Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч П.Д, түүний өмгөөлөгч М.Энхзаяа

         Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  А.Нт холбогдох 2116000830100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, ДК... регистрийн дугаартай, Ж овогтой А-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Жанжин малгайтай цэцэрлэгийн дээд талын автобусны буудал дээр 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр П.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсний улмаас П.Дгийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, дахны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд хохирогч П.Дтэй маргалдаж, нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас хохирогчийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, дахны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл буюу хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Н гэм буруутай болох нь:

Хохирогч П.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...5 дугаар сарын 27-ны өдөр буюу 5 дахь өдөр Улаанбаатар хот руу явах гээд Онцгой байдлын газраас бичиг авсан. Тэгээд дүүгийн гэрт очиж машиныг нь өгөөд хойшоо гэр рүү алхаж байсан чинь автобусны буудал дээр Хадаатай таараад маргааш өглөө хот явах гэж байна гэсэн чинь найзыгаа гаргаж өгнө гэж хэлээд халааснаасаа ундааны савтай архи, кола ундаатай гаргаж ирсэн. Тэгээд хойшоо толгой дээр гарч уугаад эргэж дэлгүүр ороод нэг ундаа, нэг архи, нэг тамхи авсан. Би тамхи татдаггүй юм. Тэгээд Хадаа Шонхоо ахтай яриад урагшаа үйлдвэр дээрээс нь очиж авъя гэсэн чинь өмнөөс гараад ирсэн. Мон-Алтайн тэнд хүрээд ир. Би тэнд хүргүүлэх гэж байна. Тэгээд хойшоо хамт явъя гэсэн. Тэгээд тэндээс гараад Цогцолборын доод өнцөг дээр зогсож байгаад архи уусан. Тэгээд хойшоо алхсан. Автобусны буудал дээр ирээд би бөөлжөөд байсан. Тэгээд сууж байгаад өндийж босоод нүүрээ арчаад сууж байсан чинь замын нөгөө талаас хүн хүрээд ирсэн. Тухайн үед би А.Н гэж мэдээгүй. Ирээд хажууд суусан. А.Нтай хавар 3 сард нэг удаа архи ууж байсан. Түүнээс хойш таарч байгаагүй. Би эмчилгээтэй байж байгаад ирээд мэдүүлэг өгсөн. Толгой тархи өвдөөд юм санахгүй байсан. Эхний мэдүүлэг дээрээ хэн цохисон гэдгийг санахгүй байна гэж өгсөн. Сүүлд нь бодоод байсан чинь А.Нтай маргалдаж байснаа санаж байгаа юм. Нэг мэдэхэд нүүр рүү юм ирээд цохих шиг болсон. Толгой эргээд хойшоо саваад унасан. Түүнээс хойш мэдэхгүй байгаа юм. ...Хотод гэмтлийн эмнэлэгт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд эндээс явсан мөнгө, эмнэлэгт хэвтэж байхад гарсан зардал, зураг авахуулсан мөнгө нийлээд 1.800.000 төгрөг гарсан. Түүнээс хойш дандаа хяналтад бай гээд 10 хоногт нэг үзүүлдэг. Одоо гэмтэл нь гайгүй болсон байна гээд мэдрэл рүү шилжүүлсэн байгаа. Одоо групт орсон байгаа. гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Шинжээч Т.Алтайбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр П.Дг үзсэн байна. Үзлэгийн явцад хамрын нуруунд 0.6x05 см ягаан өнгийн зулгаралттай байсан. Гэмтэл согог судлалын эмнэлгээс гарах өвчтөн илгээх хуудас, 6 сарын 2-ны өдрийн компьютер томограф, 6 сарын 14-ний компьютер томографын дүгнэлт, эмнэлгийн бичгүүд ирсэн. Өөр бичиг баримт авч ирээгүй. Энэ эмнэлгийн бичиг баримттай танилцаж үзээд П.Дгийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн зулай ясны ар хэсэг хүртэл шугаман сэлтэрсэн далд хугарал уг хугаралын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгарал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Энэ гэмтэл нь урдаасаа хүч авахад ар дагзаараа юм мөргөх болон савж унах үед үүсэх боломжтой. Нүүрээрээ газарт унахад голдуу зулгаралт үүснэ. Цохилтын улмаас цус хуралт гэмтэл үүснэ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгтэл нөгөө хоёр буудлын сандал дээр сууж байхад замын нөгөө талд Нараа гэж залуу явж байснаа шууд бид нар дээр ирсэн. Ингээд юунаас болсон юм бүү мэд Даваацэрэн А.Н хоёр маргалдаад унахаар нь би Сутай хороонд хүнтэй уулзчихаад ирье гэж Хадаа, Даваа хоёрт хэлчихээд явсан. Удалгүй хүрээд ирсэн чинь Даваагийн нүүр цус болчихсон байхаар нь яав юу болов гэтэл Хадаа хэлэхдээ А.Н юм ярьж сууж байгаад нүүр рүү нь цохьчихоод яваад өглөө гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ15/,

          Гэрч М.Хын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Жанжин малгайтай цэцэрлэгийн дээд талын автобусны буудал дээр би ангийн хүүхэд болох П.Дтэй тааралдаад би авч явсан ундааны савтай архи байсныг бид хоёр газар хөдлөхийн станцын орой дээрх хадан дээр сууж байгаад хувааж уусан. ...Ингээд архиа дуусгачихаад хойшоо Сутай хорооны чигтэй гэр гэр лүүгээ бөөндөө явж байсан. Тэгэхэд нар жаргаж байсан юм. Ингээд Жанжин малгайтын автобусны буудлын сандал дээр очоод сууж байтал А.Н гэж залуу согтуу төв гудамжнаас гэр лүүгээ чигтэй явж байснаа бид нарыг хараад хүрээд ирсэн чинь зөрөөд Шонхоо ах хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд босоод явсан. Тэгтэл Даваа согтуу байсан ба А.Ныг гуйлгачин минь чи надтай уулзах болоогүй шүү гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгтэл А.Н сандал дээрээс босож ирээд шууд нүүр лүү нь хар өнгийн бакалан гутлаараа өшиглөсөн чинь Даваа автобусны буудлын хойд талын төмрийг мөргөсөн чинь хамарнаас нь цус садраад унасан чинь цаашаа гараад алхчихсан. Тэгээд Даваагийн цус нь гоожоод тогтохгүй болохоор нь би Даваагийн ээж рүү нь Даваагийн гар утаснаас залгаад Давааг хүн зодчихлоо цус нь тогтохгүй байна гэж хэлсэн чинь гар утсаа салгачихсан. Тэгтэл Шонх ах цаанаа ирээд бид хоёр Давааг хоёр талаас нь сугадаад авч явах гэсэн чинь явж чадахгүй хөл нь орооцолдоод байхаар нь автобусны буудал дээр орчихоод бид хоёр гэрлүүгээ яваад өгсөн юм. ...А.Н хар өнгийн түрийтэй бакалан гутал өмсчихсөн явж байсан. Даваа эхэлж А.Ныг гуйлгачин минь чам шиг юм надтай харьцдаггүй шүү гэж хэлж үг өдөхөд А.Н шууд дуугай босож ирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн юм. Тухайн үед Даваа толгойны ар хэсгээрээ автобусны буудлын хамгаалалтан төмрийг мөргөөд хамарнаас нь цус гоожоод унасан юм. түүнээс ийш тийшээ савж унасан зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ16/,

           Түүний мөрдөн байцаалтад гэрчээр дахин мэдүүлэг өгсөн: “түрийтэй бакалан гутлаар нүүрэн хэсэг рүү нь өшиглөтөл П.Д автобусны ард талын төмрийг толгой хэсгээрээ мөргөөд нүүр нь нил цус болоод тогтохгүй байсан чинь А.Н тэр чигтээ цаашаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /ХХ74/, “...Даваа согтуу байсан ба А.Ныг гуйлгачин минь чи надтай уулзах болоогүй шүү гэсэн чинь А.Н сандал дээрээс босож ирээд нүүр лүү нь өшиглөсөн чинь П.Д автобусны буудлын хойд талын төмрийг мөргөж унасан” гэж тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг /ХХ212/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай “1. П.Дгийн биед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. П.Дгийн биед учирсан зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн талын зулай ясны ар хэсэг хүртэл шугаман, сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал гэмтэл нь уг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэсэн дүгнэлт /ХХ28/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

        

Шүүгдэгч А.Н нь хохирогч П.Дгийн биед хүнд хохирлыг учруулсан эсэхээ санахгүй байна. Тухайн үед согтуу байсан гэж мэдүүлж байгаа хэдий ч А.Н хохирогч П.Дг өшиглөсний улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан гэдгийг гэрч М.Хын мөрдөн байцаалтад тогтвортой өгч байсан “...Даваа согтуу байсан ба А.Ныг гуйлгачин минь чи надтай уулзах болоогүй шүү гэсэн чинь А.Н сандал дээрээс босож ирээд нүүр лүү нь өшиглөсөн чинь П.Д автобусны буудлын хойд талын төмрийг мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг нотолдог. Энэ мэдүүлэг нь гэрч Н.Дашдоржийн “...Даваацэрэн А.Н хоёр маргалдаад унахаар нь би Сутай хороонд хүнтэй уулзчихаад ирье гэж Хадаа, Даваа хоёрт хэлчихээд явсан. Удалгүй хүрээд ирсэн чинь Даваагийн нүүр цус болчихсон байхаар нь яав юу болов гэтэл Хадаа хэлэхдээ А.Н юм ярьж сууж байгаад нүүр рүү нь цохьчихоод яваад өглөө гэж ярьсан” гэж шууд тусгаж мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа бөгөөд мөн Н.Дашдоржийг Сутай хороонд хүнтэй уулзахаар явах үед шүүгдэгч А.Н, хохирогч П.Д нар нь хоорондоо маргалдаж байсан байдлаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нь хэрэг учрал болсон он, сар, өдрийг зөрүүтэй гэж мэтгэлцэж байна. Шүүхээс хэрэг учрал болсон хугацааг тогтоохдоо тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа Ц.Нямцэрэнгийн “...дуудлагын дагуу 2021 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад Жанжин малгайтай цэцэрлэгийн дээд талын автобусны буудлын тэнд очиход  сандал дээр хохирогч П.Д хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгийг үнэлж, бусад гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж тухайн хэрэг гарсан хугацааг 2021 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед гэж тогтоолоо.

 

Хохирогч нь 12 бичгийн нотлох баримтаар 1.813.500 төгрөг, мөн өмгөөлөгчийн зардалд 250.000 төгрөг, нийт 2.063.500 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гэм хорын хохиролд нотлох баримтаар тогтоогдож байгаа 889.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. /Үүнээс шүүгдэгч А.Н нь 300.000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдааны дараа авсан завсарлагаар төлсөн байна/ Нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим бичиглэл нь харагдахгүй баларсан, он, сар, өдрийн зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтууд, хоолны мөнгө болон өмгөөллийн хөлс болох нийт 1.174.000 хэрэгсэхгүй болгож, харин цахимаар авах боломжтой болсон учир эмнэлгээс гараад Улаанбаатар хотоос автобусаар ирсэн баримтаа хүн тээврийн газраас аваад Улаанбаатар хот явахдаа авсан бензиний баримтаа бүрдүүлээд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Нын тухайд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, гэм хорын хохиролд төлүүлэхээр шийдвэрлэсэн 889.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хохирлоо нөхөн төлөх тал дээр анхаарал хандуулаад тодорхой хэмжээний хохирол төлсөн байгаа учир эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү?” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Н нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай захирамж /хх137/-аар цагдан хоригдож, 2022 оны 01 дүгээр 12-ны өдрийн 01 дугаартай захирамжаар суллагдаж нийт 21 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч А.Наас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Д нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан замын зардал болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овгийн А-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ  өдрөөс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Наас гэм хорын хохиролд 589.500 төгрөгийг гаргуулж хохирогч П.Дд олгож, нийт 2.063.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 820.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 653.200 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч А.Наас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Д нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан замын зардал болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА