Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 104/2017/00090/И |
Дугаар | 102/ШШ2017/02242 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..дугаар хэсэг, Соёмбот толгойн …дугаар байрны ..тоотод оршин суух, эмэгтэй, 1967 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Юндэн овогт Б.Н-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 23 дугаар байрны 17 тоотод байрлан, үйл ажиллагаа явуулдаг Хосдалай Фүүдс ХХК-д холбогдох, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,625,655 /долоон сая зургаан зуун хорин таван мянга зургаан зуун тавин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Хосдалай Фүүдс ХХК-ийн махны үйлдвэртэй 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Мах бэлтгэн нийлүүлэх, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б.Н чанарын шаардлага хангасан адууны гуяны цул махыг 1 сарын дотор баримтаар бэлтгэн нийлүүлэх, Хосдалай Фүүдс ХХК нь нийлүүлсэн махны үнийг тухай бүр 1 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Ийнхүү гэрээний дагуу мах бэлтгэн нийлүүлээд мөнгөө аваад өгчихнө гэж тооцоолоод өөрийн төрсөн дүү Б.Нямлхагваас 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр бичгээр зээлийн гэрээ хийсэн болно. Гэрээ ёсоор бэлтгэн нийлүүлэгчийн зүгээс хуваарийн дагуу 19 удаа 24,567,310 төгрөгийн үнэ бүхий адууны гуяны цул махыг бэлтгэн нийлүүлсэн ба худалдан авагчийн зүгээс эхний төлбөрийг 20 хоног хэтрүүлэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,800,000 төгрөг, мөн 46 хоног хэтрүүлэн 11 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 56 хоног хэтрүүлэн 5,000,000 төгрөг, 60 хоног хэтрүүлэн 1,980,000 төгрөг, 88 хоног хэтрүүлэн 3,000,000 төгрөг, 128 хоног хэтрүүлэн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1,400,000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 165 хоног хэтрүүлэн 1,500,000 төгрөг, 214 хоног хэтрүүлэн 5 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 223 хоног хэтрүүлэн 1,000,000 төгрөг гэх мэтээр хамгийн сүүлд 1,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард төлж, нийт 23,150,000 төгрөгийг бүтэн 1 жилийн хугацаа хэтрүүлэн төлсөн. Нийлүүлсэн бүгд махны үнэ 24,765,315 төгрөг төлөх ёстой байсан. Одоо 1,417,310 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа. Захиалагч хариу төлбөрийн үүргээ эс биелүүлснээс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх заалтыг зөрчихөд хүрсэн. Ийнхүү Хосдалай Фүүдс ХХК гэрээний хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс шууд шалтгаалан Б.Нямлхагвад үндсэн зээл 10,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 995 тоот захирамжаар зээлийн алдангид 5,000,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдсэн ба миний бие шийдвэр гүйцэтгэлийн журмаар 5,5 сая төгрөг төлж бусдын гэм буруугаас болж хохироод байна. Би ашиг олно гэж тооцоолон махны бизнес эрхэлсэн боловч хариуцагч худалдан авсан махныхаа мөнгийг гэрээний хугацаандаа өгөхгүйгээс бусдаас зээлсэн мөнгөний хүү, алдангийн торгуульд орж надад хохирол учирсан болно. Иймд хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-иас махны үнийн дутуу 1,417,310 төгрөг, түүнд ноогдох алдангийг 50 хувиар тооцож 708,655 төгрөг, шүүхийн шийдвэрээр төлсөн зээлээ хугацаанд нь төлж чадаагүйн хохирол алданги 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн 500,000 төгрөг, нийт 7,625,655 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардаж байна. Би бараа нийлүүлж байх үедээ дүү Б.Нямлхагваас мөнгө зээлсэн нь үнэн. Гэрээ анхнаасаа хийхдээ хугацаа тусгагдаагүй юм байна. Бид сарын сүүлд мөнгөө өгнө гэж тохирсон юм гэв. Хариуцагч Хосдалай Фүүдс ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь иргэн Б.Нтай Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээ-г 2015 оны 9 дүгээр сарын 03-нд байгуулсан. Тус гэрээгээр Б.Ныг мах нийлүүлэх талаар хуваарь хийгээгүй буюу махаа нийлүүлэхийг шаардаж байгаагүй. Харин боломжтой үедээ махаа өөрөө авчирч өгдөг байсан. Бид махны үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаас 10 хувиар илүү тооцож авдаг байсан. Нийлүүлсэн махны үнийг хэзээ төлөхийг тогтоогоогүй. Бид борлуулалтын орлогоос цувуулж төлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Зах зээлийн эдийн засгийн хямралаас махны борлуулалт муудсан ба тэр хэмжээгээр орлого муу байсан хэдий ч цувуулан төлж дуусгасан. Нэхэмжлэлд дурдсанаар Б.Нын бусдаас мөнгө зээлсэн асуудал манай компанид ямар ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, Б.Ныг бусдаас мөнгө зээлээд, манай компанид мах нийлүүл гэж хэлээгүй. Түүнийг өөрийн хөрөнгөөр мах бэлтгэн нийлүүлж байна гэж ойлгож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба гэрээ байгуулсантай талууд маргаагүй. Энэ гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэрээний дагуу чанар, стандартын шаардлага хангасан гуяны цул махыг нийлүүлэхээр тохирсон ба гэрээнд орлогын падаан үйлдэж, мах авахаар заасан байдаг. Гэрээний 4.1, 4.3, 4.5 дахь хэсэгт төлбөр тооцоог хэрхэн өгөх талаар тохирсон. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлбөр тооцоог төлсөн тул одоогийн байдлаар хариуцагч Хосдалай Фүүдс ХХК нь иргэн Б.Нд төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байгаа. Хэдийгээр хожимдуулж төлбөр төлж байсан боловч гэрээнд төлбөр төлөх хугацааг тохиролцоогүй ба хэрэв төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар буюу алдангийн талаар гэрээнд заагаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлааг хууль зүйн үнэслэлгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын талаар гэрээнд дурдаагүй бол алданги шаардах эрхээ алддаг учир нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Талуудын байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Хариуцагч гэрээний дагуу нийт 25,639,000 төгрөг төлсөн байгаа. Энэ тухай нэхэмжлэгчийн гаргаж өгөөгүй баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Мөн бусдаас авсан зээлийн гэрээ нь бидний байгуулсан гэрээтэй шалтгаант холбоогүй тул үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,417,310 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 708,655 төгрөг, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хожимдуулсны улмаас учирсан хохирол 5,500,000 төгрөг, нийт 7,625,655 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Хосдалай Фүүдс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу нэхэмжлэгчид төлвөл зохих төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд гэрээнд тусгагдаагүйн улмаас алданги төлөх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлан маргасан. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, худалдагч тал болох Б.Н нь худалдан авагч тал болох Хосдалай Фүүдс ХХК-д чанар, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, лабораторийн шинжилгээтэй адууны гуяны цул мах бэлдгэн нийлүүлж, баталгаажсан гарын үсэг зурсан зарлагын падаанаар шилжүүлэн өгөх, худалдан авагч нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг худалдагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна. /хх 6-7/ Хэдийгээр талууд гэрээг Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч Б.Н гэрээний дагуу хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-д нийт 19 удаагийн нийлүүлэлтээр 24,567,310 төгрөгийн үнэ бүхий адууны гуяны цул махыг бэлтгэн нийлүүлсэн бөгөөд, худалдан авагч тал нь 23,150,000 төгрөгийг төлсөн учир төлөгдөөгүй үлдсэн 1,417,310 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, төлбөр бүрэн төлөгдөж дууссан ба нэхэмжлэгчид 25,639,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан, Хосдалай Фүүдс ХХК-ийн банкин дахь дансны хуулгыг төлбөр төлсөн баримтуудын хамт нотлох баримтаар гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор мөн өөрийн банкин дахь дансны хуулгыг баримтаар гаргасан бөгөөд, хэрэгт авагдсан төлбөрийн баримт болон зохигчдын дансны хуулгыг харьцуулан судлавал: хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-иас 23,159,999 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нын ХААН банк дахь 5040003097, 5040001793 дугаартай дансуудад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 24-35, 71-88/ Түүнчлэн, худалдан авагчид нийт 19,372,796 төгрөгийн үнэ бүхий махыг орлогын баримтаар нийлүүлсэн байх бөгөөд, нэхэмжлэгч нь хариуцагчийг 1,417,310 төгрөгийн төлбөр дутуу төлсөн гэж тайлбарлан, уг төлбөрийг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, бүгд 24,567,310 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байх тул төлбөрийн үлдэгдэл гэх 1,417,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох махны төлбөр төлөөгүйн улмаас хариуцагчаас алданги 708,655 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардсан. Гэвч, маргаан бүхий гэрээнд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар буюу анз тооцохоор тусгайлан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй... гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Н нь хариуцагчаас алданги шаардах эрхээ алдсан байна. Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн сүүлийн шаардлагаараа маргаан бүхий гэрээ байгуулаад, өөрийн дүү иргэн Б.Нямлхагваас 10,000,000 төгрөг зээлсэн бөгөөд, хариуцагч Хосдалай Фүүдс ХХК гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тэрхүү зээлийн төлбөрийг төлж чадалгүй хугацаа алдаж, алданги 5,000,000, зээлийн хүүгийн 500,000 төгрөгийн төлбөрт орж хохирсон учир гэрээнээс учирсан хохиролд уг 5,500,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Талуудын байгуулсан гэрээнд худалдагч болон худалдан авагч талын аль аль нь гэрээний дагуу бусдаас зээл авах, түүнийг төлөх талаар тохиролцоогүй, уг гэрээний нийлүүлэгч буюу худалдагч тал бусадтай байгуулсан зээлийн гэрээний харилцаа нь энэхүү маргаан бүхий гэрээтэй хамааралгүй байх бөгөөд, худалдан авагч Хосдалай Фүүдс ХХК нь худалдагч Б.Нын өмнөөс зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардсан бөгөөд, энэ хуулийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч буюу худалдагч тал хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдан авагч талд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийн талаар зохицуулсан байх тул дээрх үндэслэлээр хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-иас 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хосдалай Фүүдс ХХК-иас 7,625,655 /долоон сая зургаан зуун хорин таван мянга зургаан зуун тавин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА
| ||||
|