад тэр чулууг шидсэн гэж өнөөдөр ярьж байна. Хэдий ингэж мэдүүлж байгаа ч би тухайн үед орцныхоо хяналтын камерт найдаж байсан. Эдгээр хүүхдүүд намайг зодож байхад би өөрийгөө хамгаалж гараараа нүүрээ хааж байхад О.Мөнх-Оргил гэх залуу нь миний гарыг минь суга татаж авч байсан. Би энэ хэрэг шалгагдаж эхлээд удаагүй байхад эмчилгээнд 2021 оны 10 дугаар сарын 5-7-нд Улаанбаатар хот руу явсан. Над руу хэргийн талаар утсаар л мэдээлэл өгч байсан. Би мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатан дээр хэрэгтэйгээ танилцаагүй. Би Улсын өмгөөлөгч Б.Солонготой хамт материалтайгаа хальт л танилцсан. Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Б.Нямбаярыг чулуугаар шидээгүй, биед нь гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байсан. Тухайн өдөр энэ хүүхдүүд машинтайгаа бүтэн эргэж онхолсон хүүхдүүд шүү дээ гэв.

 

Гэрч О.Мөнх-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э.Баатархүү нь ирчээд шууд машиныг маань оролдоод байхаар нь ахаа наад машин чинь явахгүй ш дээ гэж хэлсэн. Бид нар энэ юун хүн бэ гээд гайхаад байж байхад машиныг оролдоод энэ машин явахгүй юм биш үү гэж хэлж байсан. Тухайн үед цагдаа нар машины түлхүүр хурааж аваад гэртээ харь гэсэн үүрэг өгсөн. Гэтэл Э.Баатархүү гэж хүн бид нарыг өдөөд, хэл амаар доромжлоод, “ямар гоё онхолдвоо, энэ машин одоо явах юм уу гэж хэлж байсан...гэв.

 

Гэрч Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Осол болсны дараа Баатаархүү гэх хүн ирсэн бөгөөд тухайн хүнийг ирсний дараа би гэр рүүгээ явсан. Болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна...гэв.

 

Гэрч Э.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Машины ард эд нар муудалцаад байхаар нь нэг цагдаа очиж салгасан. Тухайн үед онхолдсон машины талаар Баатархүү, Шижирхүү, Нямбаяр нар ярьж байгаад Шижирхүү, Нямбаяр нар нь Баатархүүтэй муудалцах болсон. Нөгөө цагдаа нь намайг өөрийнхөө машины арын суудалд суулгасан...гэв.

Гэрч О.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Ингээд Баатархүү ирээд машин тэргийг минь хараад энэ одоо хэд өнхөрсөн бол гэх зэргээр инээж шоолоод байсан. Цагдаа нар ирж Энхбаярыг аваад явсан юм. Энэ үед Нямбаярын цээж рүү Баатархүү гэх залуу цохиод яваад өгсөн. Баатархүү гэх залуугийн араас Нямбаяр, Шижирхүү хоёр гүйж очоод зодоод байсан би араас нь очиж хоёр найзыгаа салгасан юм. Намайг очих үед Баатархүү гэх залуу газарт ойчсон байдалтай Нямбаяр өшиглөж байсан бөгөөд Нямбаярыг холдуулахад, Шижирхүү дахин өшиглөж байгаа харагдсан. Би харанхуй байсан учир биеийн аль хэсэгт нь өшиглөж байгаа талаар хараагүй. Бид хэдийн машинийг харчихаад хэл амаар доромжлоод эндээс яв гэсэн боловч үг авахгүй, дуу дуулсан байдалтай инээж шоолоод байсан. Иймд манай найзуудын дургүй нь хүрч Баатархүү гэх залуугийн биед нь халдсан гэж би бодож байна...” гэжээ. /хх-ийн 40 тал/

Гэрч Э.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Би уулзаж Шижирхүү, Нямбаяр хоёроос Э.Баатархүүг зодсон талаар асуухад Шижирхүү эхлээд зүгээр зогсож байхад Э.Баатархүү нь хад авч Нямбаярын мөр рүү шидсэн үүнээс болж зодох шалтгаан болсон талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 42 тал/

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 483 тоот дүгнэлтэд:

1. “Э.Баатархүүгийн биед баруун хоншоор ясны урд хана, доод ханын /баруун гайморын урд хана, доод хана/ хугарал, хуйханд дагзны дээд хэсгийн няцарсан шарх, цус хуралт, духны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацрын няцарсан шарх, баруун завьж, эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын таславчийн муруйлт, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, баруун чихний урд хэсгийн зулгаралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх баруун хоншоор ясны урд хана, доод ханын /баруун гайморын урд хана, доод хана/ хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 59-60 тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 485 тоот дүгнэлтэд:

1. Б.Нямбаярын биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 66-67 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/

- Э.Баатархүү, Б.Нямбаяр, П.Шижирхүү нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Нямбаяр, П.Шижирхүү нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд хохирогч Э.Баатархүүг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Баатархүү, гэрч О.Мөнх-Оргил, Э.Энхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 483 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас хохирогч Э.Баатархүүг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд хохирогч Э.Нямбаярын зүүн мөр рүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болоод шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргийг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч Э.Баатархүүг ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан атал шүүгдэгч, хохирогч Б.Нямбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг хэн, хэзээ ямар шалтгаан нөхцөлийн улмаас учирсан болохыг нотлон тогтоож чадаагүй байна.     

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Э.Баатархүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Э.Баатархүүд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч П.Шижирхүү, Б.Нямбаяр нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Баатархүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Баатархүү нь шүүгдэгч нараас нийт 7070.803 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтыг нэг бүрчлэн тооцож үзэхэд 210.000 төгрөгийн баримтыг давхар бичиж тооцсон байх тул давхар бичсэн 210.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтаас эм, эмчилгээ зардал 420.200 төгрөг, шүд эрүүний мэс заслын зардал болох 1400.000 төгрөг, замын зардал 202.800 төгрөг, зочид буудлын зардалд 1835.000 төгрөг нийт 3858.000 төгрөг болж байх ба шүүгдэгч нараас хохирогчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 100.000 төгрөг, 2022 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1250.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 1000.000 төгрөгүүдийг хасж тооцон шүүгдэгч нараас нийт 1508.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 754.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Баатархүүд олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Баатархүү нь зээлийн хүү 152.803.89 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1050.000 төгрөг, STP хагалгаанд орох 1800.000 төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй ба хохирогч Э.Баатархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Нямбаярын нэхэмжилсэн 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2350.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч П.Шижирхүүгийн ... тоот, шүүгдэгч Б.Нямбаярын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас шүүгдэгч Хатгин овогт Эрдэнээгийн Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Баатархүүг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Болорчимэгийн Нямбаяр, шүүгдэгч Хатагин овогт Пүрэвийн Шижирхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заанаар бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүдэгч Б.Нямбаяр, П.Шижирхүү нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаяр, шүүгдэгч П.Шижирхүү нарыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нямбаяр, шүүгдэгч П.Шижирхүү нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Э.Баатархүү нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч П.Шижирхүүгийн ... тоот, шүүгдэгч Б.Нямбаярын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Нямбаяр, шүүгдэгч П.Шижирхүү нараас нийт 1508.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 754.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн 2 дугаар баг 42-24 тоотод оршин суух Э.Баатархүү /.../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү бичсэн 210.000 төгрөг, шүүгдэгч Б.Нямбаярын эмчилгээний зардалд хохирогч Э.Баатархүүгээс нэхэмжилсэн 25.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Баатархүү нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч Э.Баатархүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нямбаяр, П.Шижирхүү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ