Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0036 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, эрэгтэй, 41 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

******* овогт *******ын *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг Д.*******той тогоон дээрх мах шатаалаа гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр, толгой тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Архи ууж аавтайгаа маргалдаад архины халуунд аавтайгаа муудалцсан....” гэв.

 

Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ орж ирэхэд манай хүү ******* нь тогоон дээр мах чанаж байхаар нь чи наадхаа шатааж байгаа юм уу гэтэл манай хүү уурлаад намайг босож ирээд заамдаад авсан. Тэгээд гэрийн үүд хэсэгт ноцолдож зууралдаж байх үед ******* миний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон асуудал болсон юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би гаднаас уучихсан орж ирсэн айхтар тасраагүй байсан. Э.******* бас уучихсан согтуу байсан...” /хх-5/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт:

  1. Д.*******ын биед зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салст, зүүн хацарт цус хуралт, толгойн хуйх, дух, баруун шанаанд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" /хх-16-17/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын21-ний өдөр гадуур хүмүүстэй архи согтууруулах ундаа хэрэглэчхээд ******* тоот гэртээ ирсэн. Тухайн үед гэрт хэн ч байгаагүй, тэгэхээр нь хоол хийж идэх санаатай гал түлж тогоон дээр мах гаргаж тавьчхаад тэрийгээ мартаад согтуудаа унтчихсан. Тэгтэл нэг сэрсэн манай аав ******* гэрт ирчихсэн над руу чи тогоотой махаа шатаалаа гэж уурлахаар нь гэнэт миний уур хүрээд согтуугийнхаа хар гайнд л аавтайгаа муудалцаж зууралдаж түүний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохчихсон юм...” /хх-27/ гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай  талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэрийн үүд хэсэгт ноцолдож зууралдаж байх үед ******* миний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж зодсон асуудал болсон юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би гаднаас уучихсан орж ирсэн айхтар тасраагүй байсан. Э.******* бас уучихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав ******* гэрт ирчихсэн над руу чи тогоотой махаа шатаалаа гэж уурлахаар нь гэнэт миний уур хүрээд согтуугийнхаа хар гайнд л аавтайгаа муудалцаж зууралдаж түүний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохчихсон юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоотод байрлах гэртээ төрсөн эцэг Д.*******той тогоон дээрх мах шатаалаа гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр, толгой тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Э.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохиролцсныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД