Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108029230202 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эгч, дүүгийн хамт амьдардаг, Төв аймгийн ... сум ... дугаар баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашааны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С-г “ээж чинь намайг цагдаад барьж өгсөн” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа толгойн тус газарт цохиж, баруун гар дээр нь дэвсэж зодон эрүүл мэндэд тархи доргилт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч О.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10-11 дэх тал), гэрч Э.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11542 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шүүгдэгч О.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 55-67 дахь тал), шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашааны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С-г “ээж чинь намайг цагдаад барьж өгсөн” гэх шалтгааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

1. Хохирогч О.С-гийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод амьдрах гэрийнхээ хашааны үүдэнд нөхөр Б-ын машинтай ирчхээд гэр лүүгээ орох гэтэл над руу гэнэт “танай ээж намайг цагдаад өглөө” гээд уурлаад хэл амаар доромжлоод, машины урд суудал дээр сууж байснаа иргэж хараад миний толгой руу баруун гараараа 3 удаа цохитол би манараад арын суудал дээр унасан, би тухайн үед унахдаа арын суудлын шалавчийг баруун гараараа дараад уначихсан байтал миний баруун гар нь дээр хөлөөрөө нэг удаа маш хүчтэй дэвссэн. Тухайн үед би ухаан орж гараад манараад байсан ба хаашаа машин хөдлөөд явж байгааг сайн мэдэхгүй байсан. Тухайн үед өмнөх орой нь бид хоёр маргалдаад намайг машин дотроо зодсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн хэрэг болох үед хамт амьдардаггүй байсан. Харин 2021 оны 04 сараас 08 сар хүртэлх хугацаанд Б-тай манай гэрт хамт амьдардаг байсан. Одоо бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Б миний төрсөн өдрөөс надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10-11 дэх тал),

2. Гэрч Э.О-ийн: “...Би О.С-гийн төрсөн ээж нь байгаа юм. Б манай охин С-тай үерхдэг залуу нь. Манай том охин С гэрээсээ 2021 оны 11 дүгээр сарын 12-нд ажилд орох анкет бөглөнө гээд гарчхаад 3 хоног болоод ирэхгүй алга болохоор нь цагдаад бүртгүүлсэн. Тэгээд урьд нь бас алга болохдоо найз залуу Б-тай хамт яваад ирдэг байсан. Тэгээд Б руу залгахаар утсаа авахгүй, Б-ын ээж нь над руу залгаад С, Б хоёр нийлээд алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Б-ын ээж нь над руу залгаад танай хүүхдийг манай хүүхэд дан өмдтэй нь буулгаад орхисон гэнэ гээд танихгүй утасны дугаар өгсөн. Тэгээд тэр утас руу залгахад С утас аваад би ... худагт байна ирээд авчих гэхээр нь би дунд хүү Б-ий хамтаар машинтайгаа очиж С-г авсан. Тэгэхэд толгой дух хэсэг нь хагарсан, баруун гар нь хавдсан уйлсан байдалтай байсан. Тэгээд замдаа явж байхдаа Б намайг машиныхаа хаалгыг түгжиж байгаад машин дотроо зодсон гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Урьд нь 2021 оны 3, 4 сарын үед хамт амьдардаг байсан, өмнө нь зодуулж байсан. Манай охин надад нуугаад хэлдэггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11542 дугаартай:

“ О.С-гийн биед тархи доргилт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),   

Шүүгдэгч Б.Б-ын: “...Тухайн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч О.С нар нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч О.С-гийн толгой руу нь асаагуураар 4-5 удаа цохиж, баруун гар дээр нь дэвсэж зодсон шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед тархи доргилт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах нь Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ