| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0014/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/18 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-н О-д холбогдох эрүүгийн 2217000180015 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-нд Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, аймгийн Б сумын дүгээр баг, С тоотод оршин суух хаягтай, одоо Г аймгийн С сумын дугаар баг, Б-н .........тоотод түр оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Ч-н О /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Г аймгийн С сумын дугаар баг, Б-н - дугаар гудамжны тоот хашаанд эхнэр М.Э руу чулуу авч шидэж, түүний эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учруулсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 13 тоотод эхнэр М.Э-ыг гэрээс нь гаргахгүй гэж гаднаас нь түгжиж, хэл амаар доромжилж агсам тавьсан зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 13 тоотод эхнэр М.Э-ыг архины мөнгө өгөөгүй үйлдэлд дургүйцэн улмаар түүний баруун бөөр орчимд хөлөөрөө нэг удаа өшиглөх, толгой хэсэгт нь 2-3 удаа, баруун талын чих рүү 1 удаа тус тус гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай, баруун гарын чигчий хурууны угаар баруун бөөр орчмоор зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2217000180015 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Б........ тоотод байсан юм. Би 2021 оны 05 дугаар сард нилээн хэд хоног архи уусан юм. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр архи ууж байгаад согтуу гэртээ ирсэн чинь эхнэр Э уурлаад зайл гээд хөөгөөд байсан. Энэ асуудал гэрийн гадаа хашаан дотор болсон. Би согтуудаа эхнэрээ айлгах гээд газраас чулуу аваад шидсэн чинь гарт нь оносон санагдаж байна. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд би эрүүлжүүлэхэд орсон. Өөр асуудал тухайн үед болоогүй. Би энэ асуудлаас болоод Говьсүмбэр аймгийн шүүхээр 30 хоногийн баривчлах шийтгэл авч байсан. Дараа нь эхнэр Э Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт ажилд ороод би бас Илчлэг Шивээ ХХК-д ажилд орсон. Тэгээд эхнэр бид 2 Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 3-3-13 тоотод байр түрээслэж амьдарч байсан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гадуур архи ууж байгаад орой гэртээ ирсэн чинь манай эхнэр Э гэртээ ганцаараа байсан. Тэгээд байж байгаад би буцаад гараад явсан, гарч явахдаа гэрээ гаднаас нь түгжээд түлхүүрээ аваад явсан. Гэрээс гараад гадуур архи ууж яваад шөнө гэртээ ирсэн. Би гэрийнхээ түлхүүрийг олохгүй байсан учир хаалга нүдсэн чинь нээхгүй байсан. Тэгээд орцноос гарч цонхны доор очоод цонхны наана цаанаас эхнэр Э-тай хэрэлдсэн. Тэгээд тэр хавьд байсан жижиг паарны хагархайг аваад цонх руу шидээд цонхоо хагалчихсан. Манайх нэг давхарт амьдардаг байсан юм. Тэгээд нилээн согтсон байсан учир хэзээ гэртээ орсноо санахгүй байна. Ямар ч байсан түлхүүрээ олоод гэртээ ороод амарсан байсан. Маргааш өглөө нь эхнэр ажилдаа яваад өгсөн. Би гэрт байсан Хараа нэртэй архийг ганцаараа уучихаад байж байсан чинь эхнэр өдөр цайныхаа цагаар гэрт ирсэн. Намайг архи уулаа гэж уурлаж баахан загнаж байгаад гэрээс гараад явчихаар нь би араас нь гараад гэртээ ор гэж хашгирсан санаж байна. Тэгсэн чинь цагдаа дуудаад өгчихсөн. Энэ асуудлаас болоод би 2021 оны 11 сард Говьсүмбэр аймгийн шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл авч байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө гэрээс гараад өмнө нь хамт ажилладаг байсан ахындаа очоод нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад өдөр гэртээ ирээд унтаад өгсөн. Тэгээд би 15 цагийн үед сэрсэн чинь эхнэр гэртээ ирчихсэн байсан. Тэгээд би босож ирээд эхнэрээс мөнгө асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд тэрнээс болж маргалдаад миний уур хүрээд босож очоод нэг удаа өшиглөөд толгой руу нь 2, 3 удаа цохисон санаж байна. Тэгсэн эхнэр уурлаад гэрээс гараад явахаар нь араас нь гараад явсан чинь шатан дээр манай хүү Уын хамт зогсож байхаар нь хэрэлдэж байгаад цагдаа дуудах гэж байна уу гээд барьж байсан гар утсаа эхнэр Э руу шидсэн чинь хажууд нь зогсож байсан хүүгээ нүд хэсэгт нь оночихсон. Тэгээд л цагдаа нар ирээд намайг аваад явсан. Манай хүү У нь Говьсүмбэр аймагт эмээ дээрээ байдаг байсан. Тухайн үед бид хоёр дээр Шивээговь суманд түрээслэж байсан 1 дүгээр баг 3-3-13 тоотод ирсэн байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 126-127 дугаар хуудас),
1.3. Хохирогч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний бие Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 3-3-15 тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн өдөр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө манай нөхөр Ч.О 9 цагийн үед гэрээсээ гараад явсан. би гэртээ бага хүүтэйгээ үлдсэн. Тэгээд 11 цагийн үед би эмнэлэг ороод дуслаа хийлгэчихээд гэртээ иртэл О согтуу гэртээ унтаж байсан. Тэгээд удалгүй сэрээд надаас мөнгө нэхээд байсан. Өглөө гарахдаа надаас мөнгө өг гэж байгаад 20 000 төгрөг аваад гарсан учир надад мөнгө байхгүй, юм авчихсан гэтэл уурлаад миний толгойн орой хэсэг рүү О гараараа 2-3 удаа цохисон. Миний баруун талын чих рүү нэг удаа мөн гараараа цохисон. Би шууд зугтаад гараад ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдээд шатан дээр зогсож байсан юм. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан. Тэгтэл О гэр дотроос над руу гар утсаа аваад шидтэл миний хажууд зогсож байсан бага хүү Ч.У-ын баруун талын нүдний доод хэсэгт оноод улайгаад ирсэн. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд Ч.О-ыг аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),
...намайг анх удаа 2019 оны 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7-......тоотод гэртээ байж байхад согтуу орж ирэхээр нь би хувцсыг нь тайлаад унтуулах гэсэн чинь уурлаад миний нүд рүү цохихоор нь би цагдаад дуудлага өгөөд 14 хоног баривчилгаанд явж байсан. Тухайн үед миний нүд хавдаад хөхөрч байсан. Бас 2021 оны 05 дугаар сарын дундуур хашаандаа байж байхад О согтуу орж ирээд элдвээр хэлж доромжлоод газраас чулуу аваад над руу шидсэн чинь тэр чулуу миний гарт оноод миний баруун гарын эрхий хуруун дээр шалбарсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд 14 хоногийн баривчилгаанд орж байсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манай хажуу айлын хүмүүс харсан байж магадгүй. 2021 оны 09 дүгээр сарын 27-нд Шивээговь суманд байр түрээслэж байхад орой 18 цагийн үед О согтуу орж ирээд гэрээс орж гарч байгаад гаднаас түгжээд яваад өгсөн. Тухайн үед хэрэлдэж муудаагүй. Яагаад гаднаас түгжээд явсныг мэдэхгүй байна. Тэгээд би гэртээ ганцаараа унтаж байсан чинь 00 цаг өнгөрч байхад хаалга нүдээд байхаар нь босож очоод чи гаднаас түгжээд түлхүүр аваад явсан биз дээ гэсэн чинь хаалга нүдэж байгаад яваад цонхны доор очоод орилоод байсан. Тэгэхээр нь би цонхон дээр очсон чинь өөдөөс дунд зэргийн паарны хагархай шидээд цонх хагарсан. Тэр үед манай өөдөөс харсан хаалганд байдаг О-ын төрсөн эгч Б нь гарч ирээд боль гэж байгаа бололтой байсан. Тэгээд түлхүүрээ олсон юм уу яасан юм хаалга гаднаас нээгээд ороод ирсэн. Нилээн согтуу байгаа бололтой байсан. Би юм хэлээгүй, орж ирээд унтаад өгсөн. Маргааш нь өглөө нь би ажилдаа яваад өдөр цайны цагаараа гэртээ ирэхэд О архи уусан бололтой согтуу байсан. Тэгээд би гэрт ороод согтуу байхаар нь буцаад гараад явсан чинь араас гарч ирээд хашгичаад байхаар нь цагдаа дуудчихаад яваад өгсөн. Тэр өдөр намайг зодож цохисон асуудал байхгүй. Ер нь Оыг надад агсам тавьсан асуудлыг ээж Ц, төрсөн эгч, хүргэн ах дүү нар нь мэдэж байгаа. Бас манай ээж эгч нар бас мэдэж байгаа. Би энэ асуудлын дараа эмнэлэгт үзүүлж байсан удаа байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэгдэнэ биз... гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),
1.4. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
О нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Хар багаасаа манай гэрт өсөж томорсон хүүхэд байгаа юм. Манай гэр бүлийн зүгээс Ч.О-ыг ажил төрөлтэй мэргэжилтэй болгож байсан. 2010 он хавьцаа өрх тусгаарлаж Баянтал суманд эхнэр аваад амьдарч эхэлсэн. 1 хүүтэй. Анхны эхнэрийг нь би санахгүй байна. Тэр эхнэрээсээ 2016 онд салаад эхнэргүй ганц бие амьдарч байгаад 2018 оноос М.Э-тай хамтран амьдарч байгаа. Гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа 3 настай хүүхэдтэй. М.Э-тай амьдарч эхэлсэн цагаасаа хойш ажил төрөл хийгээд их сайхан амьдарч байсан. Ер нь О архи уухаараа агсам тавих байртай болоод дуу нь чангараад ирдэг юм шиг байсан. 2021 оны 10 сард цонх нь гаднаасаа хагархай харагдсан. Тэгээд Э манайд орж ирсэн байхаар нь би яагаад цонхоо хагалчихсан юм бэ та нар чинь айлын байр түрээслэдэг биз дээ гэхэд О согтуу орж ирээд хагалчихсан гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Э утсаар намайг дуудаад О-ыг цагдаа нар аваад явсан. Чойроос унаа ирсэн байна би Чойр явах гэж байна, та юм зөөгөөд өгөөч гэсэн. Тэгээд би яваад очсон чинь түрээслэж байсан байрнаасаа юм аа зөөж байсан. Хүүхдийнх нь нүдний хажууд улайсан байхаар нь яасан юм бэ гэж асуухад О утас шидээд улайлгасан гэж хэлсэн. Надад өөр зүйл хэлээгүй. Э-аас асуух шаардлага байгаагүй. Тухайн үед муудалцаад гэр лүүгээ явж байгаа гэж бодсон, бүх зүйл тодорхой байсан. Тухайн үед шөнийн 23 цаг болж байсан учир Эын биед шарх байсан эсэхийг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),
1.5. Гэрч И.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө:
Манай төрсөн охин Э нь О гэдэг хүнтэй хамт амьдарч эхлээд 3 жил гаран болж байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 3 настай 1 хүүхэдтэй. О нь архи уух сонирхолтой, архи уухаараа агсам тавих гээд байдаг зантай хүн байгаа юм. 2 жилийн өмнө О нь манай охин Э-ыг зодоод цагдаад баривчлагдсан гэж байсан. 2021 оны 05 дугаар сард манай охин Э утсаар яриад О согтуу агсам тавиад байхаар нь цагдаа дуудаад баривчилгаанд өгсөн гэж байсан. Яг хаанаа зодуулсан талаар хэлээгүй, нээх сүртэй юм болоогүй юм шиг байна лээ. 2021 оны 9 сард охин Э Шивээговь суманд ажилд орж байгаа гээд би хөдөөнөөс ирж Сүмбэр сум, Баянбулагийн 7-703 тоотод гэрт нь ирж хүүхдүүдийг нь харахаар болсон юм. Охин Э нь нөхөр О-ын хамт Шивээговь суманд байр түрээслэж ажил хийхээр болоод явцгаасан. Тэр үед Э О нар хэрэлдээд О-ыг цагдаад барьж өгсөн гэж хэлсэн. Түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед охин Э залгаад гэртээ байж байсан чинь О согтуу орж ирээд намайг зодож хөөгөөд хүүхэд рүү утас шидээд нүүрийг нь онохоор нь цагдаад бариад өгсөн. Та намайг ирж ав гэж хэлсэн. Тэгэхээр нь миний охин хүрээд ирээ гээд Чойроос машин явуулж түрээслэж байсан байрнаас нь юмыг нь ачуулаад хүүхдүүдээ гэртээ авчирсан. Тэгээд шөнө болж байхад хүүхдүүд Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 7-703 тоот гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Эын биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Гэхдээ толгой руу гараараа цохиж, бөөр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Харин зээ хүү У-ын нүд нь улайсан байгаа харагдаж байсан. Аав нь барьж байсан утсаа шидээд ийм болгосон гэж хэлсэн. Манай хүргэн О архи ууж агсам тавихаараа хүүхдэдээ гар хүрч байсан удаа байхгүй. Сүүлд болсон асуудлаас хойш М.Э, Ч.О нар салаад тусдаа амьдарч байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),
1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтэд:
- О.У-ын биед баруун нүдний доод зовхи, хамрын нуруугаар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.12.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 36 дугаар хуудас),
1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:
- М.Э-ын биед баруун чамархай, баруун гарын чигчий хурууны угаар баруун бөөр орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.12.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 41 дүгээр хуудас),
1.8. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-12 дугаар хуудас) зэрэг болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7 дугаар гудамжны 703 тоот хашаанд эхнэр буюу хохирогч М.Э руу чулуу авч шидэж, түүний эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учруулсан,
мөн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 13 тоотод эхнэр буюу хохирогч М.Э-ыг гэрээс нь гаргахгүй гэж гаднаас нь түгжиж, хэл амаар доромжилж агсам тавьсан зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,
мөн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 13 тоотод эхнэр буюу хохирогч М.Э-ыг архины мөнгө өгөөгүй үйлдэлд дургүйцэн улмаар түүний баруун бөөр орчимд хөлөөрөө нэг удаа өшиглөх, толгой хэсэгт нь 2-3 удаа, баруун талын чих рүү 1 удаа гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай, баруун гарын чигчий хурууны угаар баруун бөөр орчмоор зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.О нь эхнэр буюу хохирогч М.Э руу чулуу авч шидэж түүний эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учруулсан, мөн эхнэр буюу хохирогч М.Э-ыг гэрээс нь гаргахгүй гэж гаднаас нь түгжиж, хэл амаар доромжилж агсам тавьсан зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөн эхнэр буюу хохирогч М.Э-ыг архины мөнгө өгөөгүй үйлдэлд дургүйцэн улмаар түүний баруун бөөр орчимд хөлөөрөө нэг удаа өшиглөх, толгой хэсэгт нь 2-3 удаа, баруун талын чих рүү 1 удаа тус тус гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай, баруун гарын чигчий хурууны угаар баруун бөөр орчмоор зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч М.Э-ыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Эын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч И.Б, А.А нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.О нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийсний улмаас Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ЗШ/86 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/227 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 50 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тус тус эдэлсэн ба хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Э-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийсэн байна.
Шүүгдэгч Ч.О-ын хувьд 2021 оны 05 дугаар сарын 09-нөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Эын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн ба тэдгээр үйлдлийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн шинжийг хангасан байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилсэн байна.
Шүүгдэгч Ч.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх боловч уг үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу болжээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:” гэж заасан байхад давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэх шинжийг давхар журамласан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ гэж шүүхээс дүгнэлээ.
Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэдэг нь гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ч.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.О-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Ч.О-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ч.О нь 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд байгаа юм. Цэргийн алба хаасан санаж байна. 10 жилээ төгсөөд Налайхын уул уурхайн МСҮТ-г төгсөж байсан. Яг хэзээг нь санахгүй байна. Эрүүл саруулдаа ямар нэгэн асуудал байхгүй. Ажил төрөлд маш сайн. Тэр тусмаа хар ажилд их сайн хүүхэд байгаа юм. Ямар нэгэн муу санаа байхгүй. Жаахан хөнгөмсөг зантай. Хүнд их тусархуу зантай. Өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Хүний өөдөөс хэрэлдээд байдаггүй, зодоон нүдээн хийгээд байдаггүй. Сүүлийн үед л жаахан архи уух гээд байдаг болчихсон. Архи уухаараа ар гэртээ агсам тавих гээд байдаг юм шиг байна лээ. Надад архи уугаад эхнэртэйгээ муудсан, архи уухаараа тасраад тухайн үед юу хийснээ санахгүй байна, одоо архи уухгүй, эмчилгээнд явуулаад өгөөч, би архинаас хол баймаар байна гэж ярьдаг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),
2.2. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ч.О нь одоогоор надтай хамт Сүмбэр сумын 1 дүгээр багт гагнуур хийж том оврын машин янзлах ажил хийж байгаа. Энэ ажлаа 2021 оны 06 дугаар сараас эхэлж байна. Ажил төрөлд их сайн хүнд их тусархуу зантай хүн байгаа юм. Хамтарч ажил хийхэд их урамтай байдаг. О-ыг би хар багаас нь мэднэ. Цэргийн алба хааж байсан, хаана хаасан эсэхийг мэдэхгүй байна. 2018 оноос эхэлж Э гэж эмэгтэйтээ хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэд гаргасан, одоо 3 настай. 2021 оны сүүлээр муудаад салсан гэж сонссон. Өмнө нь О эхнэртэйгээ муудалцаад эхнэр нь цагдаа дуудаж өгөөд 2 удаа баривчилгаанд орж байсан. Би цагдаа дээр баривчилгаанд байхад нь эргэж ирж байсан. Эхнийх нь 2021 оны 5 сард, дараах нь 2021 оны 11 сард баривчлагдаж байсан. О нь надтай хамт ажил хийгээд олсон мөнгөө эхнэр хүүхэд рүүгээ явуулж байгаа. Бас хүүхдэдээ юм авч өгч байгаа гэсэн. Ер нь архи жаахан уучих гээд байдаг зантай. Архи уухаараа гайгүй л байдаг. Гэртээ ямар зан гаргадгийг нь мэдэхгүй. Сүүлийн 3 сар архи уугаагүй, надтай хамт ажил хийж байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас)
2.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЗШ/43 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 52-54 дүгээр хуудас),
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ЗШ/86 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 49-51 дугаар хуудас),
2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/227 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 46-48 дугаар хуудас),
2.6. Шүүгдэгч Ч.О-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103 дугаар хуудас),
2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 108-114 дүгээр хуудас),
2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ХМШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 105-107 дугаар хуудас),
2.9. Хохирогч М.Э-ын Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 134 дүгээр хуудас),
2.10. Шүүгдэгч Ч.О-ын Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 136 дугаар хуудас) зэрэг болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ч.О-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.О-од холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Ч.О-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 8 /найм/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-н О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ыг 8 /найм/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ