Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0243/Э |
Дугаар | 2022/ШЦТ/257 |
Огноо | 2022-03-01 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/257
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Ч.Батбаатар (томилолтоор),
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Б-ы Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203000410111 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 3/587 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ж овогт Б-ы Г (РД:...);
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..., “...” автобусны буудлын урд талын замд “Toyota prius-11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 3.7а, 12.3-д заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..., “...” автобусны буудлын урд талын замд “Toyota prius-11” маркийн ... улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс гарцгүй газраар гарч явсан явган зорчигч Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал, 6-8 дахь тал),
2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах: “... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б овогтой Г-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,56% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Бичлэгийн 00:16 секундэд баруунаас зүүн чигт зорчих хэсгийн 1-р эгнээгээр автомашины гэрэл орж ирж замын голд явган зорчигчийн гартаа барьж явсан зүйл шидэгдэн унаж харагдана. Тээврийн хэрэгсэл 1-р эгнээнд зогсоно...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
5. Хохирогч Б.Б-гийн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 30 минутын үед би хотын төвд байх ажлын газраасаа ажлаа тараад /нөхөр, хүү хоёр ажил дээр ирээд/ харихаар бид гурав автобусанд сууж Баянхошууны цагаан болор автобусны буудалд бууж хойноосоо урагшаа чигт зам хөндлөн гараад алхаж явтал миний баруун гар талаас ирсэн машин миний баруун хөл орчимд мөргөж би газар унасан. Хэсэг шоконд орж сэргэтэл хөл хөдлөхгүй, толгой хавдсан босож чадахгүй байсан. Мөргөсөн машины жолооч, манай нөхөр хоёр нийлж намайг өргөөд машины арын суудалд суулгасан. Би ах руугаа залгаж 103, 102-т дуудлага өгүүлсэн. Удалгүй түргэн ирж намайг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
6. Гэрч С.Ц-ын: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороолол ... тоотод байрлах гэрээс найз залуу Б.Г-тэй бид хоёр зурагтад байрлах эгчийнхээ гэрт очих гээд Г жолоо бариад Баянхошууны хөтлийн замаар зорчих хэсгийн 1-р эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай би жолоочийн хажуу талын урд талд суугаад явж байтал хөтлийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн бага насны хүүхэдтэйгээ зам хөндлөн гарч байтал эсрэг урсгалын гэрэлд гялбаад гялбаанаас гараад Г баруун талынхаа толинд харчихсан явж байтал гэнэт хүн гараад ирэхээр нь би хүн гэж орилтол Г рулээ баруун тийш нь дараад боржур луу шахаад Г тоормос гишгэтэл зам гарч байсан хүнийг машиныхаа зүүн урд талын купер толиор мөргөх шиг болсон. Тэгээд машинаасаа зогсоогоод бид хоёр буугаад очтол нөгөө хүн газар уначихсан байхаар нь би тухайн хүнийг босгох гэтэл хөл эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд Г тэвэрч босгоод замаас гаргаад түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
7. Иргэний хариуцагч Н.Ж-гийн: “...Тоёота Приус-11 маркийн ... улсын дугаартай автомашиныг хадам дүү Г унадаг юм. Би Г-эд өгч байгаа юм. Ажил ихтэй учраас нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Хадам дүү Г буруутай нь тогтоогдвол би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-23 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1139 дугаартай:
“Б.Б-гийн биед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эд, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
9. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн:
“Зүүн талын арыг харах толь байхгүй, буферь зүүн талын хэсгээрээ хагарсан, зүүн урд крило, зүүн урд хаалганд хар зурааснууд үүссэн, зүүн талын дугаарын гэрэл асахгүй, иж бүрдэл байхгүй, зүүн урд дугуйнд байрлах ABS системийн мэдрэгчийн утас тасарсан, баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ, зүүн талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-56 дахь тал),
10. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн 153 дугаартай: “...Тоёота Приус-11 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0.56 промилли согтолтын зэрэгтэй байхдаа эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс гарцгүй газраар гарч явсан явган зорчигч Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Тус хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжилсэн буюу эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Б.Г-ээс 1,500,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь “1,500,000 төгрөг өгсөн учир санал гомдолгүй байхгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Б- нь цаашид уг ослоос үүдэлтэйгээр эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлаа шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагч Н.Ж нараас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Г-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Г-эд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч Б.Г нь ... албан тушаалд ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Г-эд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-ы Г-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргүүдийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Г-эд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Г-ийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагч Н.Ж нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ