Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овог *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000013 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

  ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Налайх дүүргийн ******* тоотод байрлах гэртээ хохирогч Б.ийн “эхнэрээ элдвээр хэллээ” гэж хэлсэн үгэнд дургүйлхэн түүний нүүрэн тус газарт заазуураар зүсэж, нүүрэнд шарх, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Б.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ “Гэм буруугаа

хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-05 дахь тал),
  2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 09 дэх тал),
  3. Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  4. Гэрч Х.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
  5. Гэрч Г.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
  6. Гэрч Х.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
  7. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
  8. Шинжээч эмч С.ы мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
  9. Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
  10. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон хэмжээнд ялыг оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 60 дахь тал),
  2.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст

хэргийн 67 дахь тал)

  1. Б.*******гийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 72-74 дэх тал),
  2. Хохирогч Б.ийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбар (хавтаст хэргийн 78 дахь тал),
  3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
  4. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 83 дахь тал), 
  5. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг болно. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

         Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн

холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Налайх дүүргийн ******* тоотод байрлах гэртээ хохирогч Б.ийн “эхнэрээ элдвээр хэллээ” гэж хэлсэн үгэнд дургүйлхэн түүний нүүрэн тус газарт заазуураар зүсэж, нүүрэнд шарх, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-05 дахь тал),

 

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал),

 

            - Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болоод би найз Одбаярын гэрт очиж хоносон. Маргааш нь Б.*******гийн гэр болох Налайх дүүргийн *******, тоотод очиж бид хэд дахиад 3 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тэгээд миний нойр хүрээд байхаар нь хэсэг унтчихаад сэртэл Б.******* гэх залуу эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би Б.*******д хандаж “чи одоо 3 хүүхэд гаргасан эхнэрээ ингэж хэлж болж байгаа юм уу, болиоч” гэж хэлтэл хаанаас ч юм заазуур бариад над руу хүрээд ирсэн. Тэгээд эрүү, хөмсөг, хамар хэсэгт 3 удаа заазуураар зүсчихээд гараад явсан. Тэгэхээр нь би гэрээс нь хутга олж аваад араас нь гараад “чи яагаад намайг ингэж байгаа юм, би ч гэсэн чамайг адилхан болгоно” гээд хэлтэл дуугарахгүй зогсоод байсан. Б.*******гийн эхнэрийн дүү гээд нэг залуу эхнэртэйгээ ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Миний нүүрэнд зүсэж гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Б.******* гэх залуу миний эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн бүх төлбөрийг төлсөн. Надад өөр ямар нэгэн эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* хэзээ заазуур авсныг нь бол хараагүй. Гэнэтхэн л хоорондоо барьцалдаж аваад Б.ийн нүүрнээс нь цус гараад эхлэхээр нь би голоор нь ороод салгахад Б.э шүүгээнээс хутга аваад Б.******* руу дайрахаар нь гуйсан чинь хутгаа газар хаяхаар нь би хутгыг нь аваад угаалгын машинд хийгээд дүү руу залгаад хурдан хүрээд ир гэхэд удалгүй гаднаас найз охиныхоо хамт орж ирээд шууд Б.ийг дагуулаад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.*******, Х. хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл э Х.ыг өмөөрөөд Б.*******д “чи яагаад эхнэрээ доромжлоод байгаа юм” гээд хэлтэл Б.******* заазуур аваад Б.ийн нүүрийг зүсчихсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х. эгч залгаад Б.******* хүн хутгалчихлаа гэхээр нь сандраад найз охинтойгоо хамт

шууд гараад такси бариад гэрт нь иртэл Х. эгч намайг гаднаас тосоод хамтдаа яваад ортол Б.******* ах охиноо тэврээд угаалгын машины урд зогссон,

танихгүй залуу хацраа нойлын цаасаар дарсан, нүүр нь тэр чигтээ цус болсон байдалтай гэрийн баруун талд зогсож байсан. Бусад нь хаана хаана байсныг сайн анзаарч хараагүй. Тэгээд шууд нүүр нь цус болсон залуу дээр очоод шарханд чинь бохир орохоос өмнө эмнэлэг оръё гээд эмнэлэг дээр авчирсан. Нүүр нь цус болсон залуу надад хэлэхдээ “танай эгч рүү хүргэн ах чинь дайрч, их муухай харьцахаар нь би өмөөрсөн чинь намайг заазуурдчихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

  • Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай “...Б.ийн биед нүүрэнд шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нүүрэнд шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүүнд цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

  • Шинжээч эмч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт үзүүлэгч Б.ийг өөрийн биеэр үзэж, шархнуудын хэмжээ, байрлал, шинж тэмдгүүдийг бичиж тэмдэглэн авч, дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар “Нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах: Үүнд нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд энэ заалтад хамаарахгүй. Нүүр засаршгүй гэмтэх, нүүрний төрх алдагдах гэдэг нь хоёр тусдаа ойлголт бөгөөд нүүрний төрх алдагдах нь хууль зүйн ойлголт учир шинжээч эмч тогтоохгүй. Нүүрэнд духны үстэй хэсгийн заагаас доош чихний дэлбэнгийн урд ба эрүүний булан, доод ирмэгээс дотогш хэсгийг хамааруулна. Шинжээч эмч нь нүүрэнд үүссэн шарх, түүнээс үүссэн сорвинд гэмтлийн зэрэг тогтоохдоо эрүүл мэндийг сарниулсан хугацаа, ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтын хэмжээг баримтлан тогтооно” гэж заасны дагуу эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн. Б.ийн биед учирсан нүүрэнд шарх гэмтэл нь сорви үүсгэх бөгөөд энгийн явцдаа бүдгэрнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож буй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. , , манай эхнэр , э нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Нэг мэдсэн бүгдээрээ л намайг “чи яаж байгаа юм, заазуурдаад хаячихлаа ш дээ” гэсэн зүйлс яриад байхаар нь би ухаан ортол би ийн нүүрийг заазуураар зүсчихсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

 

  • Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал)

зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* хохирогч Б.этэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу “эхнэрээ элдвээр хэллээ” гэж хэлсэнд дургүйцэн маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Б.э нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд нийт 3.082.222 төгрөг авсан” гэх тайлбарыг бичгээр гаргаж өгсөн, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтад “эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардалд 457.222 төгрөг, лазер эмчилгээнд 1.125.000 төгрөг, 2023 он хүртэл хийгдэх лазер эмчилгээнд 1.500.000 төгрөг, нийт 3.082.222 төгрөг хүлээлгэн өгөв” гэж тэмдэглэсэн, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэх тайлбарыг бичгээр өгсөн байх тул эдгээрийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал нь “шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, ганцаараа ажил хийдэг, хохирогчийн хохирлыг зээл тавьж төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож байгаа, прокурортой тохиролцсон ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг

шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 3.082.222 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, ногоон өнгийн хуванцар иштэй 1 ширхэг заазуурыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, ногоон өнгийн хуванцар иштэй 1 ширхэг заазуурыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЭНХЖАРГАЛ