Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч П.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Хутагт Б овогт Г-ын Х, Ш овогт Ж-гийн У нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117000860006 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х Б овогт Г-ын Х /РД:ЗН............./, Д  аймгийн Ц суманд 19..... оны ..... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух, Хаан банкны Г..салбарт харилцааны м.... ажилтай, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд шийтгэлгүй гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш овогт Ж-гийн У /РД:ЕЙ............../, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 19..... оны ........ дүгээр сарын .......-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ............ тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албанд нягтлан бодогч ажилтай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд шийтгэлгүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 2-17 тоот орон сууцанд оршин суугч Э.Уийн зөвшөөрөлгүйгээр Ц.Утэй бүлэглэн хүч хэрэглэн нэвтэрч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан мөн тухайн орон сууцанд нэвтэрч орсны дараа Э.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Ц.Утэй бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 2-17 тоот орон сууцанд оршин суугч Э.Уийн зөвшөөрөлгүйгээр Г.Хтай бүлэглэн хүч хэрэглэн нэвтэрч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан мөн тухайн орон сууцанд нэвтэрч орсны дараа Э.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Г.Хтай бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн урьд шөнө Уийн нөхөртэйгөө харилцсан чатыг нь хараад балмагдсан. Өглөө нь Утай очиж уулзъя эмэгтэй хүмүүс юм чинь учраа олъё гэж гэрт нь очоод уулзъя гэхэд гарч ирээгүй. Бичсэн мессежийг нь харуулахад надад уулзах шалтгаан байхгүй та нарыг оруулахгүй гээд Уийг түлхсэн. Бид хоёр зууралдаад гэр лүү нь үсдэлцээд ороход У бид хоёрыг салгах оролдлого хийж орж ирээд салгаж чадаагүй. Бид хоёр үсдэлцээд шалан дээр цуг унасан үед эгч салгасан. Тэгтэл У утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Би бичлэг хийлгэхгүй гэж утсыг нь цохисон. Тухайн үед эгч энэ үйл явдалд оролцоогүй цаана сууж байсан. Ут ямар нэгэн гар хүрч зодсон асуудал байхгүй. Мессежний утга агуулга өмнө нь уулзаж байсан, уулзахыг хүссэн, У санаж байна, манай нөхөртэй маргааш уулзъя гэж тохирсон утгатай байсан. Мөн дуудлага хадгалах үйлчилгээнээс Уийн утаснаас зөндөө дуудлага ирсэн байсан. Манай нөхөр утсан дээрээ Уийн утасны дугаарыг нь эко жижүүр гэж ажлын дугаар мэтээр хадгалсан байсан. Тэр дугаараас нь өмнө нь шөнө нэг удаа дуудлага ирж байсан. Маргааш өдөр уулзъя манайд хүрээд ир, 3 хүүхдээ зохицуулъя гэсэн утгатай байсныг үзээд ийм эмэгтэйтэй харьцаатай болсон юм байна гэдгийг нь ойлгосон. Би нөхөртэйгээ суугаад 8 жил болж байна. 2 хүүхэдтэй болохоор цаанаа ийм харилцаа үүссэн байвал гэр бүл маань эрсдэлд орох вий гэдэг үүднээс очиж уулзъя гэсэн бодол төрсөн. Надад гэрт нь орно гэсэн санаа зорилго байгаагүй. Түлхэлцээд зууралдаад бие биеийнхээ хувцаснаас зулгаасан байсан тэрэндээ гэрт нь орсон. Гэрт нь орсон байхдаа үснээсээ зулгаалцаад газар унасан. 158 000 төгрөгийг Уийн дансанд хийх гэсэн боловч би наад мөнгийг чинь нэхэмжлээгүй, манай нөхөр ирсэн зардлаа авна гэсэн учраас нөхрийнхөө дансыг өгнө гээд Нацагдорж гэх хүний данс өгсөн. Тэр данс руу мөнгийг шилжүүлсэн. Миний хувьд энэ үйл явдалд өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би айлд очиж өөрийн дураар авирласнаа ойлгож байгаа гэв.

 

2. Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Х над руу залгаад ийм хүнтэй, мессеж бичсэн байна. Тэр хүнтэй нь уулзах гэж байна гэхэд нь буруу зүйл болох вий гэдэг үүднээс дагаж очсон. Х бид хоёр очоод хаалгыг нь тогшиход У хаалгаа нээгээд ямар хүмүүс яах гэж байгаа билээ гэж асуусан. Х нөхөртэйгээ бичсэн мессежийг нь харуулаад ийм асуудлаар уулзах гэж байна гараад ир гэж хэлэхэд би гарахгүй уулзахгүй гэсэн. Х тэгвэл гэрт чинь ороод уулзъя гэхэд гадны хүмүүс гэртээ оруулдаггүй гээд намайг түлхсэн. Гэтэл Х түлхээд энэ хоёр хоорондоо барилцаж авсан чигээрээ ноцолдоод гэрт нь орсон. Хоорондоо барилцаад ноцолдоод эхэлсэн байсан учраас салгах гэж би дагаж орсон. Ямар нэгэн байдлаар миний хамааралгүйгээр салгах боломжгүй байсан. Энэ хоёр ороод зууралдаад, зодолдоод газар унасан. Бие биенийхээ үснээс зулгаасан байсан учраас гарыг нь тавиулах гэсэн чадаагүй байж байтал өөрсдөө салсан. Тэгээд дахиад зууралдаад авахаар нь би одоо болил доо та нар гээд салгасан. У цаашаа яваад зурагтын удирдлага аваад Х руу шидсэн. Толгойд нь онох шиг болсон хаана оносныг нь тухайн үед хараагүй. Салсан удирдлагыг нь эвлүүлээд би хүүхдэд нь өгсөн. У утсаар аав болон дүүгээ дуудаад хүмүүс орж ирээд ийм учиртай ингэсэн гэдэг талаараа ярилцаад би Хыг дагуулаад явсан. Х, У нар нь анхнаасаа хаалганы наана цаанаас зууралдсан. Гэрт нь ороод бие биенийхээ үснээс нь зулгаасан. Би өөрийгөө хүч хэрэглэн нэвтэрч орсон гэж үзэхгүй байна, салгах гэж л орсон. Би Уийн биед нь хүрээгүй, үсэдсэн байсан үсийг нь тавиулахын тулд хуруунаас нь татсан. Гэрийнх нь хаалгыг нь зүгээр тогшиход У хаалга өөрөө нээсэн.  Би Хтай нийлж зодоогүй ээ, салгах гэж л зууралдсан. Салгах гэж байсныг хүүхэд нь зодож байна гэж харсан байж болзошгүй гэв.

 

3. Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн орчимд би өөрийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 2-17 тоотод байх гэртээ гурван хүүхдийн хамт байж байтал хаалга тогшоод байхаар нь би хаалгаа нээтэл 2 эмэгтэй дайрч орж ирээд нэг эмэгтэй нь миний нүүр рүү цохиход нь би хойшоо саваад унахад миний цээж болон биеийн бүх хэсэгт цохиж зодсон. Тэр үед нь би юу болсон бэ, ямар нэгэн асуудал байгаа бол ярилцаж болохгүй юм уу гэхэд намайг гичий, банзал гэх мэт үгээр хэлж доромжлоод байсан. Би гар утсаа авах гэтэл миний гар утсыг авч шидээд байсан. Тэр үед намайг цохиж зодсоор л байсан. Би хүүхдүүддээ өвөөгөө дуудаарай, цагдаа дуудаарай гэж хэлсэн боловч манай хүүхдүүд айснаасаа болоод нөгөө өрөөнөөсөө гарч ирж чадахгүй байсан. Тэгээд би гар утсаа аваад өөрийн аав болох Э дуудсан. Мөн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Мөн бага зэргийн бичлэг хийж амжсан. Төд удалгүй манай аав ирээд тухайн 2 эмэгтэй гараад явсан. Х гэх эмэгтэй нь миний биед халдсан. У гэх эмэгтэй нь миний биед халдсан зүйл байхгүй. Х гэх эмэгтэй миний биеийн бүх хэсэгт үсдэх, маажих, цохих, өшиглөх зэргээр зодож гэмтэл шарх учруулсан. Би яг аль хөл гараараа гэдгийг анзаараагүй 2 гар, 2 хөлөө оролцуулсан. Тухайн үед над руу орилж, хашгирч байх үеийнх нь үг хэллэгээс намайг өөрийнхөө нөхөртэйгөө хардаад байна гэж ойлгосон. Би нөхрийг нь танина, Н гэж хүн байдаг. Ямар нэгэн харилцаа байхгүй. Ажлын үугамаар таньдаг болсон. Одоо миний биеэр олон хөхрөлт, маажуулсан хумсны олон сорви байгаа, толгой өвдөнө бариачид бариулж байгаа. Манай гэрт дайрч орж ирээд миний хүүхдүүдийн хажууд миний биед халдаж, айлгаж, орилж, хэл амаар доримжилж, хашигчин намайг гүтгэж нэр хүндэд халдсанд нь би гомдолтой байна. 10 настай хүүхэд минь яг болсон үйл явдлыг харсан.

Тухайн өдөр би Хын биед халдсан цохьсон зүйл байхгүй байхад эмчийн бичиг, дүгнэлт гаргаад ирсэнд би гайхаж байна. Миний бодлоор Хын хадам ээж буюу Нын ээж нь эмнэлэгт олон жил ажилласан хүн байдаг тул эмнэлгийн бичиг авахад нөлөөлсөн. Тухайн өдөр цуг ирж намайг зодсон У нь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг тул шинжээчийн дүгнэлт зэргийг хуурамчаар гаргасан гэж үзэж байна. Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр би Хын ярианаас нөхөр Нтайгаа хардаад байна гэж ойлгоод чи гэртээ очиж нөхөртэйгөө учраа олооч ээ гэж хэлэхэд Х нь надад хандаж би энд чамтай учраа олоод нөхөртэйгөө учраа олно гэж хэлсэн. Миний бодлоор учирсан гэмтэл бол нөхөртэйгөө маргалдаад учирсан гэмтэл ч байж магадгүй гэж бодож байна. Би мөрдөгч Дөлгөөнд анх мэдүүлэг өгөхдөө тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байсан. Яагаад гэхээр тэр үед Х, У нар нь орилж, хашхирч, дайрч, доромжилж их олон зүйл болж би их балмагдсан байсан. Одоо би сайн бодоход У, Х нар нь хоёулаа намайг зодсон. Би хэн нь хаана цохисон талаар сайн санахгүй байгаа. Х, У 2 миний дээрээс 2-уулаа нүүр, хүзүү, гар, хөл зэрэг рүү нийлээд цохиод маажаад байсан. Тэгж байгаад би доороос нь арай гэж гараад гар утсаа автал Х дахиж над руу дайрахад У нь одоо боль боль болно гээд болиулсан.

Миний нөхөр уг асуудлаас болж Өмнөговь аймгаас ирсэн зардал болох 150000 төгрөгийг, шүүхийн шинжилгээний төлбөр болох 8000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16, 18-19, 21 хуудас/

 

4. Насанд хүрээгүй гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэр болох Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-2-17 тоотод ээж У болон 2 дүүгийн хамт байсан. 11-12 цагийн орчимд манай гэрийн хаалгыг тогшоод ээж очоод онгойлгоход 2 эмэгтэй хүн орж ирээд ээж рүү муухай үгээр дайраад орилж байгаад түлхэж унагаагаад дээр нь гараад хоёулаа зодоод байсан. Би хаана хаана нь цохисон талаар харж чадаагүй. Ээж намайг цагдаа дуудаарай, өвөөгөө дуудаарай гээд байсан. Би тухайн үед айгаад дуудаж чадаагүй. Ээж өөрөө утсаа аваад хүн дуудах гэхээр нь л утсыг нь авч шидээд байсан. Ээж өвөө рүү залгаад манай өвөө, 2 ах орж ирээд тэр хоёр эмэгтэй хүн гараад явсан. Ээж орой унтах гээд хувцасаа тайлахад нь биед нь зөндөө хөхөрсөн газар бас маажуулсан байсан. Ээж зодуулаад л байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

5. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Х нь миний эхнэр, У нь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажилладаг зүс танина, ажлын шугамаар уулзаж байсан. Миний гар утас кодтой, манай эхнэр Х нь миний утасны кодыг мэддэг юм. Миний гар утсанд Утай харилцсан мэдээлэл байгаагүй. Манай эхнэр өөрөө миний гар утасны түгжээг нээж ороод ямар ч хамааралгүй хүнтэй facebook чатаар харилцсан байсан. Тэр нь ямар хүн гэдгийг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

6. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ут учирсан зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт болон баруун шилбэний доод урд хэсгийн цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл боловч нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд юм. У нь 2021.11.02-нд үзүүлэх үедээ ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт авч ирээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/

 

7. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 327 дугаар дүгнэлтэнд: Э.Уийн биед толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн эгмийн доод хэсэгт, зүүн хөхөнд, зүүн бугалганд, баруун сарвуунд, баруун ташаан толгойд, зүүн өвдөгт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр, 2021.10.31-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 55-56 хуудас/

 

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Facebook чат-ын гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 62-72, 127, 113-117 хуудас/

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 102-104 хуудас/

 

10. Г.Хын ажлын газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 137 хуудас/

 

11. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол /х.х-ийн 150-153, 162-165, 172-175/

 

12. Хохирлын баримт /х.х-ийн 178 хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Г.Х, Ц.У нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байр 2-17 тоот орон сууцанд оршин суугч Э.Уын зөвшөөрөлгүйгээр түүнийг түлхэн хүч хэрэглэн нэвтэрч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан, мөн тухайн орон сууцанд нэвтэрч орсны дараа Э.Утай хувийн таарамжгүй харилцаа улмаас маргалдаж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.У, хохирогч Г.Х, гэрч Ц.У, насанд хүрээгүй гэрч Н.У нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 327 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Л.Жаргалтогтохын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Х, Ц.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэм буруугийн хувьд хардалт, сэрдэлтийн улмаас үйлдсэн. Ц.Уийг түлхсэн үйлдэлд дургүйцэж түлхсэн гэдгээ шүүгдэгч Г.Х мэдүүлсэн. Мөн хохирогч Э.Уийн хувьд анх зөрчлийн байцаагчид хоёулаа нийлж зодсон гэж мэдүүлсэн. Хохирогч Э.У нь гэртээ оруулахгүй, өөрийнхөө хамаарал бүхий орон зайд нэвтрүүлэхгүй гэсэн сэдэл зорилгыг идэвхитэй хөдөлгөөн буюу түлхэх үйл хөдлөл хийж үзүүлсэн. Шүүгдэгч нар нь ямар зорилгоор хохирогч Э.Уийн гэрт ирсэн нь хамаагүй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг,

өмгөөлөгч Д.Дарханбаатар шүүгдэгч Г.Х нь хохирогч Э.Уийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг дээр маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй байдалд халдсан эсэх асуудалд эргэлзээтэй байна. Хохирогч Э.Уийн мэдүүлэг нь тогтворгүй, янз бүрээр мэдүүлэг өгдөг. Хаалга тогшоод байхаар нь онгойлгоход шууд хоёр эмэгтэй түлхээд ороод ирсэн. Мөн гэртээ байж байхад нь хоёр эмэгтэй орж ирээд миний нүүр лүү цохиход хойшоо саваад унасан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр саваад унасан дагзанд ямар нэгэн гэмтэл байхгүй. Тэгэхээр Э.Уийнд шууд орж ирээд цохисон гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн эхлээд Ц.Уийг түлхэхээр нь манай эгчийг яагаад түлхээд байгаа юм бэ гээд Г.Х адилхан түлхээд шууд зууралдаан хаалганы босгоны наана цаана болсон. Зууралдсан хүн мэдээж орцонд гарахыг хүсэхгүй гэж ойлгогдож байгаа учраас Г.Хыг гэртээ татаж оруулсан байх магадлалтай. Шинжээч эмчийн дүгнэлтээр дандаа цус хуралт, зулгаралт, хоорондоо маажилцсан гэмтлүүд байгаа. Ц.У араас нь гэрт орж салгасан. Тэр үед хүүхэд харж байгаагүй, хүүхдийн мэдүүлгийн хувьд анхнаасаа зодоон болоход хажууд нь байсан мэтээр мэдүүлэг өгсөн, хүн зааж өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мессеж үзүүлээд гараад ир гэж байгаа нь Г.Хын хувьд анхнаасаа гэрт нь орох санаа байгаагүйг харуулж байна. Г.Хын сэтгэл зүйн байдлыг авч үзэх нь зүйтэй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэний ч эмзэглэх асуудал. Шөнөжингөө унтаагүй, өглөө нь тэр хүнтэй очиж уулзья, гэр бүлээ авч үлдъе гэсэн сэтгэл зүйгээр хандсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн гэм буруугийн дүгнэлтийг,

өмгөөлөгч П.Наранхүү Э.Уийг цагаатгуулах хүсэлтэй байна. Ц.У нь тухайн байранд очоод өрнөж байгаа үйл явдалд анхнаасаа ямар сэдэлтэй байсан гэдгийг анхаарах ёстой. Г.Хын Э.Утай нөхрөө хардаж буй үйл явц, сэтгэл санааны сэдэлтэй холбоотойгоор очсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орон байрны халдашгүй байдал гэдэг утгаараа ямар нэгэн санаа зорилго байхыг шаардах ёстой гэж үзэж байна. Ямар нэгэн гэмт үйлдэл хийх, орон байрнаас ямар нэгэн зүйлийг авах, дотор нь байгаа хүмүүст хохирол учруулах сэдэл анхнаасаа байхыг шаардана. Г.Хын хувьд энэ асуудлаар ярилцах гэсэн юм гээд утсаа үзүүлээд бид нарын ирээдүйн амьдрал, хүүхдийн асуудал байна гээд ярилцах сэдлээ байнга хэлсэн байдаг. Энэ асуудлаар бухимдаад элдэв зүйл болох вий гэж Ц.У хамт очсон. Э.У нь Г.Хын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсны дараа өгсөн мэдүүлэг дээр хоёулаа зодсон гэж мэдүүлгээ өөрчилсөн. Э.Уийн мэдүүлгийн хувьд аль нь үнэн бэ гэхэд эргэлзээтэй. Хүүхэд айснаасаа болоод өрөөнөөсөө гарч ирж чадахгүй байсан гэж мэдүүлсэн. Тэр богино хугацаанд өрнөөд дуусаж байгаа үйл явдлыг хүүхэд харах боломжгүй. Э.У Г.Х руу удирдлага шидэх үед хүүхэд гарч ирдэг. Ц.У эвдэрсэн удирдлагыг нь эвлүүлээд хүүхдэд нь өгсөн. Магадгүй үснээс зулгаасан байхад нь салгаж гэж оролдох явцыг харсан байхыг үгүйсгэхгүй. Зодоонд Ц.Уийн хамаарал огт байхгүй. Ц.Уийн хувьд ийм нөхцөл байдалд хаяад явах эсвэл орохгүй байж байгаад цагдаа дуудах боломжгүй. Гэр нь ороод салгасан 2 удаагийн үйлдэл байгаа. Бичлэг дээр хүртэл цаана нь зүгээр сууж байгаа харагдаж байна. Эрүүгийн эрх зүйн чухал зарчим болох гэм буруутай нь бүрэн нотлогдохгүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт байгаа гэсэн гэм буруугийн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтууд болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гарсан гэм буруугийн дүгнэлтүүдийг үндэслэн дүгнээд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Ж-ийн Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Учир нь: мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Уийн өгсөн мэдүүлгүүдэд шүүгдэгч Ц.Уийг өөрт нь халдаж зодоогүй эсвэл шүүгдэгч Г.Хтай бүлэглэн халдаж зодсон мэтээр өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн. Харин шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлгүүдэд шүүгдэгч Ц.Уийг хохирогч Э.Ут халдаж зодоогүй, шүүгдэгч Г.Х, хохирогч Э.У нарыг нэгнийгээ үсдэж зууралдаж зодолдоход салгах үйлдэл гаргасан гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Э.У болон насанд хүрээгүй гэрч Н.У нарын мэдүүлэгт шүүгдэгч Ц.Уийг хохирогч Э.Уийн бие махбодид хэрхэн яаж, хаана нь халдаж зодсон талаар мэдэхгүй гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд…эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасны үндэслэн шүүгдэгч Ц.Ут холбодох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Х нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байр 2- 17 тоот орон сууцанд оршин суугч Э.Уийн зөвшөөрөлгүйгээр түүнийг өөрийн нөхөр Б.Нтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн шалтгаанаар ярилцах зорилгоор гэрийн хаалгыг тогшиж улмаар Э.Уийг хаалгаа нээхэд нь хэрүүл маргаан үүсгэн харилцан зууралдаж нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь хэрүүл маргаан хийж, бие махбодид нь халдаж дураараа авирласан,

мөн тухайн орон сууцанд Э.Утай харилцан үснээсээ зулгааж, зууралдан газарт унан зодож эрүүл мэндэд нь толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн эгмийн доод хэсэгт, зүүн хөхөнд, зүүн бугалганд, баруун сарвуунд, баруун ташаан толгойд, зүүн өвдөгт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Хыг хохирогч Э.Уийн гэрт нэвтэрч орохдоо түүний түлхэж хүч хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Э.Уийн гэрт шүүгдэгч Г.Х нь өөрийн нөхөр Б.Нтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн шалтгаанаар ярилцах зорилгоор гэрийн хаалгыг тогшиж улмаар хохирогч Э.Уийг хаалгаа нээхэд нь харилцан хэрүүл маргаан үүсгэн зууралдаж гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь хэрүүл маргаан хийж, бие мах бодид нь халдаж дураараа авирласан байна. Шүүгдэгч Г.Х нь хохирогч Э.Уийн гэрт нэвтрэхдээ хаалыг нь хүчтэй цохих, эвдэх, хүч түрэмгийлэх хохирогчид халдсан үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй болно.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн шүүгдэгч Ц.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын шүүгдэгч Г.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Э.У, насанд хүрээгүй гэрч Н.У нарын мөрдөн шалгах ажидллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 327 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

 

Мөн шүүгдэгч Г.Х нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлээс гадуур харилцаа, хардалтаас үүдэлтэй байна.

ХОЁР: Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Т.Түмэнжаргалаас шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, нийт 1 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар нь шүүгдэгч Г.Х нь энэ гэмт хэргийг гэр бүлийн харьцаа, хардалтын улмаас үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Х нь Говьсүмбэр Хаан банкны салбарт харилцааны менежер ажилтай, сарын цалингийн хэмжээ нь нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, цалингийн хэмжээ, гэр бүлийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Э.Ут учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Г.Хын хохирогч Э.Ут халдсан үйлдлийн улмаас бие махбодид толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн эгмийн доод хэсэгт, зүүн хөхөнд, зүүн бугалганд, баруун сарвуунд, баруун ташаан толгойд, зүүн өвдөгт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Э.У нь гэм хорын хохиролд 158 000 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Д.Дарханбаатар нь шүүх хуралдаанд хохиролд 158 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын гаргаж өгсөн учир шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х, Ц.У нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Ж-ийн Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Х Б овогт Г-ын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   4. Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950 000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950 000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч Г.Х, Ц.У нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Ц.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА