Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 11

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Э.Ганболд, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Ганболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.Түмэн-Өлзийд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, оршин суух тодорхой хаяггүй, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 229 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн УИ97022735 дугаарын регистртэй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболд,

 

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1 дүгээр хороолол 34а байрны 39 тоотод оршин суудаг, 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 371 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн ЦД73062079 дугаарын регистртэй, Их туг овгийн Гонгоржавын Түмэн-Өлзий нарт  холбогдох 201626010398 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Ганболд нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай
байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр шүүгдэгч Г.Түмэн-Өлзийтэй бүлэглэн
2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан
дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалж орон байранд хууль бусаар нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж хохирогч Д.Нанжидсүрэнд 480.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь шүүгдэгч Э.Ганболдтой бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалж орон байранд хууль бусаар нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж хохирогч Д.Нанжидсүрэнд 480.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Түмэн-Өлзий ахтай тааралдаад нэг шил архи хувааж уусан. Түмэн-Өлзий ах бие засах гээд саад руу явчихаар нь би авто сургуулийн цонхыг нь хагалж ороод хар өнгийн принтер гаргаж тавьсан, тэгээд өөрөө цонхоор гарах гээд байж байтал цагдаагийнхан ирсэн. Түмэн-Өлзий ах цагдаагийхныг ирэхээс өмнө ирсэн байсан, согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Хавираатай тааралдсан, маргааш нь Ганболд гэдэг болохыг нь мэдсэн. Бид хоёр байрны орцонд орж архи хувааж уусан, орцноос хөөгдөж гарсан. Би бие засаж байхад цонх хагарах чимээ гарахаар нь очтол Хавираа байшин дотор пижигнээд байсан, тэгсэнээ цонхоор нэг юм гаргаад ирэхэд нь цагдаа ирсэн, цагдаагийн газарт тэр нь принтер байсан гэдгийг нь мэдсэн. Би Хавирааг болиоч, хулгай хийж болохгүй гэж хэлээд зогсож байхад цагдаа ирсэн. Би хулгайн гэмт хэрэгт оролцоогүй, ийм асуудалд холбогдсондоо гэмшиж байна, хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Нанжидсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 2 дугаар сарын 12-нд 23 цагийн орчимд манай охин Хоролсүрэн над руу утсаар залгаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-р байранд байрлах миний ажиллуулдаг авто сургуулийн цонхыг хагалсан байна гэсэн...цагдаагийн газар очоод өргөдөл бичиж өгөөд ирлээ гээд ярьж байсан. Тэгээд би маргааш нь 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр...миний ажиллуулдаг авто сургууль руу очиж шалгахад үүдний цонх хагарсан байдалтай...ороод үзэхэд миний хар өнгийн ЕPSON маркын принтер алга болсон байсан...гэжээ. /хх-22/,

 

Гэрч Д.Хоролсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Орой 21 цагийн үед уг авто сургуулийг түрээслүүлдэг Сэнгээ гэх хүн над руу залгаад авто сургуульд хулгай орсон байна, хурдан ир гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ авто сургуульд ирсэн чинь манай цонхыг хагалчихсан, дотор нь байсан ЕPSON маркын 3 үйлдэлтэй өнгөт принтер хулгайд алдсан байсан гэжээ. /хх-23/,

 

Гэрч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Номт цохио нэртэй авто сургуульд хулгай орж байна гэх мэдээллийн...дагуу очиход...1 дүгээр давхарын цонхыг хагалан дотор нь 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд орсон байсан. Уг байшингийн 1 дүгээр давхарын гадна хүн ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Батбаатар бид хоёр ажиглан хараад байтал уг байшингийн цонхоор 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд хар өнгийн принтер барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай эргүүлийн офицер бид 2 үйлдэл дээр нь бариад цагдаагийн хэлтэст авчирсан. Байшин дотроос 16-19 орчим насны хүүхэд уг принтерийг хулгайлан гарч байсан, харин байшингийн гадна зогсож байсан эрэгтэй хүн  гадаа зүгээр л гаднах байдлыг ажиглан зогсож байгаа бололтой зогсож байсан. Тухайн үед тэр эрэгтэй хүнээс юу хийж зогсож байгаа юм гэж асуухад зүгээр л зогсож байна гэж байсан, тэр 16-19 насны эрэгтэй хүүхэд, 40 орчим насны эрэгтэй хоёр хоёулаа архи уусан байсан гэжээ. /хх-24/,

 

Гэрч Х.Батбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...1 дүгээр давхарын цонхыг хагалан дотор нь 16-19 орчим
насны эрэгтэй хүүхэд орсон байсан. Харин уг байшингийн цонхны гадна хүн
ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан...Ажиглаад
хараад байтал уг байшингийн цонхоор 16-19 орчим насны хүн хар өнгийн принтер
барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай цагдаа жолооч бид хоёр
үйлдэл дээр нь бариад тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ. /хх-25/,

 

Шүүгдэгч Э.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 2 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саран бууз гэдэг цайны газрын урд гудамжинд тамхи татаад зогсож байхад урдны  танил Түмэн-Өлзий ах ирээд ганц юм уух уу гэхээр нь би зөвшөөрөөд Түмэн-Өлзий ах бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 22 дугаар байрны буланд байдаг Чандмань гэдэг дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн савлагаатай Монгол Стандарт архи авсан...Түмэн-Өлзий ах бид хоёр 22 дугаар байрны эхний орцны 8 давхарт гараад архиа хувааж бараг дуусаж байхад орцны жижүүр ирээд хөөхөөр нь бид хоёр гараад...Түмэн-Өлзий ах гэдэс нь өвдөөд байна гээд хүндээр бие засахаар цэнхэр хашааны цаагуур орсон.  Тэгээд би согтуу зогсож байгаад эргээд харахад цонх байхаар нь хулгай хийх санаа төрөөд газраас чулуу аваад цонхыг нь хагалаад дотогшоо орсон. Ороод авах юм хайж байгаад оёдлын машиныг нь авах гэсэн чинь их хүнд би даахгүй газар унагаачихсан. Тэгэхээр нь би хажуу талд нь байсан хар өнгийн принтерийг нь аваад гарсан. Принтерээ газар буулгаад өөрөө буух гэж байхад Түмэн-Өлзий ах ирээд чи яаж байгаа юм бэ, хулгай хийж болохгүй шүү дээ гэж хэлээд би доошоо унжчихсан байж байхад намайг татаад буулгах гэж  байхад цагдаагийн машин ирээд цагдаа нар бид 2-ыг бариад цагдаагийн газар авчирсан...гэжээ. /хх-50/,

 

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...дэлгүүрээс 0,5 литрийн савлагаатай Монгол Стандарт архи 1 шилийг 1ширхэг Диско печень аваад 22-р байрны 1 орцонд ороод архиа Хавираатай хуваагаад уусан,  бараг дуусч байхад орцны жижүүр нь бид хоёрыг гар гээд хөөсөн. Би гэдэс өвдөөд байхаар нь бие засах гээд 19-р байрны урд байсан цэнхэр хашааны хажууд суугаад хүндэрээд босож ирэхэд тар няр гээд шил хагарах чимээ гарсан. Тэгээд би чимээ гарсан газар руу яваад очиход Хавираа нэг давхарын цонх хагалаад орчихсон юм түчигнүүлээд байхаар нь би “миний дүү яаж байна аа, болохгүй” гэхэд цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа нар ирэх үед Хавираа нэг хар принтер бариад гарч ирж байгаа харагдсан гэжээ. /хх-56/,

 

Шүүгдэгч Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-64, 75/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-17/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ тэдний бусдад учруулсан хохирлын хэмжээг шууд ба шууд бус хохирлын нийлбэрээр 480.000 төгрөг гэж бичсэн байх ба шүүх хохирлын хэмжээг 400.000 төгрөг гэж үзэх нь зүйтэй байгааг дурдаж байна.

 

Шүүгдэгч Э.Ганболд нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай
байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр шүүгдэгч Г.Түмэн-Өлзийтэй бүлэглэн, шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь шүүгдэгч Э.Ганболдтой бүлэглэн
2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан
дүүргийн 15-р хороо 19-р байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг
хагалан орон байранд нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж хохирогч Д.Нанжидсүрэнд 400.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт
хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэжлцүүлгээр хэлэлоцэгдсэн хохирогч Д.Нанжидсүрэнгийн “...миний ажиллуулдаг авто сургууль руу очиж шалгахад үүдний цонх хагарсан байдалтай байсан...ороод үзэхэд миний хар өнгийн ЕPSON маркын принтер алга болсон байсан...” гэх /хх-22/, гэрч Д.Хоролсүрэнгийн “...хулгай орсон байна хурдан ир гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ авто сургуульд ирсэн чинь манай цонхыг хагалчихсан дотор нь байсан ЕPSON маркын 3 үйлдэлтэй өнгөт принтер хулгайд алдсан...” гэх /хх-23/, гэрч Д.Ганбаатарын ...“Номт цохио” нэртэй авто сургуулийн 1-р давхарын цонхыг
хагалан дотор нь 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд орсон байсан. Уг байшингийн
1-р давхарын гадна хүн ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн
зогсож байсан...Байшин дотроос 16-19 орчим насны хүүхэд уг принтерийг хулгайлан гарч байсан, харин байшингийн гадна зогсож байсан эрэгтэй хүн  гадаа зүгээр л гаднах байдлыг ажиглан зогсож байгаа бололтой зогсож байсан. Тухайн үед тэр эрэгтэй хүнээс юу хийж зогсож байгаа юм гэж асуухад зүгээр л зогсож байна гэж байсан...” гэх /хх-24/, гэрч Х.Батбаатарын “...1 дүгээр давхарын цонхыг хагалан дотор нь 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд орсон байсан. Харин уг байшингийн цонхны гадна хүн ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан...уг байшингийн цонхоор 16-19 орчим насны хүн хар өнгийн принтер барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай цагдаа жолооч бид 2 үйлдэл дээр нь бариад тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх /хх-25/ мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлгүүд бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Э.Ганболдыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Түмэн-Өлзийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ганболдын өмгөөлөгч хулгайлсан эд зүйлээ өөрийн эзэмшилд шилжүүлээд зарж борлуулсан байх ёстой, мөн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тул төгсөөгүй гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32, 60 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах талаар, шүүгдэгч Г.Түмэн-Өлзий хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч Г.Түмэн-Өлзий бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй, шүүгдэгч Э.Ганболд ганцаараа гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлдэг тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох талаар тус тус онолын тайлбар гаргалаа.

 

Шүүгдэгч Э.Ганболд бусдын орон байранд цонхыг нь хагалан нэвтрээд дотроос нь принтер авч гадаа гарган тавьсан нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл бөгөөд уг үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч Г.Түмэн-Өлзий шүүгдэгч Э.Ганболдыг авто сургуулийн байр руу цонх хагалан орсон байхад нь дотроос нь принтер аваад гадаа гаргаж тавихад нь цонхны дэргэд гадаа нь зогсож байсан, Э.Ганболдыг байшингаас цонхоор гарч ирэхэд нь татаж буулгасан болох нь гэрч Д.Ганбаатар, Х.Батбаатар нарын мэдүүлгээр гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ганболдод ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.121-т зааснаар хүндрүүлэх нөхцөлд байдалд, шүүгдэгч Г.Түмэн-Өлзийд ял оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирол арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболдыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусадтай бүлэглэн бусдын 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт, Их Туг овогт Гонгоржавын Түмэн-Өлзийг бусадтай бүлэглэн бусдын 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Ганболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Г.Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э.Ганболдын цагдан хоригдсон 117 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцож, Г.Түмэн-Өлзий цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Д.Нанжидсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

  6. Э.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Г.Түмэн-Өлзийг цагдан хорьж, тэдний баривчлах ялыг эдлэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНЧИМЭГ