| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 183/2018/01341/И |
| Дугаар | 001/ХТ2019/00774 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2019/00774
Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02767 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Х-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28 650 000 төгрөг, гарсан зардал 89 000 төгрөг, нийт 28 739 200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч М.Ц нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Ц-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ц.Ц- нь иргэн Д.Х-д 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй, мөн уг зээлийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 10-22 тоотод байрлах 27 мкв талбай бүхий, №000437909 гэрчилгээтэй, Ү-2206000035 улсын бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Х- нь эхний хоёр сарын хүүгээ төлөөд 4 дэх сараас нь хүүгээ төлөөгүй алга болсон. 2016 оны 09 дүгээр сард машин авах гэсэн юм нэмж мөнгө зээлдүүлээч гээд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдүүлсэн. Хариуцагч Д.Х- нь энэ мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг өмнө авсан зээлийн хүүгийн үлдэгдэл гэж буцааж өгсөн.
Хариуцагч Д.Х- нь 7 000 000 төгрөгийн зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн хүү төлөөгүй алга болсон.
2018 онд хариуцагч Д.Х-т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд Баянгол дүүргийн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллага эрэн хайж, хаягийг тодорхой болгосон.
Иймд хариуцагч Д.Х-оос талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн 10 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох 0.5 хувийн алдангид 5 000 000 төгрөг ба нийт 15 000 000 төгрөг,
мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7 000 000 төгрөг, 6 сарын хүү 2 100 000 төгрөг, хугацаа хэтэрсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангид тооцоход 4 550 000 төгрөг, нийт 13 650 000 төгрөг,
хоёр зээлийн гэрээний үүрэгт 28 650 000 төгрөг, бусад зардалд 89 000 төгрөг, нийт 28 739 200 төгрөгийг гаргуулах, дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 10-22 тоотод байрлах 27 мкв талбай бүхий, №000437909 гэрчилгээтэй, Ү-2206000035 улсын бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Би тухайн үед Ц.Ц-тай гэрээ байгуулсан боловч надад огт мөнгө өгөөгүй, барьцааны гэрээг бүртгүүлсэн. Би дараа нь дахиад л Ц.Ц-г гуйгаад зээл авъя гэж хэлсэн боловч надад мөн л хүү бодогдсон гээд 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан тэгээд мөн л мөнгө огт өгөөгүй. Би 17 000 000 төгрөг Ц.Ц-гаас аваагүй, хүү мөнгө ч төлж байгаагүй, намайг гүтгэж байна гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
...миний бие хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг. Би маргаан бүхий дээрх хоёр зээлийн гэрээний дагуу Ц.Ц-гаас 10 000 000 төгрөг, 7 000 000 төгрөгийг огт аваагүй ба Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 10-22 тоотод байрлах 27 мкв талбай бүхий, №000437909 гэрчилгээтэй, Ү-2206000035 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие хариуцагч Д.Х-оос үндэслэлгүй мөнгө нэхээгүй, зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл тэрээр намайг илтээр гүтгэж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02767 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Д.Х-оос зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 28 739 200 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн Ц.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-, Д.Х- нарын хооронд байгуулсан 2015.12.23-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, мөн 2016.09.12-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,820 /301,650+70,200/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 242,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ц-гаас 242,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Х-т олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Х-оос 15 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 339 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн "5.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10 дугаар байрны 22 тоотод байрлах 27 мкв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Х-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Ц-, Д.Х- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,
3 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 371 850 төгрөг, хариуцагчийн 242 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Х-оос 234 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотолгооны хэрэгслээр нотлогдсон үйл баримтыг бусад нотлох баримттай харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шалгаж судалж нягталж, зөв дүгнэлт хийгээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
... анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг дүгнэхдээ зээлийн гэрээнүүдийг дүр үзүүлсэн, гадаад илэрхийллийг бий болгосон гэж, мөн барьцааны гэрээг хамтран өмчлөгч Баттулгын итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул гэж ... нотолгооны хэрэгслээр нотлогдсон үйл баримтыг буруу үнэлсэн ,... мөн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хамтран өмчлөгч Баттулга гарын үсгээ зурж баталгаажуулаагүй. Хоролноров өмнөөс нь зурсан байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэж мөн нотолгооны хэрэгслээр нотлогдсон хүчин төгөлдөр гэрээг буруу үнэлсэн. ... Анхан шатны шүүх хуралдаан дээр талууд итгэмжлэл байгаа гэдгийг нотолдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...нотлох баримт бүрдүүлэх эрхийг шүүх эдэлнэ гэсэн заалт нь шүүхийг нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлэхийг бататгах заалт байдаг.
... гэрч Ц.Гүнчин-Ишийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг гэрчилсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр давхар нотлогдож байхад шүүх ач холбогдол өгч зөв үнэлээгүйд гомдолтой байна.
...мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтуудтай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт /хүү, алданги/ нийт 9 750 000 төгрөг, бусад зардал 89 000 төгрөг нийт 9 839 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангаж, үүргийн гүйцэтгэлүүдийг барьцааны гэрээнд заасан орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Д.Х-оос зээлийн гэрээний үүрэгт болон зардалд 28 739 200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Х- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч хариуцагчаас үндэслэлгүй мөнгө нэхээгүй, зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардсан гэж сөрөг нэхэмжлэлийг татгалзжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигч нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Д.Х- нь нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээгээр дээрх хоёр зээлийн үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 10 дугаар байрны 22 тоот хоёр өрөө орон сууцыг барьцаалжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээний зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан эхний гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Х- нь Ц.Гүнчин-Ишээс авсан болох нь баримтаар тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-г зээлдүүлэгчийн үүргээ биечлэн бус харин бусдаар дамжуулан гүйцэтгэсэн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
Харин хоёр дахь гэрээний зүйл болох 7 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь өөрөө, эсхүл бусдаар дамжуулан өгсөн гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул шүүх энэхүү гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4., 196 дугаар зүйлийн 196.1.1.-д заасан шаардлагад нийцжээ. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог болно.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн байгуулсан барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Н.Баттулгын өмнөөс Д.Х- гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон тул шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохицуулалтад нийцсэн байна. Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг байна. Орон сууцны хамтран өмчлөгч Н.Баттулга өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхийг хариуцагчид олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан 10 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг тооцож, зээлдэгчийн төлсөн төлбөрийг хасч, хариуцагчийн төлбөл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон байна.
Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин давж заалдах шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохицуулалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай болсноос гадна анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан зарим өөрчлөлт найруулгын алдаатай болжээ. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “56.1.3.-т” гэснийг “56.1.8.-д” гэж, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоож” гэснийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 172 400 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН