Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02254

 

 

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02254

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02254

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодь цамхаг, Бодь-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл …дүгээр байрны … тоотод оршин суух, эрэгтэй, 1979 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, Боржигин овогт М.О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,567,041.95 /арван хоёр сая таван зуун жаран долоон мянга дөчин нэгэн төгрөг ерэн таван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.О нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Голомт банктай ЗГ3005100644 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,600,000 төгрөгийн зээлийг, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 05-нд дууссан бөгөөд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 7,348,810.65 төгрөг, зээлийн хүү 4,515,253.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 612,977.92 төгрөг, нийт 12,567,041.95 төгрөгийн өр төлбөртэй байгааг хариуцагч М.Оээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь зээл авснаас хойш 5 сарын хугацаанд зээлээ төлж байгаад 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт зээлээ төлөөгүй. Гэрээний хугацаанд үндсэн зээл 1,161,189 төгрөг, зээлийн хүү 672,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,723 төгрөг, нийт 1,839,459 төгрөгийг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч М.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 7,438,810.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,515,253.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 612,977.92 төгрөг, нийт 12,567,041.95 /арван хоёр сая таван зуун жаран долоон мянга дөчин нэгэн төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 19, 25, 26/

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч М.Отэй 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр … тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 8,600,000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч М.Оийн цалингийн орлого болон дебит картны харилцах дансыг барьцаалуулахаар тохиролцон, 8,600,000 төгрөгийг олгожээ. /хх 6/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээг хуульд зааснаар бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 8,600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх 8/

Хариуцагч М.О нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,161,189.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 удаагийн төлөлтөөр нийт 672,546.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,723.68 төгрөгийн төлөлтийг тус тус хийжээ. /хх 10-13/

Харин дээрх зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 7,438,810.65 төгрөг, зээлийн хүүнд 4,515,235.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 612,977.92 төгрөг, нийт 12,567,041.95 төгрөгийг төлөөгүй болох нь Зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдоно.

Талуудын хооронд байгуулсан Зээл болон барьцааны гэрээ-гээр нэхэмжлэгч Голомт банк ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Оээс 12,567,041.95 /арван хоёр сая таван зуун жаран долоон мянга дөчин нэгэн төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216,023 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА