Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,   

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-ид холбогдох 2208000000229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нийслэлийн хот тохижилтын компанид ачигч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хустайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Найрамдлын дүүргийн ардын шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар, Октябрийн районы ардын шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 170А дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 18 хоног хорих ялаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, М овгийн Б-ын Б /РД: *******/,       

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баганаран *** тоотод байрлах авто угаалгын газарт байсан Тоёота Чейзэр маркийн тээврийн хэрэгслийн дотроос Самсунг А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Н-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Бага наран *** тоотод байрлах авто угаалгын газарт байсан хохирогч Д.Н-гийн тээврийн хэрэгсэл дотроос Самсунг А-51 маркийн, 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :         

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баганаран *** тоотод А51 гар утас алдагдсан... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Бага наран *** тоотод байрлах авто угаалгын газарт байсан машин дотроос Самсунг А-51 маркийн гар утсаа хулгайд алдсан гэх ...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

- хяналтын камерт үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэр бага наран ** тоотод авто угаалгын газрын хяналтын камерын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 09 цаг 52 минут 48 секундээс мөн оны 01 сарын 03-ны өдрийн 09 цаг 54 минут 42 секунд хүртэлх хугацааны бичлэгт үзлэгийг хийв...2022 оны 01 сарын 03-ны өдрийн 09 цаг 52 минут 48 секундээс үзэхэд хэрэг учрал болсон гэх угаалгын газрын үүдээр бараан өнгийн хувцастай түрийтэй гуталтай хүн орж ирж байгаа нь харагдав...цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд талын баруун хаалгыг онгойлгож байгаа дүрс бичлэг байв. 09 цаг 54 минут 10 секундэд машины эсрэг талаас хүн гарч ирэхэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хаалгыг хааж гарч ирсэн хүний өөдөөс алхав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,    

- хохирогч Д.Н-гийн...2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ажиллуулдаг Угаалгын газраас Самсунг А-51 загварын гар утсаа алдсан гэж дуудлага өгсөн. Тэгсэн цагдаа нар ирж хяналтын камерыг шүүж үзэхэд 50-60 орчим насны эрэгтэй хүн миний машинаас гар утас авч байгаа нь харагдсан. Үүний дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулсан. Дараа нь би дүү болон эхнэрийн гар утсаар өөрийн 8877** дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн аваад толгойтын эцэс дэлгүүр дээр манай дүү архины барьцаанд тавьсан гэж хэлсэн...Тэгсээр байгаад орой 19 цагийн үед ирж миний гар утсыг авч явсан хүн биш, өөр хүн ирж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,  

- гар утас болон эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,  

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: ...нийт хохирлын дүн нь 500,000 төгрөгөөр тогтоож байна гэх /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

- шүүгдэгч Б.Б-ийн...Миний бие 2022 оны 01 сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто машины угаалгын газар луу орж дотор байсан тээврийн хэрэгсэл дотроос гар утас авсан, хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд : 

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

Шинжээчийн...гарын мөрт хийсэн дүгнэлт алдаатай гарсан /хх-82/ байх тул үнэлээгүй болно.    

2.2. Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж, гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.    

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

3.Хохирол, хор уршиг :       

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу гар утсыг биет байдлаар төлсөн /хх-74/, гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болно.             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хавтаст хэргийн 27-28, 30-51/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хувьдаа хөрөнгөгүй, Нийслэлийн хот тохижилтын компанид ачигч ажилтай, тогтсон цалин хөлсний орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 54-64, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.      

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн “зорчих эрхийг хязгаарлах ял” гэж ерөнхий заасан тул зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэрийг нарийвчлан заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэрийг тусгайлан сонгож оногдуулах үндэслэлтэй болно.     

  1. Бусад асуудал         

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт шүүхийн зардал, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

  

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР