Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0022/З |
Дугаар | 0136 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 0136
2020 оны 02 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2020/0136 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.М
Хариуцагч: ЦЕГД
Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/9.. дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б........ аймгийн ....... суманд хэсгийн төлөөлөгчөөр, 2013 оноос 2015 онд Б.... аймаг дахь Цагдаагийн газарт хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар, 2015 оны 01 дүгээр сараас Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн байгууллагад нийт 16 жил 1 сар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцсан сумандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед Б........ аймгийн ЦГДД утсаар холбогдон намайг цагдаагийн газарт ирэхийг мэдэгдсэний дагуу сумаас төвд
Очиход ЦГД, цагдаагийн хурандаа Ц.А, дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.П нар надад намайг ЦЕГД-ын тушаалаар цагдаагийн албанаас халж, хошууч цолыг хураасан тухай танилцуулж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/9.. дугаар тушаалын мэдэгдлийг гардуулж, гарын үсэг зуруулсан. Энэ нөхцөл байдлыг урьд өмнө надад огт хэлээгүй, гэнэт ийм зүйл болсонд маш харамсаж байгаа.
Ингээд энэ талаараа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЦЕГД-д болсон нөхцөл байдлын талаар танилцуулж, тушаалаа эргэн харж, асуудалд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хандаасай гэж хүсэлт гаргаж өгсөн боловч намайг халсан тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариуг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 56/6795 дугаар бүхий албан бичгээр өгсөн учраас Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна.
ЦЕГД-ын маргаан бүхий тушаал нь Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн агуулга үзэл баримтлалыг бүхэлд нь зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно. Тодруулбал намайг ажлаас халах саналыг Б........ аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн тухай, албанаас халах асуудлыг хэлэлцсэн тухай би өмнө нь огт мэдээгүй бөгөөд надад ажлаас халсан тушаал танилцуулсан өдөр л энэ үйл явдал болоод өнгөрснийг мэдсэн ба өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа зэрэг хуульд заасан процесс, процедурын хэв маягийг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргаж, намайг ажлаас халсанд маш их гомдолтой байгаа бөгөөд ажлаас халсан тушаал, болсон үйл явдал зэргийг дараах байдлаар нэг бүрчлэн тайлбарлах нь зүйтэй болов уу.
Маргаан бүхий захиргааны акт буюу тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн баг, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг үндэслэн Б.... аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.М Б.... аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураасугай... гэж заасан ба энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж миний зүгээс үзэж байгаа болно.
Дээрх тушаалын үндэслэл болоод байгаа үйл явдал, нөхцөлийг тодруулбал миний бие 2017 оны 12 дугаар сарын 26ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Б.... аймгийн Богд сумын цагдаагийн тасгийн байранд байх үед шөнийн 02 цагийн орчимд тус сумын иргэн Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр, хадам ээжийгээ зодож алах гээд байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, тухайн үед эмэгтэй хэсгийн төлөөлөгчтэй байсан учир хэсгийн цагдаагийн хамтаар дуудлага мэдээлэлд шуурхай очиж гомдол гаргасан иргэдтэй уулзсан бөгөөд зөрчил гаргасан иргэнийг гудамж талбайгаас олж тогтооход тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн тасгийн байранд авчирч түр саатуулан үйлдлийг таслан зогсоосон. Гэвч дуудлага мэдээлэл хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа иргэн Н.Б нь Ж.М дарга миний чих рүү алгадсан гэх гомдол мэдээллийг Б........ аймаг дахь Цагдаагийн байгууллагад гаргасан байсан.
Энэхүү гомдлын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж явсаар Б.... аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар намайг бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, 2019/ШЦТ/126 дугаар шүүхийн цагаатгах тогтоол гарсан.
Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин Улсын Дээд шүүхэд хандах гэтэл нэгэнт шүүхийн цагаатгах тогтоол гарсан тул хандах шаардлагагүй гэж өмгөөлөгч зөвлөсний дагуу хандаагүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлөгдсөн бол төрийн албан хаагчид эргэж ажилдаа орж байгаа гэх өмгөөлөгчийн зөвлөгөө, мөн өмгөөлөгчид төлөх хөрөнгө мөнгөний асуудал зэргээс хамаарч дахин шүүхэд хандаагүй болно.
Тухайн үед шөнийн цагаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, архидан согтуурсан балмад этгээдийн үйлдлийг таслан зогсоож, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажилласан. Хохирогч Н.Б тухайн үед иргэн бидний өгсөн дуудлага мэдээлэлд цагдаагийн албан хаагчид шуурхай ирж ажилласан. Хэрэв цагдаагийн албан хаагчид ирээгүй бол бид хүргэн Н.Б гарт амь нас эрсдэх нөхцөл байдалд байсан гэж мэдүүлсэн байдаг. Би энэхүү болж өнгөрсөн үйлдэлд туйлын их харамсаж байгаа бөгөөд санаатайгаар гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт агуулаагүй, асууж байгаагүй гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцад энэхүү харамсалтай нөхцөл байдал бий болсон юм.
Би өнөөдрийг хүртэл хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэн, цагдаагийн томилгоо, албаны чиг үүргийг чин сэтгэлээрээ биелүүлж ажиллаж ирсэн. Намайг албанаас халж, цагдаагийн цолыг минь хураасан шийдвэр миний гэр бүл, ахуй амьдрал, хөдөө орон нутагт хоёргүй сэтгэлээр тасралтгүй ажиллаж байсан надад маш хүндээр тусч байна. Тушаалын үндэслэх хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг үндэслэсэн байх боловч надад холбогдох Б.... аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол гаргасан болохыг тус тогтоолоос харж болно.
Намайг албанаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу надад огт мэдэгдээгүй, тухайн тушаал гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад огт олгоогүй, мөн тушаал гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дутагдалтай хийсэн, мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх сонгох боломжийг хэрэглэлгүйгээр миний амьдралыг шийдсэн шийдвэр гаргасанд туйлын их харамсаж, гомдолтой байна.
Иймд ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/9.. дугаартай Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гаргасан болно” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тушаал бүхэлдээ хуульд нийцээгүй. Захиргааны
ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй агуулга болон хэлбэрийн хувьд алдаатай акт гэж үзэж байна. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах ёстой байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд сонсох ажиллагаа хийгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Сонсох ажиллагаа хийж тайлбар мэдүүлэг авч, нөхцөл байдлыг тодруулах, шийдвэрийг танилцуулсан бол захиргааны акт хуулийн хүчин төгөлдөр байх боломжтой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гарах захиргааны актын шаардлагыг хангаагүй. Учир нь бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг Захиргааны ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн. Захиргааны ерөнхий хууль 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт “2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан бөгөөд тус захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй нөхцөл байдал ажиглагддаг. Захиргааны акт гарах болсон нөхцөлийн хувьд Ж.М нь төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлах ёстой байсан.
Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай гэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэвч нэхэмжлэгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал байдаг. Шинэ Эрүүгийн хуулиар ялтай байдал гэж байхгүй тул хууль зүйн ямар үр дагавар үүсэх нь нэлээд эргэлзээтэй. Магадгүй торгуулийн шийтгэл оноосон бол торгуулаа дууссаны дараа эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдлууд үгүйсгэгдэнэ. Эрүүгийн хариуцлагаас нэгэнт чөлөөлөгдсөн тул ялтай байдал байхгүй гэж үзэн хуулийн зүйл заалтаар ажлаас халах үндэслэл болохгүй байх гэж бодож байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О хууль зүйн гаргалгааны хувьд ижил байна. Цагдаагийн байгууллагын ажилтан нь төрийн тусгай албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг баримтлах ёстой байсан. Мөн Цагдаагийн албан хаагчийн ес зүйн дүрмийг баримтлаагүй зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг баримталж гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж ажлаас халсан.
Захиргааны ерөнхий хууль 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан зүйлийг тусгаагүй. Захиргааны ерөнхий хууль 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын ирүүлсэн 5Г/553 тоот албанаас халахдаа сонсох ажиллагаа явуулаагүй албан бичиг хэрэгт авагдсан. Захиргааны акт, захиргааны гэрээний улмаас бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байвал тайлбар санал гаргах боломжийг хангах ёстой байдаг. Үүнийг олгооч гэж Ж.М нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт хандсан. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 05 5г/6795 “хүсэлтийг хүлээж авахаас татгалзах тухай” хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Иймд Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тухай акт нь хуульд заасан сонсох ажиллагаа, захиргааны актад тавигдах шаардлагыг ноцтой зөрчсөн. Иймд ЦЕГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/9.. тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.М ЦЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд албан хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон.
ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/9.. дугаар тушаалаар Б.... аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.М Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг хураасан.
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Б.... аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн тасгийн байранд иргэн М.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Б........ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Ж.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Б........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж, магадлалд оролцогч нараас гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.2-т “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болосн” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэхдээ хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журмаас гадуур иргэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч хэрэг хэрэгсэхгүй болгосон гэж байна. Шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт буруутайд тооцож зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Хэрэв өөрөө гэм буруугүй гэж үзэж байвал анхан шатны шүүхээс цагаатгасан хэрэгсэхгүй болгосон тогтоол гарах байсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөө гэм буруугүй гэж үзэж байвал анхан шатны шүүхээс хэргийн хэрэгсэхгүй болгосон эсвэл цагаатгасан тогтоол гарах байсан байх. Зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд шүүхийн тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн албанаас халж шийдвэрлэсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “санаатай гэмт хэрэг үйлдэж, шүүхээр хүчин төгөлдөр болсон” гэж заасан. Иймд цагдаагийн албанаас халах хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/9.. дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б........ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар намайг бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн тооцсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүхийн цагаатгах тогтоол гарсан, ...намайг албанаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу надад огт мэдэгдээгүй, тухайн тушаал гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад огт олгоогүй...” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/9.. дугаар тушаалаар[1] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “ Цагдаагийн бага, дунд,ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг тус тус үндэслэн Б........ аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.М Б........ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзэн, түүнийг цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураажээ.
Нэхэмжлэгч Ж.М нь цагдаагийн тангараг өргөсөн, цагдаагийн алба хаагч буюу төрийн тусгай албан хаагч байх тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиас гадна Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдана.
Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан тушаалд томилох, цагдаагийн албанаас түр чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, өөр албан тушаалд томилох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага, албанаас халах үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хуулиас илүү нарийвчлан зохицуулсан байх тул энэхүү маргаантай харилцаанд Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтыг баримтлах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас хална” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ж.М нь “ ... намайг бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол гарсан” гэж маргасан.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б........ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор[2] Б........ аймгийн Цагдаагийн газрын Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай Ж.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Б........ аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Б*******ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гомдол гаргасан байх бөгөөд давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцээд Б........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ДШМ/45 дугаар магадлалаар[3] дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон , улмаар уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэгэнт шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн “ ... хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол гарсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Цагдаагийн алба хаагч нь хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй төрийн тусгай албан хаагчийн хувьд өргөсөн тангараг болон холбогдох хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ягштал биелүүлэх ёстой гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар цагдаагийн албан хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй төдийгүй мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах ёсгүй байна.
Мөн ЦЕГД 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.2-т “цагдаагийн алба хаагч нь цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах...”, 2.4.13-д “иргэдтэй, маргалдах, хэл амаар доромжлох зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх”, 2.4.15-д “цагдаагийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харьцах” гэж, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1-д “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр албанаас халагдсан тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ж.М******* нь албан үүрэг гүйцэтгэж байх явцдаа дээрх хууль тогтоомж болон ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдож байх тул түүнийг цагдаагийн албанаас халж, цолыг хураасан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал маргаан бүхий захиргааны акт нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасантай нийцсэн байна.
Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.М урьд эрхэлж байсан Б........ аймгийн Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоон, цагдаагийн хошууч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох хууль зүйн боломжгүй.
Нэхэмжлэгч Ж.М нь “намайг албанаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу надад огт мэдэгдээгүй, тухайн тушаал гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад огт олгоогүй” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг үгүйсгэх буюу цагдаагийн албан хаагчийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зөвтгөх, улмаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчээс “... хариуцагч дээрх маргаан бүхий тушаал гарахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан, улмаар маргаан бүхий акт гарахааргүй, эсхүл өөр үр дагавартай байх байсан” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, түүнчлэн уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “ЦЕГД 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/9.. дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М*******гоос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд
[2] Хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудсанд
[3] Хавтаст хэргийн 47-52 дугаар хуудсанд