Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/01380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ма.З-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г-д холбогдох

 

2014 оны 06 сарын 10-ны өдөр Н.Т-, Ма.З- нарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567  дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун, хариуцагч Б.Г-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад С.Тэмүүлэн нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн тойргийн 204 дугаартай нотариатч Б.Г- нь 2014 оны 06 сарын 10-ны өдөр Хятад улсын иргэн Ма.З-, М.Түмэнжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг гэрчилсэн байдаг. Нотариатч уг зээлийн гэрээг гэрчлэхдээ Монгол улсын нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч нь Монгол хэл мэддэггүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх, гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Хятад улсын иргэн Ма.З-, Б.Түмэнжаргал нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг гэрчлэн 567 дугаарт бүртгэн гэрчилсэн нотариатч Б.Г-гийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ма.З-, Н.Т- нарын хооронд 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн бөгөөд Монгол улсад оршин суух үнэмлэх, Хятад иргэний паспорт, Н.Т-ын иргэний үнэмлэхийг шалгаж, гэрээний эх хувийг өөрийн гараар үйлдэж өгсөн. Монгол хэл мэдэх үү гэхэд мэднэ гэж хэлээд “уншиж ойлгов” гэж өөрөө гарын үсэг зурсан тул Нотриатын хууль болон журам зөрчөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00883 дугаартай шүүхийн шийдвэрээр “...Зээлийн гэрээг талууд нотариатаар баталгаажуулсан, хариуцагч нь 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн хүүнд 14,000,000 төгрөгийг төлж  байсан. Зээлийн гэрээнд уншиж ойлгов гэж Монголоор бичиж гарын үсэг зурсан зэрэг баримтаар хариуцагч нь гэрээний үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                                                                         

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ма.З-тай 2014 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 204 тоот нотариатчаар зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч 2 сарын хүү болох 8,000,000 төгрөгийг эхнэр Одноогоор дамжуулан надад өгсөн.Энэ тухай шүүхийн шийдвэр гарсан. Ма.З- Монгол хэл мэднэ. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ 10 жил гаруй амьдарч байна. Өмнө ч гэсэн мөнгө төгрөг авч өгөлцөж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ма.З-  хариуцагч Б.Г-д холбогдуулан 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг 567 дугаарт бүртгэн гэрчилсэн  нотариатч Б.Г-гийн үйлдлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун “2014 оны 06 сарын 10-ны өдөр Н.Т-, Ма.З- нарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567  дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

Хариуцагч Б.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрч “уншиж ойлгов” гэж Ма.З- өөрөө бичиж, гарын үсэг зурсан бөгөөд Нотариатын хуулийн 32 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж маргажээ.                                                                                                                                                                                                                                                                       

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Т- 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж  Ма.З- сөрөг нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн шүүх шийдвэрлэсэн гэсэн тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Г- нь зээлдүүлэгч Н.Т- зээлдэгч Ма.З-  нарын хооронд 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567  дугаарт бүртгэсэн болох нь зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 32,34-36 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Нотариатч Б.Г- Нотариатын тухай хуулийн 24, 28 дугаар зүйлд зааснаар зээлдэгч түүний хувийн байдлыг шалгаж, үйлчлүүлэгчийн эрх үүргийг тайлбарлан өгөх түүний мөн эсэхийг /иргэний үнэмлэх/ шалгаж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно” гэсэн зааврыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Зээлдэгч Ма.З- зээлийн гэрээнд “уншиж ойлгов” гэж Монголоор бичиж гарын үсэг зурсан /хх-ийн 11 талд/ нь зээлдэгч зээлийн гэрээний үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байх тул зээлдүүлэгч Н.Т- зээлдэгч Ма.З-  нарын хооронд 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд  тооцох  үндэсгүй  байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “БНХАУ-ын иргэн /Ma Zhenjun регистрийн дугаар ЮД77042919/ нэрийг галиглан бичихдээ /Ма Женжун/ гэж бичихгүй /Ма.З-/ гэж бичнэ” гэж  тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06 сарын 10-ны өдөр Н.Т-, Ма.З- нарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ма.З-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ