Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2207000000024 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, 82 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа *******, *******, ******* тоотод оршин суух, , иар тус тус шагнагдсан, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь *******, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагааж, улмаар цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх байдлаар зодож биед нь зүүн дээд, доод зовхи, цээж, хэвлий, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацар, дух, зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч З.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),
  2. Гэрч Ч.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
  4. Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
  5. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл  (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч М.*******ийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.******* нь *******, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.ийн (72 настай) нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагааж, улмаар цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх байдлаар зодож биед нь зүүн дээд, доод зовхи, цээж, хэвлий, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацар, дух, зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд *******, тоот манай гэрт хажуу айлын өвгөн М.******* орж ирээд намайг шагнал авсан гээд надад 1 шил архи авч өгөөд хувааж ууцгаагаад 20 цагийн үед манайхаас гарч явсан. Би М.******* ахыг сайхан амраарай гээд гаргаж өгтөл “Буяа та хоёр сайхан амраарай” гээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд нь би газар унахдаа байшингийн үүдний довжоон дээр нүүрээрээ унасан. Тэр үед М.******* миний цээж рүү 2 удаа өшиглөөд, миний үснээс зулгааж чирээд намайг цохих гээд байхаар нь би зүүн гараараа хаахад миний зүүн гар руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд Ч. миний хажууд байсан. М.******* намайг өөртэйгөө хамт амьдарсангүй гээд уурлаад байдаг юм. Эдгээр гэмтлүүдийг М.******* надад учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

 

-Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би *******, тоотод байх З.ийн гэрт түүний дүүгийн хамтаар байж байтал гаднаас М.******* орж ирсэн. Тэгээд тэд нар архи согтууруулах ундаа хэрэглээд байх шиг байсан. Би тэр үед нь унтаад өгчихсөн. Унтаж байгаад босоод иртэл байшин дотор З. унтаж байсан. Тэгэхээр нь би З.ийг хаашаа явчихсан юм бол гэж бодоод гадаа гартал З. байшингийн зүүн талд газарт хэвтчихсэн, зүүн нүднийх нь орчимд арьс нь бага зэрэг халцарчихсан, хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуутал надад тодорхой зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаад байшин руу оруулсан. Тэгтэл З. сэрээд З.ийн хүүхэд рүү залгаад “ээжийн чинь бие өвдөөд байна” гэж хэлсэн. З. намайг унтахаас өмнө М.*******ийг орж ирэхээс өмнө унтчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

- криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дугаартай “...З.ийн биед зүүн дээд, доод зовхи, цээж, хэвлий, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацар, дух, зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

   Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад сонсгож буй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******, тоотод байх гэртээ байж байгаад гэрээсээ гараад хажуу айлын З.тэй таараад надаар архи авхуулаад З.ийн гэрт ортол Ч., З. нар байсан. Тэгээд тэд нартай нийлж архи ууж байгаад би их согтоод эхэлсэн. Надтай хамт байсан З., Ч. нар тасраад унтчихаар нь би гарах гээд боссон. Тэгээд юу болсныг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

Шүүгдэгч М.******* нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М.*******ийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч З.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч М.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.*******, хохирогч З.тэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч З. нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд орохгүй, гомдолгүй, мөнгө авахгүй” гэх тайлбарыг бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 82 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, 2014 оноос хойш ганцаараа амьдарч байгаа байдал/ зэргийг харгалзан шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас шүүгдэгч М.*******ийг чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэр ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНХЖАРГАЛ