Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Ж.Отгончимэг,

хохирогч, шүүгдэгч М.Т,

хохирогч, шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овогт М-ын Т, Б овогт Н-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108026210076 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн оюутан, ам бүл 3, ах, өвөөгийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н овогт М-ын Т (РД:...);

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эмээ, ахын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Н-ын О (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.О нь 2021 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баруун салаанд байрлах зуслангийн байшингийн гадна хохирогч М.Т-тэй маргалдаж улмаар харилцан зодолдож гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Т нь 2021 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баруун салаанд байрлах зуслангийн байшингийн гадна хохирогч Н.О-тай маргалдаж улмаар харилцан зодолдож түлхэж унаган, нүүр орчимд нь гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Н.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), хохирогч М.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9756 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9757 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), шүүгдэгч М.Т, Н.О нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34, 37 дахь тал),  улсын яллагчаас гаргаж өгсөн 5 хуудас баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Т, Н.О нар нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баруун салаанд байрлах зуслангийн байшинд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар байшингаас гарч харилцан зодолдож, шүүгдэгч М.Т нь хохирогч Н.О-ын нүүр лүү нь гараараа цохиж, баруун нүд рүү нь хураагаагаа хатгаж, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, зүүн хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.О нь хохирогч М.Т-ийн нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Н.О-ын: “...Манай ... их сургуулийн ... клуб шинэ гишүүд аваад танилцах уулзалт зохион байгуулахаар болсон. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим манай клубийн 20 гаруй гишүүн болох эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо баруун салаанд Т-ийн түрээсэлсэн зуслангийн байшинд очиж бид нар пиво ууж хоносон. ...шөнө 00 цагийн орчим бид нарын түрээсэлсэн 5 өрөө зуслангийн байрны том өрөөний буйдан дээр би клубийнхээ Д гэх охинтой юм яриад сууж байтал Т бид хоёрт хандаад уцаарласан маягтай “та хоёр дээшээ гараад юмаа ярьчих тэгэх үү” гээд байсан. Тэнд бид хоёроос гадна зөндөө хүмүүс байх чинь заавал бид хоёрт хандаж хэлээд байхаар нь бид хоёр буйдан дээрээ суугаад байсан. Тэгтэл Т гэнэт “би чамд хэлээд байна шүү дээ” гээд уурлаад босоод ирэхээр нь би Тийн өөдөөс энд суухаар яачхаад байгаа юм гэж хэлээд маргалдах гэтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаж болиулсан. Тэгтэл Т хоёулаа гарч тамхилах уу гэхээр нь би Т-тэй хамт гадагшаа гараад би Т-ийг яагаад уурлаад байгаа юм бэ, ямар ч асуудал болсон юм, намайг уучлаарай гээд гар барих гээд гараа сарвайхад Т би чамтай гар баримааргүй байна гэсэн. Тэгснээ асаагуураа газар унагаснаа чи миний асаагуурыг аваад өг гэхээр нь би тонгойгоод авах гэтэл Т намайг түлхэж газар унагаагаад зүүн нүд рүү гараа атгаж байгаад 5-6 удаа цохисон. Бас миний ар дагз руу тохойгоороо 6-7 удаа цохисноо зодолдоход дүрэм байдаггүй юм аа гэж хэлж байсан. Яг тэр үеэр байшин дотроос тэнд байсан бүх хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл Т бид хоёр ахин зодолдох юм болоод бие биетэйгээ ахин зодолдсон. Би Тийн нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон. Т намайг нэг удаа цохиод барьцалдаж байхад Т миний нүд рүү шигтгэж базчихаад миний нүднээс гараа ерөөсөө салгаж авахгүй байсан. Яг тэр үеэр миний хажуугаас Ө гэдэг хүүхэд ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9757 дугаартай:

“Н.О-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

3. Хохирогч М.Т-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сургуулийн клубийн 30 орчим хүүхдүүд клубийн уулзалт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны зуслангийн задгай тоотод зуслангийн байшин түрээсэлж зохион байгуулсан. Тухайн өдрийн орой буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн орчим би нэг сургуульд сурдаг Н.О зүс таних охинтой юм яриад зогсож байхаар нь Н.О-тай хоёулаа уулзъя гээд хоорондоо ярилцсан. Н.О намайг тухайн үед зохион байгуулсан уулзалтаас мөнгө идсэн гэж ярьсан байхаар нь би тэр талаар нь ярилцахад би тийм юм яриагүй, хэн тэгж байгаа юм гэж хэлэхээр нь Н.О-ад чи бас өөрөө мөнгөө дутуу өгөө биз дээ гээд хоорондоо маргасан. Тэгээд тамхи татах гэж байгаад асаагуураа газар унагаад Н.О-ыг аваад өг гэсэн Н.О газраас асаагуур авч өгөхөөр нь би цээж рүү нь гараараа түлхээд Н.О-ын толгой нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид хоёр салсан ба би Н.О-тай зодолдох уу гэж хэлэхэд Н.О надтай зодолдъё гэж хэлээд бид хоёр хоорондоо барилцаж аваад бие биеийнхээ нүүр лүү 3-4 удаа гараараа цохилцоод бид хоёр давхралдаад газар унасан. Газар унахад Н.О миний дээр унаад би нүүр лүү нь гараараа түлхсэн, би нүд рүү хуруугаараа хатгачихсан. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9756 дугаартай:

“М.Т-ийн биед баруун дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

5. Шүүгдэгч М.Т-ийн: “...өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

6. Шүүгдэгч Н.О-ын: “...өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Т, Н.О нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол төлбөрийн тухай: Шүүгдэгч М.Т нь хохирогч Н.О-ад эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн гэснийг хохирогч Н.О нь хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Т нь шүүгдэгч Н.О-аас хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь М.Т, Н.О нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) М.Т, Н.О нарт танилцуулсан байх ба тэдгээр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, (хохирогч) шүүгдэгч М.Т, Н.О нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч М.Т нь Н.О-ын тухай үед нь гарсан эмчилгээ, шинжилгээний зардлыг төлсөн, цаашид бие биеэсээ нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нарын хувийн байдал (оюутан) зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шийдвэрлэлээ.

Ингэхдээ шүүгдэгч М.Тийн хохирол төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн саналд дурдагдсан 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.О-ад мөн адил 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хувийн байдал, орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Т, Н.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Т, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт М-ын Т, Б овогт Н-ын О тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, шүүгдэгч Н.О тус бүрд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Н.О нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Н.О нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч М.Т, Н.О нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол М.Т, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ