Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Иргэдийн төлөөлөгч Н.Билэгт,

Гэрч Д.Э,

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Д.Г,  

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:       

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2108000001489 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан гэх, ам бүл 4, ээж, ах, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баруун баян Уулын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Иг овогт Д-гийн Ц, РД:********,       

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруунбаян Уулын *** тоотод дагавар хүү Э.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруунбаян Уулын *** тоотод дагавар хүү Э.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баруун баян уулын ** тоотод хутгалуулсан хүн гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,  

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 04 дэх тал/,  

- хэргийн газрын үзлэг хийсэн...уг хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун баян уулын *** тоотод болсон гэх...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 06-13 дахь тал/,   

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ын...2021.10.20-ны орой намайг гэртээ байхад утсаар Э эгчийн хүргэн Л над руу залгаж С нас барсан, бид нар гэмтлийн эмнэлэг дээр байна гэхэд нь би юу болсон талаар асуухад Э эгчийн нөхөр Ц нь С-ыг хутгалсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/,  

- гэрч Ч.З-ын...Хүү С манай хашаанд тусдаа байшинд амьдардаг...Ц өнөөдөр өглөө 09-10 цагийн орчим хаашаа явахаа хэлээгүй гарч яваад...яг хэдэн цагийн орчим буцаж орж ирснийг мэдэхгүй ямар ч байсан жоохон архи уучихсан байсан. Тэгтэл өдөр 16-17 цагийн орчим би гэртээ өөрийн хоёр хүү Ч, Ц нарын хамтаар байж байтал гаднаас С жоохон халамцуу байдалтай ороод ирэхээр нь би С-ыг гэртээ харь гэж хэлээд байж байтал хажуугаас Ц мөн С-ыг чи гэртээ харь гэж хэлэхэд С үгэнд нь орохгүй байсан...С үүдний шүүгээнээс заазуур авахаар нь заазуурыг булааж авсан...Ц үүдний нөгөө шүүгээнээс хар өнгийн иштэй хутга аваад С-ын цээжнийх нь зүүн хэсэгт нэг удаа хутгалсан...Би сандраад зарим зүйлийг санахгүй байна...С, Ц 2 хоорондоо хэрэлдэж маргалдах нь гайгүй байдаг...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50, 53 дахь тал/,      

- гэрч Т.Л-гийн...2021.10.20-ний өдөр 13 цагийн үед эхнэр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баруунбаян-Уулын ** тоотод аав ээжийн гэрт ирэхэд гэрт нь ээж Э, эмээ З, аавын ах Ч 3 байсан. Тэгээд 13 цаг 30 минутын үед ээж, эхнэр 2 гадагшаа явсан бөгөөд би гэрт үлдсэн. Тэгэхдээ би талийгаач ах С луу өөрийн 9919*** гэсэн дугаараас 9902*** гэсэн дугаарт залгаж маргааш өглөө Дорнод аймаг руу ажилдаа явахдаа авч явах зүйлийг нь бэлдье гэхэд удаагүй гаднаас С ганцаараа бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд би С ахтай юм бэлдээд маргааш үдээс хойш Дорнод аймаг руу явъя гэж ярьж байхад...гаднаас аав Ц ганцаараа бас архи уусан байдалтай нэлээн халамцуу орж ирсэн.  Тэгсэн талийгаач С нь аав Ц-ыг хоолоо хийхгүй хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхэд аав Ц би чиний хоолыг бэлдэх ёстой юм уу гээд үг сөрөөд маргалдаж барьцалдаж авсан. Тэгэхдээ бол бие биедээ гар хүрч цохиогүй зүгээр хувцаснаасаа зууралдаж заамдалцсан, би дундуур нь орж салгасан. Салгаад байж байхад ширээн дээр мах хэрчиж байсан модон иштэй жижиг заазуурыг С барьж аваад аав Ц-ыг босоод ир зодолдъё гээд дайрахад нь би боль гээд болиулж, С-ын баруун гарт байсан заазуурыг эмээ З авч далд хийсэн. Энэ асуудал бол байшингийн гал тогооны өрөөнд болсон. Тэгээд тэр хоёр тайвшраад юм яриад байж байхад гаднаас манай эхнэр Д, ээж Э нар орж ирсэн...Ээж Э аав, ах хоёрыг загнаад байсан...би байшингаас гарч машинаас түлхүүр багаж авч байхад ээж, эхнэр 2 хашхирахад нь гүйгээд ороход...С ахын зүрхэн тус газарт 1 удаа хутгалчихсан гээд С ахын цээж хэсгээс цус гарчихсан байхад нь С ахыг түшиж байшингаас гаргаад үүдний амбаарт гаргаж хэвтүүлсэн...Хар өнгийн иштэй хутга нь гал тогооны өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь угаалгын өрөөний усны савны араар хийсэн,  өөрийн 9919*** гэсэн дугаараас түргэн тусламж дуудсан...Тэгээд эмнэлэг дээр араас нь очиход ах нас барсан байсан. Тухайн үед аав Ц-ыг өөрийгөө ална гээд байна гэж ээж хэлэхээр нь аавын гарыг уяагаар уяж цагдаа ирэхийг хүлээсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,       

- гэрч Э.Д-ы...тухайн өдөр ээж Э бид хоёр буцаж 15 цагийн үед гаднаас орж ирэхэд эмээ З, ах Ч, аав Ц том өрөө, зурагтны өрөөнд, ах С үүдэнд гал тогооны өрөөнд сандал дээр суугаад, манай нөхөр харин аав, ах хоёрын голд сууж байсан. Гаднаас орж ирэхэд зүгээр байж байсан бөгөөд юу болсон бэ гээд нөхрөөсөө асуухад аав Ц, ах С 2 муудалцаад одоо зүгээр эвлэрсэн гэж хэлсэн бөгөөд аав, ах 2 бие биеэсээ уучлалт гуйгаад зүгээр байсан. Тэгээд аав сууж байсан газраасаа босоход нь би гал тогооны өрөөнд байсан. Аав тамхи татах гээд гадагшаа гардаг гутлаа өмссөн бөгөөд би нээх анзаараагүй. Тэгэхэд гал тогооны өрөөний аяга таваг байдаг модон шүүгээний хаалга хаагдах чимээ гарсан бөгөөд би яг аавыг хутга авч байхыг хараагүй. Тэгсэн ах С гал тогооны өрөөнд том өрөө рүү харчихсан сандал дээр сууж байхад аав Ц нь ахын яг баруун талд зогсож байгаад ахын зүрхэн тус газарт хутгаа далайж 1 удаа нүд ирмэхийн зуур хар өнгийн иштэй дунд зэргийн хутгаар хутгалсан. Тэгэхэд бид шууд аавын хутгатай баруун гарыг барьж авахад ээж тэвэрч аваад би нөхрөө дуудсан. Тэр үед манай нөхөр машинаас түлхүүр багаж авах гээд гарсан байсан. Тэгээд аавын гараас хутга нь ширээний доор унасан бөгөөд нөхөр орж ирэхээр нь наад хутгыг холдуул гэхэд манай нөхөр хутгыг авч угаалгын өрөө рүү оруулсан. Тэгээд манай нөхөр ахыг авч гараад үүдний амбаарт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

- гэрч Д.Э-ийн...2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө би ажилдаа явсан хойгуур манай нөхөр бас гэрээс гарсан байсан. Тэгээд өдөр манай хүргэн Л, охин Д 2 манай гэрт ирэхэд, би гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрт нөхөр, хүү 2 байхгүй байсан. Тэгээд би охинтой хамт гадагшаа гараад манай хүргэн гэрт үлдсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед байх охин бид 2 гэртээ ирэхэд манай хүү С гал тогооны өрөөний ширээний хажууд цагаан сандал суугаад, нөхөр Ц том өрөөнд зурагтны ойролцоо газар завилаад суучихсан утсаараа оролдож байсан бөгөөд нөхөр хүү, хоёр архи уусан байсан. Тэгээд хүргэн Л-гээс юу болсон талаар асуухад нөхөр Ц, хүү С 2 хоорондоо маргалдаад байхаар нь салгасан гэж байсан. Тэгээд сууцгааж байхад манай нөхөр Ц босоод гал тогооны өрөөнд ороод шүүгээ ухахаар нь би нээх тоогоогүй аяга энэ тэр авах гэж байна даа гэж бодохоор шүүгээнд байсан хар өнгийн иштэй хутга аваад хүү С-ыг сандал дээр сууж байхад нь араас нь Ц баруун гартаа хутга бариад шууд 1 удаа хатгаад хутгаа сугалж авсан,  бид нар орилж чарлаад бөөн юм болсон...Л хүүг гадагшаа үүдний амбаарт гаргаад удаагүй түргэн тусламж ирж, хүүг авч явсан. Манай нөхөр Ц хүүг хутгаар нэг удаа цээж хэсэгт хутгалчихаад дахиад дайраад байхад нь охин бид 2 зууралдаж салгасан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал/,   

- гэрч Г.О-ийн...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр одоо ажиллаж байгаа хувийн эмнэлэг дээрээ байхад 16 цаг өнгөрч байхад манай бэр дүү Э над руу утсаар залгаад Ц нь С-ын цээж рүү нь хутгалчихлаа яах вэ эгчээ гэж хэлэхээр нь би яаралтай түргэн дууд гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,  

- гэрч Т.У-ын...Тухайн өдөр би дуудлагын эмчээр 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд намайг байшин руу ороход үүдний амбаарт шалан дээр эрэгтэй хүн өвчүүний зүүн хэсэгт 1 ширхэг 2-3 см орчим доошоо чиглэсэн гүн нэвтэрсэн шархтай, биеийн байдал хүнд...байсан учир шууд авч яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тухайн хутгалуулсан гэх эрэгтэй хүн надад өөрийн овог, нэр, регистрийн дугаараа асуухад хэлж байсан, хэн хутгалж гэмтэл учруулсан талаар тодорхой зүйл хэлж яриагүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,  

- гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 215-217 дахь тал/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

- шинжээчийн 2255 дугаартай дүгнэлт:...Талийгаачид цээжний зүүн хөндий рүү өвчүүний зүүн хажуу хэсгээр 3, 4-р хавирганы түвшинд урдаас хойш, дээрээс доош, зүүнээс баруун дотогш чиглэлтэй нэвтэрч, баруун тосгуурт орох уушгины артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж багатай байна. 11.12. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Ходоодонд цайвар саарал өнгийн шингэн агууламжтай. Цусанд 2,8%, ходоодны шингэнд 3,6% спиртийн зүйл илэрсэн. Талийгаач нь цээжний хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж, цочмог цус алдаж нас баржээ...гэх /1-р хавтаст хэргийн 84-88, 89-91 дэх тал/,   

- шүүх сэтгэц эмгэг судлалын 858 дугаартай дүгнэлт: ...Д.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн талаар үнэн бодитой зүйл ярьж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.../1-р хавтаст хэргийн 99-100 дахь тал/,  

- шүүгдэгч Д.Ц-ын...намайг хэрэг болдог өдөр гэртээ гаднаас орж ирэхэд талийгаач С нь гэрт согтуу байсан бөгөөд намайг хоол хийхгүй хаачдаг юм гээд уурласан. Тэгээд С гадаа гараад алалцъя гэсэн. Тэгэхэд манай ээж З, хүргэн Л нар С-аас заазуурыг ноцолдож байж булаан авсан. Тэгээд би С-аас холдоод нөгөө өрөөнд орж суусан. Тэгээд би  С-ыг айлгаж хашраая гэж бодоод, үгэнд орохгүй миний дээр гарах гээд байсан, цаашид С-ын энэ хүчирхийллээс айж түгшүүртэй амьдарч байхаар түүнийг хүндхэн гэмтээе гэж бодоод  хутгалахаар шийдсэн...1 удаа хутгалсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 211-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.   

Шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-211-213/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан.  

Харин Д.Ц-аас сэжигтнээр авсан гэх /1хх-191-192/ боловч тэр үед cогтууралтай байсан /хх-1хх-211-212/ гэснийг үгүйсгэж, шалгасан баримтгүй байх тул нотлох баримтын эх сурвалжид үнэлээгүй болно.     

2.2. Шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн амь нас хохирсон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.   

Тодруулбал, шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийн нийгмийн аюулыг урьдаас ухамсарлаж, түүнийг хүссэний улмаас хүйтэн зэвсэг болох хутгаар хохирогч Э.С-ыг сандал сууж байхад нь амин чухал эрхтэн байрлах цээжний хөндийг хэсэг рүү нь нэвтлэн дүрж, амин чухал эрхтнийг гэмтээсэнтэй шууд шалтгаант холбоотойгоор Э.С нас барсан нь нотлогдсон байх тул шүүгдэгчийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.         

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, амь хохирогч нар тус бүр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэдний хооронд зүй бус, таарамжгүй харилцаа үүссэн асуудал байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах гэмт хэрэг”-т  хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж үзсэн нь зөв болно.   

            2.3. Тухайн үед  шүүгдэгч, амь хохирогч нар тус бүр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж, бие биедээ хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх боловч тэдний тухайн үйлдэл таслан зогсоогдсон улмаар тэд бие биеэсээ уучлал гуйсан, Ц гар утсаа оролдож байсан, улмаар Э  гэртээ ирснээр тэднийг загнасан зэрэг тодорхой үйл явдал, хугацаа өнгөрснөөс хойш шүүгдэгч нь босож яван, гал тогооны шүүгээнээс хутга авч, Э.С-ыг сандал дээр сууж байхад нь тийнхүү хутгалсан байх ба тухайн үед Э.С нь шүүгдэгчийн санаа сэтгэлийг хүчтэй цочрон давчдуулахад чиглэгдсэн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байна.       

Мөн хэрэгт авагдсан зөрчлийн талаарх дуудлага мэдээллийн болон бусад лавлагаа /1хх-230, 2 хх-11-12, 28-35, 36-37/, гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг /1хх-78-79/,  гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1хх-67-70, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээс 2019 онд Э.С нь согтуу үедээ “өөрийн ээжийг элдвээр хэлээд, элдэв юм яриад” гэх гомдол гаргасан байх боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан, Э.С нь аав, ээжээсээ тусдаа амьдраад 7-8 жил болсон, согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэг байсан гэх боловч ямар нэгэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах болон өөр бусад зөрчилд холбогдож, шийтгүүлж байсан баримтгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.          

 2.4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх ба тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ :“...шүүгдэгч Д.Ц тухайн гэмт хэрэгт гэм буруутай...” гэсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

3.Хохирол, хор уршиг :      

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, харин шүүгдэгч талаас оршуулгын болон буяны ажлын зардалд нийт 4.780.000 төгрөг төлсөн баримттай байх тул /шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:  

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэл

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохиролд 4.780.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харилцсан болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  60 настай, тэтгэвэрт байдаг болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /1хх-233, 239-242, 244, 246-250, 2хх-02-04, 06-10, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.                  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.       

  1. Бусад асуудал        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан: хар иштэй хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж, Д.Ц-аас хурааж авсан 2 гарын арчдас, гарын дардас, мөн түүний саарал өнгийн ноосон, энгэр цээж хэсгээр эрээн, энгэртээ товчтой цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар эрээн ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун өмд 1 ширхэг /1хх-31, 32-33-36, 38, 117-119, 120-121/-ийг тус тус зохих журмын дагуу устгуулж, харин амь хохирогч Э.С-ын гэх саарал өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, цагаан өнгийн богино ханцуйтай зүүн энгэрт халаастай футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар цоохор өнгийн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний турсик 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, эрэгтэй хүний хар өнгийн гутал 1 хос /1хх-21, 34-36, 132-134, 135-138, 173-174/-ийг тус тус ар гэрийнх нь хүсэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, харин устгах боломжгүйгээр хавтаст хэргийн дугаар бүхий хуудас болгож, тус хуудас цаасан дээр наасан шүүдэгч, амь хохирогч нарын гэх гарын хурууны хумсыг /1хх-186-187/ тус тус хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч 2021.10.20-ны өдрөөс баривчлагдан, 2021.10.22-ны өдрөөс 2022.02.17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон /1хх-190, 195, 199, 2хх-25-26/ байх тул нийт 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Д.Ц-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ын биечлэн эдлэх 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.             

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан : хар иштэй хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж, Д.Ц-аас хурааж авсан 2 гарын арчдас, гарын дардас, мөн түүний саарал өнгийн ноосон, энгэр цээж хэсгээр эрээн, энгэртээ товчтой цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар эрээн ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун өмд 1 ширхгийг тус тус зохих журмын дагуу устгаж, амь хохирогч Э.С-ын гэх саарал өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, цагаан өнгийн богино ханцуйтай зүүн энгэрт халаастай футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар цоохор өнгийн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний турсик 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, эрэгтэй хүний хар өнгийн гутал 1 хосыг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хавтаст хэргийн дугаар бүхий хуудаст буй шүүгдэгч, амь хохирогч нарын гэх гарын хурууны хумсыг тус тус хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.      

7. Шүүгдэгч Д.Ц-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.02.17-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Д.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР   

                                               

                                                ШҮҮГЧ                                Л.БААТАР

 

                                                                                            С.СЭРЖМЯДАГ