Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч У.Анхжаргал (томилолтоор),

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029050189 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ноосны үйлдвэрт ноос ялгадаг ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн ... сумын ... дугаар баг ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06  дугаар сарын 29-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг биелүүлсэн, Б овогт С-ын Ч (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б-г “гар утсыг нь буцаагаад өгсөн байхад нэхлээ” гэх шалтгаанаар хавсарч унагаах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул, уруулын салст, эрүү зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Я.Б-н мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), гэрч Д.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 46-47 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10603 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал), шүүгдэгч С.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл 2018 оны 7-8 дугаар сар, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 2 дугаар сард тус тус төлсөн тухай лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), шүүгдэгч С.Ч-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... ХХК-ийн хашааны гадна талд хохирогч Я.Б-той маргалдан түүнийг хавсарч унагаан нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Я.Б-н: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуучин танил Ч руу утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... гэх газарт ажил дээрээ ноос ялгаж байна гэхээр нь би очиж уулзахаар болоод 0,5 граммын хараа архи нэг шилийг аваад очсон. Тэгээд Ч-ын хамт ... хашааны урд талд гудамжинд 1 шил архиа хувааж уугаад байж байсан чинь Ч “утсаа өгөөч” гэхээр нь би Чад өөрийн Рэдми загварын гар утсаа өгсөн чинь миний гар утсыг үзэж байгаад өөрийнхөө гар утсаар солихоор болсон, би зөвшөөрсөн. Тэгээд дахин ... гэх газрын ойролцоо байдаг хүнсний дэлгүүрээс 0,5 граммын Хараа архи нэг шилийг аваад Чын таньдаг Өнчин цагаан гэх газраас урагшаа 1 км зайд байх айлд очиж нэг шил архийг гэрийн эзэн залуутай гурвуулаа хувааж уусан. Тэгээд айлд байж байхад Ч надад өгсөн өөрийнхөө гар утас дээрээс хүний дугаар хараад буцаагаад өгье гэж хэлэхээр нь би итгээд Ч-ын гар утсыг өгсөн чинь Ч утас дээрээсээ дугаар харж байгаад шууд баруун өмднийхөө халаасанд гар утсыг хийчхээд таньдаг айлаас гарсан. Тэгээд гудамжинд явж байгаад би Ч-аас сольсон гар утсаа буцааж авъя гэсэн чинь чи муу юу юу яриад байгаа юм бэ, би чамд гар утсыг чинь буцааж өгсөн биз дээ гэж хэлээд хавсарч унагаагаад миний цээжин дээр гарч суугаад гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

2. Гэрч Д.Э-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... ХХК-ийн хашаанд монгол гэрт амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний зүс таних С.Ч, өөрийгөө Б гэх залуугийн хамт манай гэрт халамцуухан нэг шил архитай орж ирээд архиа задлаад хийж өгөхөөр нь би өгсөн архийг нь уусан. Тэгээд Я.Б-, С.Ч хоёрыг архиа ууж дуусахаар нь гэрээс гар, манай дүү ирнэ гэж хэлээд гэрээсээ гаргасан. Тэгээд удалгүй гэрээс гарсан чинь манай гадаа гудамжинд Я.Б-н цээжин дээр С.Ч суусан, Я.Б-н нүүр цус болсон байдалтай байхаар нь би С.Ч-ыг салгасан. Тэгээд Я.Б- нь С.Ч-аас миний гар утсыг өг, чи гар утсыг авсан биз дээ гээд хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10603 дугаартай:

“Я.Б-н биед зүүн дээд доод зовхи, баруун хацар, дээд уруул, уруулын салст, эрүү, зүүн нүдний салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.  Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

4. Шүүгдэгч С.Ч-ын: “...Би танил Бг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зодож биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Ч нь хохирогч Я.Б-г “гар утсыг буцааж өгсөн байхад нэхлээ” шалтгаанаар зодож, гэмтээж буй тухайн үйлдлийг хууль бус болохыг өөрөө ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, түүний үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Ч-ын бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч С.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ч-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгч нь С.Ч-ын ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул торгох ялын хэмжээг багасаж өгнө үү” гэж,

Шүүгдэгч нь “саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Ч-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч С.Ч-ын хувийн байдал /ар гэрийн нөхцөл байдал буюу эхнэр болон 1 настай хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, шүүгдэгч нь ар гэрээ тэжээн тэтгэдэг/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Хохирогч Я.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ч-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ