Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-ын А-д холбогдох 2217000000013 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт А-ын А /РД:ЗН............./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны ....... тоотод оршин суух, УБТЗ-ын замын 3 дугаар ангид замчин ажилтай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........дугаар баг, Рашааны ........ тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр архи ууж гэртээ ирээд эхнэр загнаад байхаар нь баруун орон дээр дээшээ хараад хэвтэж байгаад өөрийн мэдрэлгүй гар хүрсэн. Тухайн өдөр 1 шил архи уусан. Урьд нь уусан байсан архи гараагүй байсан. Б-гийн биед учирсан гэмтлүүдийг би алгаараа 2 удаа цохиж учруулсан. Архи ууж хэрүүл маргаан үүсгэсэн миний буруу. Архи уухгүй гэж ухаарсан, дахиж алдаа хийхгүй гэж өөртөө дүгнэлт хийсэн. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Бид суугаад 10 жил болоход гар хүрч байгаагүй, гэмшиж байна гэв.

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр А ажлаа тараад ирлээ гээд 16 цагийн үед согтуу орж ирэхээр нь би уурлаад дандаа архи ууж байх юм гэхэд ганц шил архи уусан гээд уурлаад байсан. Би сүүлийн 3, 4 хоног тасралтгүй архи уулаа гэж хэлээд уурлаад хашхираад загнахад А босч ирээд намайг гэрийн зүүн урд хэсэгт зуухны өмнө зогсож байхад баруун гараараа миний ам руу нэг удаа, баруун шанаа руу нэг удаа тус тус цохисон. Тэгэхээр нь чи намайг яахаараа зоддог юм цагдаа дуудна гэхэд хувцасаа өмсөөд гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Зодуулсны улмаас миний үүдэн дээд талын шүд унасан, баруун нүдний гадна хэсэг, шанаа орчим бага зэрэг хөхөрч хавдсан. А-тай хамтран амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд намайг цохиж зодож байсан удаа байхгүй. Өнөөдөр л надад гар хүрлээ. Архи уулаа гэж хэлсний төлөө намайг зодсон гэж бодож байна. Мөн ажлынхаа 2 хүнтэй нэмж архи уух гэж байхад хөөж гаргалаа гэж уурласан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11, 13 хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад аав А согтуу гэртээ орж ирсэн. Ээж чи дандаа архи уух юм гээд загнасан чинь аав, ээж хоёр хэрэлдсэн. Тэгээд аав баруун орон дээр хэвтэж байгаад босч ирээд ээжийг баруун нүд хэсэгт нэг удаа цохиж байхыг нь би харсан. Ээж яая гээд хэрэлдэж байгаад аав гэрээс гараад яваад өгөхөд ээж цагдаа дуудсан. Ээжийн баруун нүд хөхрөөд хавдсан, урд хэсгийн шүд унасан байсан. Аав ээж хоёр өмнө нь хэрэлдэж зодолдож байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

4. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цагаан сарын өмнө манай хүү А архи ууж ирээд эхнэртээ гар хүрсэн гэж өөрөө надад хэлсэн. Би бэр Б-гаас юу болсон бэ гэсэн чинь А гэртээ согтуу орж ирэхээр нь би загнасан чинь босч ирээд намайг цохисон гэж хэлсэн. Манай бэр Б-гийн баруун нүд хөхөрсөн харагдаж байсан. А нь ажилдаа сайн, найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, архи дарс нээх уугаад байдаггүй, өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Эхнэртээ гар хүрч зодож байсан гэж сонсож байгаагүй. Төлөв, даруу зантай эхнэр хүүхэдтэй халамжтай сайн аав, сайн нөхөр байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр дүгнэлтэнд: Ч.Б-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний уналт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.01.28-нд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний зодхины цус хуралт гэмтэл, баруун дээд 2-р шүдний уналт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 2-р шүдний уналт гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудсаны хуудбар /х.х-ийн 4-5, 8, 35-36 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч А.А нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 123 тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч А.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Б, насанд хүрээгүй гэрч А.Т нарын мөрдөн шалгах ажидллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч А.А нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг нь хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч А.А-ыг архидан согтуусан байх үед нь хамртан амьдрагч Ч.Б нь хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д А.А эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч А.А нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ч.Б-д учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч А.А нь хохирогч Ч.Б-д халдсан үйлдлийн улмаас бие махбодид нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний уналт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч А.А-ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА