Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02237

 

017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02237

Улаанбаатар хот

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ..дугаар байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, 68 настай, Сүлдэн ургийн овогт Сүрэн овогтой Зэвсэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, .. тоотод байрлах Дайчин Мугсу ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,650,000 /хорин таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дайчин Мугсу ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ байгуулж, 18 м.кв талбай бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг 17,100,000 төгрөгийн үнэтэйгээр захиалан бариулж, миний өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу би 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэхэд нийт 15,500,000 төгрөгийг төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг компанийн зүгээс гаргаж өгсний дараа үлдэгдэл 1,600,000 төгрөгийг төлж гэрчилгээг авахаар тохиролцсон. Гэвч Дайчин Мугсу ХХК-ийн захирал Я.Н төдхөн дулаан зогсоолоо барьж дуусгах санхүүжилт байхгүй болж ажил зогсох гээд байна., бид зогсоолыг барьж дуусгаад таны өмчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэр дор нь гаргаж өгөх учир үлдэгдэл төлбөрөө бүрэн хийгээч гэж удаа дараа гуйж нэхэж эхэлсэн. Сүүлдээ үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахгүй, төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргана гэсэн нэг талаар гуйлт хүсэлт, нөгөө талаар хэрэг дээрээ шахалт үзүүлэх болсон. Би гэрчилгээгээ яаралтай авахын тулд үлдэгдэл төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин Дайчин Мугсу ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндсэндээ мартсан. Нэхэж шаардахаар элдэв тайлбар хэлсээр сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Дайчин Мугсу ХХК-иас миний төлбөрт төлсөн 17,100,000 төгрөг, алданги 8,550,000 төгрөг, нийт 25,650,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Дайчин Мугсу ХХК нь ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлгэж өгөөгүй, өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, захиалагчийг нэхэхээр тэдийд өгнө, болохгүй байна гэх мэт хариу өгдөг байж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Нэгэнт автомашины зогсоолоо өөрийн болгон авч чадахгүй байгаа учир энэ гэрээнээс татгалзаж, гүйцэтгэгч байгууллагад төлсөн 17,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Анзын тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 0,9 хувиар тооцохоор гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 17,100,000 төгрөгийн 50 хувь буюу 8,550,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Хэдийгээр гэрээнд гүйцэтгэгчтэй холбоотой анз тооцох заалт байхгүй байгаа ч, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан тэгш эрхийн зарчмаар гэрээний 2.2 дахь заалтыг хамааруулан ойлгож шаардаж байгаа гэв.

Хариуцагч Дайчин Мугсу ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компанид 2014 оны 2 сард Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны дарга Ниндэв тус хорооны нутаг дэвсгэр дээр доод талдаа дулаан зогсоолтой, тохижилт бүхий тоглоомын талбай бариулах санал тавьсан. Бид тус хорооны 32, 33 дугаар байрны иргэдээс судалгаа ваахад иргэдийн 70-80 хувь нь дэмжиж байсан учир зураг төслөө гаргаж тус хорооны иргэдтэй 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр анхны уулзалт хийхэд иргэдээс төслийг дэмжиж байгаа ч дахин хэлэлцүүлэг хийж олон компани оролцуулан шалгаруулах санал тавьсан. 2014 оны 3 дугаар сарын 28-нд хоёр дахь хэлэлцүүлгээ хийж, 3 байгууллагаас манай төсөл шалгарсан. 2014 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн А/39 тоот тогтоол гарч, бид төслөө хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орсон боловч тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан хүн намын ялгаа гаргаж бидний ажилд саад болж 3 сар өнгөрөөгөөд 7 сард амралтаа аваад явсан.

Хоёрдугаар хэлэлцүүлэгт орсон иргэдээс манай компанид шаардлага тавьж хүйтний улирал эхлэхээс өмнө ажлаа эхлүүлж дуусгахыг шаардаж эхэлсэн. Бид 7 дугаар сарын 20-нд ажлаа эхлүүлж, 11 дүгээр сарын 30-нд дулаан зогсоолоо захиалга өгч гэрээ байгуулсан иргэдэд хүлээлгэн өгч иргэд машинаа тавьж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1.6, 3.1.1 дэх заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс уг байгууламжийг цахилгаан дулаанаар хангахад шаардлагатай техникийн нөхцлийг бид өөрсдөө өндөр зардал гаргаж байж авч, гараж захиалсан иргэдийг 3 жилийн хугацаанд дулаан гаражаар хангаж ажиллаж байгаа.

С.Згуай анх гараж захиалахдаа зогсоолын төлбөрийн 30 хувь болох 5,100,000 төгрөг төлж гэрээ хийх баталгаа 1,000,000 төгрөг төлж, гэрээ хийсэн үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан манай борлуулалтын ажилтан Э.Мөнхцэцэгийг янз бүрээр хэлж, хэл амаар доромжилж байсан. Мөн зогсоолоо хүлээн аваад 2 жил ашигласан, нэг жил хүнд түрээслүүлсэн, одоо зогсоолоо цоожлоод явсан ба тог цахилгааны мөнгө төлөхгүй байна. 2015 оны 7 дугаар сард бид дотор заслын дутуу ажлаа хийж дуусгасан. Энэ хугацаанд С.Зэвсэгтэй нэг ч удаа утсаар ярьж үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаагүй. Гэрээний 4.5-д зогсоол хүлээлгэн өгөх үед үл хөдлөхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгч дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байгаа. Бид одооо ч гэсэн энэ асуудлаар ерөнхий төлөвлөгөөний газарт бүх материал явуулсан байгаа. Манай компани тухайн байгууламжийг барьснаас хойш 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Бид Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газартай хийсэн гэрээнд үл хөдлөхийн гэрчилгээг иргэдэд олгоход шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхгүй байгаа. Бид алданги төлөхгүй, 2017 оны 11 дүгээр сард багтааж зогсоолыг борлуулж гэрээнд заасны дагуу 17,100,000 төгрөгийн төлбөрийг буцааж олгох боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Знь хариуцагч Дайчин Мугсу ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 17,100,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 8,550,000 төгрөг, нийт 26,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дайчин Мугсу ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, тодруулбал, гэрээний зүйл болох автомашины зогсоолыг 2017 оны 11 дүгээр сард багтаан бусдад борлуулсан тохиолдолд үндсэн төлбөр 17,100,000 төгрөгийг буцааж төлөх боломжтой гэж тайлбарласан бөгөөд, алдангид 8,550,000 төгрөг шаардсаныг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч байгууллагын захирал Я.Н шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр 17,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хангаж, ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөгчид шилжүүлээгүйн улмаас алдангид 8,550,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр №12 дугаартай Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Дайчин Мугсу ХХК нь захиалагч С.З Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 55 машины ил зогсоол, тоглоомын талбай бүхий 100 автомашины дулаан зогсоолын 1 дүгээр эгнээний 16 тоот дахь 18 м.кв талбай бүхий нэг ширхэг авто зогсоолыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр 17,100,000 төгрөгийг 3 хувааж төлөх нөхцөлтэйгөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд, тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх 4-6/

Захиалагч С.З гэрээгээр хүлээсэн 17,100,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар бүрэн тогтоогдох бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

Харин гүйцэтгэгч Дайчин Мугсу ХХК нь гаражийг барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг зохих хэмжээнд биелүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.Зэвсэгийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэ 17,100,000 төгрөгийг буцаан шаардаж, гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох алданги 8,550,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дахь заалтаар захиалагчид холбогдуулан төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,9 хувийн алданги тооцохоор тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байх боловч уг заалт нь гүйцэтгэгчид хамааралгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд, харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Знь хариуцагч Дайчин Мугсу ХХК-иас анз шаардах эрхээ алджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар алданги тооцох гэрээний заалтыг гүйцэтгэгчид хамааруулан алданги гаргуулахаар шаардсан боловч хуулийн дээрх заалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд анзыг тусгайлсан зохицуулалтаар шийдвэрлэх тул дээрх үндэслэлээр шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дайчин Мугсу ХХК-иас 17,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Зэвсэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,550,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА