Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 12

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.Намчинжав, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000153 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш далгалжуулагч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30 дугаар гудамжны 383 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, ИО82081115 регистрийн дугаартай, Жаргалтай овгийн Баасанжавын Намчинжавт холбогдох хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Намчинжав 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг Шинэ буянгийн замд согтуугаар Кио Рио маркын 52-68 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөений Дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Миротек” ХХК-ны камерын шонг мөргөж, хохирогч Б.Галбаярын биед хүндэвтэр гэмтэл, Миротек ХХК-нд 250.000 төгрөгний шууд, 809.150 төгрөгний нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Намчинжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

            Хохирогч Б.Галбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 3-нд гэртээ байж байхад манай таньдаг найз Намчинжав гэрт ирж золголт хийсэн. Тэгээд манайх цай хоол хийгээд нэг шил Алтан түрүү 0,75 граммын архи гаргаад түүнээс бид нар гурав гурав татаад Намчинжав манайх руу явъя гэхээр нь гараад машинд суугаад гэр рүү нь явсан. Тэгээд тэднийд очоод нэг шил архины талыг уугаад байж байхад ойролцоо байдаг бас нэг хүн ирж цай уу гээд мөн тэднийд хагас шил архи уусан. Ингээд нөгөө айлд сууж байхад Намчинжавын утас дуугараад эгч ах хоёр хүрээд ир гэж байна гээд тэндээсээ гараад ахынд нь хамт очоод эргээд Намчинжавынх руу явж байгаад шон мөргөсөн...гэжээ. /хх-16/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Батсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тэр орой 18 цагийн орчимд машин мөргөсөн өдөр мэдсэн. Камерын шонг засаж янзлаагүй байгаа...Үнэлгээгээр гарсан зардлыг нэхэмжлэнэ...гэжээ. /хх-28/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би энэ машиныг нэг залууд зарсан. Харин нэрээ шилжүүлж амжаэагүй яваа. ...Миний эзэмшлийнх биш болохоор машин надад хамаагүй. Машины эзэн мэдэх байх. Надад машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-30/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 2427 тоот акт. Дүгнэлт:

1. Галбаярын биед хацар ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэн шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-38/,

 

Техникийн шинжээчийн 210 тоот акт дүгнэлт

  1. Киа Рио маркийн 52-68 УНЕ дугаартай автомашины жолооч Баасанжавын

Намчинжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-н А-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-н Б-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:...б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-67/,

 

Шүүгдэгч Б.Намчинжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Галбаяр бид хоёр айлаас гараад би өөрийнхөө эзэмшлийн 52-68 УНЕ улсын дугаартай Киа Рио маркийн автомашиныг жолоодоод хойноосоо урагшаагаа Сонгинохайрхан дүүргийн нутаг шинэ буянгийн замаар 30-40 км/цагийн хурдтай явж байгаад эргэлт дээр урдаас нэг машин ороод ирэхээр нь зайлуулах гээд баруун гар тийшээгээ жолоогоо дараад замын хашлага мөргөж даваад гарахаар нь зам руугаа буцаж орохоор зүүн гар тийшээгээ жолоогоо дарсан боловч тэр чигээрээ яваад төмөр шонг мөргөөд зогссон. Тухайн үед Галбаяр миний хажуу талын урд талын сандалд сууж явсан. Галбаяр бид хоёр буугаад би утасгүй байсан учраас ойр орчимд явж байсан танихгүй хүний утаснаас цагдаа түргэн дуудсан. Би одоогоор  Галбаярт 674.000 төгрөг эмчилгээнд өгсөн...гэжээ. /хх-78/

 

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: Б.Намчинжавыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 3.60%-ийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэжээ. /хх-84/,

 

“Вендо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...камерын шонгийн эвдрэл 250.000 төгрөгний шууд хорихол, ажлын хөлстэйгээ нийт 809.150 төгрөгний хохирол учирсан гэж үнэлэгдлээ” гэжээ. /хх-52-59/,

 

Шүүгдэгч Б.Намчинжавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-87/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-11/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Намчинжав 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг шинэ буянгийн замд согтуугаар Кио Рио маркын 52-68 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөений Дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Миротек” ХХК-ны камерын шонг мөргөж 250.000 төгрөгийн хохирол, машинд сууж явсан хохирогч Б.Галбаярын биед хацар ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэн шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Б.Галбаярын “...Намчинжавынх руу явж байгаад шон мөргөсөн...” гэх /хх-16/, иргэний нэхэмжлэгч С.Батсайханы “...Камерын шонг засаж янзлаагүй байгаа...Үнэлгээгээр гарсан зардлыг нэхэмжлэнэ...” гэх /хх-28/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, техникийн шинжээчийн № 210 тоот дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 2427 тоот акт, “Вендо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-59/,  жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-84/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Б.Намчинжавыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Галбаяр өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ, мөн иргэний нэхэмжлэгч “Миротек” ХХКомпани нь учирсан хохирлоо төлүүлж авсан гэдгээ тус тус  бичгээр илэрхийлснийг дурдав.

 

Шүүгдэгч Б.Намчинжавт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Намчинжавын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Жаргалтай овгийн Баасанжавын Намчинжавыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар    Б.Намчинжавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Б.Намчинжавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Намчинжавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Б.Намчинжав цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний № 181520 дугаарын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  албанд явуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Намчинжавт оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 1 жилийн   хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Намчинжавт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНЧИМЭГ