Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0211/Э |
Дугаар | 2022/ШЦТ/227 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч, шүүгдэгч Б.Т,
хохирогч, шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Б-ийн Т, А овогт Д-ын Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108024330186 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг гэх, Ховд аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б-ийн Т (РД:...),
2. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо бэлхийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хороолол ... дүгээр байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Д-ын Л (РД:...),
Холбогдсон хэргийн талаар:
2021 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р байрны ар талд:
Шүүгдэгч Б.Т нь иргэн Д.Л-аас “тамхи асууж, улмаар өдий болтол тамхи татаж байхгүй яасан юм” гэснээс үүдэн хоорондоо маргалдаж, Б.Т нь Д.Л-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “зовхи, нүдний алиманд цус хуралт, нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Л нь хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, хөлөөрөө хавсарч газар унаган эрүүл мэндэд “тархи доргилт, хамар, дээд уруулын дотор талд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун гарын дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал), хохирогч Д.Л-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч Б.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9116 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), хохирогч Б.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал, 21 дэх тал), гэрч Н.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9200 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), шүүгдэгч Б.Т, Д.Л нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100, 101 дэх тал), шүүгдэгч Д.Л-ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 104 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 105 дахь тал), шүүгдэгч Б.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 107 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 108 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
2021 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р байрны ар талд:
Шүүгдэгч Б.Т нь иргэн Д.Л-аас “тамхи асууж, улмаар өдий болтол тамхи татаж байхгүй яасан юм” гэсэн асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж, Б.Т нь Д.Л-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “зовхи, нүдний алиманд цус хуралт, нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Л нь хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, хөлөөрөө хавсарч газар унаган эрүүл мэндэд “тархи доргилт, хамар, дээд уруулын дотор талд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун гарын дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
2. Хохирогч Д.Л-ын: “...Тухайн өдөр өөрийн найз болох Б-ын эхнэрийн төрсөн өдөрт уригдаж өөрийн эхнэр О, өөрийн найз Б, түүний эхнэр Н, Т, Ц нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... ар талд гэр буюу ... дүгээр байранд нь очсон. Тэгээд бид нар хоол унд идэж, архи согтууруулах ундаа ууж юм ярьж сууж байгаад орой 01 цагийн орчимд гэрээс нь гарч ирээд дуудлагын жолооч дуудчихаад хүлээнгээ гадаа юм яриад зогсож байтал нэг 20-25 орчим насны залуу ирээд “тамхи байна уу ахаа” гэхээр нь би түүнд “тамхи байхгүй, ах нь тамхи таталгүй 20 гаруй жил болж байна, ах нь тамхи татдаггүй юм” гэж хэлтэл нөгөө залуу “татаж байхгүй яасан юм” гээд л шууд намайг нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд хоёрын хооронд л зодоон болсон. ...Тухайн үед миний нүд хөхөрчихсөн байсан. Мөн дээрээс нь нүдний алиманд цус хурсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9116 дугаартай:
“Д.Л-ын биед зовхи, нүдний алиманд цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
4. Хохирогч Б.Т-ийн: “...Би 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз Т-тай уулзаад хороололд байдаг ... гэх пабд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад цаг оройтохоор нь өөрийн таньдаг дүү болох М-ын гэр лүү нь 26-ны өдрийн 02 цагийн орчимд алхаад явж байх замдаа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр байрны голд хэдэн ах эгч нар зогсож байхаар нь “сайн байна уу ахаа тамхи байвал ганц тамхилаач” гэхэд нөгөөх нүдний шилтэй ах “чи юу гээд байгаа юм” гэх мэтээр над руу уурлаад байсан. Тэгээд нөгөө ах намайг мөргөхөөр нь би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон чинь нүдний шилтэй ахын шил нь унасан. Түүний дараа над руу дайрч унагаад тэндээ хэсэг хугацаанд зодолдсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал, 21 дэх тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9200 дугаартай:
“Б.Т-ийн биед тархины доргилт, хамар, дээд уруулын дотор талд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун гарын дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
6. Гэрч Б.О-гийн: “...Тухайн өдөр 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутад тухайн хэлтэс дээр ирж Бүргэд 112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба 26-ны 01 цаг 40 минутын орчимд тухайн дуудлага мэдээлэл ирж миний бие жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.У-гийн хамтаар тус дуудлага мэдээлэл өгсөн газарт очсон. Тухайн үед иргэн Б.Т нь иргэн Д.Л-тай тамхины асуудлаас болж маргалдаж зодолдсон байсан ба намайг очихын өмнө 2-3 залуучууд зугтаад явчихсан гэж Д.Л болон түүний эхнэр, найзууд нь хэлж байсан. ...Тухайн үед Б.Т нь Д.Л гэх залуутай харилцан зодолдсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
7. Гэрч Н.Т-ын: “...Т-ийн гэрт очихоор ... байшин хороолол дундуур явж байгаад 13-14 дүгээр байр луу ордог уулзварын хажууд хүмүүс дуугараад байсан чинь Т би “очоод тамхи асуугаад ирье” гээд явсан. Тэгсэн цэнхэр өнгийн хослол өмссөн нүдний шилтэй 30-37 орчим насны эрэгтэй хүн Т-ийг булангаас заамдаад гараад ирсэн. Хажууд нь махлагдуу эрэгтэй бас 2 эмэгтэй хүн байсан. Тэгээд би очоод найзыгаа салгаж авах гээд очсон чинь нүдний шилтэй хослол өмссөн залуу Тийн нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд газар унагаагаад өвдгөөрөө дээрээс нь дарсан байсан. Тэгэхээр нь би болиоч ээ ахаа би найз нь байна гэсэн чинь тэр ах намайг бас заамдчихаад чи бас хамсаатан нь уу гээд тавихгүй байсан. Тэгээд би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаад ирсэн чинь миний гар утаснаас базчихаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Л нарын өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т, Д.Л нар нь тамхины асуудлаас үүдэн хоорондоо маргалдсан төдийгүй бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг харсан гэрч нарын харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, Б.Т, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь 9116, 9200 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Т, Д.Л нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Хохирол төлбөрийн тухай: Хохирогч Б.Т, Д.Л нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Т, Д.Л нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Л-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Т Д.Л нар нь “торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т, Д.Л нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын харилцан бие биедээ учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын орлоготой болохыг илэрхийлсэн баримтууд тус хэрэгт авагдсан, нөгөө талаас шүүгдэгч Б.Т /Б.Тийн бусдаас тамхи нэхсэн асуудал гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон/, Д.Л нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Л-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Т, Д.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Т, Д.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ийн Т, А овогт Д-ын Л тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Л-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Л нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Л нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т, Д.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т Д.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ