Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/ 253 

 

 

 

   

 

 

     2022        03         18                                 2022/ШЦТ/ 253 

                                                                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч О.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн “2211 00088 0396” дугаартай, 186/2022/0209/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1193е тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 01 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, О.А,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч О.А нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1190е тоотод О.Намууны толгойн зүүн дээд хэсэгт цохисоны улмаас түүний биед зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

                  1.1. Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн. Тийм  учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Намууны:...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Маргад нь зогсож байснаа та нар надад зодуулах уу, өөрсдөө гарах уу гээд орилоод ямар ч байсан төмөр сандал авч шидсэн, гэхдээ намайг оноогүй, би өөдөөс нь тогооны таг аваад Маргад руу шидсэн, Маргадыг оноогүй. Маргадын нөхөр Амарсанаа цаанаас нь гүйж ирээд миний толгойн зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь би хойшоо хоолны шүүгээ налаад унасан гэх мэдүүлэг. /хх-ийн 08 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Маргадын:...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Амарсанаагийн найз Алтангэрэлийн төрсөн өдөр байсан. Орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын                83-1190е  тоотод Амарсанаа, Алтангэрэл, Энхсайхан гурав ирээд хоол идээд байж байтал Алтангэрэлийн эхнэр Ч.Хулан дуудаад Алтангэрэл, Энхсайхан хоёр яваад өгсөн. Нөхөр хүүхэдтэйгээ унтах гээд хэвтэж байтал Ариунболд, Эрдэнэбаатар гурав орж ирээд өнөөдөр Алтангэрэлийн төрсөн өдөр шүү дээ гарах уу гэхээр нь болохгүй,  манайд суусан ч яахав гэтэл  Ариунболд, Эрдэнэбаатар хоёр Алтангэрэлийг дуудаад ирье гээд гарсанаа удалгүй Алтангэрэлийг дагуулаад урдаас  алхаад ирж байсан. Бид нар пиво уух гээд задлаад байж байтал Алтангэрэлийн эхнэр  Ч.Хулан ороод ирсэн Ч.Хулан, Алтангэрэл хоёр маргалдаад хэрэлдээд байхаар нь манай нөхөр нөгөө найзууд нь нялх хүүхэдтэй айлд яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ, хэрүүлээ гарч хийгээч  гэж хэлтэл гаднаас нэг охин орж ирсэн.  Алтангэрэл, Ч.Хулан хоёрын хэрүүл нь бүр ихсээд гаднаас орж ирсэн охин бас Алтангэрэл рүү дайраад байсан. Манай хүүхэд 1 нас 8 сартай айгаад уйлаад байхаар нь би уурлаад наад хэрүүлээ боль, нөхөрөө аваад гар гээд нөгөө охин хажуунаас орж ирээд чи дуугүй бай  гичий минь гэхээр нь би орон дээрээс босоод  чи айлд орж ирчихээд яагаад хүн хэл амаар доромжилоод байгаа юм бэ гэтэл нөгөө охин гараад явчихсан. Удалгүй гаднаас баахан хүн дагуулж  орж ирээд манай зуухны урд зогсож байгаад би одоо чамайг ална, гээд урдаа байсан тогооны таг аваад надруу шидсэн, манай нөхөр Амарсанаа урдуур ортол зүүн гарын зүсчихсэн байсан. Одоо болноо гарцгаа гэтэл дахиад тогооны доор байсан тавиур аваад надруу шидсэн. Тэр төмөр манай охины хажууд унасан, хүүхэд оноогүй. Манай нөхөр хүүхэд уйлахаар нь уурлаад чи яаж байгаа юм гээд тэр охиныг цохисон. Тэгтэл тэр эмэгтэй шууд надруу ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, би 5 сартай   жирэмсэн, чи жирэмсэн хүн өшиглөчихлөө гэхэд би яаж мэдэх юм бэ гээд гараад явчихсан. Би араас нь гутлаа өмсөөд гартал би цагдаа дуудна чамайг шоронд чинь явуулна гэсэн. Би тэгээд цагдаагаа дууд гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/, 

         2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хулангийн:..2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед найз Ч.Хулангийн нөхөр болох Алтангэрэлийн төрсөн өдөр болоод найз Энхтунгалаг, Намуун нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны эцэст байрлах Алтангэрэлийн гэрт очиход Ч.Хулан нөхөр, хүүхдийнхээ хамт байсан. Алтангэрэлийн төрсөн өдөр гээд том 2 ширхэг хуванцар савтай пиво  ууж байх үед нь найзууд нь гэрт нь ирээд байсан. Алтангэрэл нь гарах гэтэл Хулан нөхөртэйгээ маргалдсан. Тухайн үед би нойл орох гээд гарчихсан байсан. Хулан гэрээсээ Энхүү шээ гээд орилсон Энхтунгалаг бид хоёр гэрт яваад ороход хоорондоо нэг нэгийгээ явуулна, явуулахгүй гээд маргалдаж, нөхөр Алтангэрэл нь найзуудтайгаа уулзах гээд гараад явсан. Бид нар явлаа гэхэд Хулан би ч гэсэн хүүхдээ аваад Яармаг руу гэрлүүгээ явлаа, та нар машинтай байгаа юм чинь би дагаад явчихий гээд хүүхдээ хувцаслаад гэрээс  гараад түлхүүрээ нөхөртөө үлдээнэ гэхээр нь бид нар түлхүүрээ нуугаад үлдээчихээ, нөхөр нь найзуутайгаа олуулаа байгаа юм чинь яахын бэ гэхэд Хулан өөрөө зөрүүдлээд түлхүүрээ нөхөртөө үлдээнэ гээд, надад хүүхдээ үлдээгээд ганцаараа замын эсрэг талд машинтайгаа  зогсож байхад би нөхөр дээрээ ороод түлхүүрээ өгчихөөд ирий гээд машинаас буусан. Тэгээд ороод 20-30 минут болоод нилээд удаад хүүхэд нь уйлах гээд байхаар нь Намуунаа би орчихоод ирий гээд орсон. Удаад байхаар нь би Намуун руу залгаад яасан бэ яагаад удаад байгаа юм бэ гарч ирэхгүй юм уу гэхэд Хуланг нөхөртэйгээ хэрэлдээд гаргахгүй байна гэсэн, утасны цааснаас маргалдаж байгаа нь сонсогдож байсан. Би хүүхдийг нь  машин барьж явсан найз Баясгаланд үлдээгээд Энхтунгалаг бид хоёр уг айл руу орох гээд хашаан дотор явж байхад Ч.Хулан, Намуун хоёр өөдөөс Алтангэрэл хөөгөөд гаргачихлаа гээд гарч ирсэн. Энхтунгалаг, Хулан, Намуун бид дөрөв гэрт нь ороод байж байхад айлын гэрийн эзэгтэй гэх Маргад нь Намуун руу хараал хэлээд орилоод байсан. Тухайн үед нэг нэг рүүгээ юм аваад шидээд байсан. Бид нар гэр дотор гэрийн үүд хэсэгт Энхтунгалаг бид хоёр зогсож байхад Маргадын нөхөр Амарсанаа  нь цаанаас гүйж ирээд хүчтэй гараараа Намууны нүүр хэсэгт нэг удаа цохисон.  Амарсанаагийн найзууд болон бид нар зодооныг салгасан. Тэгээд айлаас гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,  

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтангэрэлийн:..2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн  өдөр болоод эхнэрийн найз болох Б.Хулан, Энхтунгалаг, Намуун нар  ирээд Намууныг удсан удаагүй талаар мэдээгүй. Тухайн үед 2 литрийн том пиво ууж дуусгаад байж байхад миний төрсөн өдөр байсан. Би найзуудтайгаа явах гэхэд манай эхнэр Ч.Хулан найзынхаа  хамт гадуур гарий гээд байсан. Тэгэхээр нь би найзуутайгаа  явлаа манай найзууд ирж байгаа гэхэд намайг явуулахгүй гээд байсан. Би маргалдаж байгаад ганцаараа Амарсанаагийн гэрт очино гээд гараад явсан. Амарсанаангийн гэрт эхнэр Ч.Хулан ганцаараа орж ирээд намайг гадуур ганцаараа гарсан гэж маргалдсан. Бид хоёрыг маргалдсан чинь гэрийн эзэн  гэр оронд битгий  хэрүүл, маргаан хийгээд бай гэсэн.  Маргад, Намуун хоёр хоорондоо хэрэлдсэн. Намуун тогооны таг шидсэн.  Амарсанаа уурлаад Намууны толгойн зүүн хэсэгт гараараа нэг удаа цохьсон, өөр зодож цохьсон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар  сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:

            1. О.Намууны биед зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.     

           4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5. Дээрх гэмтэл нь1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна гэжээ.               /хх-ийн 23- 24 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 80 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар  сарын 15-ны өдрийн 15 дугаар дүгнэлт,  шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

      Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

       Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 Шүүгдэгч О.А нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 83- 1190е тоотод О.Намууны толгойн зүүн дээд хэсэгт цохисоны улмаас түүний биед зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           - хохирогч О.Намууны:...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Маргад нь зогсож байснаа та нар надад зодуулах уу, өөрсдөө гарах уу гээд орилоод ямар ч байсан төмөр сандал авч шидсэн, гэхдээ намайг оноогүй, би өөдөөс нь тогооны таг аваад Маргад руу шидсэн, Маргадыг оноогүй. Маргадын нөхөр Амарсанаа цаанаас нь гүйж ирээд миний толгойн зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь би хойшоо хоолны шүүгээ налаад унасан гэх мэдүүлэг. /хх-ийн 08 дугаар тал/,

         - гэрч О.Маргадын:...одоо болноо гарцгаа гэтэл дахиад тогооны доор байсан тавиур аваад надруу шидсэн. Тэр төмөр манай охины хажууд унасан, хүүхэд оноогүй. Манай нөхөр хүүхэд уйлахаар нь уурлаад чи яаж байгаа гээд тэр охиныг цохисон. Тэгтэл тэр эмэгтэй шууд надруу ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, би 5 сартай   жирэмсэн, чи жирэмсэн хүн өшиглөчихлөө гэхэд би яаж мэдэх юм бэ гээд гараад явчихсан. Би араас нь гутлаа өмсөөд гартал би цагдаа дуудна чамайг шоронд чинь явуулна гэсэн. Би тэгээд цагдаагаа дууд гэсэн гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14 дүгээр тал/, 

         -  гэрч Б.Хулангийн:..тухайн үед нэг нэг рүүгээ юм аваад шидээд байсан. Бид нар гэр дотор гэрийн үүд хэсэгт Энхтунгалаг бид хоёр зогсож байхад Маргадын нөхөр Амарсанаа  нь цаанаас гүйж ирээд хүчтэй гараараа Намууны нүүрэнд нэг удаа цохисон.  Амарсанаагийн найзууд болон бид нар зодооныг салгасан. Тэгээд айлаас гараад явсан гэх мэдүүлэг  /хх-ийн 16 дугаар тал/,  

         -  гэрч А.Алтангэрэлийн:..Амарсанаагийн гэрт эхнэр Ч.Хулан ганцаараа орж ирээд намайг гадуур ганцаараа гарсан гэж маргалдсан. Бид хоёрыг маргалдсан чинь гэрийн эзэн  гэр оронд битгий  хэрүүл, маргаан хийгээд бай гэсэн.  Маргад, Намуун хоёр хоорондоо хэрэлдсэн. Намуун тогооны таг шидсэн.  Амарсанаа уурлаад Намууны толгойн зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон, өөр зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлэг  /хх-ийн 18 дугаар тал/,

           -  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар  сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 23- 24 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ иргэн О.Намуунтай  маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул О.Агийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.Намуун нь шүүгдэгч О.Атай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа явцад бичгээр  хүсэлт  гаргаж  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч О.Аг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч О.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Аг 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ