Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 116/2016/0001/З |
Дугаар | 221/МА2016/0294 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2016/0294
2016 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2016/0294 | Улаанбаатар хот |
"М У Х э Ү К"
даргын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч З.Н нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор "М У Х э Ү К" даргын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр миний гэр бүлийн талаар гаргасан захирамж хүний эрх зөрчөөгүй болно гэжээ.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох, "М У Х э Ү К" дарга Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үүрэг чиглэл өгөх тухай Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжийн 2 дахь заалтад Тус сумын иргэдээс шинээр гэр бүл болох, гэр бүлээ албан ёсоор батлуулахад гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага, өмчийн болоод харилцааны эрх тэгш байдлыг хангасан Хамтын хариуцлагын гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бүртгэж байхыг сумын улсын бүртгэгч Г.А, Ч.Э нарт даалгасугай гэж заасныг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 2-т гэрлэгсдийн хөрөнгийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно гэсэн заалтыг төрийн зарим байгууллага биелүүлэхгүйгээс болж шүүх гэр бүлийн хэргийг шийдвэрлэхдээ эмэгтэйчүүдэд давуу байдлыг тогтоодог гэсэн иргэдийн гомдолд үндэслэн хохирогч нарын эрх ашгийг хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргасан юм.
Үндэслэл нь ямар ч өмчгүй иргэд хөрөнгөтэй айлын хүүхэдтэй сууж хүүхэдтэй болж өөрсдийн хөдөлмөрөөрөө олсон эд хөрөнгийг хуваах биш эцэг эхийнх нь насаараа хөдөлмөрлөж олсон эд хөрөнгийг гэр бүлийн гишүүний хуваарьт өмч гэж үзэж гэр бүл цуцалсан тохиолдолд хөрөнгийг шударга бусаар хуваарилж байгааг зогсоох гэсэн хуульд нийцүүлж гаргасан. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа болон Иргэний хуулийн 125.1, 125.2, 126.2.4, 126.2.5, 126.3, 126.4, 127 дугаар зүйл, 129 дүгээр зүйлийн холбогдох заалт, 132 дугаар зүйлийн 132.1 зэрэг заалтууд болон мөн 182-185 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг шүүх хуралдаанд үндэслэл болгон тайлбарлан өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож гаргасан шийдвэрээ хамгаалах эрхтэй байсан боловч миний эрхийг эдлүүлээгүй явдалд гомдолтой байна. Мөн гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуульд зааснаар гэр бүлийн эрхийг хамгаална, мөн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д гэр бүл эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн зарчмыг үндэслэл болгон захирамж гаргасан тул би хуралд өмгөөлөгчтэйгөө биечлэн оролцож хуулийн үндэслэлээ тайлбарлах байсан. Гэтэл хүний эрхийн үндэсний комиссын нэхэмжлэлтэй хэрэгт миний өмгөөлүүлэх эрхийг хасаж, шүүх хуралдаан хийсэн явдалд гомдолтой байна.
Хуульд гэрлэгсдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно гэж заасан учир би нотариатаар батлуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг бүртгэж байхыг үүрэг болгосон. Нотариат төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг учир хуульд заасан гэрээг гэрчилнэ мөн улсын бүртгэлийн газар хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгосон талаараа би шүүх хурал дээр өмгөөлөгчийн хамт үндэслэлээ тайлбарлах байсан. Иймд, хариуцагч миний өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, албан томилолттой байх үед шүүх хуралдаан хийсэн тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулж өмгөөлүүлэх болон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжийн 2 дахь заалтыг буюу Хэрлэн сумын иргэдээс шинээр гэр бүл болох, гэр бүлээ албан ёсоор батлуулахад гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага, өмчийн болоод харилцааны эрх тэгш байдлыг хангасан Хамтын хариуцлагын гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бүртгэж байхыг сумын улсын бүртгэгч Г.А, Ч.Э нарт даалгасан-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 /Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ/, 7 дугаар зүйлийн 7.1 /Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ/, 7.3 /Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ/ дахь заалтууд болон иргэний бүртгэлийн тухай хуулийн гэрлэлтийн бүртгэлийн талаарх зохицуулалт буюу 13 дугаар зүйлээс үзвэл гэрлэхийг хүсэгчдийг заавал хамтын хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр гэрлэлтээ баталгаажуулж байхыг шаардаагүй байна.
Харин Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 /Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно/, 132 дугаар зүйлийн 132.1 /Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно/, 132.3 /Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно/-д гэрлэгчид хүсвэл өрхийн төсөв, ногдох эд хөрөнгийн эрхтэй холбоотой, харилцааг хоорондоо гэрээ байгуулан зохицуулж болохоор заажээ.
Тиймээс гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэлтийн буюу хамтын хариуцлагыг гэрээг байгуулах эсэх нь тэдний сайн дурын асуудал бөгөөд маргаан бүхий актын холбогдох заалт тийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрлэлтийг бүртгэхээр даалгах агуулгатай байгаа нь хуулийн дээрх заалтуудтай зөрчилдсөн, харин актын бусад заалтууд нь гэрлэгчдийн субьектив эрхийг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 /Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ/-д эд хөрөнгийн болон бусад маргаантай тохиолдолд гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэхээр тодорхой заасан байхад хариуцагч албан тушаалтан Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь заалтыг төрийн зарим байгууллага биелүүлэхгүйгээс болж гэр бүлийн маргаантай хэргийг шүүх шийдвэрлэхдээ эмэгтэйчүүдэд давуу байдлыг тогтоодог гэсэн иргэдийн гомдолд үндэслэн хохирогч нарын эрх ашгийг хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргасан, гэр бүл цуцалсан тохиолдолд эд хөрөнгийг шударга бусаар хуваарилж байна гэх үндэслэлээр захиргааны актаа зөвтгөж байгаа нь хуулийн тухайн заалтад нийцэхгүй, шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн агуулгатай байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн шүүх хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагчийн гарын үсэг бүхий шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан тохиолдолд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүйгээс гадна нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болголгүйгээр маргаан бүхий актын үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй гэх байдлаар тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8, 72 дугаар зүйлийн 72.5-д нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а/-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР